Бандида урт үст Цэрэнпил хэмээгдэхийн тэмцлийн бичиг оршвой

10-р сар 31, 2012

Миний дэргэд байдаг Цэрэнпил хэмээх орос нохойн гөлөг нэгэн удаа гадуур тэнэж яваад ирсэнд би уурлаж «Гэр доторх хөрөнгө хогшил харж байхгүй, дэмий тэнээд юугаа хийсэн юм» хэмээгээд зодсонд тэр ухаан хурц тул зэвүү нь хүрч архиран өгүүлсэн нь:

«Хн! Нохой наадмын тул тэнэх нь гэлэн олзны тул тэнэхээс муу нь юу буй» хэмээв. Би өгүүлэв: «Омогтой үг бүү хэл. Том ноход чамайг барьвал яахийм» гэсэнд тэр өгүүлсэн нь: «Идвэл ч идэг, миний энэ бие бол олохуйяа бэрх их хэрэгт нь биш, чиний олохуйяа бэрх их хэрэгт хүний биеийг дэмий зөнд нь хаяж бүрэлгэснээс би наадмын тул биеэ зөнд нь хаявч нохойн л бие шүү дээ» гэв.

Би өгүүлэв: «Чамд нохойн бие хэрэггүй юмсан уу?» гэвэл тэр өгүүлсэн нь: «Надад нохойн бие хэрэггүй, хүний бие хэрэггэй. Даанч олох арга олдохгүй юм. Чиний бодож санахыг үзвэл хүний бие хэрэггүй, нохойн бие хэрэгтэй мэт ажээ» гэв. Би өгүүлэв: «Амаа хамхиад дуугүй суу. Нохой хүний хэлээр ярих муу ёр» хэмээсэнд тэр өгүүлрүүн: «Нохой хүний хэлээр ярих нь гайхамшиг. Харин хүн нохойн явдлаар явах нь муу ёр» гэв. Би өгүүлэв: «Тэнэгийн өгүүлэх нь цөөхөн бол үзэсгэлэнтэй гэдэг. Тэнэг нохой чи дуугүй хэвт» гэв. Тэр өгүүлрүүн: «Мэргэд ёсон бус өгүүлэх нь үзэсгэлэн бус буй за. Тэнэгүүд үнэн ёсыг өгүүлэх нь гайхамшиг» гэв. Би өгүүлрүүн: «Бүхий бие чинь үсээр хучигдсан атал эдүгээ бардамнан өгүүлэх чинь гайхалтай» гэсэнд тэр өгүүлрүүн: «Миний биеийн энэ үс нь хамт төрсөн хувцас мөн тул бусдаас эрэхийн хэрэггүй нь гайхамшиг юм. Харин чи өөрөө ичгүүрийнхээ орныг халхлахын тул адгуус бидний арьсаар хаацайлж гайхуулах чинь ичгүүртэй байна» гэв. Би өгүүлэв:

«Бид нар хонины арьс тэргүүтнээр биеийн гадуур хучивч түүнийг торго магнаг сэлтээр гадарласан тул үзэсгэлэнтэй байдаг. Чиний биеийн үс сарлагийн сүүл мэт гадагш сагсайх тул үзэсгэлэнтэй бус» гэвэл тэр өгүүлрүүн: «Ихэс лам нар, их ноёд арьсны үс гадагш урвуулж ямбын хэрэм хэмээн өмсөөд гайхуулан суумуй. Би ч арьсны үсээ гадагш урвуулсан тул гайхагдах учиртайгаар үл барам та бүгдийн урвуулсан хүрмийг дээлтэй тайчиж орхивоос нүцгэрэх тул үзэсгэлэнгүй, харин ч ичгүүртэй. Миний урвуулсан үс болбоос биеэс ургасан тул бат болой» хэмээв. Би өгүүлэв: «Сүүлтэй хөгшин нохой чамтай үл хэлэлцмүй» гэсэнд тэр өгүүлрүүн:

«Хэрвээ хаана идээ ундаа байна, тийш гүйж

Хэрэгт, үйлд захиран заравч түүнээс зугатвал

Хэдий тэр нь ярих инээхийг мэдэх боловч

Хэрэг дээрээ сүүлгүй хөгшин нохой мөн

Хэмээн номлосон мэт ангалзаж инээхийг мэдэх хөгшин нохой, архирч хуцахыг мэдэх хөгшин нохой хоёул нохой мөн тул сүүлгүйгээс сүүлтэй нь дээр бизээ» гэв. Би өгүүлэв: «Чи болбоос баас идэгч» гэсэнд тэр өгүүлрүүн:

«Нохой бээр баас идэхэд хилэнц юу байх буй. Гэлэн чи өөрөө сангийн идээг идэх чинь дэндсэнээр баасны дотор хорхойн төрөл авахдаа баас идэх болмуй. Амттай байх буй» гэв. Би өгүүлэв: «Чамд ч баас амттай байдаг биз. Би бөөлжис хутгадаг» гэвэл тэр өгүүлрүүн: «Ходоодон доторх баасанд төдий чинээ бөөлжис хутгах мөртлөө зүрхний доторх нисваанисын гурван хор лугаа насад нөхцсөөр байгаадаа өчүүхэн ч эмээдэггүй чи өөрийгөө бурхан Шигимүнийн шавь мөн гэж бодно уу?» гэв. Би өгүүлэв: «Би бол хүн. Чи бол адгуус. Хүн, адгуус хоёрт ялгаа буй. Бүү доромжил» гэвэл тэр өгүүлрүүн: «Биед бол ялгаа буй. Харин сэтгэлд ялгаа буй эсэхийг үл мэдмүй. Бурханы зарлигуудад өчүүхэн төрөлхтний ялгалд санал төрөөгүй үед хүн, адгуус хоёрт сэтгэлийн үүднээс ялгаа байдаг гэж номлосон нь үгүй. Түүнчлэн Сайн номлолд:

Үргэлж гэдэс цадахыг гол болгогч нь

Үс үгүй болохоос биш гахай мөн хэмээн сургасан байдаг. Чи ч ямагт цатгалан явахыг хичээмүй. Би ч ямагт цатгалан явахыг хичээмүй. Нэг нэгнээсээ илүүтэй юм үгүй байна. Эдүгээ ертөнцийнхөн гахайнаас нохойг дээрд тооцмуй. Тэр номлогч нь та нарын багш хүн бөгөөд биднийг адгуус хэмээн алагчилсан нь бус ажээ гэв. Би өгүүлэв: «Чи гайхамшигтай өгүүлэгч мэргэн нэгэн байна. Лав нохойн бандида мөн буй за. Нэгэн сайн шүлэг туурвигтүн» Би үзсүгэй хэмээвэл Тэр өгүүлрүүн: «Нохойд бандида байдаггүй юм. Шүлгийг бол харин өгүүлж болмуй» гэв. Би бээр «өгүүл» гэсэнд тэр өгүүлрүүн:

«Арьс шир тос лугаа наалдан нөхцсөн мэт

Адгуус намайг энхрийлэн тэтгэгч лам чинь

Айж ичмээр явдалд чинь би ч өчүүхэн зовмуй» гэв. Би өгүүлэв:

«Ай, муу баас идэгч нохойн гөлөг

Амнаасаа дэмий балай үг урсгавч

Алдар нэр гандийн дуу мэт дуурссан намайг

Ам хэлээр бүү доромжил, хөөж явуулна шүү» гэсэнд тэр өгүүлрүүн:

«Бузартаж гүйцсэн лам, нохой хоёр ав адил

Булт үсэрвэл би ч гэсэн ширээн дээр гармуй

Бурханы зарлигийг ертөнцийн явдлаар арилжиж сольсон

Булай чи надаас юугаараа илүү байх буй» гэв. Би өгүүлэв:

«Архирч хуцаж, шуугиан таригч нохойн гөлөг чи

Агшин зуур ч надтай ярилцах нь зохистой бус

Амт сайт мах, цай хотол төгссөнөөр

Арван тавны саран мэт өндөр болсныг эс үзэв үү?» гэвэл тэр өгүүлрүүн:

«Оройдоо улаан жинстэй ертөнцийн хар хүн

Онгирч сагсуурч явснаар бусдаас өндөр болдог уу?

Онцын хэрэгтэй номын хувийг гээж хаявал

Одоо нохой надаас илүү нь өнгөн төдий юм» гэв. Би өгүүлэв:

«Энэ дотоодын шашинд сайтар орж

Эгэл гэртний мөргөлийн орон болсон би

Эдүгээ хүн бүрд хүндлэгдэх бөгөөтөл

Энгийн чамтай яахин адил болох билээ» гэхэд тэр өгүүлрүүн:

«Төчнөөн олон ботийг үзэвч ухалгүй орхиж

Түмэн сүсэгтэн нөгчигсдийн эдийг ажиггүй идэж

Түвдэд очивч сэтгэл тогтолгүй нутаг тэмцдэг

Төлгөч чам шиг нь нохойн төрлийг ч олоход бэрх» гэв. Би өгүүлэв:

«Ухаант бандидын ёсоор номын оньсыг номлож

Улсын сүсэглэж өргөсөн эдийг эдлэж байна би

Ухвар мөхөс үхэр мэт баас идэгч чам шиг биш

Урьд нь хураасан буяныхаа үрийг амсаж явна би» хэмээсэнд Тэр өгүүлрүүн:

«Харамжинд өргөх сонгино, сармис мэтийн барьцны

Хариуд нь ном номлох хуурай номлолд додийх юун буй.

Хатуужилт егүзэрийн явдал мэт баас, шээс идэх нь

Харин үнэхээр хилэнц үгүйн ёс мөн» гэв. Би өгүүлэв:

«Өвч мод шороо болсон Өмхий сэг, бөөлжис, баасыг

Халуун хүйтнийг хайхралгүй эрэлхийлж

Хавьтсан ярдаг нохойтойгоо уралцаж

Үнэг мэт улигч чамайг

Үнэхээр би өрөвдөж байна» гэвэл тэр өгүүлрүүн:

«Тараг мэт цагаан ном лугаа учирсан боловч

Таргалж цадахын тул эх болсон үхэр, ямаа, хонийг

Тамлаж байж, махыг нь идээд цатгалан жаргаж хэвтэгч

Танхай назгай чи түүнээс илүү өрөвдөлтэй» гэв. Би өгүүлэв:

«Түвд ша үсэг мэт мушгирсан урт үст муу нохой чи

Төвөггүй идэх идээнд ч өмчилсөн хувьгүй боловч

Түмэн олны үймээнд төөрч, үгүй эс болсон чинь

Түшиг миний гайхамшигт ач бус буюу, гарч цааш одогтун» гэсэнд тэр өгүүлрүүн:

«Илжирсэн хүүр зулгаагч нохойн гөлөг намайг

Ийн олон жил жасын идээгээр тэжээсэн гэлэн чи

Эдүгээ өгүүлэх цагтаа "яв” гэж ялгасан үг хэлсэн буй за

Эргэж санах цагт хэн минь ялагдсан нь болзоогүй» гэв. Би өгүүлрүүн:

«Адгуус амьтан ямаа, хонь, нохой нараас

Арай төдий ба бүрэн язгуур өндөр авч

Аливаа мах цусанд ховдоглох мангасын явдал ёс үүгээр

Алсдаа газар доор магад одох бөгөөс чиний зөв болов уу» гэвэл тэр өгүүлрүүн: «Онгойсон харанхуй нүх мэтийн мунхгаар балайрсан

Орос нохойн гөлөг надад номын хувь үгүй

Одоо монгол оронд үүнд шашин оршсон тул

Орос мэт гaр хоосон бүү төөрөгтүн чи» гэв. Би өгүүлэв:

«Аймшигт ха ха инээгч үхээрт боссон хүүрээр

А үсгийн утга төрөл үгүй хэмээн бэлгэдсэн дохионы ном номлосон мэт

Асар номлохуйд мэргэн чиний айлтгасан тэд бүхэн

Ай жигтэй, санал бодлого талбиваас увидас мөн байна» гэсэнд тэр өгүүлрүүн:

«Өтөл би анхааран авалгагүй нохой тул

Үнэнийг ямар номловч хүн үл итгэмүй зэ

Өөрийн нөхөр их бясалгагч Бүшүн лугаа

Үнэн номын үгсийг өгүүлэлцвээс тэрбээр итгэмжлэх бөлгөө» хэмээгээд бүхнээ тэнэхийн тул год харайгаад гадагш гүйн одов хэмээгдэх үүнийг өөр бусдын инээдмийг арвидахын учир бичсэн болой.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй