Амь тэтгэх энэрэх сэтгэлийг магтая!

12-р сар 01, 2015

Эвдэрхүеэ хялбар хүний бие, олохуяа бэрх хүмүүний төрөл хэмээх Бурханы шашны энэ агуу сургаалд хорвоогийн үнэн агуулагддаг. Ертөнцөд тоолж баршгүй олон амьд биет байдаг атал тэдгээрээс эрдэнэт хүмүүний биеийг олсон нь ердөө л 7 тэрбум гаруй байдаг. Ингээд бодоход хүн төрөлхтөнд ямар их хувь тохиол заяасныг хялбар ойлгомоор. Гэвч энэ биеийг олоход бэрх атал нөгөөтэйгүүр эвдэлж үгүй болгоход тун хялбар байдаг нь юутай энэлэлтэй. Хүний бие ертөнцийн бүх юмс үзэгдлийн нэгэн адил мөнх бус агаад төрөхөөс үхэх хүртэлх хүний нас хязгаартай. Наслах тоог хүн өөрийн амьдралын хэв маяг, хэвшил хийгээд үйлдлээрээ жил, сар, хоногоор богиносгож уртасгана. Харин хүмүүн бид мөд өвдөхгүй, өтлөхгүй, үхэхгүй хийгээд энэ бие эвдрэхгүй мэт, юмсыг мөнх мэт эндүүрч, хүсэл шуналдаа автаж мунхаг бодолд төөрөлдөн өөрийн үйлдлийг төдийлөн анхаардаггүйгээс хожмын зовлонг бий болгочихдог. Энэ нь ч хүний сэтгэл маш хувирамтгай, бодол хурдан уйсдагтай холбоотой. Цаашлаад энх амгаланг хүсэх хэрнээ эвсэж найрсахын оронд өөр хоорондоо дайсагналцах, хорлох, тулалдах аж.

Чухам тиймийн учир хичнээн эрдэм чадлыг олсон ч, ихэс дээдэс багш нар хүмүүний ёсоор насан өөд болох ч таалал барихдаа хүртэл үхэл хийгээд хорвоогийн мөнх бусыг бусдад сануулахын тухайд, энэ үед ер бусын онцгой шинж, үйл явдлууд тохиодог байна. Бурханы шашинт улс орнууд түүний дотор монголчууд ч багш ихэс дээдсийнхээ таалал барьсан өдрөөр хорвоогийн мөнх бусыг дахин ухааран бясалгаж, өөрсдийн сэтгэл, үг, үйлдлийг асар анхаарч, аливаад зөвийг эрхэмлэдэг бол орон хийдүүд тахилын зул хүж өргөж, их ерөөл хурж, буян үйлддэг уламжлалтай билээ. Эдгээр тэмдэглэлт үйл явдлуудын нэг болох өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг ''Зулын 25" буюу "Богд ламын дүйчэн" өдөр хэмээн олон зуун жилээс тэмдэглэж ирсэн.

Энэ жил Зулын 25 буюу Богд ламын их дүйчэн өдрийг тохиолдуулан Монголын бурхан шашны сүсэгтнүүд "СЭТГЭЛИЙН АРИУСЛААС НИЙГМИЙН ХӨГЖИЛ” уриан дор шашин номын үйл ажиллагааг МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулах гэж байна. Үүгээрээ сүсэгтнүүд бусаддаа хүн тус бүр өөрийн сэтгэлийг ариусган хөгжүүлвээс бид өөр хоорондоо эв эеийг хичээх бөгөөд нийгэм аяндаа эрүүл хөгжилд хөтлөгдөнө хэмээн уриалж байна.

Өнөөгийн нийгмийн оюун санааны дархлаа, хүний сэтгэлийн ариусал, энэрэл нигүүслийг Бурханы шашны ёс зүй, гүн ухаан хангалттай номлож орон хийд, дацан болон бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ чадлынхаа чинээгээр бусдад түгээхийг эрмэлздэг. Нарны цацраг бүгдэд ижил тусдагтай адил дээдийн номын дууг сонсоход зорьсон бүгдэд нээлттэй байдаг. Гагцхүү зарим нь хөмрөөд тавьсан, хир буртагтай эсхүл цоорхой тогоо адил “савны гурван гэм”-тэй ханддагт учир байдаг гэхэд хилсдэхгүй л болов уу.

Тиймээс бурууг ихэнхдээ бусдаас хайдаг болсон өнөө үед өөрийн сэтгэлийн гэм бурууг зөвхөн дан бусдад хамааруулахын оронд Монгол хүн бүр сэтгэлээ өөрөө ариусгах нь чухал болоод байна. Үүнд:Дээдийн номыг сонсох, ингэхдээ “савны гурван гэмийг” тэвчин сонсох, мөн сонсоод зогсохгүй байнга санах, бясалгах хэрэгтэйг сүсэгтнүүд өөрсдөө дэвшүүлж байгаа нь сайн хэрэг юм. Монголчууд хөгжлийг гадны тусламж хандиваар бүтээхгүй юм байна гэдгийг ойлгож эхэлсний адил хувь хүний оюун билэг сэтгэлийн хөгжил өөрийн сүсэг итгэл болон шийдвэрээс хамаарна гэсэн бат үнэмшлийг эргэн олж байна. Бурханы шашинд сүсэг бишрэл гэдэг нь мухар сүсэг бишрэлийг хэлдэггүй бөгөөд харин “учир шалтгаан, ухааралд үндэслэсэн” итгэлийг хэлдэг.

Улаанбаатар хот болон 21 аймагт салбар зөвлөлийг сүүлийн хэдэн жилд байгуулж Монголын сүсэгтний холбоо болтлоо зохион байгуулалтанд орж чадсан бурханы шашны сүсэгтнүүд нийгмийн бүхий л үеийг хамарч чаджээ. Ачит багш нараар ном айлдуулахын сацуу хүний амьдралын зовлон жаргалыг туулж, нүгэл буяныг эрэгцүүлэх буурал сүсэгтнүүдийнхээ үг захиасыг сонсох нь жинхэнэ Монгол ахуй, өвөг дээдсийн уламжлалт сурган хүмүүжүүлэхийн ухааны сургууль бэлхэнээ бүрдсэнийг илтгэнэ. Хөгшин залуу үеийн төлөөлөл болсон сүсэгтнүүд өнгөрсөн ирээдүйг эргэцүүлэх нь Бурханы шашны цөм ойлголт болох шалтгаан үр дагавар, харилцан хамаарал буюу хорвоогийн эргэх холбоо нь энэрэн нигүүлсэх бодь сэтгэлийг тээсэн ёс суртахуун (бие хэл, сэтгэлээр өвөр бусдад тустай сайн үйлийг хийх) гэсэн утсаар холбогддог болохыг танин мэдэх ховорхон боломжийг бүрдүүлж чадсан байна.

Богд ламын их дүйчэн өдрөөр МБШТ Гандантэгчэнлин хийд жил болгон нийгэм олон нийтэд чиглэсэн буян номын үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай юм. Жишээлбэл, 2010 онд гэхэд д Богд ламын их дүйчэн өдөр 12-р сарын 1-нд дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөртэй нэг өдөр тохиож байсан. Тус өвчнөөр энэлэгсдэд сэтгэлийн дэм өгөх, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих, нийгэм сүсэгтэн олныг энэхүү өвчний эсрэг нэгдэхийг уриалан, МУ-ын Засгийн газрын ХДХВ/ДОХ-с сэргийлэх, үйл ажиллагааг зохицуулах үндэсний хороо, Глобаль сан, Номин ХХК-тай хамтран АСА циркэд “Эрүүл аж төрөх ёс” буян номын хандивын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан. Сүсэгтэн оролцогчид олноороо ном хурж, буян хураахын хажуугаар харамгүй сэтгэлийн өглөг болгон 5 гаруй сая төгрөгийг гардуулж өгч байсан. Энэ удаад ч МБШТөв Гандантэгчэнлин хийд Монголын сүсэгтний холбоотой хамтран үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд цусны эмгэг, хорт хавдартай хүүхдэд урт хугацаанд хийгдэх шаардлагатай байдаг эмчилгээний асуудлыг хөндөх юм. Доройтдоггүй амь нэгээхэн ч үгүй тул ямагт бусдыг энэрэн нигүүлсэх нь зүйтэй юм.

Монгол хүн бүр өөрийн сэтгэлийн ариуслыг хүсч, хүний сайхан чанарыг дэлгэрүүлэхийг зорьж, суралцаж, багш нарын сургаалыг хэрэгжүүлж, өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болгож чадвал нийгмийг хөгжлийг аяндаа дотроосоо л цогцлооно. Угаас Бурханы шашинд харгалдах дайсан өөрийн дотор байхаас гадна байхгүй хэмээн сургадаг.

Ганц дусал усыг бодвол далай тэнгис бараг ширгэхгүйтэй адил зон олноороо хураасан буян үрэгдэж тарамддаггүй. Тиймээс ч энэ үйл ажиллагаанд олноороо ном хурж, маань хөгжөөхийн сацуу зөв сэтгэлийг соёолуулан ургуулбал асар их буяныг ганц хүн ч хураах боломжтой. Монголчууд Бурханы номыг сонсохын зэрэгцээ утгаар нь замнаж явсан уламжлалтай тул айл хотлоороо нийлж орой бүр маани мэгзэм хөгжөөж байжээ.

''Зулын 25" буюу "Богд ламын дүйчэн"

Шарын шашныг үндэслэгч, цаст Төвдийн мэргидийн оройн дээд чимэг, соён гэгээрүүлэгч, их билгийн хүн Богд Зонхова Лувсандагва долдугаар жарны шороон гахай жилийн өвлийн эхэн сарын билгийн тооллын 25-нд 63 сүүдэртэйдээ 1419 онд ''Сундуйн жүд'' /Цогт нууц тарний хураангуй үндэс оршвой/ судраас айлдаж байгаад жанч халжээ. Богд Зонхова Лувсандагва нь Буддын гүн ухаан, оюун сэтгэлгээ, бясалгалын агуу их цогц тайлбар, гайхамшигт бүтээлүүдийн нэг болсон "Их бодь мөрийн зэрэг /Ламрим Чэн мо/" хэмээх гэгээрэлд хүрэх арга замын тухай алдарт бүтээл хийгээд Бурхан багшийн эрхэм зарлигийн манлайн дээд оргил болсон нууц тарний ёсны гайхамшигт их тайлбар, нэвтэрхий толь "Агрим чэн бо" буюу "Тарний их зэрэг" тэргүүтэй бүтээл туурвисан бөгөөд та бидний сайн мэддэг "Мэгзэм" хэмээх алдарт магтаалыг зохиожээ. Анхдугаар Далай лам Гэндүндүв 1415 онд Галдан /Хувь төгөлдөр / хийдэд ирж Богд ламд шавь орж байсан байна.

Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг. Зул өргөх хийгээд асаахад “Хамаг амьтны мунхагийн харанхуйг гийгүүлэх гэрэл гэгээг би асааж үйлдье. Миний билгийн энэ зул тэргүүтнээр хамаг амьтан үнэмлэхүй үнэнийг ухаарах болтугай” хэмээн бодь сэтгэл үйлдэл болгондоо үүсгэвэл тус эрдэм ихтэй.

"СЭТГЭЛИЙН АРИУСЛААС НИЙГМИЙН ХӨГЖИЛ” шашин номын үйл ажиллагаа

Монголчуудын нэрлэж заншсанаар "ЗУЛЫН 25" буюу "БОГД ЛАМЫН ДҮЙЧЭН ӨДӨР"-ийг тохиолдуулан "СЭТГЭЛИЙН АРИУСЛААС НИЙГМИЙН ХӨГЖИЛ” уриан дор шашин номын үйл ажиллагааг 2015 оны 12 сарын 06-ны өдөр 11 цагаас “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулна.
Тус өдөр сүсэгтэн олонд насны авшиг хайрлаж, бурхан багшийн ринсрэлд мөргүүлж, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц айлдвар айлдаж, Алтангэрэл, Дашчийрэвийн сан даллага авах, газар хөдлөлтийн аюулаас аврах ном хурж, нийтээрээ маани хөгжөөх тэргүүтэн дэлгэр сайхан хөтөлбөртэй үйл ажиллагаа болох юм.

Монголын сүсэгтний холбооны тухай

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ОНХАлбанаас зохион байгуулдаг “Залуу буддист” сургалтын анхан, дунд шатны сургалтын сонсогчдын санаачлагаар 2010 онд үүсгэн байгуулагдсан. Өвөг дээдсийнхээ сонгосон уламжлалт Бурханы шашны номлол, сургаал, соёл, ёс заншлаа дээдлэн, түгээн дэлгэрүүлэх, сүм хийд, сүсэгтэн олон хоорондын холбоо харилцааг улам зузаатган бэхжүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хүүхэд залуу үеийг амьдрах ухаанд сургах зорилготой.

Одоогоор 150 мянга гаруй гишүүд дэмжигчидтэй, 21 аймагт салбар нэгжүүдийг байгуулан ажилладаг. Бурханы шашны мөргөл, бясалгал, уншлагын зан үйл, хэлний сургалт, лекц семинар, мөргөл, бясалгалын аялал, хүмүүнлэгийн аялалыг сүсэгтнүүддээ зориулан зохион байгуулдаг.

Гандантэгчэнлин хийд дацангуудын лам багш нараар дээдийн номыг сүсэгтэн олонд энгийн ойлгомжтой хүргэх, амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тус дөхөм болох бурханы шашны сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж байна.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй