АВАХ ГЭЭХИЙН УХААНД СУРАЛЦАХ НЬ

10-р сар 30, 2012

Хүн төрөлхтөн ямагт элдэв муу муухай бүхнийг жигшин цээрлэж, сайн сайхан хутгийг эгээрэн хүсч, хүний төлөө тэмцэж, суралцаж, бас амьдарч ирсэн түүхтэй. Бурхан багшийн сургаал мөн л дээрх зорилгын төлөө, хамаг амьтны сайн сайхан энх амгалангийн төлөө зорисон бөгөөд дээрх зорилгын нэгэн хэсэг нь “Авах, гээхийн ухаан буюу авах, гээхийн суртгаал” гэсэн утгаар илэрхийлэгдэн ирсэн нь судар шастирт тодорхой тэмдэглэгдэн үлджээ.

Энэхүү авах гээхийн ухааны талаар судар шастирт тодорхойлохдоо:

“Үүн дор бидний багш ханьцашгүй Шагжа Жалбу (Бурхан гэгээн) тэр ямагт бээр бид нугууд дор их нигүүлсэхүй бээр шадар болгоон хорлолоос буцаах хийгээд ач тусыг учруулахын арганд “Авах гээхийн ёсыг” үлгэр утга элдэв зүйлээр сайтар номлосон эрхэм зарлиг сонин гайхамшигт нугууд өнөөдрийг хүртэл оршсоор бөгөөд түүнийг баригч дээдэс нугууд ч амьтан бүгдийн тус амгалан гарахын орон нь Бурханы шашин ямагт хэмээн болгоогоод тэр ямагт цаг үргэлжид арвижин дэлгэрэхэд өнөд бат оршихын аргад сонсголон, санахуй, бясалгал гурав болоод номлох, тэмцэх, туурвих гурвыг зохиосон болой” гэж айлджээ. Эндээс үзвэл авах гээхийн ухаан гэдэг нь бидний элдэв болзошгүй болоод болзоот элдэв аюул зовлонгоос урьдчилан сэрэмжлүүлж, цаашид зөв замаар явахад туслах нэгэн чухал арга болохыг чухалчилсан байна. Мөн нөгөө талаас хэрвээ бид энэ ухааныг анхааран өөрсдийнхөө ажил амьдралдаа мөрдлөг болгон авбаас тустай, ачтай болох нь дамжиггүй гэдгийг мөн ухааруулж байна. Энэ талаар шастирт:

“Тийм болохоор өвөр бусад алинд ч өвчин ад тэргүүтний хорлол үл гарах бөгөөд урт наслах, буян ихтэй тэргүүтэн тус амгалан гарахыг хүсэгч нугууд бээр зарлиг хийгээд шашдир нугуудад авах ёстойг авах, орхих ёстой хэмээсэн нугуудыг орхих хэрэгтэй. Тэр мэт эс үйлдвээс Бурхан өмнө чинь бодтой заларсан ч тус хүргэх үгүй” гэж айлджээ.

Авах, гээхийн суртгаал нь хүний амьдралын харилцааны ялангуяа хүний сэтгэлийн олон талыг хамарсан байдаг. Ингээд энэхүү ухааны жишээ болгож хэдэн суртгаалыг энд өгүүлсү.

1. Орон зүг алинд ч бусад лугаа үл зохилдвоос амгалан гарах нь бэрхтэй бөгөөд зовлон гарахдаа хялбар болъюу. Тэр ч урьд нэг эмэгтэй тариа тарьж байтал нэгэн хонь тэдгээрийг идэж сүйдлэхэд нөгөө эм бээр галт цучилаар цохисонд гал бадран хааны зааны хашаанд орсон бөгөөд оч үсэрч хашааг шатааж олон зааныг хуйхлажээ. Хаан бээр отчоос зааныг эдгээх арга засал юу байна хэмээхэд оточийн тариаланг урьд нь сармагчингийн сүрэг эвдэснийг ихэд өс хонзон санаж сармагчингийн өөхийг түрхэвээс эдгэрнэ хэмээжээ. Хаан зарлиг буулгаж анчин гөрөөчин ойр хавийн сармагчин бүгдийг барин хаанд өргөжээ. Хаан бээр оточид тушааваас тэр бүгдийг нь цааш нь харуулжээ. Тэр үест өгүүлүүн:

“Хот балган хотол гүрэндээ

Хонзонд зохирч бүү оршигтүн

Хонь болоод боол эм хоёр үл зохилдосноор

Хоргүй сармагчин нугууд хөнөөгдсөн мэт.” Хэмээн ишний үндэснээс зарлигдсан болой. Эгүүн дор өгүүлвэй.

“Анхлан нижгээд хоёр өлслөвч

Алслаад нэмэгдэж үржих тул

Амгалангийн үесийг доройтуулах

Аюулт алалдах өс хонзонг тэвчвээс зохилтой” хэмээтэй.

2. Нөхөрлөж чадвал өчүүхэн бага хэн ч их дээдэстээ тус болдог. Тэр ч эрт цагт нэгэн арслан өдөр нижгээд амьтан гөрөөсийг барьж махыг идээд муугий нь орхисоор таван зуун үнэгийг нэг дор иднэ гэжээ. Тэгээд шөнө явж байгаад худагт унахад дөрвөн зуун ерөн ес нь зугатаж гэнэ. Нэг нь худгийн захад үлдсэн бөгөөд арсланг гаргахын аргыг хайн нэгэн жижиг цөөрөм байгааг хараад цөөрмийг малтаж цөөрмийн усаар худгийг дүүргэснээр арсланг гаргажээ. Түүнд бурхан бээр:”Хүч ихтэй ч бай бусад лугаа нөхөрлөж үйлдэх хэрэгтэй бөгөөд үнэг нь худаг ухаад арсланг гаргаж чадсаныг үз” хэмээн эшний үндэснээс зарлигласан чилан болой. Эгүүн дор өгүүлэх нь: “ Дээдэс доройтох нь магадгүй бөгөөд

Нялхас тус болох нь сэжиггүй тул

Дээрэлхэж басамжлан доромжлохгүй

Нөхөрлөн үйлдэх буюу тэгшид агуулж үйлд” хэмээсэн болой.

3. Бусдыг хуурч мэхлэх нь олон болвоос эцэстээ амны идээ төдий ч олдох бэрхтэй болох бөгөөд тэрч эрт урьд цагт хулганы хаан таван зуун хулгана лугаа нөхөрлөн амьдардаг байжээ. Жила мажи хэмээх нэгэн муур өтлөж хулгана барьж идэж чадахгүй болсонд арга олохоор шийдэж амгалан аажуу амьдарах болсныг бусад хулгана мэдэж асуусанд: “Би залуу зандан насандаа хилэнц ихээр үйлдсэн тул түүнээ ариусахын тулд бэрхийг судлаж байна” гэжээ. Хулганууд сэтгэл итгэмжилж сүсэг төрөөд өдөр бүр эргэж тойрох бөгөөд нутагтаа буцахад нь хамгийн сүүлчийн ядарсан нэгийг барьж иддэг болжээ. Хулганы хаан бээр: “Туранхай та юу зооглоно вэ?” гэж асуусанд би хатсан өвс адилыг иднэ гэжээ. Тэгтэл хулганы сүрэг цөөрч хорогдох болсонд хулганы хаан сэжиглэж нөгөөх “ даяанч” муурыг ажиглаваас тэр бээр үл харагдах газарт сүүлчийн хулганыг барьж идэхийг хараад алс очиж ийн өгүүлрүүн:

“ Эцэнхий туранхай таныг таргалаад гишүүн дэлгэрээд

Эзэн миний сүрэг хоргдсонийг үзвээс л

Үр тариа өвс идсэнээр

Үзтэл бэрх эс гарсан тул

Бэрхийг судалсан энэ хэрэг ихтэй авч

Миний хулганууд хорогдох тул

Мажи та өлзий орших болтугай” хэмээн өгүүлээд өөрийн оронд зугтаах бээр нөгөө муур идээ ундаа хоосорсон болохыг эшээс зарлигласан болой.

Бурхан бээр зарлиг болруун:

“Бусдын толгойг эргүүлэн хураан мэхлэвээс

Буруу гаж их хэрэг доройтох тул

Буруу замд орохыг үл хүсвээс

Бусармаг хуурмагийг өөлөх нь хэрэгтэй” хэмээн айлджээ.

4. Өөрийн язгуур дор хорлол олныг үйдвээс өвөр ямагт орох оронгүй болох бөгөөд тэр ч эрт цагт нэгэн жижигг голд 500 усны хорхой амьдрах агаад нэгэн цагт хөгшин хорхой бээр нөгөөдүүлийнхээ өндөг, зулзага нугуудыг идээд залхай суухуйд заримдаа ажил ч хийхгүй хөлөө нугалаад суух болжээ. Тэгээд үр хүүхдээсээ хагацсан усны хорхойнууд түшмэлдээ бараалхаж айлтгаваас тэр бээр энэлж шаналсан байдлыг үзээд түшмэл бээр хилэгнэж “Миний удмын ёс гажуудаалагч муу авирт хэмээгээд бидний үр төл, өндөг, өт хорхой нугуудыг идчихээд хөлөө цомцойлгоод суугч аяа чиний ямар ёс вэ?” хэмээхэд бусад нь:

Сэмхэн сэмхэн алхан гишгээд

Үгээ зөөн өнхрүүлэн яригч

Шилээ шөргөөж эргүүлэн үйлдэгч тэр

Муу башир талын шинж мөн хэмээхэд

Түшмэл бээр: “Та бүхэн сэтгэл амар аажим суухтун хэмээхэд нөгөө хөгшин хорхой зугтааж, оронгүй болж бусад нугууд амар жаргажээ” хэмээн эмийн эшийн судраас зарлиглажээ.

Бурхан бээр зарлиг болгуун:

“Хамаатан садан нөхөд дор

Хорлолын үйлийг чангатгаваас

Хөгзөрч ялзарсан идээ адил

Хог дээр хаягдах тул сэрэмжлэн үйлд” хэмээжээ.

Ийнхүү авах, гээхийн сургаал нь бидний амьдралын анхааран авах мөрдлөг болж эрт дээр үеэс өнөөг хүртэл уламжлан иржээ.

АБЭБХ-ын ерөнхий нарын бичгийн дарга,

гавж Т.БУЛГАН

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй