Даншүг наадам даамай сайхан боллоо

8-р сар 10, 2015

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Даншүг наадам-Хүрээ цам -2015” наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Даншүгийн үеэр хүчит бөх барилдаж, дөрвөн насны морь уралдаж, сур харвах тэмцээнээс гадна бурхан шашны зан үйл болох цам харайх ёслол, лам хуваргуудын дунд ном хаялцан ур чадвараа гайхуулах, унзад голч нарын тэмцээн мөн лам нарын дунд балин, тосон урлалын тэмцээн, “Монголын өнгө” нэртэй урлагийн тоглолт гээд Монголын шашны уламжлалыг сонирхуулсан сайхан арга хэмжээнүүд боллоо.

600 гаруй лам сүсэгтэн олонд зориулж ном айлдлаа

“Даншүг наадам- Хүрээ цам 2015” наадамд сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдах үйл ажиллагаагаар эхэлсэн юм.

Тодруулбал, өнгөрсөн Бямба гарагийн өглөө 06:00 цагаас эхлэн Чингисийн талбайд 600 гаруй лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдсан билээ. Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдав. Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа даншиг наадамд Нарванчин гэгээн, Сарайдорж Номунхан, Жононба хувилгаан, Дилав хутагт, Халимагийн Шажин лам болон Өвөрмонгол, Тувагийн хамба лам ирж оролцсон юм.

Даншүг наадам нээлтээ хийснээс хойш Очирваан шүтээнийг тахих, Соёмбот туг залах ёслол, Өндөр гэгээний дүрийг залах ёслол, Унзад голч лам нарын тэмцээн, лам нарын ном хаялцах тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болсон. Балин болон тосон урлалын тэмцээний хувьд лам хуврагууд болон сүсэгтэн олон өөрсдийн шүтэн биширдэг бурхан шүтээндээ зоог өргөж буй идээг балин хэмээдэг.

Энэ хүндэтгэлтэй идээг бүтэн жил бурханд өргөсөн ч огт мууддаггvй аж. Учир нь үүнийг усаар бус шар тосоор зуурч бэлэн болсон балингаа адисладаг гэнэ. Адисласан балингаа бурхандаа тавих нь өдөр бүр зоог барьж байгаа утгыг илэрхийлдэг хэмээн мэргэд тэм дэглэсэн байдаг байна.

Бурхандаа өргөж байгаа балингаа чамин болгож чимэглэдэг нь сайхан идээ өргөж байна гэсэн утгатай бөгөөд чимэглэлийг тосоор хийдэг бөгөөд тун нарийн ур дүй шаарддаг аж. Маш удаан буцалгасан тосоо янз бүрийн өнгөнд оруулдаг. Бүтэн жил бурхан шүтээнээ тахисан балингаа нунтаглаад арцтай хольж, хүмүүст тараадаг юм байна. Энэ нь өвчин зовлонд маш тус дэмтэй байдаг. Тосоор хийсэн чимэглэлийг нь аваад хайлуулаад хүмүүст өгдөг. Энэ нь хүний бие дээр гарсан элдэв яр шархыг анагаадгаараа онцлогтой гэнэ.

Н.Мөнхбаясгалангийн зээрд халзан түрүүлэв

Даншүг наадмын эхний өдөр буюу өнгөрсөн Бямба гарагт азарга соёолон насны морьдын уралдаан болсон юм. Азарганы уралдаанд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Х.Баярбатын Хээр азарга түрүүллээ. Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Д.Зоригоогийн Бор азарга аман хүзүүдэж, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Шагдаржавын Хүрэн халзан азарга айргийн гуравт, Булган аймгийн Орхон сумын уяач Б.Батсайханы Сайхан саарал айргийн дөрөвт, Завхан аймгийн Идэр сумын уяач Ш.Үнэнбатын Дэлбэг хээр айргийн тавд хурдалсан юм.

Харин соёолон насны уралдаанд 13 аймгийн 112 соёолон шандасаа сорьсоноос Төв аймгийн Бүрэн сумын Ө.Жамаагийн “Хул” соёолон түрүүлж, Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Б.Мөнхтүвшингийн “Хонгор халзан” үрээ аман хүзүүдэн торгон жолоогоо өргүүллээ. Мөн Дундговь аймгийн Адаацаг сумын уяач О.Ганбаагийн “Хонгор халзан” айргийн гуравт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Ж.Хоролбаатарын “Ембүү хээр” айргийн дөрөвт, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач У.Ганхүүгийн “Хул” айргийн тавд тус тус хурдалсан юм.

Даншүг наадам зориулсан Их насны морьдын уралдаан өчигдөр болж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд халзан морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлэв. Уралдаанд 121 их насны морьд шандас сорьсноос НЗДТГ-ын уяач С.Очирбатын хүрэн халзан аман хүзүүдэв.

Төв аймгийн Лүн сумын уяач А.Эрхэмбаярын хүрэн айргийн гуравт, Төв аймгийн Борнуур сумын Ч.Буянхүүгийн хул айргийн дөрөвт, Төв аймгийн Баянчандмань сумын уяач С.Чинбатын сартай хүрэн морь тус тус айрагдлаа. Дашрамд дуулгахад, Даншиг наадмын бөх, морь, сурын бай шагнал нь улсын наадмын байтай адил байсан юм.

Р.Пүрэвдагва түрүүлж, “Даншгийн Арслан” цол хүртлээ

Даншүг наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх зүлэг ногоон дэвьжээнээ уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдлаа. Даншиг наадмын хүчит бөхийн барилдааныг сонирхолтой болгож байсан зүйл нь бөхчүүд төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдсан нь ёстой л бөхчүүдийн эр чадлыг шавхсан явдал байв. Тиймээс ч бөх сонирхогчдын хувьд хэн нь хэнтэй таарах бол, ямар барилдаан гарах бол гэсэн хүлээлтээр дүүрэн барилдаан болж байлаа.

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэр­гүүн Хамбын шийд­вэ­рээр, түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Заан, зургаа давсан бөхөд чимэгтэй Начин, тав давсан бөхөд Начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулах шийдвэр гарсан. Гэхдээ энэхүү цол нь зөвхөн “Даншиг-Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Ийнхүү 256 бөх хүч бяраа үзсэнээс тав давж “Даншүгийн начин” цолны болзолыг .О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Р.Пүрэв­дагва, Б.Гончигдамба, Д.Амар­сайхан, Ц.Содном­дорж, Б.Пүрэв­сайхан нар хангасан. Улмаар долоогийн даваанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын гарьд Б.Гончигдамба, Архангай аймгийн Булган сумын уугуул Улсын начин Р.Пүрэвдагва, Булган аймгийн Могод сумын харьяат Улсын начин Э.Энхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Улсын харцага Ц.Содномдорж нар зургаа давж шөвгийн дөрөвт үлдсэн юм.

Долоогийн даваанд Ц.Содном­дорж, Э.Энхбат нар өвдөг шороодож, Б.Гончигдамба, Р.Пүрэвдагва нар үзүүр, түрүү булаацалдлаа. “Даншиг наадам- Хүрээ цам 2015” наадамд Улсын начин Р.Пүрэвдагва найм даван түрүүлж, “Даншгийн Арслан” цол хүртсэн бол Улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж “Даншгийн Заан” цол хүртлээ.

Ийнхүү Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Даншиг наадам-Хүрээ цам -2015” наадмын хүчит бөхийн барилдаан үзүүштэй сайхан болж монгол түмнээ баясгалаа.

Монгол Улсын Мэргэн харваач Б.Батбаатар түрүүллээ

“Даншүг наадам-Хүрээ цам-2015” шашин, соёлын наадмын Сур харваанд нийт 340 орчим харваач хоёр өдрийн турш цэц мэргээ сорив. Эрэгтэй 230, эмэгтэй 110 харваач сум тавьж нум эвшээлгэснээс Эрхий мэргэн харваанд эрэгтэй 230, эмэгтэй 110 харваач сум тавьж нум эвшээлгэсэн юм. Үүнээс эрэгтэй харвааны төрөлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Алдар спорт, Жим интернэшнлийн тамирчин Монгол Улсын мэргэн харваач Б.Батбаатар 38 оноогоор тэргүүн байрт шалгарав.

Харин удаах байруудад Ховд аймгийн Булган сумын уугуул Монгол Улсын гоц мэргэн Л.Отгонбаяр, Дундговь аймгийн Сайхан овоо сумын харьяат Баянгол дүүргийн харваач МУ-ын дэд мастер Ч.Эрдэнэ-Оюун, Баян - Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Уурхайчин клубын харваач Н.Өлзийбилэг нар шалгарлаа.

Харин эмэгтэй харвааны төрөлд Баяндалай сумын харьяат Баянгол дүүргийн харваач МУ-ын Спортын мастер Х.Цэдэнмаа 39 оноогоор түрүүлсэн бол удаах байранд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, Баянгол дүүргийн харваач Д.Батзаяа, Дорнод аймгийн харьяа Шинэ Налайх багийн харваач МУ-ын Спортын мастер Ч.Гандаваа нар шалгарч наадамчин олныг баясгалаа.

Даншүг наадмын уламжлалыг алдагдуулахгүй байвал ч...

“Даншүг наадам-Хүрээ цам” шашин соёлын үйл ажиллагаа нь баяр гэхээсээ илүү түүх, ёс заншил, соёл уламжлалаа сэргээсэн чухал үйл явдал юм. Нөгөө талаар “Найрсаг-Улаан­баатар” хөтөл­бө­рийн хү­рээнд гад­­ны жуулч­дыг та­­тах, Монгол Ул­саа сур­талч­лах бас нэ­гэн чу­хал хөтөл­бөр бо­лон цаа­шид хэрэг­жүү­лэх бол­сон гэд­гийг алба­ны­хан онцолж буй.

Даншүг наадам нь зуу ор­чим жил ба­раг бүд­гэ­рээд бай­гаа зөв­хөн дээх нь үеийн кино тө­дийх­нөөс хар­даг бо­лоод бай­сан би­дэнд үзэж, ха­рах зүйл эл­бэг сай­хан наа­дам бол­лоо. Энэ жил нэ­лээд хэл ам да­гуу­лан байж зо­хион бай­гуу­лагд­сан ч наадам маш сайхан болсон гэдгийг наадамчин олон сэтгэл дүүрэн хэлж байсан юм.

Тухайлбал, хүчит бөхийн барилдааны даваа бүр сугалаа сугалах зуур урлаг соёлын арга хэмжээ үргэлжилж, нэг арга хэмжээнээс нөгөөд шилжих зуур Хүй мандлын дэнжид зассан төв талбайг цаг алдалгүй цэвэрлээд, жил бүр Үндэсний баяр наадмаар хэл ам дагуулдаг нийтийн бие засах газруудыг ойр ойрхон байршуулсан байсан гээд зохион байгуулалт маш сайтай байв. Тэгээд ч Даншиг наадамд зориулан байгаль эх дэлэгнэсэн үү гэлтэй Хүй долоо худаг буюу Хүй мандлын дэнж ногоон зүлгээр хучигдаж, бөх нь найраагүй, морьд нь будилаангүй Үндэсний их баяр наадмаас илүү сайхан, илүү тайван, цэвэрхэн наадам болж байгааг магтах хүн цөөнгүй байлаа.

Тиймээс ч энэ эрчээ алдахгүй жилээс жилд Даншүг наадмын үеэр шашины болон соёлын уламжлалын олон үйл ажиллагааг сэргээж, зөвхөн жуулчид гэхээсээ илүү монголчуудад түүх, ёс заншил, соёл уламжлалаа мэдэхэд туслах “том хөдөлгүүр” болгох хэрэгтэй. Түүнээс сонин дээрээ соотолзон гэдэг шиг эхний жил нь ийм сайхан байгаад дараа дараагийн жилээс Үндэсний баяр наадмаас ялгарах зүйлгүй болгочихвол нээрээ л жилдээ хоёр наадаж хийж, мөнгө үрэхийн хэрэг юу билээ.

Энэ жилийн хувьд цамын ёс заншил, утга учрыг Монголын сүсэгтэн олон болоод гадаадын жуулчид судлаачдад зориулан англи, монгол хэл дээр тайл­бар­лан хүр­гэ­сэн. Хү­рээ ца­мыг тус­гай бэлт­гэгд­сэн лам нар дэг, дэ­гийнх нь да­гуу ха­рай­даг учир­тай уг ёс­ло­лыг гадаадынхан ихэд сонирхон үзэж байсан юм. Тиймээс ч энэ удаагийн наадам “байгаа оносон” гэж хэлж болохоор байна. Цаашид ч монголын уламжлалт соёлыг дахин сэргээх, түүнийг дэлхий дахинд сурталчлах наадам маань өргөн дэлгэр сайхан болоосой.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй