Жавзандамба хутагт

Анхдугаар богд Жавзандамба хутагт

Лувсандамбийжанцан (1635-1723)


Өндөр гэгээн Занабазар хэмээн алдаршсан, Монголын анхдугаар богд Жавзандамба хутагт Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг Усан зүйл хэмээх газар \одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сум\ 1635 оны модон гахай жил Түшээт хан Гомбодоржын гэрт мэндэлжээ. Гурван сүүдэртэйдээ Манзушри бурханы магтаал Жамбалцанжод номыг цээжээр унших, дөрвөн настайдаа Энэтхэг, Төвд хэлээр зарлиг зохиолыг унших, азарын хэлээр ярих зэрэг сонин гайхамшигийг үзүүлж байв. Мөн Жамбалин номун хаанаас увш санваар, енса брүлгү Лувсанданзанжамцаас равжун сахил хүртэж Лувсандамбийжалцан хэмээх алдартай болжээ. Төвдийн V Далай лам Агваанлувсанжамц, Банчин богд Лувсанчойжижанцан, Найчун чойжин нар Жонан Дарнатын хувилгаанаар тодруулан, таван сүүдэртэйд нь Их Монгол уулын энгэрт байх Ширээт цагаан нуурын дэнжид Монголын шашны тэргүүн анхдугаар Богдоор өргөмжлөн ширээнд залжээ. Гэгээний арван гурван сүүдэртэйд нь Түшээт хан Гомбодорж, Шолой сэцэн хан нар Их Монгол уулын энгэрт үргэлжид суух сүм барьж өгсөн нь хожмоо Баруун хүрээ гэж алдаршжээ. Арван таван сүүдэртэйдээ 1649 онд Түвдэд хүрч V Далай лам, Банчин богд нараас судар тарни, гүн ухааны номлолуудыг хүртсэн байна. Төрөлх нутагтаа эргэж ирээд Хангай ханы Шивээтэд Бүтээлийн сүмийг, 1654 оны морин жилд Хэнтий нуруунд Их хүрээг, 1702 онд Зүүн хүрээг үүсгэн байгуулсан байна. Өндөр гэгээн 1686 онд Бүтээлийн сүмд заларч байхдаа Монгол, Энэтхэг, Төвд гурван улсын номын хэлийг тэмдэглэж болох Соёмбо үсэг зохиож, Ганжуурыг монгол хэлнээ орчуулах ажлыг эхэлсэн ажээ. Монгол орондоо "Жалзэ тэмбан" хэмээх Ганжуурыг залж өөрийн мутраар гурав дахин бичиж бүтээх, Данжуурын 225 ботийг залж олон шавь нарын хамт шинээр бичих, Хурлын уншлага, Найман мянгат, Тогтоолын хураангуй, Алтангэрэл, Банзрагч, Их бодь мөрийн зэрэг, Хангал зэрэг номын барыг сийлүүлж ,ерөөлийн үгийг зохиосон байна. "Маани бүтээх гүн арга", "Жинлавцогзол", " зэрэг зуу гаруй номоос бүрдсэн нэг боть зохиол туурвижээ. Монголын шашин соёлд оруулсан давтагдашгүй нандин бүтээл болох Очирдара бурхан, хорин нэгэн Дарь эх  бурхад, хүрээ дэгийн ая дан зэрэг олон зүйлээр батлагдаж байна.Анхдугаар богд Жавзандамба хутагт 12 жарны хаврын тэргүүн сарын 14 буюу аргын тооллын 1723 оны 2-р сарын 18нд жанч халжээ.  Өндөр гэгээний шавь нараас Ламын гэгээн Лувсанданзанжалцан, Зая бандида Лувсанпэрэнлэй, Дарва бандида Совджамц, Чин сүжигт номун хан Норовширав нар Төвдөд суралцаж ирээд Монголд шашны төрөл бүрийн эрдэм ухаан судлах сургууль, дацан байгуулсан нь Монголын шашны хөгжилд чухал алхам болсон билээ.

II богд Жавзандамба хутагт

Лувсандамбийдонмэ (1724-1757)

Хоёрдугаар богд нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар Одоогийн Төв аймгийн Алтанбулаг сум\ чин ван Дондовдоржын гэрт 1724 оны луу жилд сонин гайхамшигийг үзүүлэн мэндэлжээ. 1727 онд дөрвөн нас сүүдэртэйд нь Банчин богд Лувсан-Ишид айлтгасанд Халхын богдын хоёрдугаар дүр мөн хэмээн тодруулж Лувсандамбийдонмэ хэмээх нэрийг хайрлажээ. 1729 онд зургаан нас сүүдэртэйд нь Саадаг хэмээх газарт Халхын хоёрдугаар богдод өргөмжилж даншиг мандал өргөн их ёслол үйлдэж урьд дүрийн бүх хэргэм цолыг олгожээ. Энэ үеэс урьд дүрийн эрх ямба, хэргэм цолыг дараа дүрүүдэд олгож байхаар тогтжээ. Хөхнуурын Донхор хутагт Агваанжамбалданзанг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашаан цаглашгүйг хүртсэн байна. Арван гурван сүүдэртэйдээ 1737 онд өөрийн ёнзин багш Манзушри ламтан Агваанжамбалданзангийн хамт Манжийн эзэн хаан Тэнгэр тэтгэгчид бараалхаж тэр жилдээ нутагтаа эргэж морилон 1739 онд Их хүрээнд Жүд дацан, 1745 онд Дамдин янсангийн хурал, 1750 рнд Манзушри ламын хийдийг байгуулж байжээ. II богд1756 онд Их хүрээнд гүн ухаан судлах Дашчоймпэл дацанг байгуулж Гүнчин лам Жамъяншадвийдоржийн игчааг тогтоожээ. Тэрээр шашин номын үйлийг тасралтгүй зохиосоор XIII жарны гал үхэр жилийн өвлийн адаг сарын 27 буюу аргын 1757 оны 1 дүгээр сарын 5-нд таалал төгсчээ. Хоёрдугаар богдын амьдарч байсан үе нь монголын нийгмийн байдалд Манжийн түрэмгийлэл хүчтэй өрнөж, Манжийг эсэргүүцсэн Хотгойдын Чингүнжав, Амарсанаа нарын бослого гарч дарагдсан үе байсан бөгөөд түүний ах Ренчиндорж ван Чингүнжав, Амарсанаанарын Манжийг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцсоны учир Бээжинд цаазаар авахуулж байжээ. Манжийн төрөөс шадар ван Ренчиндоржийн дүү тул II богд Жавзандамбыг ч хараа хяналтандаа цагдан сэргийлж байсан юм. II богд нь сүм хийд номын үйлийг ихээхэн хөгжүүлсэн монголын шашны том зүтгэлтэн байв.

III Богд Жавзандамба хутагт

Ишдамбийням /1758-1773/

Гуравдугаар Богд Жавзандамба Ишдамбийням нь 1758 онд Түвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэрт мэндэлжээ. Манжийн төрөөс II богдоос хойш Жавзандамба хутагтуудыг төвдөөс залж байхаар тогтсон нь Манжийн төрийн бодлого байв. III богдыг 1Ү Банчин-Эрдэнэ Халхын богд III Жавзандамба мөн хэмээн тодруулжээ. Түүнийг залахын тулд Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээлийг туулж Литанд хүрсэн ч III богдын хувилгаан дүрийг маш их нууж гаргаж өгөх дургүй байжээ. Тэр үед Шижирбаатар эр зоригийг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булааж аваад зугтаж ирсэн байна. Тэрээр Жанжаа хутагт Ролбийдоржоос гэцэл санваар хүртэж номун хан Жамбалдоржийг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашаан хүртжээ. 1763 онд гуравдугаар Богдыг ширээнд залж их ёслолыг үйлдэн урьд дүрийн эрх ямба, цол хэргэм, шагналыг өргөжээ. Богд гэгээн Их хүрээнд Винайн зуны их хайлан, 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ. Сэлбэ, Бэлхийн бэлчирт мод чулуу, тоосго ваараар номин эрдэнэ мэт өнгөтэй ваараар дээвэрлэж, хана туургыг нь өнгө зохицсон хээгээр чимж оройд нь алтан ганжир залсан "Шашныг бадруулагч" хэмээх сүм байгуулсан нь Дамбадаржаа хэмээн хожим алдаршсан байна. Гуравдугаар богд XIII жарны харагчин могой буюу 1773 онд таалал болсон байна. Ишдамбийням бээр монгол үлгэр домог сонсож, шүлэг, зүйр цэцэн үг цээжилж түүний үзэл санаагаар хүмүүжсэн ажээ. Түүхч Дармадала бээр "Ишдамбийням бол умар зүгийн амьтан бүхний оройн чимэг", "Судар тарнийн гол ёсноо боловсорсон, эрдмийн нараар доройтлын харанхуй бүхнийг нэрэн дор арилган зохиогч, шашны гурван үндэсний ёсыг байгуулагч, шашин эрдэнийг ихэд сэргээн бадруулсан" хэмээн дурьджээ.

IY Жавзандамба хутагт

Лувсантүвдэнван чүгжигмэджамц (1775-1813)

Дөрөвдүгээр богд нь 1775 оны 3 дугаар сарын 28-нд Төвдийн Лхасын нутаг Жидшодын гол хэмээх газар түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт сонин гайхамшгийг үзүүлэн мэндэлжээ. 1Ү богд нь ҮIII Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм. ҮI Банчин-Эрдэнэ Балдан-Иш, Ламо Чойжин хоёр Халхын богд Жэвзүндамбын дөрөвдүгээр дүр мөнд тодруулжээ. Мөн Банчин-Эрдэнээр үсэг уншлага заалган ҮШ дүрийн Далай ламаас Жамбалжамц Лувсантүвдэ нванчүгжигмэджамц алдрыг хүртжээ. Брайвүн Гомон гэвш Лхарамба Агваанпринлэйг ёнзин багшид шүтэж судар тарнийн номын рашааныг хүртжээ. Долоон сүүдэртэйд нь 1781 онд Их хүрээнд залж Халхын богд Жавзандамбад өргөмжлөн баяр ёслолыг үйлдэн даншиг мандал өргөв. Тэрхүү өргөмжлөлд "Лам танд шашныг мандуулагч, амьтаныг жаргуулагч IҮ дүрийн Богд хэмээн өргөмжилж алтан навчит өргөмжлөл олгов" гэжээ. IV богд одоогийн Гандантэгчэнлин хийд байгаа газарт Далх бурханы тахилгыг уншин сан тавин ариулж, сүмийн шав тавьж равнай өргөөд Зүүн хүрээнээс чойрын хоёр дацанг нүүлгэж ирсэн байна. Энэ үеэс хойш Далхын дэнж хэмээн нэрлэжээ. Тэрээр Их хүрээнд 1789 онд Зурхайн дацанг, 1806 онд нууц тарнийн ёсны Дүйнхор дацанг, 1807 онд бясалгал дияаны Шадүвлин хийдийг, 1809 онд Төвдийн гүн ухаантан Банчин Содномдагвын игчаны дагуу Гунгаачойлин дацанг байгуулав. Энэ нь монгол оронд судар тарнийн ёс хөгжихөд ихээхэн хувь нэмэр болсон байна. IҮ богд винайн ёсыг сайтар сахигч ариун санваартан байснаараа алдартай билээ. Богд гэгээн 1803 онд Баруун зууд заларч шашин номын үйлийг агуу их зохиогоод 1805 онд нутагтаа эргэн заларч Дүйнхорын уншлага, Сагар, Чогарыг дэглэн тогтоожээ. Богд гэгээн "Би насан багын саруул ухаанаар цаннидын сургуульд сурсан, одоо тэр маань Дүйнхорын хуралд их хэрэг болж байна. Цанидын сургууль бол судар тарни бүгдийн гол түлхүүр мөн" хэмээн айлдаж байжээ. Мөн "Бодь мөрийн зэрэг"-ийг унших, бясалгах, судлах ажлаа үл султгасаны дээр шүтээн бурхан олныг бүтээжээ. Бас 1813 онд хүрээ цамыг дэглэсэн байна. Дөрөвдүгээр богд Х1Ү жарны модон нохой жилийн өвлийн дунд сарын 16 буюу 1813 оны 1 дүгээр сарны 7-нд таалал болжээ. Магтаал, залбирал, ламын иога тэргүүтэн 517 бүтээл туурвил нэг боть ном нь Их хүрээнд хэвлэгджээ.

Ү богд Жэвзүндамба хутагт

Лувсанчүлтэм жигмэддамбийжанцан (1815-1841)

Тавдугаар богд нь Төвдийн Лхасын ойролцоо Зан мужийн Гэдинхансор хэмээх газар түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт Х1Ү жарны хөхөгчин гахай жилийн зуны дунд сарын шинийн долоон буюу 1815 оны 6 дугаар сарын 15-нд онцгой шинж тэмдэгийг үзүүлэн мэндэлсэнийг долдугаар Банчин-ЭрдэнэДамбийнямд айлтгасанд Халхын V богд мөн хэмээн тодруулж Лувсанчүлтэмжигмэддамбий жанцан хэмээх алдрыг хайрлажээ. 1820 оны намрын дунд сарын 16-нд богдын зургаан нас сүүдэртэйд ширээнд залж их ёслолыг үйлдэн бүх хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Лосалингэвш Жүдмадба Лувсанжамъянг ёнзин багшид шүтэж гэцэл сахил хүртэн судар тарнийн номын рашааныг хязгаарлашгүй хүртжээ. Богд хорин сүүдэртэйдээ 1834 онд Их хүрээнд монгол маягийн хэв загвартай Майдарын сүм бариулж 80 тохой Майдар бурхан, Баруун Чойрт Алтан Ганжуур тус тус бүтээлгэн залж байжээ. 1835 онд Лхасад морилон номын авшиг олныг хүртэхийн хамт Монголын шашин номын асуудлыг айлтган зөвлөлдөж 1836 онд нутагтаа буцаж залраад 1837 онд жараас дээш насны хөгшид, 15-с доош насны хүүхдүүдтэй зөвлөлдөн Далхын дэнжид Гандантэгчэнлин хийдийг нүүлгэн иржээ. 1841 онд Ү богдын зарлигаар Брагри Ёнзин Дамцагдорж Ламрим дацанг удирдан байгуулжээ. Ү богд Жэвзүндамбын үед Их хүрээнд Зүүн хүрээнээс гадна гүн ухааны болон Ламрим, Бадма ёга дацангууд төвлөрч Гандан хүрээ гэж нэрлэгдэх болсон юм. Гүн ухаан судалдаг баруун дацанд Гунгаачойлин.зүүндацанд Дашчойнпэл хэмээх нэрийг тус тус хайрласан юм. Тавдугаар богдын ёнзин багш нь Лхаарамба Лувсанжамъян, Онгийн голын Брагри ёнзин Дамцагдорж нар байв. Өөрийн ёнзин багш Брагри Дамцагдоржоос Нарохажид бурханы авшиг увдисыг хүртэж, бясалгал бүтээлийг хийж өвлийн адаг сарыг 25-нд Их хүрээнд жинсрэг цутгасанаар үдэш нь дөрвөн уулын хооронд улаан туяа татсаныг Нарохажид бурхан бодитой заларсаны шинж тэмдэг гэж хуучин хүрээний настан буурлууд ихээхэн бэлэгшээж ярьцгаадаг байсан аж. Тэгээд одоогийн удирдлагын академын байрны өмнөхөн талд Туул голын хөвөөнд Нарохажид сүмийг байгуулжээ. Ер нь хутагтын тавдугаар дүр нь гайхамшигтай ид шид үзүүлж байсан олон баримтыг хуучны лам нар тодорхой ярьдаг байв. Ү богд Дагнан, Сэгнан хэмээх бясалгал дияан зүүд нойронд нь ургасны зурсан зураг Гандан хийдэд хадгалагдаж байсан билээ. Энэ зураг нь Гандан хийдэд өргөжин тэлж хөгжихийг бэлгэдэж харуулсан байв. Тэрээр ХҮ жарны төмөр үхэр жилийн өвлийн эхэн сарын шинийн 3-нд буюу аргын 1841 оны 11 сарын 18-нд таалал төгсчээ. Тавдугаар богдын айлдсан бошго лүндэн Орчонгийн сав шимийн дуулал зэрэг зохиол бүтээл багтсан нэг боть байдаг ажээ.

ҮI Жавзандамба хутагт

Лувсанбалдандамбийжанцан (1843-1848)

Зургаадугаар богд нь Төвдийн Лхасын умартад Х1Ү жарны харагчин туулай жилийн хаврын эхэн сарын 25 буюу аргын 1843 онд эцэг Содномдаржаа, эх Лхамдолгор нарын гэрт онцгой шинжийг үзүүлэн мэндэлжээ. Үүнийг ҮП Банчин-Эрдэнэ Дамбийнямд айлтгасанд Халхын богдын VI дүр мөн хэмээн тодруулж увш сахил хүртээн Лувсантүвдэнчойжижанцан хэмээх алдрыг хайрлажээ. Түүнийг Х1Ү жарны шороон бичин жилийн 9-р сарын 7-нд зургаан сүүдэртэйд нь буюу 1848 онд монголд залж Халхын богд Жавзандамбын 6-р дүрд өргөмжлөн их баярыг үйлдэн урьд дүрийн бүх хэргэм цол, ямбыг өргөсөн байна. 1848 онд Төвдөөс залж ширээнд өргөмжлөн даншиг мандал өргөснөөс хойш удалгүй хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Зургаадугаар богдын ёнзингоор Төвдийн Гандан хийдийн Тива хувилгаан Иштүвдэнжамц ирж байжээ.

ҮII богд Жавзандамба хутагт

Агваанчойживанчүгпринлайжамц (1849-1868)

Долдугаар богд нь 1850 онд Төвдийн нутаг Лхасын ойролцоо гүн Мягмар, эх Норовлхам нарын гэрт онцгой шинжийг үзүүлэн мэндэлжээ. XI Далай лам Хайдавжамц Халхын ҮН богдын дүрд тодруулжээ. Түүний шинжтөрх, ааш зан, биеийн байдал нь түрүүчийн дүрийхтэй төстэй, нүдэнд дулаахан, сэтгэлд таатай байсан тухай мэдээг Манжийн эзэн хаан сонсоод "Энэ бол үнэхээр сайн хэрэг" хэмээн мэдэгдэж байжээ. Тэрээр Разан хутагт Наваан-Ишчойжилжамцаас санваар хүртэж ном зооглов. Цаст Төвдийн орноос 1855 онд буюу XIҮ жарны хөхөгчин туулай жил зургаан настайд нь залж Их хүрээнд Халхын богд Жавзандамбын долдугаар дүрд өргөмжлөн түрүү дүрийн эрх ямба, хэргэм цол, даншиг мандал өргөн их баярыг үүсгэн зохиожээ. Долдугаар богдын ёнзин багш нь лхарамба Агваан-Одсэр байв. Тэрээр ХҮ жарны шар луу жилийн өвлийн дунд сарын 12 буюу аргын 1868 оны 12 дугаар сарын 26-нд таалал төгсчээ. Түүний арав гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд алдаршсан байдаг.

YIII Богд Жавзандамба хутагт

Агваанлувсанчойжинямданзанванчүг /1869-1924 /

Наймдугаар богд нь 1869 он 10 дугаар сарын 13-нд Төвдийн Лхаст түшмэл Гончигцэрэн эх Ойдовдулам нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. XII Далай лам Принлэйжамц Банчин богд Дамбийванчүг нар түүнийг Халхын ҮШ богд хэмээн тодруулж равжун сахил хүртээн Агваанлувсанчойжинямдан занванчүг хэмээх алдрыг хайрлажээ.

Манж чин улсын хаан Бүрэн засагчийн үед монголд залж 1874 онд буюу билгийн ХҮ жарны хөхөгчин гахай жилийн өвлийн тэргүүн сард Их хүрээнд Халхын наймдугаар богдод өргөмжилж даншиг мандал, хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Номын багшид ёнзин Ари брүлгү Хайдавданзанчойжиням, Гачин Балданчойнбэл, ёнзин Лувсанхаймчиг нарыг залж судар тарнийн номын рашаан хязгааргүйг хүртжээ. Наймдугаар богдын ёнзин багш гэж алдаршсан Балданчоймбэл, Лувсанхаймчиг нар нь Их хүрээний хамба Номун хан байв.

Богд гэгээн 1908 онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж мяндаг цолтой болсон бөгөөд 1910 онд Их хүрээнд буддын гүн ухаан судлах Сэра игчааны дагуу Идгаачойнзинлин дацанг, 1912 онд Жанрайсиг дацанг байгуулжээ. Мөн 1910 онд ҮШ богдын зарлигаар Их хүрээнд хүрээ барын Ганжуурыг бүрэн хэвлэж хэвлэлийн ерөөлийн үгийг бичиж байжээ.

1911 оны цагаагчин гахай жилд Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж ҮШ богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын 1911 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан, нийт монголчуудын оюун ухааны их удирдагч байсан юм.

Богдыг хаанд өргөмжилсөн энэ өдрөөс "Олноо өргөгдсөн" хэмээх шинэ он тоололтой болжээ. ҮIII богдын санаачлагаар Өндөр гэгээнии зохиосон Соёмбо үсгийг 1911 онд төрийн туг.далбаанд хүндэтгэлтэйгээр оруулсан байна. Өндөр гэгээн айлдахдаа: "Миний хувиршгүй номын үсэг замбутивийг бүрхэнэ" хэмээн айлдсан гэдэг.

Монгол оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь хувьсгалт үйл явц болон өрнөж улмаар 1921 онд хаант төрийг халж ҮШ богдыг хэмжээт эрхэт хаанд өргөмжилсөн байна. Монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнол, төр, шашны төлөө тэмцэгч ҮШ богд гэгээн ХҮ жарны хөх хулгана жил буюу аргын 1924 онд 56 настайдаа таалал төгсчээ. ҮШ богдын гайхамшигт ид шидийн тухай ард түмний дунд яригдан үлдсэн олон жишээ дурдаж болно.

Нэг жишээ дурдвал: 1920 онд Гамин хүрээг эзэлж Богдын ногоон ордныг их буугаар галлаж байхад Богдын ногоон ордон огтхон ч сүйдэж гэмтээгүй байна. Үүнийг богд гэгээний залбиралын ач гэж өдгөөг хүртэл дурсан ярьцгаадаг. ҮШ богдын сургаал, магтаал, залбирал, бясалгал, лүндэн зэрэг зохиол бүтээлүүдээс бүрдсэн нэг боть ном байдаг ажээ.

IX Богд Жавзандамба хутагт

Жамбалнамдолчойжижанцан

Монголын IX Богд Жавзандамба хутагт Жамбалнамдолчойжижанцан нь XVI жарны харагчин бичин жил буюу 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт маш сонин гайхамшигтайгаар лагшин мэндэлжээ.

Түүнийг 4 настайд нь XIII Далай ламын тамга түшиж байсан Радэн ринбүүчи, Найчүн Чойжин нар Халх Монголын наймдугаар Богд Жавзандамбын хойд дүрийн хувилгаан мөн хэмээн тодруулжээ.

IX Богд Жавзандамба хутагт нь 8 сүүдэртэйдээ Радэн ринбүүчи Түвдэнжамбал-Ишээс гэцүл сахилыг хүртэж Жамбалнамдолчойжижанцан хэмээх алдартай болжээ. Тэрээр долоон сүүдэртэйгээсээ хорин нэгэн сүүдрийг хүртэл их номын орон Брайвун Гоман дацанд шавилан сууж гэвш Агваанчойдан, Халхын гэвш Дашжамц, Буриадын дүлба хамба Түвдэнням тэргүүтэн лам нарыг “Үндсэн багш”-д шүтэж буддын гүн ухаанд суралцсан ажгуу.

Хутагт бээр Ү Далай лам Лувсанжамцын үед Дагданпунцаглин хэмээн нэрлэгдэж байсан дээд дүрийнхээ хувилгаан Жонон Дарнатын хийдэд хорин нэгээс хорин есөн сүүдэр хүртлээ Бурханы шашны тарнийн гүн ухааныг судалж, багш Дагцар Ринбүүчи тэргүүтэн олон мэргэдээс номын рашаан хүртэж, бясалгал бүтээл олныг зохиож, бас өөрийн олон шавь нарт дээдийн номын даган соёрхол, эш цаглашгүйг хайрласан.

Ийнхүү дацан хийдэд сууж байхдаа Сажава болон бусад ёсны дээд багш нараас номын увидас, авшиг олонтаа хүртэж, бясалгал бүтээлийг олонтаа зохиосон.

Цагийн эрхээр IX Богд Жавзандамба хутагт 1961 онд БНЭУ-д дүрвэн гарч Даржаалин, Масури, Мадъяа Парадеш зэрэг газруудад оршин сууж байгаад Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын тааллаар 1991 онд Дармасала хотод морилон ирж суурьшсан. Түүнийг 1992 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Халхын Жавзандамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг баталгаалжуулж өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөсөн байна.

Тэр цагаас  Энэтхэг улсын Дармасала хот дахь Дагдан өргөөндөө заларч байгаад 2010 оноос Монгол орноо заларч лам хуврага, сүсэгтэн олон шавь нарынхаа хүсэл сэтгэлийг номын рашаанаар цэнгүүлсээр байна.

 

 

Танилцуулга
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй