Бурханы шашны сүм хийдүүдийн удирдлага зохион байгуулалтад орох шаардлага буюу өнөөгийн нөхцөл байдал

4-р сар 01, 2016

Энэхүү сэдвийг товч тоймлон хүргэхэд[1] өнөөгийн Бурханы шашны зохион байгуулалт, бие даасан байдал, төрөөс бурханы шашны талаар хэрэгжүүлэх бодлого, ардчиллын сүүлийн 25 жилд бурханы шашны өөрсдөд олдож байсан боломж түүнийг хэрхэн ашигласан, бие даасан тусгаар улсын бурханы шашны төвийн хувьд анхаарах зарим асуудал, өнөөгийн бурханы шашны нөхцөл байдлыг дүгнэсний үндсэн дээр зохион байгуулалт хийх шаардлага зэргийг тусган гаргаж тавихыг хичээсэн болно.

Бид бүгд сүүлийн жилүүдэд бурханы шашны нөхцөл байдал, сүм хийдүүдийн удирдлагын зохион байгуулалт, нийгэмд үзүүлж байгаа нөлөөлөл зэрэг олон асуудлыг хэвлэл, мэдээллийн бүх сувгаар хүлээн авч байна.

Бурханы шашинт монгол лам нарын бүтээж туурвисан сургаал, номлолын тухай цөөнгүй тооны эрдэм шинжилгээний хурал, цуглаан зохион байгуулав. Тэр битгий хэл Төвдийн Буддизмын тухай олон улсын хурал хүртэл зохион байгуулагдаж байжээ. Харин Монголын бурханы шашны зохион байгуулалт удирдлагын үйл ажиллагааны талаар, шашны хүмүүс дотроо хэлэлцсэн, учир зүйгээ олсон, ярилцаж тохиролцсон, эвлэлдэн нэгдсэн хурал цуглаан төдийлэн явагдсангүй.

Энэ чиглэлийн судалгаа шинжилгээг лам, санваартны зүгээс хийсэнгүй, төрийн зүгээс төр, шашин тусгаар гэсэн үүднээс бодитой ажил илээр явуулсангүй, аливаа мэргэжлийн судлаачид шашныг гадна талаас нэг талыг барьсан мэдээлэл цацагддаг боловч шашны мэдлэг, мөн чанарыг ухаж ойлгоогүй учраас бодит байдалтай нийцэхгүй санал, дүгнэлт гаргадаг зэрэг тухайн сэдвийн хүрээнд хөндөж тавьсан үндэслэлтэй судалгаа алга гэхэд хилсдэхгүй байна.

Энэхүү өгүүллийг Бурханы шажин ном ёсны дагуу дэлгэрэх, иргэний шашин шүтэх үндсэн жам ёсны эрхийг дээдлэх хүрээнд төрийн эрх зүйт ёсны зарчимд үндэслэн, номын хэлээр бол шашин ном гадаад дотоод барцад үгүйгээр оршихын тухайтад бичиж байна.

1, Төрөөс шашны талаарх хэрэгжүүлэх бодлого /санал, шүүмж/

2, Бурханы шашинтны удирдлагын алдагдсан боломж өнөөдрийн байдал

3, Тусгаар улсын шашны зохион байгуулалт, анхаарах зарим асуудал /Бурханы шашны хүрээнпд

4, Сүм хийдийн нэгдсэн зохион байгуулалт түүнийг хийх шаардлага /Бурханы шашны зохион байгуулалт/


  • Аливаа улс үндэстний зонхилох иргэдийн шүтэж буй шашны нэр хүндийг тухайн шашин хэр зэрэг хүлээн зөвшөөрөгддөг, аль хэр байр суурьтай, өөрсдийн номлодог ном журмын дагуу явагдаж байдаг эсэх, хүн амын сүсэгтний дэмжлэгийг авдаг эсэх, сүм хийдүүд хоорондоо хэрхэн зохион байгуулалтад орж нэгдсэн, төрөөс хэрхэн харилцдаг зэрэг олон нөхцөл шалтгааны үүднээс үндэслэн байр суурийг тодорхойлдог байна.

Үндсэн хуулийг батлах явцад Бурханы шашныг төрийн шашин болгох талаар эсрэг тэсрэг байр суурьтай бодлогын талаар хэлэлцэж байсан. Уламжлалт бурханы шашин Монгол үндэстний соёл уламжлалын мөн чанар болж олон зуун жил уламжлагдан ирсэн тул төрийн зүгээс бурханы шашны байр суурийг хүлээн зөвшөөрч дэмжин тэтгэх, үндэстний соёл иргэншил, оюун санааны нэгдмэл үнэт зүйлийг бий болгоход гол хүчин зүйл гэж үзэж ирсэн.

Үндсэн хууль батлахад оролцож үзэл бодлоо илэрхийлж байсан О.Дашбалбар “... Үндэстнийхээ шашныг үндэсний сэргэн мандалтаасаа хасаж хаячхаад, тэгээд үндэсний сэргэн мандалт бий болгоно гэж байгаа өөрчлөн байгуулагчдыг би гайхаж байна...” [2] гэж хэлж байсан үг одоо ч үнэ цэнээ алдаагүй анхааран авах ёстой төрийн бодлогын суурь зарчим байж болох юм хэмээн бодогдож байна.

Үндэстний ухамсар доройтсон, харийн соёлыг илт шүтэж өөрсдийн соёлыг эрс үгүйсгэх, залуу хойч үе бий боллоо. Дэлхийн даяаршихын хэрээр ондоошлыг хадгалах нарийн ухааны талаар эрдэмтэн мэргэд санал солилцох болжээ. Үндэстэн нэгдмэл оюун санааны үзэл бодолтой байхын тулд уламжлалт бурханы шашныг төрөөс бодлоготойгоор дэмжих, эрх зүйн орчинд баталгаажуулан ажиллах зүй ёсны шаардлага урган гарч байна.

Хэдийгээр төрөөс нэг шашныг онцгойлон үзэх эрх зүйн орчин сул байгаа хэдий ч үндэстний үзэл баримтлалын хувьд олон шашныг хүн ам цөөтэй манай улсад дур зоргын хэрэг гэж үзэх нь эрсдэлтэй болохыг сүүлийн үед цахим ертөнцөөр явж буй иргэн Цэрэн-гийн Солонгос улсын иргэн Сан Мүүний үндэслэсэн “Мүүний” шашны талаарх хэлэлцүүлгээс харж болно.

Иймээс төрөөс шашны талаар авч хэрэгжүүлэх бодлогыг шинэ түвшинд, хүний эрхийг хамгаалах үндсэн суурь зарчим дээр, тусгаар улсын аюулгүй байдлыг хангах нарийн торгон заагт мэргэжлийн хүмүүсийн хийсэн судалгаа, шинжилгээнд үндэслэн шинэ түвшинд шинэ бодлого боловсруулах их ажил өрнөж байна.

Төрөөс шашны талаар авч хэрэгжүүлсэн цөөнгүй ажил хийсэн, одоо хийж байгаа боловч учир дутагдалтай болохыг дараах зүйлүүдээр тодруулая.

  • Төрөөс шашны талаар хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг баталсан ч Үндсэн хуульд заасан төрийн хэрэгжүүлэх бодлого ил тод байх зарчим алдагдсаны улмаас төрөөс яг ямар бодлого барьж ажиллаж байгаа болох нь тодорхойгүй[3], зарим хэрэгжүүлж буй үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг зөрчилтэй байна.
  • Одоогоос 18 жилийн өмнө 1998 онд ХЗЯ-наас зохион байгуулсан “Төр, сүм хийдийн харилцаа: Орчин үе эрдэм шинжилгээний бага хурал”-д тавьж байсан илтгэл, хөндөгдөж байсан асуудлыг зохицуулсан баримт бичиг боловсруулагдаагүй
  • Төр сүм хийдийн харилцааны тухай хуулиар төрийн эрх бүхий байгууллагад хүлээлгэсэн үүрэг тодорхой бус, хэрэгжүүлэх механизм сул зэрэг зөрчилтэй
  • 2010 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг шинэчлэн болосвруулах ажлын хэсэг батлагдан гарсан боловч одоо хүртэл бодитой ажил хийгдээгүй
  • Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй шашны байгууллагуудын тоо, судалгааг жил бүр Нийслэлийн Статистикийн газраас гаргадаг бөгөөд энэхүү судалгаагаар[4] Шашны байгууллага сүүлийн жилүүдэд огцом өсч байгаа, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлдэг, цөөнгүй зөрчлүүд байдаг тухай дүгнэсэн. Түүнийг шалгах, татан буулгах эрх зүйн орчин бүрдээгүй талаар холбогдох мэргэжлийн хүмүүс санал бодлоо илэрхийлдэг.
  • Шашны байгууллагад зөвшөөрөл олгодог болон түүнийг зохицуулдаг НИТХ-ын 74 дүгээр тогтоолын[5] биелэлт сул, түүнийг хэрэгжүүлэх механизм цоорхойтой, төрийн байгууллагуудын уялдаа холбоо муу, гүйцэтгэх ажил тодорхойгүй зэрэг зөрчилтэй
  • Нийслэлийн статистикийн газраас хийсэн мэдээнээс харахад шашны замбараагүй байдал бий болсон, ирээдүйд олон төрлийн шашны зөрчил бий болох суурь тавигдсан гэж үзэж болохоор байна.
  • Шашны байгууллага, сүм хийдийн өмч хувийн өмч үү, нийтийн өмч үү [23]
  • Сүүлийн жилүүдэд арвин их түүх соёл, уламжлалтай, эрдэмтэн мэргэдийн бүтээл номтой ард түмэн бид оюун санааны хийрхэлд автан Чингисизм, Бөө мөргөл, монгол ухаан, хатан ухаан гэх мэт үзэл суртлууд хүчтэй дэлгэрэх болсон. Энэ үзэл суртал залуус хойч үеийн оюун санаанд хүчтэй нөлөөлөх болсныг анхаарах;
  • Бурханы шашинтнууд улс орны соёлын үнэт зүйлсийг уламжлан хадгалж ирсэн түүхтэй, улс орны соёлын үнэт зүйлс, дархлааг ирээдүйд уламжлан үлдээх, түүнийг хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Үндэсний уламжлалт соёл, Үндэсний үзлийг[35] түгээхэд өндөр байр суурьтай оролцох ;
  • Бурханы шашны нэр хүнд, үнэлэх үнэлэмж тодорхой хэмжээгээр буурч байгаа тухай судлаачдын байр суурийг анхааран түүний шалтгаан нөхцлийг тодруулан, бурханы шашны нэр барих зурхайч, мэргэч, төлөгч зэрэг энгийн иргэдийн явуулж буй нийгмийн сөрөг үзэгдлийг арилгахын тулд зохион байгуулалтад орох;
  • Бурханы шашинтны лам хуврагуудын нэр хүндийг улс төрд ашиглах, хий хоосон хардаж сэрдэх гадна талаас шууд дүгнэн бүлэглэлд хуваах[36] оролдлого газар авсан
  • Тусгаар улс үндэстний шашин соёлыг хамгаалах, ном ёсоор дэлгэрүүлэхийн тулд хамтран ажиллах, биенээ хүндэтгэн харилцах, зөв буруу хийсэн үйлдлийг уучлан өршөөж ойлголцлыг бий болгон ажиллах;
  • Төртэй лам санваартан бүр бие дааж харилцах нь төрд ч ойлгомжгүй байгаа тул нэгдсэн зохион байгуулалтад орон нэг бодлого баримтлан нэг шугамаар харилцах шаардлага бий болсон;
  • Монгол улс тусгаар улсын хувьд бурханы шажны ирээдүйн төв болж хүлээн зөвшөөрөгдөхөд нийт лам санваартан, удирдлагуудын итгэл үнэмшил бэлтгэгдэн, нэгдэн нийлж зохион байгуулалтад орох;
  • Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн сэхээтэн лам нарын хэлмэгдүүлэлтийн түүхийг үргэлжид дурсан шинэ ардчилсан оронд хүний шашин шүтэх эрхийг хамгаалахад хамтран дуу хоолойгоо хүргэх;
  • Сүүлийн жилүүдэд тодорсон залуу олон хутагт хувилгаадын өмнө шажныг авч явах их үүрэг ирж буй бөгөөд хутагт, хувилгаад бүр үүнийг ухааран эвтэй найртай, хамтран номын үйлсийг бүтээхэд хичээн ажиллах;

Хэдийгээр шашны асуудал төрийн хар хайрцагны бодлого мөн хэдий ч тухайн бодлого эрх зүйт ёсны үндсэн зарчимд нийцсэн, хүний эрхийг хамгаалсан, ил тод байдлыг хангахгүй бол хүний эрхийг ноцтой зөрчих үндэс суурь болж хаагдмал, далд, хэн нэгний дур зоргын хэрэг болох эрсдэл дагуулдаг.

Шашны нөхцөл байдал, сүм хийдийн үйл ажиллагаа цаг үе, нийгмээ даган хурдацтай өөрчлөгдөж байна. Тэрхүү хурдацтай хөгжих, өөрчлөгдөх харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичиг чадамжгүй гэж дүгнэж болно.

Монгол улс дахь шашны нөхцөл байдлын талаар АНУ-ын элчин сайдын яамнаас жил бүр судалгаа[6], шинжилгээ хийдэг ба тухайн судалгаануудыг ажиглахад хүний эрхийг хангах, тэр тусмаа шашин шүтэх эрхийг үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд үзэж түүний үүднээс ихэвчлэн судалгаа хийгдсэн болохыг анхаарах нь зүйтэй.

Энэ нэг талаасаа хүний эрхийг түгээн дэлгэрүүлж байгаа харагдавч нөгөө талаасаа улс үндэстний аюулгүй байдлын хүрээнд шашин номлох / үзэл бодлоо илэрхийлэх/ эрхийг тодорхой хязгааарлалт тогтоож болох талаас нь судлахыг шаардсан, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нарийн заагийг баримтлан бодлогодоо оруулж өгөх цаг болсныг илтгэж байна.

Илүү тодруулвал сүүлийн үед “хүний эрх” гэдэг ойлголтоор бамбай хийн хүн амын шашин шүтлэгийн байдлыг саармагжуулах, үндэсний соёлыг өөрчлөх, цаашлаад төрийн бодлогод нөлөөлөх хэмжээний нарийн бодлого явж байгааг үгүйсгэх аргагүй юм. Үүнээс сэргийлэн улс орнууд нийгмийн соёлыг хамгаалах талаар арга хэмжээ авч тусгайлан хууль батлан мөрдүүлдэг байна[7]. Манай улсад аливаа нэгэн шашны үзэл суртлаар дамжуулан шашныг ашиглах гадаад ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй. Үүнд төр, иргэд, бурханы шашны удирдлага, лам санваартан нар хянуур нямбай байж, тун мэдрэмжтэй ажиллах , анхаарал хандуулах ёстой юм. Шашин бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалтай холбогдож байдаг бөгөөд МУ-ын Гадаад бодлогын үзэл баримтлалын 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэлийн хавсралтад[8] энэ тухай бичигдсэн.

Төрөөс сүүлийн үед шашны талаар хэрэгжүүлж байгаа бодлогод анхаарлаа хандуулж тусгайлан судлах болсон. Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн Хүрээлэнгээс “Шашин, Сүм хийдийн тухайд Төрөөс баримтлах бодлого, зохицуулалтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”[9]сэдвээр Бодлогын судалгааны тайлан хэвлүүлэн гаргажээ. Төрөөс шашны талаарх хэрэгжүүлэх бодлогыг шинэ шатанд хөндсөн үндсэн суурь судалгаа болсон байна.

2, Бурханы шашинтны удирдлагын алдагдсан боломж өнөөдрийн байдал

Энэхүү сэдвийг хэлэлцэхэд 1990 оны нөхцөл байдал, түүнээс хойшхи цаг хугацааны түүхэн үе шатыг системтэй, цогц, өргөн хүрээнд авч үзнэ. Дан ганц бурханы шашинтны хувьд биш төрийн онол, философи, эрх зүйн үндсэн зарчмуудын хүрээнд судлана.

Үндсэн хуулийг 1991 онд батлаж төр болон шашны харилцааг хуульчилж өгсөн. Үндсэн хуулийн концепци нэгдүгээрт шашин шүтэх эрхийг хангах буюу шашин шүтлэгийн хаалттай байсан түүхэн үе шатыг эрс өөрчлөн чөлөөтэй болгох, хоёрдугаарт шашны байгууллагын үйл ажиллагаа 100 хувь төрөөс хараат байсан бол үүнийг шашин шүтэх эрхийн хангах зарчимд үндэслэн тодорхой хэмжэнд нээлтэй болгож өгсөн байдаг. Гэвч шашны эмзэг харилцааг төрийн бодлогооос гадуур тавьж байгаагүй юм.

Ардчиллын сэргэн мандалтын үед /1990-ээд он/ Үндэсний соёл уламжлалаа сэргээх ард олны оюун санааны хүчтэй тэлэлт Үндсэн хууль, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг батлахад онцгой нөлөө үзүүлжээ. Тухайлбал төр, сүм хийдийн харилцааны хуулийг яаралтай батлуулахгүй бол 1934 онд баталсан “Төрийн хэргээс шашныг тусгаарлан явуулах тухай хууль”, “Өргөл барьц авах явдлыг хориглох тухай” БНМАУ-ын СнЗ-ийн 1972 оны 106 дугаар тогтоол, “Азийн буддистуудын энх тайвны бага хурлын удирдах төвтэй холбогдсон зарим асуудлын тухай” 1984 оны 212 дугаар тогтоол зэрэг эрх зүйн акт, шийдвэрүүд хүчин төгөлдөр үйлчилж байхад хөдөө орон нутаг, нийслэл хотод олон тооны сүм, дуганууд үүд хаалгаа нээж зөрчилтэй байдал үүсгэж байсан байна.

Тиймээс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлуулах нөхцөл байдал үүссэн бөгөөд тухайн хуулийн концепцид “...төр, сүм хийдийг хэргийг тусгаар явуулах зарчмын үзэл санааг хэрхэн ойлгох талаар үндсэн утга санааг тодруулахдаа төрөөс улсын хууль тогтоомж зөрчигдөөгүй тохиолдолд төрөөс сүм хийдийн дотоод амьдрал, шашин номын үйл, зан үйлд хутгалдан орж зааж зааварлахгүй байж, биеийг даалган чөлөөтэйгүүр хэрэгжүүлэх, нөгөө талаас сүм хийдээс улс, төрийн амьдралд хутгалдан орж, төр захиргааны байгууллагын үүргийг орлон гүйцэтгэхгүйгээр төр өөрийн асуудлаа бие даан шийдвэрлэдэг гэсэн утга болно...”[10] гэж үзсэн байна. Цааш нь “... энэхүү зарчим нь төр, шашин 2 хоорондоо ямарваа хамааралгүй байна гэсэн хэрэг бус, харин ч төрөөс хууль тогтоомжоороо шашныг уламжлалт жаяг дэг сахил санваарын дагуу чөлөөтэй хөгжих бололцоог нь олгож дэмжих, шашин сүм хийдээс төрийнхээ хууль цаазыг эрхэмлэн дээдэлж төрдөө захирагддаг байх[11]...” гэж үндсэн зарчим баримтлана гэж үзсэн.

Үүнээс үзввэл Бурханы шашныг чөлөөтэй болгож байгаа явдал нь ном, ёс жаяг дэгийн[12] дагуу хөгжих боломжийг олгосон гэж үзэхээр байна. Түүнээс биш дур зоргоороо зохион байгуулалтгүй байж болно гэж үзсэн хэрэг огтоос биш байна.

Монголын Бурханы шашны төвд бурханы шашныг зохион байгуулах эрх бүрэн олгогдсон байдаг. Энэ талаар ТСХХ тухай хуулийг хэлэлцэх явцад БНМАУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Шашны асуудал эрхлэх зөвлөлийн зохицуулагч Г.Лхагвасүрэнгийн тавьсан илтгэлд[13] “...нэгэн үгээр хэлэхүл, олон сүм хийд нээж, олон лам хуврагатай болсноор л шашнаа сэргээчихлээ, ард түмнийхээ шүтэн бишрэх эрх чөлөөг хэрэгжүүлчихлээ гэж үзвэл томоохон эндүүрэл болно. Харин ч эл бүхий байдал цаашид удтал хэвээр үргэлжлэх аваас энэ нь шашны өөрийн ариун нэр төрд цөв суулгаж болох юм. Чухамхүү тиймийн тул эдүгээгийн энэ нөхцөлд шашнаа цэвэр ариунаар хөтлөн явуулахын тулд юуны өмнө шашны асуудлыг шашны байгууллага өөөрөө мэдэн шийдэж байх нэг нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай болох нь зүйтэй юм гэж үзсэний хэрээр манай лам санваартан нар Монголын бурханы шашинтны чуулганыг зохион хуралдуулсан билээ.... түүнчлэн тус чуулганаас Монголын бурханы шашинтны төвийн дүрмийг хэлэлцэн батлаж, тс төвийн удирдлагыг бүрдүүлсэн болно.” гэж дурьдсан бөгөөд үүнийг тодруулвал Бурханы шашин ном ёсоороо хөгжих боломжийг төрөөс чөлөөтэй нээж өгч, дэмжин ажиллахаа илэрхийлж зохион байгуулалтад орсон тул шашны хэргийг авч явах удирдлага зохион байгуулалтад орсон гэж дүгнэсэн байна. Төр энэ алхамаас илүү алхаж бурханы шашны дотоод асуудалд оролцож болохгүй, тийм эрх зүйн орчин ч байхгүй. Тиймээс бурханы шашны зохион байгуулалтыг авч явах эрхэм үүрэг бол одоогийн шашны удирдлагад оногдсон.

Бурханы шашинтнууд түүний удирдлагууд өөрсдөдөө хуулиар олгосон боломжыг олж харсангүй бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Үүнийг нотлоход тийм ч хэцүү биш бөгөөд Нийслэлийн Статистикийн газраас хийсэн 2014 оны судалгаанд[14] “...Нийслэл хотод 372 шашны байгуллага үйл ажиллагаа эрхэлж байгаагаас Буддын 106 шашны байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна. 41 сүм хийд тайлан тэнцэл гаргадаггүй, анх зөвшөөрөл авснаас хойш хугацаагаа сунгуулаагүй буддын 28 сүм, хийд үйл ажиллагаа эрхэлдэг..” зэрэг мэдээллээс шууд харж болно. Энд дурьдагдаж байгаа 106 байгууллага бол тусдаа бие даасан үйл ажиллагаа эрхэлдэг, үүн дээр нэмэгдээд хөдөө орон нутагт байгаа сүм хийдийн тоог оруулж тооцвол олон тоо гарах бөгөөд энэ олон сүм хийд, байгууллагууд тус тусдаа үйл ажиллагаа бие дааж явуулж нэгдсэн зохион байгуулалтгү ажиллаж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд лам, санваартан бүр тус тусын хийд, орныг шинээр байгуулж бие даан үйл ажиллагаа эрхэлж байна. Зөвхөн нийслэлийн хэмжээнд гэхэд буддын 106 шашны байгууллага номын үйл ажиллагаа эрхэлж байгаа, түүнээс хэд нь ном ёсоор явж байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна. Нэг талаас харвал олон хүрээ хийд байгуулж байгаа нь сайшаалтай боловч нөгөө талаас энгийн хүн хүртэл хийд босгосон байхыг үзвэл хэн үүнд хяналт тавьж,[15] хэн энэ ажлыг шалгаж нягтлах, зохион байгуулах үүрэгтэй вэ гэсэн асуулт бидний өмнө тулгарна. Хэн нь ч мэдэгдэхгүй лам санваартан олон болсон бөгөөд хэн хаана ямар сахилтай зэрэг нэгдсэн нэг тоо, судалгаа алга байна. Жижиг хийдүүдийн лам нар цөөхөн, ном ёсыг авч явах боловсон хүчин байхгүй, үйл ажиллагаа явуулахад санхүүгийн бэрхшээлтэй зэрэг олон тулгамдаж буй асуудал байна.

Жаяг цааз, хууль ёс гэж ярихаар ном ёсонд энэ огт хамаагүй гэж үздэг лам нар байхад байсан ч үүнийг тоохгүй бие даасан хүмүүс байна. Эсвэл үүнийг мэдэж байгаа боловч хэрэгжүүлэх чадваргүй, хэрхэн хийх аргаа олохгүй байгаа тал ажиглагдаж байна.

Бурханы шашны түүхэнд жаяг ёсыг чанд баримталдаг байсан бөгөөд түүнийг тухайлан хянан шийдвэрлэдэг байгууллага, тогтолцоо, дүрэм, хууль батлагдаж байжээ. Судлаачийн хувьд бурханы шашны түүхэн эрх зүйн зохицуулалтын[16] талаар тусад нь нийтлэл бичих болно.

Монголын бурханы шашны удирдлагууд, хамба нар үргэлжид зохион байгуулалтгүй байсангүй түүний нэг жишээ бол 1999 онд 9 дүгээр Богдыг Эрдэнэзуу хийдэд ширээнд залсан үйл явдлаас харж болно. Тухайн үедээ сүсэгтэн олон төдийгүй төрийн анхаарлыг ч татаж чадсан үйл явдал юм. Үүн дээр шашны удирдлагууд нэгдэж ойлголтод хүрч зохион байгуулалтад орохыг хичээсэн боловч бодит амжилтад хүрээгүй 10 жилийн дараа төрийн оролцоотойгоор үр дүнд хүрсэн.

Монголын хүрээ хийдүүдийн лам нар 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж[17] Монголын бурханы шашны тэргүүнээр 9-р богдыг өргөмжлөх ёслолыг үйлдэхээр тохиролцжээ. Энэ хуралдааны гол ач холбогдол бол бурхан шашинтнууд нэгдэн нийлж зохион байгуулалтад орох хүсэл эрмэлзэл дүүрэн болохыг харуулсан томоохон үйл явдал юм.

Өнгөрсөн хугацаанд зохион байгуулалтад орж, нэгдэж чадаагүй үндсэн шалтгааныг судлаачийн хувьд Нэгдүгээрт: лам санваартнууд нийтийн бус хувийн ашиг сонирхлыг урдаа тавьсан[18], Хоёрдугаарт: төрийн оролцоо ил бус далд хэлбэрээр хүчтэй явагддаг[19], Гуравдугаарт: бурханы шашны удирдлагыг зохион байгуулалтад оруулах, бодлого боловсруулах хүн хүчний чадавхи сул,[20] Дөрөвдүгээрт: Бурханы шашны институтын баримтлах дүрэм журам, батлагдаагүй[21] байгаатай шууд хамааралтай гэж дүгнэж байна.

Өнгөрсөн хугацаанд бидэнд олдсон боломжийг хэрхэн ашигласан, хэрхэн хэрэгжүүлсэн, хаана ямар алдаа гаргав, яагаад зохион байгуулалтад орж чадаагүй зэрэг нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж цаашид хэрхэн ажиллах, ямар бодлого, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа эрхлэх, хэрхэн зохион байгуулалтад орох, хэн ямар үүрэг хариуцлага хүлээх, дагаж явах дүрэм журам, жаяг цаазтай болох талаар бодлогын судалгаа шинжилгээ хийж нэг байгууллага, нэг малгайн дор нэгдэхийг бүх лам санваартнууд эрмэлзэх цаг нь болсон байна.

Энэ бүх ажил бурханы шашинтны удирдлага, лам санваартан бүгдийн эв нэгдэл, сэтгэлээс бүрэн хамаарах ажил мөн юм. Бид 1990 оноос бидэнд олдсон боломжуудыг олж харсангүй бодитоогоор дүгнэлт огт хийсэнгүй 26 жил өнгөрчээ.

Тус өгүүллийн хүрээнд хөндөгдөх нэг сэдэв бол сүм хийд, шашны байгууллагуудын эдийн засаг, санхүүжилт, өмч хөрөнгийн асуудал юм. Энэ бол тулгамдаж буй асуудлын нэг болж байна. Сүм хийдийн удирдлагууд энэ талын мэдлэг мэдээлэл сул, ойлголт байхгүй[22] байна. Ойлголт байхгүй учир өөрсдийн байгуулсан сүм хийдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад санхүүгийн хүндрэл бэрхшээл байнга тулгарч байна.

Нийслэлийн Статистикийн газрын мэдээллээс харахад зөвхөн нийслэлд 106 бурханы шашны байгууллага бүртгэлтэй байна. Үүнээс хэд нь хувийн /лам нарын хэлдгээр/ гэсэн нэршилд хамаарах вэ. Сүм хийдийн өмчийн эрх зүйн байдал ямар байдаг, хуулиар түүнийг хэрхэн зохицуулсан, шашны байгууллагын өмч нийтийн өмч үү,[23] хувийн өмч үү гэдэг талаас нь судлаачийн хувьд хөндөх ёстой сэдэв гэж үздэг юм.

Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж зааж өгсөн нь хүний үндсэн эрх болох өмчлөх эрхийг баталгаажуулж, хүлээн зөвшөөрөх үндэслэл болж өгсөн.

Шашны номлолууд хүний сэтгэл, ёс суртахуун, үзэл бодол, амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, нийгмийн сайн сайханд уриалан дуудах, энэрэн нийгүүлсэх сургаал номыг заан сургадаг. Тэр ч утгаараа хувь хүн, олон нийт, аж ахуйн нэгжүүдийн хандив тусламжаар үйл ажиллагаа явуулж, нийтийн хандив тусламжаар бий болж, хүмүүнлэгийн, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг учраас шашны өмчийг нийтийн өмч гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт ”Монгол Улсад нийтийн болон хувийн өмч байна” гэж нийтийн өмчийн хэлбэрийг тухайлан зохицуулж өгсөн. Тус хуулийн 99.2 дахь хэсэгт ”Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна.” гэснээрээ нийтийн өмчийг субьектын хувьд нарийвчлан тодруулж зохицуулсан.

Иргэний хуулийн[24] үзэл баримтлалаар шашны өмч бол нийтийн өмч, тэрхүү өмч шашны номлолд заасан нийтийн сайн сайхны төлөө, нийтэд зориулагдаж байх ёстой хөрөнгө байхаар зохицуулжээ. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.1 дэх хэсэгт“ Сүм хийдийн өмч, аж ахуйн харилцааг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.” гэж заасан.

Шашны байгууллагад өмч[25] хувийн өмчөөс нийтийн өмчид шилжиж хандив тусламжийн замаар бүрэлддэг байна. Шашны байгууллага, сүм хийдэд хувь хүн хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд тэрхүү хөрөнгө оруулалт нь шашны номлолыг түгээн дэлгэрүүлэхэд, нийгмийн сайн сайханд зориулагдаж байх зарчимтай болохоос шашны байгууллагаас ашиг олох, хувийн хэрэгцээг хангах, амьжиргааны арга хэрэгсэл болгох зэрэгт зориулагдаагүй юм. Энэхүү зарчмын үүднэээс шашны байгууллага, сүм хийддийн санхүүгийн тайлан нийтэд ил тод байх шаардлага гарч ирнэ. Одоо манай улсад ямар ч шашны байгууллагуудын үйл ажиллагааны санхүүжилт маш бүрхэг тодорхой бус байна.

Буддын шашны сүм хийдүүдийн хувьд санхүүжилт нь Монголчуудын хандив тусламжаас бүрэлддэг, сүүлийн үед бурханы шашны тодорхой хийдүүд гадаадаас хандив тусламж авч байгаа талаар сонсогдох болсон. Үүнийг хууль зүйн хувьд хориглоогүй боловч түүний үр дагварыг тооцоолосон эсэх, Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан шашны гадаад харилцааны асуудлыг төртэй зөвлөлдсөн эсэх тал дээр анхаарал хандуулах нь зүйтэй.

Шашны байгууллагын санхүүжилтийг төрийн байгууллагуудаас тодорхой шалгасан, үр дүнгийн талаар хэлэлцэж ил болсон шийдвэр алга. Шашны байгууллагын санхүүжилт хэрхэн, ямар арга замаар орж ирж байгаа, юунд зарцуулагддаг, ямар зорилготой хандив өгч санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа зэргийг судлаачдын хувьд хөндөж тавьдаг асуудлуудын нэг юм. Түүнд тодорхой шийдэл, зохицуулалт одоогоор алга байна. Дэлхийн олон орнууд шашны санхүүжилтийн нэрээр мөнгө угааж болзошгүй, тодорхой зорилготой хийгддэг байж магадгүй гэж судлаачид хөндөж тавьдаг ажээ.

Иймээс шашны байгууллага, сүм хийдийн өмчид тооллого хийх, хяналт тавих, эрх зүйн талаас шашны байгууллага, сүм хийдийн өмчийг эзэмших ашиглах захиран зарцуулах агуулгыг тодорхой болгох хэрэгтэй байна.

3, Тусгаар улсын шашны зохион байгуулалт, анхаарах зарим асуудал /Бурханы шашны хүрээнпд

Сүм хийдүүд нэгдсэн зохион байгуулалтад нэгдэж чадаагүйн улмаас сүм, хийд, лам санваартан бүр тусдаа бие дааж үйл ажиллагаа эрхэлж, тэр битгий хэл гадаад улстай бие дааж харилцаж байгаа тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон.

Монгол улсын түүхэнд төрөөс шашны талаар авч хэрэгжүүлэх бодлого тодорхой, хатуу байр суурьтай байсан. Харин одоо ардчилсан засаглалтай, хүмүүнлэг иргэний нийгэмтэй энэ үед цоо шинэ бодлогын хүрээнд сүм хийд, шашны байгууллагыг эрх зүйн статус, хүлээх үүргийг хуульчилж өгсөн байдаг боловч зарим талаар хийдэл цоорхойтой байгааг үгүйсгэхгүй. Ямартаа ч төрөөс батлан мөрдүүлсэн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шашны байгууллага үйл ажиллагаа эрхлэхээр хуулиар үүрэг хүлээлгэсэн.

Дэлхийн улс үндэстнүүд даяарчлагдан нэгдэн нийлж байгаа энэ үед шашны эмзэг харилцаан дээр төрөөс тодорхой хэмжээнд анхаарал хандуулдаг гэдгийг мартаж болохгүй. Нэг ёсондоо аливаа улсын гадаад бодлогыг нэг шугамаар хэлэлцэж тэр тусмаа шашны асуудлыг төрөөс тодорхой хэмжээнд хөндлөнгөөс ажиглаж байдаг нь нууц биш.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллага гадаад харилцааны асуудлаа төрийн эрх бүхий байгууллагатай зөвлөлдөн шийдвэрлэхээр хуульчилсан[26]. Бурханы шашин төдийгүй бусад шашин, шүтлэг гадаад харилцааны асудлаа төртэй зөвлөлдөх ёстой. Түүхэн цаг үед шашны байгууллага гадаад харилцааны асуудлаа төртэй зөвшилцөн, тусгайлан бодлого боловсруулагдаж байсныг архивын баримт бичгүүдээс харж болно.

Төрөөс шашны талаар хатуу бодлого барьж байсан түүхэн цаг үед сүм хийд, лам санваартан бие дааж гадаад улстай харилцсаны улмаас хүний эрхийг ноцтой зөрчин хэлмэгдүүлж байсан түүхэн цаг үеийг өнөөгийн шашны удирдлага мартаж болохгүй. Тухайн хэцүү үед сүм хийд удирдлага, албан тушаалтангууд бие даан үйл ажиллагаа эрхлэх, гадаад улстай бие даан харилцаж төрийн хараанд өртөж, хэлмэгдэж байсныг мартах ёсгүй билээ.

Тусгаар улс гэдэг бол төрийн нэгдсэн зохион байгуулалттай, нэг бодлоготой байдаг. Тиймээс шашны бодлого ч төрийн нэгдсэн бодлогын хүрээнд явагдах ёстой юм. Өнөөгийн бурханы шашны удирдлага Монгол улсын төрийн бодлогын үзэл баримтлал, хэм хэмжээг сайтар судлан үзэж бие дааж шийдвэрлэх асуудлаа тодорхой томьёолон эрх зүйн хүрээнд явуулах нь зүйн хэрэг. Гэвч бурханы шашны төв, сүм хийдүүдийн удирдлагаас энэ талын мэдлэг дутуу дульмаг байгаа тухай зарим судлаачид хөндөн тавьж байна. Тодруулвал шашны дотоод асуудал нэрийн доор бие даан шууд Энэтхэг улстай харилцаж байгаа байдлыг шүүмжлэн “...Тусгаар нэгэн орны төрд харьяалагдагч нийгмийн институт уу?эсвэл ... Энэтхэгийн аль нэг шашны байгууллагын Монгол дахь салбар төлөөлөгчийн газар уу ?...”[27] зэргээр асуумж, шүүмжлэл тавьсан байна. Үүнийг нарийн бодон учир явдлыг тунгаан анхааралдаа аваарай.

Энэхүү шүүмжийг 2003 онд тавьсан бол үүнээс хойш 12 жил өнгөрөхөд асуудал улам л хүндрэх нөхцөл байдал бий болсон. Жиш нь: Богдын асуудал, олон хутагт хуилгаадын асуудал, бие дааж гадаадын шашны тэргүүнүүдтэй уулзалт зохион байгуулсан, лам бүр тус тусдаа бие даан Энэтхэг улс дахь Бурханы шашны институттай холбогдон ажиллах зэргээс харж болно.

Бурханы шашны 3 аймаг савын эзэн болсон дээдэс багш нартай ном ёсны дагуу сайтар барилдлага тогтоож ном ёсыг монгол улсдаа дэлгэрүүлэх нь зүй ёсны хэрэг мөн боловч тусгаар тогтносон Монгол улсын Бурханы шашны төвийн үүднээс нэгдсэн нэг шугамаар харилцаж байх нь ашдын хэрэгт тустай зүйл мөн. Үүнтэй зарим сүм хийдийн удирдлага санал нийлэх байх, энэ талаар хоорондоо ярилцаж тохиролцон нэг мөр ойлголтод хүрч, эвтэй байж ном ёсыг явуулвал аливаа саад тотгор гарах нөхцөл бүрдэхгүй юм.

Бурхан шажны их хөлгөний эзэн болж үлдсэн Төвд, Монгол тэр тусмаа Энэтхэг улс дахь Далай богдын ач ивээлээр бурханы шашин хир үгүй дэлгэрэх цаг айсуй гэдэгт би хувьдаа итгэдэг. Гэхдээ шашны байдал бол бие дааж дангаар оршин тогнодоггүй, төрийн бодлого, олон улсын харилцааны суурь ойлголттой нарийн шижмээр холбогддог тун эмзэг харилцаа юм. БШТ-ийн удирдлага Дэлхийн нийтийн нөхцөл байдал, улс орны төрийн бодлогыг судлан үзэж тусгайлан нарийн ойлголттой болох хэрэгтэй бөгөөд олон улсын харилцаагаар мэргэшсэн судлаачдын судалгаа шинжилгээг ажил хэрэгтээ анхааран авч ажиллах нь зүйтэй юм.

Өнгөрсөн жил сүм хийдийн цөөнгүй удирдлага бие даан Хятад улсын Буддын шашны тэргүүнтэй уулзан, зочилсон мэдээ хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэн. Олон улсын судлаачид “шашин”-ыг төрийн бодлогод нөлөөлж болзошгүй, үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох хүчин зүйл болж өгдөг, улс орны гадаад харилцаанд хүндрэл учруулдаг хүчин зүйлсийн нэг гэж үздэг юм. Тиймээс гадаад улстай хамтран хийж буй үйл ажиллагаандаа хянуур нямбай хууль ёсны дагуу явуулах үүрэгтэйг сайтар ухаарах хэрэгтэй юм.

Үүнээс нэг онцлох зүйл бол Богд болон хутагт хувилгаадын асуудал юм. Шинэ Үндсэн хууль баталсны дараа Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн төсөл хэлэлцэх явцад хутагт хувилгааны асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэх санал гарч байжээ. Хуулийн төсөлд “ ...энэхүү төсөлд огт дурдагдаагүй боловч өмнөх саналтай уялдаад тавигдах өөх нэг асуудал бол хутагт хувилгаадыг залах буюу тодруулахтай холбогдсон асуудал юм... “[28]гэж саналыг тавьж байснаас үзвэл төрөөс урьдчилан харж ярилцаж байсан сэдэв мөн. Гагцхүү хууль, эрх зүйн хүрээнд хэрхэн зохицуулахаа мэдэхгүй шийдэл олоогүй гарц хайсан хүнд сэдэв болж үлдэж байна.

Есдүгээр Богд жанч халснаас хойш Аравдугаар Богдыг тодруулах ажиллагааг шууд төрийн үйл ажиллагаатай холбон судлаачид[29] гаргаж тавьдаг. Энэ ч үнэний хувьтай. Төрийн хэрэг гэдэг шиг шашны хэрэг юу болохыг, шашны дотоод асуудлаа хэрхэн томьёолж гарц шийдэл олж гаргаж тавихыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Хэрэв тэгэхгүй бол Төрөөс шашны хэрэгт хөндлөнгөөс, далд хэлбэрээр шууд оролцож нэг талаасаа төр, шашин тусгаар байх зарчим алдагдаж нөгөө талаараа шашны удирдлагын дархлаа хэр зэрэг сул байгааг тод томруун харуулсан үйлдэл юм.

Монгол оронд сүүлийн жилүүдэд 20 дөхсөн хутагт хувилгаад тодорлоо. Шашин номын үүднээс энэ бол сайн зүйл мөн. Тус өгүүллийн “Бурханы шашны удирдлага” гэсэн нэршилд хутагт хувилгаадууд ч хамаарч, шашин номыг ном ёсоор дэлгэрүүлэхэд залуу хутагт хувилгаадын өмнө том үүрэг хариуцлага тулгарч байна. Хутагт хувилган бүр төрсөн нутаг, залсан газар гэж давчуу хүрээнд сэтгэхгүйгээр Монголын Бурханы шашны өмнө том үүрэг хариуцлага хүлээснээ ухамсарлан судлаачийн тавьж буй саналыг нухацтай анхааран авахыг хүсэе. Манай улсын түүхэнд Хувилгааныг хаанаас[30], хэрхэн тодруулах[31], түүнийг залах, ном ёсыг хэрхэн авч явах зэргийг хууль[32], журмаар зохицуулж байсан байна.

Сүм хийдийн удирдлагууд юуны өмнө эвтэй[33] найртайгаар харилцан ойлголцож, нэгдсэн зохион байгуулалтад орж өөрсдийн зохицуулах хэм хэмжээг батлан мөрдүүлж, төрийн бодлого, эрх зүйн харилцааг судлан, хууль тогтоомжид заасан эрх үүргээ ягштал баримтлах ёстой. Тийм ч цаг үе ирсэн. Үүнийг хийх шаардлага, нөхцөл бий болсныг илүү тодруулан дараах сэдвээр нарийвчлан тайлбарлая.

4, Сүм хийдийн нэгдсэн зохион байгуулалт түүнийг хийх шаардлага /Бурханы шашны зохион байгуулалт/

Бурханы шашин 1990 оноос хойш дэлгэрч байна хэмээн нийтээр ярьж бичиж байгаа боловч судлаачдын байр суурь үүн дээр өөр өөр байна. Төр, шашин тусдаа, төрөөс шашны хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглоно, шашин бие дааж үйл ажиллагаа эрхлэнэ, хүн бүр шашин шүтэх эрх чөлөөтэй гэж хэт туйлширсан үзэл төрд, иргэдэд, лам нарт тэр байтугай судлаачид хүртэл давамгайлан үзэх болсноос үүдсэн байж болно.

Төрөөс шашны талаар авч хэрэгжүүлж буй бодлого, түүний хэрэгжилт, тодорхой тулгамдаж буй асуудлыг гаргаж тавих, эрх зүйн орчинг судалсан судалгаа алга байна. Өнөөгийн Монголын бурханы шашны бодит байдлыг цөөн үгээр илэрхийлвэл[34] сүм хийд, дацан бүр тус тусдаа бие дааж үйл ажиллагаа эрхэлсэн, сүм хийдийн хоорондын уялдаа холбоо огт байхгүй, санхүүгийн чадвар сул дорой, хүний нөөцийн бодлого алдагдсан, бүртгэлийн баримт бичиг замбараагүй байдалтай байна. Үүнтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Хөдөө орон нутгийн хийдүүд улсын бүртгэлд огт бүртгэлгүй, суух лам санваартан нар цөөхөн байгаа нь нууц биш. Энэ бүгдийн үндэс, шалтгааныг олж тодорхойлвол ирээдүйд хийх төлөвлөх ажил тод харагдах болно.

Товчхон хэлвэл шашны нэр хүнд олон нийтэд унасан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа гол үндэс суурь нь бурханы шашинтнууд нэгдсэн нэг зохион байгуулалтад орж чадаагүйтэй шууд утгаар холбогдоно.

Сүм хийдүүдийн удирдлага нэгдсэн зохион байгуулалтад орох нөхцөл, шалтгаан, шаардлагуудыг тоймгүй олноор дурдаж болох ч товчлон нэгтгэн хүргэхэд

  • Сүүлийн жилүүдэд арвин их түүх соёл, уламжлалтай, эрдэмтэн мэргэдийн бүтээл номтой ард түмэн бид оюун санааны хийрхэлд автан Чингисизм, Бөө мөргөл, монгол ухаан, хатан ухаан гэх мэт үзэл суртлууд хүчтэй дэлгэрэх болсон. Энэ үзэл суртал залуус хойч үеийн оюун санаанд хүчтэй нөлөөлөх болсныг анхаарах;
  • Бурханы шашинтнууд улс орны соёлын үнэт зүйлсийг уламжлан хадгалж ирсэн түүхтэй, улс орны соёлын үнэт зүйлс, дархлааг ирээдүйд уламжлан үлдээх, түүнийг хэрэгжүүлэх шаардлага бий болсон. Үндэсний уламжлалт соёл, Үндэсний үзлийг[35] түгээхэд өндөр байр суурьтай оролцох ;
  • Бурханы шашны нэр хүнд, үнэлэх үнэлэмж тодорхой хэмжээгээр буурч байгаа тухай судлаачдын байр суурийг анхааран түүний шалтгаан нөхцлийг тодруулан, бурханы шашны нэр барих зурхайч, мэргэч, төлөгч зэрэг энгийн иргэдийн явуулж буй нийгмийн сөрөг үзэгдлийг арилгахын тулд зохион байгуулалтад орох;
  • Бурханы шашинтны лам хуврагуудын нэр хүндийг улс төрд ашиглах, хий хоосон хардаж сэрдэх гадна талаас шууд дүгнэн бүлэглэлд хуваах[36] оролдлого газар авсан
  • Тусгаар улс үндэстний шашин соёлыг хамгаалах, ном ёсоор дэлгэрүүлэхийн тулд хамтран ажиллах, биенээ хүндэтгэн харилцах, зөв буруу хийсэн үйлдлийг уучлан өршөөж ойлголцлыг бий болгон ажиллах;
  • Төртэй лам санваартан бүр бие дааж харилцах нь төрд ч ойлгомжгүй байгаа тул нэгдсэн зохион байгуулалтад орон нэг бодлого баримтлан нэг шугамаар харилцах шаардлага бий болсон;
  • Монгол улс тусгаар улсын хувьд бурханы шажны ирээдүйн төв болж хүлээн зөвшөөрөгдөхөд нийт лам санваартан, удирдлагуудын итгэл үнэмшил бэлтгэгдэн, нэгдэн нийлж зохион байгуулалтад орох;
  • Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн сэхээтэн лам нарын хэлмэгдүүлэлтийн түүхийг үргэлжид дурсан шинэ ардчилсан оронд хүний шашин шүтэх эрхийг хамгаалахад хамтран дуу хоолойгоо хүргэх;
  • Сүүлийн жилүүдэд тодорсон залуу олон хутагт хувилгаадын өмнө шажныг авч явах их үүрэг ирж буй бөгөөд хутагт, хувилгаад бүр үүнийг ухааран эвтэй найртай, хамтран номын үйлсийг бүтээхэд хичээн ажиллах;
    -Төрөөс шашны талаар хэрэгжүүлэх бодлогыг шинэ шатанд гаргаж тавьж байгаа өнөөгийн нөхцөлд бурханы шашинтны хувьд Төр, Сүм хийдийн харилцааны тухай хуульд өөрчлөлт оруулахад өөрсдийн байр суурийг нэгтгэж хүргүүлэх;
    -Бурханы шашинтан, сүм хийдийн удирдлагууд Гэлүгва, Нямава, Сажава, Гаржүдва зэрэг урсгал чиглэлээр үл хуваагдах[37] , Далай ламынх, Шүгдэнгийнх зэргээр үл ялгаварлах[38] тал дээр сайтар анхаарах
    -Монголын Бурханы шашинтны төвийн бүтэц, дүрэм журмыг хэлэлцэн, хуулиар олгогдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглах, зохион байгуулалтад орох ажлыг гаднаас хэн нэгэн хийж чадахгүй зөвхөн дотор байгаа лам санваартан нар л хийх үүрэгтэй болохыг ухаарах зэрэг олон нөхцөл, шалтгаан, шаардлагуудыг дурьдаж болно.

Сүүлийн жилүүдэд нийгэмд гарч буй нөхцөл байдлаас шалтгаалан Бурханы шашны удирдлагын хувьд төрөөс хэтэрхий дэмжлэг авах, эсвэл үүссэн нөхцөл байдлыг өөрсдийн боломжийг судлан үзэхгүйгээр тулгамдаж буй асуудлаа төрөөс шийдвэрлэж өгөхийг хүсэж хүсэлт, шаардлага тавьж болох боловч үүнийг дараах нөхцөл байдлыг урчьдчилан тооцоолсны үндсэн дээр тавих хэрэгтэй.

Үндсэн хуулиар төрийн эрх үүргийг тодорхой болгон хуульчлан баталгаажуулсан, үзэл баримтлал, зарчмыг тодорхой болгож хуульчилсан. Тэр тусмаа төрийн үйл ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдах ёстой үндсэн зарчимтай тул төрөөс шашны харилцааг хэрхэн зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээг судлан үзсэний үндсэн дээр асуудлаа дэвшүүлэх шаардлагатай.

Шашны байгууллага ямар ч асуудлаар хандсан байсан төр зөвхөн хуулиар өөрсдөд нь олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх эрх зүйн зарчимд суурилсан байдаг. Төр зөвхөн хуулийн хүрээнд шашны ямар асуудалд[39] оролцох, ямар асуудалд хөндлөнгийн байр суурьнаас хандах зэргийг анхааран судлана. Нөгөө талаас шашны удирдлага бидэнд ямар эрх хэмжээ хуулиар олгогдсон, ямар үүрэг мөн адил хүлээсэн гэдгээ мэдэж тэр зарчмын хүрээнд ном ёсоо явуулах талаар анхаарна.

Хэрэв үүнийг үл тоон хуулиар олгогдсон эрх хэмжээ, боломжоо судлан үзээгүй, зохион байгуулалтгүй улмаас хуулиар олгогдсон боломжийг алдаж, тулгамдаж буй асуудлаа төрөөс шийдвэрлэж өгөхийг шууд хүсэн ятгах нь эрх зүйт зарчмыг алдагдуулсан, төрөөс хэт их /эрх зүйн үндэслэлгүй/ шашны дотоод харилцаанд орохыг дэмжих, цаашлаад даамжирвал төрөөс шууд хараат болж, бүх асуудлаа хянуулах, шийдвэрлүүлж байх нөхцөл байдал бий болж Үндсэн хуулийн төр, шашин тодорхой хэмжээнд тусгаар байх зарчим алдагдаж болно.

Улс төрийн онолын үүднээс төрийн аливаа оролцоог багасгах үндсэн зарчмыг баримтлах байтал төрийн оролцоог бүрэн нэмэгдүүлэх байр суурь баримтлахыг судлаачийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй.

Сүм хийдийн удирдлагууд тус тусдаа төрлүү хадаг барин гүйх нь төрд ч хүнд байдлыг бий болгоно. Энэ тухай УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулсан “Төр, сүм хийдийн эрх зүйн зохицуулалтын хэлэлцүүлэг”[40]-т дурьдагдаж байсан. Өмнө хэлсний дагуу төр, төрийн удирдлагын зарчим зөвхөн хуулиар зохицуулагдсан байдаг. Тиймээс төр дур зоргоороо ажиллагаа эрхлэх боломжгүй, тийм байх ч ёсгүй билээ. Шашны байгууллагууд тулгамдаж буй асуудлаа[41] нарийвчлан судласны үндсэн дээр төрөөс зохицуулах харилцаа, боломжийг судлан үзэж төртэй зөвлөлдөн шийдвэрлэж болно.

Бурханы шашны сүм хийдүүдийн удирдлагууд нэгдсэн зохион байгуулалтад орсон тохиолдолд Төрөөс бурханы шашны уламжлалт соёл, заншлыг хадгалахад дэмжин ажиллах, хүн амын нэгдсэн нэг үзлийн дор нэгдэхэд чиглэх, уламжлалт бурханы шашны энэрэнгүй номлол сургаалийг дэлгэрүүлэх, эцэст нь тусгаар улсын нарийн бодлого хэрэгжих, бусад улс үндэстнээс өөрсдийн соёл хэв маягаараа ялгаран тусгаар оршиход үндсэн суурь болон хөгжих боломжтой.

Төрөөс уламжлалт бурханы шашныг дэмжин ажилласны үр дүнд хүн амыг нэгдсэн нэг үнэт зүйлтэй болгож, өөрсдийн уламжлалт соёл “Монгол” хэмээх үнэт зүйлийг хадгалан олон улсад өөрийн онцлог, уламжлалаа хадгалан оршиход чиглэгдэнэ. Хамгийн гол нь сүм, хийд бүрийн удирдлага үнэт хувь нэмэр оруулж, бурханы шашин ном ёсоор түгэн дэлгэрэхэд голлох шалтгаан нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Энэхүү нэгдэх, зохион байгуулалтад орох үйл ажиллагаа дан ганц лам санваартны хүсэл зорилгоор илэрхийлэгдэх ажил[42] биш боловч үүнийг зайлшгүй хийх үүрэг, цаг үе, нөхцөл шалтгаан бий болсон.

Төрөөс сүм хийдүүдийн удирлагууд зохион байгуулалтад ороход шууд оролцоо байх боломжгүй, зөвхөн хөндлөнгийн судлаач, мэргэжилтнүүд тодорхой дэмжлэг үзүүлж болохыг хэлэх нь зүйтэй. Түүнийг хэрэгжүүлэхдээ төрийн баримтлах бодлого зарчмыг анхааран үзэх бөгөөд энэ талаас хөндөн доорх зүйлсийг тодруулья. Үүнд зарим судлаач, эрдэмтдийн санал дүгнэлтийг сонирхоход төрөөс шашны талаар хэрэгжүүлэх бодлогыг судлаач эрдэмтэн, др С.Цэдэндамба “ ... төрийн шууд ил оролцоог аль болох багасгах, далд тойруу замын, тэгэхдээ хүчтэй үйлчлэл үзүүлэх арга замыг илэрхийлэх нь зүй...”[43] гэж үзсэн бол судлаач миний хувьд дээрх эрдэмтний санааг илүү тодруулж доорх зарчмуудыг баримтлах саналтай байна.

Нэгдүгээрт : Төр, эрх зүйт ёсны үүднээс шашны талаарх бодлогыг илүү тодорхой болгох, мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичиг түүний хэрэгжилтэд судалгаа шинжилгээ хийх, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хамгийн чухал нь Үндсэн хуульд заасан төр, шашны харилцаааг илүү тодруулан бусад хуулинд суулгаж өгч, төрийн байгууллагын эрх хэмжээ, хэрэгжих процесс, үүргийг тодорхой болгон хуульчлах шаардлагатай. Түүнээс биш төрийн оролцоо, үйл ажиллагааг далд болгох, үндэсний аюулгүй байдал нэрийн доор хүний эрхийг зөрчихийг дэмжсэн эрх зүйт ёсонд харшлах үйлдэл огт хийж болохгүй.

Хоёрдугаарт: Бурханы шашны удирдлагуудыг зохион байгуулалтад ороход дэмжлэг үзүүлэх болохоос дураар нь, эсвэл хуулиар айлгах, төрийн хүчийг далайлгаж болохгүй. Энэ арга ч эрх зүйт ёсны хувьд харш хууль бус үйлдэл болно. Хэрэв бурханы шашны удирдлага зохион байгуулалтад зохих ёсоор орвол ном ёсны дагуу үйл ажиллагаа түгэн дэлгэрэх бүрэн боломжтой юм гэж судлаач миний хувьд үздэг. Бурханы шашны зан үйл, ном ёс бол маш нарийн зохицуулагдсан суртгаал, хэм хэмжээний цогц ойлголт мөн. Хэн дуртай нь дуртай бодсон зүйлээ хийхийг хүлээн зөвшөөрсөн ойлголт биш, гагцхүү зохион байгуулах удирдлагын түвшинд арга зүйгээр дутагдсан, иргэний чадвар сул байх хүчин зүйлсээс шалтгаалан нийгэмд сөрөг ойлголтыг бий болгосон.

Зарим талаар төр, шашны харилцаанд тун эмзэг ханддаг. Төрөөс шашны асуудлыг дангаар бие дааж байлгах боломжтой хэдий боловч шашны зохион байгуулалт сайжирч нэгдсэн зохион байгуулалтад орвол төрийн үзэл суртлаас илүү нэгдэж, түүхэн үе шиг ард олны сэтгэлийг зангидах хүч бий болж болох юм хэмээн төрөөс сэжиглэнгүй хандаж болгоомжилдог байж болох талтай гэж боддог юм. Үндсэн хуульт ёс төлөвшсөн, ардчилсан, иргэний нийгэмд хүний эрхийг хамгаалсан, эрх зүйт ёсыг дээдэлсэн цаг үед бид амьдарч байгааг мартах ёсгүй гэж хэлнэ.

Мөн дэлхийн нийтийн нөхцөл байдал үймээн самуунтай, үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхсан энэ үед хүн амын шашин шүтлэг нэг, уламжлалт соёлоо хадгалан үнэт зүйлтэй оршиход бурханы шашин онцгой хүчтэй нөлөө үзүүлж болохыг төрийн бодлого боловсруулах эрх бүхий хүмүүс анхааралдаа авах биз ээ.

Эцэст нь дүгнэн хэлэхэд Төрөөс шашны талаар хэрэгжүүлэх бодлогыг шинэ түвшинд гаргаж тавьж байгаа өнөө цаг үед Бурханы шашны лам хуврагууд Бурханы Шашинтны Төв байгууллага дор нэгдэж эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалах, нийгэмд гарч буй буруу үзэл суртал, нийгмийн сөрөг үзэгдлийг арилгахад бодитой хувь нэмэр оруулж нэгдсэн зохион байгуулалтад орох бодит байдал бий болсон гэж дүгнэж байна.

Энэхүү үйл ажиллагаанд лам хуврага, хутагт хувилгаан бүр оюун санаа сэтгэл зүрхээ чилээн, бүрэн дүүрэн ойлголцож, их сэтгэлийн хүчээр хамтран ажиллах цаг үе та бидний өмнө тулгараад байна.

Судлаач энэхүү өгүүллээр Бурханы шашинтан лам санваартнууд нэгдсэн зохион байгуулалтад орох нөхцөл, шаардлагыг хөндөн тайлбарлахыг хичээсэн бол түүнийг хэрхэн хийх, арга зүй, эрх зүйн асуудлыг тусад нь өгүүлэл бичиж нийтлэх болно.

Хоёр чуулганыг сайтар төгсгөсөн тэнсэлгүй бурхан

Хоёр үнэнийг хослон орохуйн эш онол

Дээд ном ухахуй яа алдаршсан хоёр лугаа төгөлдөр

Дээд хутагтан хуврага лугаа гурван эрдэнэд мөргөмүй

Ум сайн амгалан болтугай .

Судлаач М.Амарбаяр

Арван долдугаар жарны гал мичин жилийн Хаврын дунд сарын шинийн 10-ны өдөр.



[1] Зохиогч “Төр, сүм хийдийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдвээр Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2014 оны дугаар 2, цуврал №48-д нийтлэл хэвлүүлсэн. Энэхүү нийтлэлд төр, сүм хийдийн харилцааг зохицуулж буй хуулийн хэрэгжилтэд шинжилгээ хийсэн. Мөн Хүний Эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн гаргадаг “Хүний эрх” онол арга зүйн сэтгүүлийн 2015 оны дугаар 1 “Үндсэн хуулинд заасан шашин шүтэх эрхийг хамгаалах төрийн үүрэг, оролцоо” сэдвээр нийтлэл хэвлэгдсэн. http://mn-nhrc.org/33 Үүнтэй танилцана уу .

[2] УИХ тамгын газар. БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл 14-р боть. 128 тал

[3] Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийг 1993 онд баталсан.

Зохиогч 2014 “Төр, сүм хийдийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал” сэдвээр Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2014 оны дугаар 2, цуврал №48-д нийтлэл хэвлүүлсэн. Энэхүү нийтлэлд төр, сүм хийдийн харилцааг зохицуулж буй хуулийн хэрэгжилтэд шинжилгээ хийсэн . түүнээс үзнэ үү.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 1994 онд зөвлөмж гарсан, 2010 онд ҮАБ-ын үзэл баримтлал батлагдсан зэрэг цөөнгүй тооны баримт бичиг байгаа боловч хангалтгүй буюу хэрэгжүүлэх механизм сул байдаг. Үүний тухай судлаачаас тусад нь өгүүлэл бичиж байгаа болно.

[5] Аймаг нийслэл бүр тус тусдаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь журмаа батлан мөрдүүлдэг. Үүнээс улбаалан хөдөө орон нутагт уламжлалт, уламжлалт бус шашны сүм, хийд, мөргөлийн газар замбараагүй болсон.

[6] Жил бүр АНУ-ын элчин сайдын яамнас “Шашны эрх чөөлөний тайлан” явуулдаг. Дэлгэрэнгүй үзнэ үү. http://mongolian.mongolia.usembassy.gov/irfr-2014....

[7]УИХ , Судалгааны эмхтгэл 15 дугаар боть. УБ. 2014. 118 тал

Украйн улс “Нийгмийн ёс суртахууныг хамгаалах тухай хууль” батлан мөрдүүлсэн. Нийгмийн ёс суртахуун гэдэг нь “...Уламжлалт оюун санааны болон соёлын үнэи зүйл, сайн үйлс, нэр төр, нандин чанар, нийгмийн өмнө хүлээх үүрэг, ухамсар, шударга ёсны талаар нийгэмд тогтон бий болсон зан заншил, ёс зүйн хэмжээний системийг хэлнэ” гэж тодорхойлсн байна.

[8] http://www.kas.de/wf/doc/kas_40579-1522-1-30.pdf?1...Хавсралт. Социологийн судалгаа Асуулт 17. Монгол Улсад учирч болох аюул заналын талаар судалгаанд оролцогчдын 38 хувь нь “хүний наймаа”, 27 хувь нь “шашны нөлөө”, 15 хувь нь “тусгай албадын ажиллагаа”, 11 хувь нь “терроризм”-ийг нэрлэжээ. Хүний наймаа, терроризм гэж хариулах иргэдийн тоо тус бүр 4 хувиар буурч, шашны нөлөөний аюул занал ихэсч байна гэж үзэх иргэдийн тоо 7 хувиар өсчээ. 119 тал.

Асуулт 9. Гадны шашны урсгалууд манай улсын аюулгүй байдалд “зохих нөлөөтэй” гэж судалгаанд оролцогчдын 48, “нөлөө ихтэй” гэж 32 хувь нь хариулжээ. Эдгээр хариултуудад санал өгсөн иргэдийн тоо 2012 оныхоос 4 хувиар нэмэгдсэн нь гадны шашны сөрөг нөлөө нэмэгдэж байгааг харуулж байна. 117 тал

[9] Үндэсний хөгжлийн хүрээлэн. Боловсруулсан. Эрдэм шинжилгээний дэд ажилтан. Ж.Алтайбаатар 2015 он.

Өгүүллийн зохиогчтой Ж.Алтайбаатар уулзаж ярилцан тодорхой санал солилцсон бөгөөд өгч байсан санал нь энэхүү бодлогын судалгааны тайланд тусгагдсан байдаг.

[11] Төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол улсын хуулийн хувийн хэрэг. БЖ-35в , 14 тал

[12] Төр сүм хийдийн харилцааныт ухай хуулийн 7 дугаар зүйл 7,5-д “Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах....”

[13] Төр, сүм хийдийн харилцааны тухай Монгол улсын хуулийн хувийн хэрэг. БЖ-35в , 34 тал

[15] НИТХ-ын 74 дүгээр тогтоолоор Шашны байгууллагыг үүсгэн байгуулах, бүртгэх журмыг зохицуулсан.

Бурханы шашны байгууллага, сүм хийдийг шууд ИТХ-аас зөвшөөрөл өгдөг тул хэн ч хамаагүй хийд нээх бүрэн боломжтой байдаг.

[16] Зохиогч : Энэхүү хууль ёс, дүрэм журмыг хэлэлцэхэд лам нарын байр суурь өөр өөр байдаг. Тодруулвал бурханы ном ёс цэвэр ариун тул түүнийг хууль, журмаар зохицуулах шаардлагагүй гэж үздэг нэг хэсэг байхад үүнийг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үздэг судлаачид байна. Судаач хоёр дахь байр суурийг баримталдаг. Энэ талын судалгаа хийх явцад лам санваартан, сүм хийдийн үйл ажиллагааг хуульчилж байсан цөөнгүй тооны эрх зүйн баримт бичиг батлагдан мөрдүүлж байсан байна. Жиш нь. Хувьсгалаас өмнө 1918 оны Хууль зүйлийн бичигт лам санваартан нарын үйл ажиллагааг зохицуулсан тусгайлан бүлэг гаргаж байжээ. Иймд Бурханы шашны эрх зүйн зохицуулалтын баримт бичгийг судлан, энэ талаар судалсан судлаачдын нийтлэл, хуучин дагаж мөрдөж байсан хууль дүрэм журмуудыг түүхэн, эрх зүйн талаас шинжилгээ хийх боломжтой гэж үзэж тусад нь тусгай нийтлэл бичиж байгаа болно.

[17] О.Батсайхан “ 9-р богд Жавзандамба хутагт” УБ. 2015. 95 тал

[18] Аль ч ашиг сонирхолд Бурханы шашны 3 аймаг савын номлолыг гол ёсыг даган, ном ёсоор баримтлах нь бүрэн боломжтой.

[19] Эрх зүйт ёсны үүднээс: Үндсэн хуулийн төр, шашнаас тусгаар байх, шашны дотоод асуудалруу оролцохгүй байх үндсэн зрчмыг “Төр” баримтлах хууль ёсны үүрэгтэй.

[20] Шашны байгууллагын хүний нөөцийн бодлого үйл ажиллагааны ерөнхий чиглэл бөгөөд хүн хүчний чадавхийг хадгалах, бэхжүүлэх, хөгжүүлэх ном ёсыг үргэлжлүүлэн авч явах чадвар бүхий боловсон хүчнийг бэлтгэх ажиллагаа хийгддэггүй. Удирдлагын ажлыг дан ганц бурханы шашны мэдлэг боловсролтой лам нар хийж чадахгүй иргэний боловсролтой боловсон хүчнийг хамтад нь бэлтгэх , хавсран ажиллах бүрэн бололцоотой.

[21] МБШТ Гандантэгчинлэн хийд УБ. 2015 он. “Монголын Бурханы шашинтны Төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурлаас баталсан дурэм журмын эмхтгэл”-д тус зөвлөлөөс 7 дүрэм, журам баталж хэвлэгдсэн байна. Зөвлөлөөс хийж гүйцэтгэсэн чухал ажил мөн бөгөөд эрх зүйн актын хувьд эрх зүйн онолын хүрээнд анхаарах зарим асуудал байна гэж үзлээ.

[22] Нийгмийн харилцааны ойлголт байхгүйн улмаас сүм хийд, шашны байгууллагатай холбоотой иргэний, захиргааны, эрүүгийн цөөнгүй хэрэг маргаан Монгол Улсын шүүхээр шийдвэрлэгджээ. Үүнээс захиргааны хэрэг маргаан, татварын чиглэлээр Бурханы шашны үйл ажиллагаа эрхэлдэг төв-тэй холбоотой Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015.02.07-ны өдрийн 0266 дугаартай шийдвэр гарсан байна. Тус төв татварын улсын байцаагчийн тавьсан актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр татварын улсын байцаагчийн тус төвд тавьсан 66 669 100 төгрөг гаргуулах актыг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.

[23] Захиогчийн бичсэн Хүний эрхийн сэтгүүл 2015 оны Дугаар 1-д хэвлэгдсэн өгүүллээс үзнэ үү. http://mn-nhrc.org/33 Дэлгэрэнгүй үзнэ үү.

[24] Монгол улсын Иргэний хуулийн 36.2.Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ. 99.2.Нийтийн өмч нь төрийн, орон нутгийн, шашны, олон нийтийн гэсэн хэлбэртэй байна.

[25] Германы эрх зүйн хувьд эд зүйлсийн хэлбэрийг тодорхойлохдоо субьектээр нь, эзэмших эрхийн агуулгаар нь ангилдаг. Үүнд “ Die res sacrae “ буюу“ сүм хийдийн эзэмшлийн эд зүйлс” нь нийтийн эд зүйлсэд хамаарах, учир нь сүм хийдийн өөрөө нийтийн эрх зүйн субьект буюу “Нийтийн эрх зүйн этгээд“ байдагтай холбоотой . Иймээс сүм хийдийн зөвхөн нийтийн эрх зүйд хамаарах чиг үүргээрээ хэрэгжүүлэхэд зориулагдсан эд зүйлс нь нийтийн эд зүйлсэд хамаарна. Сүм хийдийн аж ахуйн үйл ажиллагаа, гэрээ хэлцэл, өв залгамжлал зэрэг иргэний эрх зүйн хэлбэрээр бий болсон орлого эд зүйлс хамаарахгүй. МУИС-ХЗС, Нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн тулгамдсан асуудал, УБ.,2012, 12 тал

[26]“ Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль” 7 дугаар зүйл 7.10-т Шашны байгууллага гадаад харилцааны асуудлаа эрх бүхий төрийн байгууллагатай зөвлөлдөн шийдвэрлэнэ.” гэж зохицуулсан. http://www.legalinfo.mn/law/details/485?lawid=485

[27] С.Цэдэндамба “ Монгол улс дахь шашны нөхцөл байдал” УБ. 2003. 129 тал

[28] ТСХХт хуулийн хувийн хэрэг . УИХ-ын тамгын газрын архив. БЖ-35. 88 тал.

[30] Хувилгааны тухай “ Хувилгааныг заах тогтоосон хууль” гэж тусгайлан зохицуулсныг дурдвал Б.Баярсайхан, Б.Батбаяр “Монголын төр эрх зүйн түүх / дээж бичиг/” дэвтэр 4. 369 тал-д 58.1. Хувилгааныг заах тогтоосон хууль . 1398 зүйл “Монгол Фанзын аймгаас хутагт ихээхэн ламын хувилгаан дэлгэрэв хэмээн өргөн мэдүүлбээс, сул тайж, эсвээс албат ард, жич Тангудын харц хүний хөвгүүдийн дотроос заагуул /заахтун/. Далай лам, Банчин эрдэнийн төрөл ураг, жич олон Монгол хан, Ван, Бэйл, Бэйс, Гүн, Засаг тайж нарын хөвгүүд ач нарын дотроос хувилгаан заахыг нийтээр цаазлагтун /хориглохтун/. гэж зохицуулсан байжээ.

[31] Б.Баярсайхан, Б.Батбаяр “Монголын төр эрх зүйн түүх / дээж бичиг/” дэвтэр 4. 388 тал. 60.31. Хувилгаан хэмээн зааж танихад засгийн тамга дарсан батлах бичиг авах нь: 1490 зүйл .Аливаа захын гаднах олон хутагт, номын хан, бандид, дархан цорж, лам нар нирваан болсны хойно, харьяат шавь нар хувилгааныг таньж олбоос ... хошуунд тодорхойлон мэдүүлж, харьяат засагт тушаан өгч... тамга дарсан батлах бичиг гаргаж явдлын яаманд мэдүүлсний хойно, жич бумбанд оруулж шаваа татуулагтун.”

[32] Төр, эрх зүйн түүхэн эх сурвалжуудад лам нарын хэргийг тусгайлан хуулиар зохицуулсан. Баруун хүрээний халх журам, Монгол Ойрадын их цааз /1640/, Яамны Халх Журмын дүрэм / 1709/, Монгол Цаазын бичиг / 1795/, Зарлигаар тогтоосон Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг 56-60 дэвтэр нь “ЛАМ НАРЫН ХЭРГИЙН ХУУЛЬ” , 1913-1918 онд мөрдөгдөж байсан “Жинхэнэ дагаж явах хууль дүрэм” зэрэг эрх зүйн олон эх сурвалж байна

[33] О.Батсайхан. “ 9-р богд Жавзандамба хутагт амьдрал ба цаг хугацаа” УБ. 2015. 164 тал. Богдын Дашчойлин хийдэд айлдсан алдвараас “...Олон лам нар сахил санваараа хичээгээд хоорондоо сайхан эвтэй байгаарай. Лам хоорондоо тангараг дамцаг сайн, эвтэй байх юм бол шашин номын ажил сайхан болноо..” гэж айлджээ.

[34] Үүнд судлаач номын талаас дүгнэхийг оролдсонгүй. Зөвхөн шашны байгууллага сүм хийдийн зохион байгуулалт, үйл ажиллагааг хөндлөнгийн байр суурьнаас илэрхийлсэн болно.

[35] Судлаач Ганаа. “Үндэсний үзлийн систем бүтээх асуудал” http://ganaa.mn/2016/03/10/iqwguysgblsubydyd

[36] Богдын дараагийн дүр тодруулах асуудалд” Олон улсын харицааны хүрээлэнгийн ЭШАА., доктор /Ph.D / Д.Базардорж

http://sonin.mn/blog/baatarhuyag/46644 бичсэн өгүүлэлд “... Үзэл бодлын хувьд үндсэн зөрөөтэй дараах гурван бүлэглэл бодитой оршин байна хэмээн үзлээ. Далай ламын бүлэглэл, Банчин эрдэнийн бүлэглэл, Дорж шүгдэнгийн бүлэглэл..”

Зохиогчийн хувьд: Бурханы шашны зохион байгуулалтгүй байдлыг хөндлөнгөөс, гадна талаас харж буй хүмүүс өнгөцхөн байр суурьнаас тайлбарлаж, хөнгөн хуумгай бодит бус дүгнэлт хийдэг гэж үздэг. Өнөөдрийн байдлаар дээрх хүмүүсийн хэлдгээр тийм хурцадмал байдал бий болоогүй, бүлэглэл гэж хувааагдаагүй, лам санваартнууд эсрэг, тэсрэг байр суурь баримталдаггүй, зөрчилдөж тэмцэлддэг зүйл байхгүй гэж үздэг. Дээрх судлаачдийн тавьсан дүгнэлтүүд зөвхөн гадна талаас харсан, үндэслэл муутай дүгнэлт гэж үзэхээр байна.

[37] Туган дүмта Тогтсон таалалд “... Олон ёс, үзэл онолууд бол Гэлүгвийн ёс дэлгэрэхийн суурь шалтгаан болсныг үзүүлсэн” гэж айлдсан.

[38] Монгол улсын Үндсэн хууль, Олон улсын нэгдэн орсон гэрээнд үзэл бодол, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглох зарчим баримталдаг.

[39] Зохиогчийн Хүний эрх сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлд шашны дотоодод чиглэсэн өөрсдөө зохицуулах харилцаа болон шашны гадаадад / эрх зүйн хувьд хуулиар шийдвэрлэх харилцаа/ ялган тодорхойлох тухай гаргаж тавьсан.

Хүний эрх сэтгүүл 2015/№01 33 тал

[40] УИХ-аас 2016,01,19 ны өдөр зохион байгуулсан хурал хэлэлцүүлэг дээр С.Батбаолд гишүүний хэлсэн үгнээс. тэмдэглэл

[41] Тулгамдаж буй асуудал: Төрийн зүгээс Шашнуудыг / буддын, Христ, Ислам, /хэрхэн зохицуулах вэ гэдэг тал дээр байр сууриа илэрхийлдэг бол Шашныхан өөрсдөд тулгамдаж буй асуудлаа гаргаж тавьдаг.

Жиш нь: шашны байгууллагын , өмч, санхүү татвар, боловсрол, бүртгэл, нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсдэг. Дээрх харилцаанууд бол өмчийн эрх зүй, татварын эрх зүй, боловсролын эрх зүй, нийгмийн даатгалын эрх зүй зэрэг салбар эрх зүйгээр зохицуулсан харилцаанууд байдаг.

[42] Төрийн ямарваа нэг оролцоо байхыг үгүйсгэхгүй боловч 90 хувь нь шууд лам санваартны хүсэл сонирхол, үйлдлээс шалтгаалах болно.

[43] С.Цэдэндамба “ Монгол улс дахь шашны нөхцөл байдал” УБ. 2003. 141 тал

Судлаач М.Амарбаяр

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй