Богд хаан бол Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч, эцэг мөн

12-р сар 28, 2012

Монголчууд 1911 онд Манж Чин гүрнээс салж, тусгаар тогтнолоо сэргээн, тунхаглан зарлаж, монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсний 100 жилийн ойг бид 2011 онд тэмдэглэсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаа гаргаж, Засгийн газар комисс байгуулан, Улсын Их Хурал хүндэтгэлийн чуулган хийж, жил бүрийн 12 дугаар сарын 29-ны өдрийг үндэсний баярын өдөр болгон тэмдэглэж байхаар болсон. 1922 оноос хойш монголчууд бид эл үндэсний хувьсгалын ойг ийм өндөр хэмжээнд анх удаа тэмдэглэсэн билээ. Эндээс мэргэн ухаант ард түмэн маань нэгийг тунгааж, нөгөөг бясалгаа буй за гэж найдаж байна. Учир нь одоо монголчууд маань монголчуудын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөөд, улсын цолыг Монгол, оны нэрийг Олнаа өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдэж, ХХ зууны эхээр Ази тивд Монгол улс сэргэн мандсаны шинэ түүх эхэлсэнийг ойлгож эхэлсэн болов уу гэж бодном.

Энэ бол Монгол төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор сэргээнтунхагласан өдөр юм. Монголчуудын амьдралын сүүлийн 300 жилд тохиосон түүхэн онцгой үйл явдал лав энэ мөн билээ. Энэ өдөр бол эртний монголын эзэн Чингисийн байгуулсан төрийн гал голомт сэргэсэн өдөр гэж үзвэл зүйд нийцнэ гэж бодож байна. Энэхүү 1911 оны үндэсний хувьсгал өөрөө амжилтад хүрсэн нэг гол учир шалтгаан нь бүх монгол овогтон үндэсний үзлээрээ нэгдэж, нэгдмэл нэг зорилгын төлөө бурханы шашныхаа тэргүүнийг хүрээлж, түүхэн амжилтад хүрсэн билээ. Энэхүү үйл явдлаас хойш Монголд ХХ зууны турш өрнөсөн түүхийн үйл явдлууд нь 1911 онд сэргээн тунхагласан Монголын төр улсаас улбаатай юм.

Энэ жил 2012 он. Зуун жилийн өмнө монголчууд төр засгийн газар, хууль эрх зүй, гааль, татвар, дагаар орсон монголчуудын асуудал, хил хязгаар, дэлхийн улс гүрнүүдээр өөрийн тусгаар тогтносон улсаа хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэл гээд л маш их олон ажлыг амжуулж байлаа.

Үндэсний тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, бие даасан байдал монгол хүн бүхэнд хамаатай билээ. Тиймээс эл өдрийг монголчууд маань эх түүхээ дээдэлж, үндэсний уламжлал, өвөрмөц онцлог тэргүүтнээ илүү мэдэрч, ойлгож, өвлүүлдэг заншил болгоосой хэмээн хүсэж буйгаа хэлэх гэж үүнийг тэрлэж буй юм.

Учир нь монголчууд бид эх түүхээсээ нилээд холдож, өөрөө өөрийгөө танихгүй шахуу болтлоо хөндийрсэн гэхэд болохоор шахуу байна. Ийм эгзэгтэй үед ардчилал бидэнд асар том боломж өгч байгаа. Тэр бол үндэсний түүхээ олж авах явдал юм. Харин тэр сайхан боломжийг хэр зэрэг зөв ашиглах нь цөөн бус зүйлээс хамаарч байна. Энэ олон мэдээллийн хэрэгслээр гарч буй зөв, бурууг ялгахад бэрхтэй мэдээллээс бид өөрөө өөртөө үнэн зөв мэдлэг олж авах чадвар хэр зэрэг суусан бол, үндэс, угсаа, уламжлал, түүх, соёл, зан заншлаа өөрийн болгон авч хадгалж хамгаалах мэдлэг олж авч чадаж байгаа болов уу, энэ талаар монголын төр юунаас ч илүү бодох учиртайсан.

Монгол үндэстэн хэр зэрэг удаан орших нь эндээс хамаарах тул бидний хувьд хамгийн том асуудал бол монгол үндэстэнийг одоо хүртэл авч ирсэн тэрхүү үнэт зүйлс болох identity өвөрмөц бусдаас ялгарах онцлогоо зөв тогтоож, эрхэмлэн дээдэлж өвлөн хөгжүүлэх явдал хэмээн молхи хүн бодно.

Үүнд монголын төрийн бодлого хэр зэрэг чиглэж, хичнээн мөнгө төгрөгөө зарцуулж байгаа бол. Ирээдүйн хойч үрс маань монгол хүн болж төлөвшиж, тэрхүү үнэт зүйлсээ биедээ шингээн авч чадаж байгаа болов уу, одоогийн бид хэр зэрэг эл амин асуудлын чухлыг ухаарч буй бол гэх зэргээр бодно.

Энэ бүгдийг ядаж жилд нэг удаа ч болов сайн ухаарч байхын үүднээс жил бүрийн 12 дугаар сарын 29-ны – үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрөө монголчууд нийт бүхнээрээ үндэсний өвөрмөц онцлогтой тэмдэглэж занших хэрэгтэй хэмээсэн саналыг тавьж байгаа юм. Эс тэгвээс өнгөрсөн 2011 оны 12 дугаар сарын 24-ны өдөр гарсан Улсын Их Хурлын шийдвэрийг хүн бүр мэдэж ухаарсан эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Энэ жил үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын эл 12 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, УИХ, Засгийн газрын эрхмүүд энгийн олон хүмүүсийн нэгэн адил тэртээ зуун нэгэн жилийн өмнө тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Богд Хааны ордонд заларч, хүндэтгэл илэрхийлээсэй. Эгэл олонтойгоо эх түүхийн уламжлал, зан заншлаа ярилцаасай хэмээн хүсэх байна. Тийм уламжлал тогтвоос зуун жилийн өмнөх Богдын Хүрээнээс үлдсэн цөөн түүхэн дурсгалт газрын нэг –Богд хааны ордон хийгээд бусад үндэсний түүх, уламжлалын мөрөө хадгалсан газруудаа эргэн харж, эх түүхээ сэргээн бодох боломж олж, үндэсний мэдлэг, мэдрэмж нэмэгдэх буй за хэмээн найдна.

Эл түүхэн өдөр монгол нутгийн газар бүр монгол хүн бүхэн үндэсний түүх, соёл, уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдлэж, эл талаарх мэдлэг, мэдээлэлээр өөрсдийгээ цэнэглэхээс гадна өнөө болон хойч үедээ өвөг дээдсийнхээ бахархан дуурайх сайн сайхан бүхнээс уламжлал болгон өгдөг болбол даяаршиж буй ертөнцөд монгол хэмээх нэртэй үндэстний өнө удаан оршихын нэг утга учир орших бус уу хэмээн өчүүхэн судлаач мунхагламой.

Английн эрдэмтэн Уолкерийн бичсэнчлэн догшин ширүүн авиртай монголчуудыг зөөлрүүлэхийн тулд бурханы шашныг Монголд хүчтэй дэлгэрүүлсэн хэмээн бичсэн байдаг нь 16 зууны үед хамрагдах үнэн билээ. Гэвч Х1Х зууны сүүлч, ХХ зууны эхэн үе болоход Монголд байдал эрс өөрчлөгдсөн билээ. Монголын хүн ам үндсэндээ бурханы шашинтан болсон байлаа.

Энэ тухай гадны хүний бичсэн нь ХХ зууны эхэн үеийн Монголыг Эзэн Чингис нь харсан бол танихааргүй шахам болтлоо өөрчлөгдөж, нөгөө омог бардам, зориг зүрхтэй, эр бяртай монголчууд номхон хүлцэнгүй болж хувирсан хэмээн тэмдэглэсэн буй.

Монголд бурханы шашин дэлгэрч, монголчууд энэтхэг, түвдийн соёл, уламжлалыг хүлээн авснаар хятадын соёл монголд дэлгэрэх замыг хааж чадсан гэж бодно. Энэ бол цөөн хүн амтай үндэстний оршин тогтноход үнэхээр их ач холбогдолтой болсон гэж үзүүштэй. Энэ бол зуун жилийн өмнөх Монголд хамаатай гэдгийг бас хэлэх нь зөв болов уу. Өнөөгийн Монгол ямар байх нь бид бүхнээс илүү хамаарах билээ.

Монголчуудын бурханы шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт бол 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдрөөс 1924 оны 5 дугаар сарын 20 хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр суусан, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч, эцэг нь юм. Биднийг өнөөгийн Түвдийн хувь заяа хүлээж болох байсан, харин VIII Богд Жавзандамба хутагтын удирдлагаар Манжаас салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан юм. Монголчууд бидэнд эрх чөлөө, тусгаар тогтнол олгосон хүн бол Богд хаан мөнөөс мөн. Үүнийг молхи судлаач сүүлийн жилүүдийн судалгаанд түшиглэн хэлж буй юм.

VIII Богд Жавзандамба хутагт бол монголчуудын хувьд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн мөн бөгөөд түүний Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тод томруунаар онцлон тэмдэглэх нь зүйд нийцнэ хэмээн үзнэ.

Учир иймийн тул энэхүү үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулсан хөшөөний шавь Богдын ордон-мүзейн ойролцоо тавих саналыг өргөн барьж байна. Мэргэн оюундаа болгооно уу.

1911 оноос Улсын нийслэл болсон Хүрээ бол анх 1639 онд Богдын өргөө хэмээн суурь нь тавигдсан удаатай билээ. Эл бүхнийг сайтар бодвол бид Богдын Хүрээнд амьдарч байж, Богдын дурсгалыг эс хүндэтгэх нь наанадаж ёс суртахуунгүйн дээр цаанадаж эх түүхээ дээдлэхгүй байгаа хэрэг бус уу.

Бас Монгол Улсын төрийн ордонд Богдын хааны засгийн газрын Ерөнхий сайд нарын зураг өлгөөстэй байдаг боловч эзэн хаан Богдын нэр хаа нэгтээ бичигдсэн байх нь үгүй байна. Төрийн ордонд Сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамбын хөрөг зураг эсвэл цээж баримал тавих саналыг мөн өргөн барьж байна.

Бидэнд Эзэн Чингис хааны үеэс уламжлагдсан эд өлгийн зүйлс бараг байхгүй шахуу байна. Харин VIII Богд хааны үеийн хас, мөнгөн, алтан тамга болон өргөмжлөл, титэм, сэнтий зэрэг эд өлгийн зүйлс хадгалагдсаар эдүгээ 100 жил болж байна. Цагийн эрхээр олонтаа шилжүүлэн хөдөлгөхийн аяыг даахгүй ч болсон байж мэднэ. Тиймээс түүхэн дурсгалт зүйлсээ нандигнан хадгалж, өвлүүлэх үүднээс дээрх үнэт зүйлсийг алтаар, мөнгөөр нь яг адил хувь хийлгэн ард олноо толилуулж, эх хувийг найдвартай газар хадгалах нь дэлхий нийтийн нэгэнтээ тогтсон жишиг билээ.

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ны морин цагт Монголын тусгаар тогтнол, төр улсаа сэргээн байгуулж, тунхагласан төрийн ордоны буурин дээр дурсгалын самбар босгох саналыг дахин давтан тавьж байна.

Түүхийн шинжлэх ухааны доктор,

профессор О.Батсайхан
Эх сурвалж: www.tsahimurtuu.mn

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй