МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч гавж Д.Лувсанжамц ламтай хийсэн ярилцлага. “Билгийн Мэлмий” сонин-с

11-р сар 17, 2015

Та овог нэр , нас , боловрол , зэрэг , цол, албан ажил, суралцаж ажилласан байдал гээд өөрийнхөө тухай дэлгэрэнгүй танилцуулна уу?

Хиад Боржигон овогтой Даваанямын Лувсанжамц. 1973 онд Өндөр Гэгээний мэндэлсэн газраас 60 гаруй км зайтай Сангийн далай гэдэг газарт төрсөн. Нийслэлийн 57-р сургуулийн 10 ангийг төгсөөд тухайн үеийн Багшийн Их Сургуульд суралцахаар болж байтал Шашны дээд сургууль элсэлт авах болж, тэгээд л Гандангийн дэнж рүү зүглэсэн дээ. Ардчилал үүсэхийн өмнөхөн шашны сургууль элсэлтийн шалгалт авсан нь тэр. Сургуульд байхдаа л Ганданд багшийндаа ирж тахил балин урлах, бурхан бүтээх ажилд нь тусалдаг байсан. Өндөр Гэгээний нэрэмжит Шашны Их сургууль , БНЭУ-д Барайвун Гоман дацанд суралцсан. 2004 онд Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд гавжийн дамжаа барьсан. Ер нь шашин номыхоо чигт л суралцаж ажиллаж байна даа. 1990 онд Цогчэн хуралд ороод дараагаар хурлын бичээч, човонбо зэрэг ажлыг хийж билээ. Багш минь чойрын ном үзэхийг зөвлөсний дагуу Дашчойнпэл дацанд очсон юм. Гоман хансур лхарамба (хэргийн тухайд алдрыг өгүүлбээс) Галсантавхай, Өндөр цорж багш Ёндонжамц, Баруун багш Сэр-од, залуу багш Д.Цэрмаа зэрэг гайхамшигтай мэргэд багш нараар цанид чойрын ном заалгаж байв.

1995-2004 онд Энэтхэгт Гоман дацанд суралцсан. Энэтхэгт Түвдийн олон дээдэс мэргэдээс номын рашааныг хүртсэн. Ирээд Дашчойнпэл дацанд лам хүүхдүүдэд ном зааж, хагас бүтэн сайнд Бурханы шашны Тарема төвд орчуулга хийж байв. Их Хөлгөний Уламжлалыг хадгалах Төв, Шашны Их Сургууль, Зүүн Хүрээ коллежи зэрэгт хичээл зааж байлаа. 2005 оноос МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хөдөө орон нутгийн хийдүүд хариуцсан тэргүүлэгчийн ажлыг хүлээн аваад өнөөг хүртэл ажиллаж байна. Мөн 2009 оноос Дээрхийн Гэгээн IX Богд Жавзандамба Хутагтын Гандан лаврангийн чанзодвын албыг давхар гүйцэтгэж байна.

  • Хүмүүс өөрийнхөө албан ажлын тухайд дотроо нэг ухааралтай байдаг байх, Таны хувьд?
  • Та олон түмэнд нөлөөтэй , сэтгэлд тань хүрсэн ажлаасаа дурьдана уу?

2005 оноос хойши МБШТөв Гандантэгчэнлин хийдийн орон нутаг хариуцсан тэргүүлэгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэж ирлээ. Гандантэгчэнлин хийдийн захиргаа нь Их хамба, дэд хамба захиргааны 5 тэргүүлэгч нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ нь анх Лхас монлам хурах үед долоон лам байсныг бэлэгдсэн гэдэг. Энэ утгаар 1937 онд хаагдаад 1944 онд Мөргөлийн дугана” нэртэйгээр эргэн хурал нээхдээ 7 лам эхлүүлжээ. 1947 онд Гандантэгчэнлин хийд дэх шашны төв захиргаа нэртэй болж, 1990 онд Монголын бурханы шашинтны анхдугаар чуулганаар МБШТөв нь Гандантэгчэнлин хийд мөн хэмээн баталсан юм байна лээ. Юутай ч бурхан шашинтай бусад орнуудын адил монголын бурхан шашинтнуудыг төлөөлөх нэг байгууллага байгаа нь Гандан. Төвийн дүрэмдээ ч өдөр тутмын ажлыг Гандан хийд явуулна гэж байна билээ. Гандантэгчэнлин хийдийн захиргаа нь Монголын бурханы шашинтны төвийн үйл ажиллагааг орон нутаг хариуцсан албаараа дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Улаанбаатар хот болон бусад аймгууд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хийд, дацан, сүсэгтэн олны байгууллагуудтай хамтран ажиллаж тэдний санал бодлыг сонсох нэгдсэн бодлого чиглэлтэй ажиллахад анхаарч ирсэн. Бурханы шашны өлмийг өргөх үйлд зүтгэх том зорилгын зэрэгцээ монгол хүн болж төрснийх монголынхаа шашны хөгжилд хир чадлаараа тус нэмэр болчих юмсан гэсэн бодол байдаг.

Лам хуврагууд, сүсэгтэн олны хүрээнд л бага сага зүйл байж болох юм даа. Хийд орон , номын нөхдийн дэмжлэгтэйгээр хийгдсэн ажил л даа. Тайваны “Тhe Corporate Body of the Buddha Educational Foundation” сантай холбогдон түвд, англи, монгол хэл дээр бурханы шашны олон ном сурах бичгүүд хэвлүүлэн шашны сургуулиуд, сүм хийдүүд, номын сангуудад үнэ төлбөргүй хүлээлгэн өгсөн юм. Үнэлбэл 200 хол гаруй сая төгрөгний үнэтэй байсан байна лээ. Ном хүлээн авсан, талархасан бичгүүд нь нилээд зузаан болсон байдаг. Тэргүүлэгчийн ажил хүлээн авсны дараа бүх аймгуудаар яваад Тэргүүн лам нарын зөвлөлийг бий болгож, дүрэм журамтай, нэгдмэл бүтэцтэй болгосон. Жилдээ 2 удаа хуралдаж монголын бурханы шашны хөгжил, хийд орнуудад тулгамдаад байгаа асуудлаар хэлэлцдэг. Богд багш маань заларах хугацаанд олон сайхан буян хураах үйлд цаг наргүй зүтгэх боломж гарсан юм. Очирваань, Манзушири бурхадыг бүтээн залах, Богд Гэгээнтнийг Монголын бурханы шашны тэргүүнээр өргөмжлөхөд үндэслэл болгон сүм хийдүүдийн санал хүсэлтийг нэгтгэх, Тэргүүн лам нарын ээлжит бус хуралдааныг хуралдуулах, бат оршил өргөх, хүмүүнлэгийн үйлс бүтээх зэрэгт голлох үүрэгтэй оролцсон. Богд гэгээнтэн шавь нарын хамт Улаанбаатар паласт Лүйжин номоо хурж бүх орлогыг Халдвар судлалын үндэсний төвд эмчилүүлж буй хүүхдүүдэд зориулсан. Энэ үед лам нар хүүхдүүдийг тэврэн Богд гэгээнтэнд мөргүүлж байх үест сүсэгтэн хүмүүс, хүүхдүүдийн эцэг эхчүүд маш их баярлаж талархаж байсан. Бурханы шашин соёлын “Соёмбо” наадамыг зохион байгуулсан нь олон лам хуврагуудын сэтгэлд нийцсэн. Хийдүүдийн санал дүгнэлтийг авсан юм. Далай багш, Богд Гэгээнтэн, Жадо ренбуучий багш, Дарма Лоче, Чодэн ренбуучий, Гоман хамба лам зэрэг олон дээдэс лам багш нарын аман айлдварыг их бага хэмжээгээр орчуулсан хувь тохиолдоо баярлаж явдаг аа. Олон түмэнд нөлөөтэй болсон гэдэг нь миний таамаглал.. сэтгэлд хүрсэн гэдэг нь цэвэр өөрийн сэтгэл ханамжийн тухай асуудал юм даа.

4. Таны ойрын болон хэтийн төлөвлөгөө юу вэ?

“Бурханы шашны хийд оронд тавих шаардлага” стандарт боловсруулах ажлын хэсэг байгуулаад хоёр жил оролдсон юм. Одоо бараг дуусаад байна. Үүнийгээ дариухан Тэргүүн лам нарын зөвлөлөөр хэлэлцүүлэх ойрын төлөвлөгөө байх юм. Хөдөө орон нутгийн хийдүүд сайхан цэгцэрээд байгаа. Хотын хийдүүдээс дүүргээ төлөөлөөд Тэргүүн лам нарын зөвлөлдөө оролцоод явбал Монголын Бурхан Шашинтны Төв бүрэн бүтэн болох юм даа. Илдэн Бэйлийн лам Агваандамба багштны айлдсан “Бодьсатвын явдалд орохуй номын үгийн тайлбар”ыг орчуулж байгаа түүнийгээ шаргуу явуулмаар. Бичиж байгаа дисертацаа дуусгамаар. Алсдаа X Богд Гэгээнтний ажил үйлст шаардлагатай бол хир чадлаараа нэмэр болох юмсан гэж залбирах юм даа. Гоман дацанд нилээд хэдэн жил чойрын ном заалгасан. Үзсэн сонссоныхоо хэргийг хийх юмсан гэж боддог.

5. Албан ажлаа хийхэд тань тохиолддог саад бэрхшээл, шийдэх арга замуудын талаар ярина уу?

Юун түрүүнд өөрийн зүгээс буй залхуурал, идэвхигүй , тууштай бус зэрэг дутагдлуудтайгаа тэмцэх хэрэгтэй байна. Гадна талаас шашны уламжлалт бус мөртлөө үеээ өнгөрөөсөн нийгмийн арга барил, сэтгэлгээ манай гандангаас салахгүй байгаа нь гол бэрхшээл юм. Цаг үе орон нөхцөлд зохилдсон зөв хэлбэрийг олох, бурханы шашны орон хийдийн чиглэлтэй урагшилмаар байна.

6. Шашыг дэлгэрүүлэхийн тулд лам хүн , сүм хийд дотооддоо ямар байвал зохилтой вэ?

Шашныг дэлгэрүүлэх гэхээс өмнө манай сүм хийдүүд эхлээд хийд орон ямар байх ёстой тэр хэмжээнд хүрмээр байна. Дараагаар нь лам нараа сахил санваараа сахих, суралцах орчныг бүрдүүлээд, сургалтаа тасралтгүй явуулдаг болоод тэгээд шашин дэлгэрүүлэх тухай яримаар байна. Өөрт байхгүй юмыг бусдад яаж өгөх вэ дээ. Далай багшийн айлдсан “Их Монголын сүм хийдүүдийн жаяг цааз” д

– “Бурханы шашин бат орших эс орших нь их хуврагын аймгийн дэг дэглэм, авир явдал, номлол бүтээл, заах сонсох номын ёсчлон байгаа үгүйд харгалздаг ... хуврагын аймаг тэр нь ариун санваарыг суурь болгож, эш гурван аймаг савын номыг сонсох санахын үүднээс нотлон буулгасан, бясалгалаар анхааран авсан, самади ба тус тусад онох билгэ билгүүнийг хослуулан эш онолын шашныг барин арвижуулагч байх ёстой “ гэж заасан байдаг. Ер нь сүм хийд нь шашны зан үйл үйлдэх, хурал ном хурах , сургалт судалгаа гэсэн хоорондоо нягт уялдаатай гурван үндсэн үүрэг байгаа юм. Түүнийгээ л гажуудуулахгүй ном ёсоор явуулах ёстой юм. Товчдоо сонсох, санах, бясалгах гуравыг л эрхэм болгосон байх ёстой юм. Манай сүм хийдүүд, лам хуврагууд энэ зүг рүү явах ёстой. Бүгдээрээ хуран чуулаад өнгөрснөө дүгнэн, хэтийн чиглэлээ гаргах нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.

7. Таны ажилладаг сүм хийдийн ололт ба дутагдалтай талуудын талаар?

Ололт бол ихэвчлэн өнгөрсөн цаг дээр яригдана. Гандан хийдийн ололт бол тус хийдийн олон зуун жилийн түүх юм. Эртний Энэтхэгт дэлгэрсэн их хөлгөний шашин ялангуяа Наландын уламжлалт учир шалтгаан түүнд тулгуурласан анхааран авлага, бүтээл бясалгал энэ бүгдийг цаашид хөгжүүлэх суурь өгөгдөлтэй улс бид. Дээхнэ үедээ 30 аймаг, 12 салбар бүхий Их хүрээний эрдэм номын төв нь Гандан хийд байжээ. Энд олон зуун эрдэмтэн мэргэд бурханы шашны салбар ухааны чиглэл бүрээр олон мянган бүтээл туурвижээ. Одоо ч Гандан хийдийг буддын гүн ухаан, эрдэм номын өргөө гэж гадны олон эрдэмтэн мэргэд үзсээр байгаа. Бидний дутагдал бол боломжоо ашигладаггүй, асуудлыг удаан оновчгүй шийддэг, олон нийтийнхээ санаа сэтгэлийг сонсдоггүйд байна. Дээр нь шуудхан хэлэхэд шашны мөн чанар, түүх, шашин ямар ёстойг мэдэхгүй хүмүүс, үгүйдээ зөв мэдээлэлгүй нөхдүүд оролцоод байгаад асуудал байгаам.

Ер нь шийдвэр гаргах хэмжээний лам хүн доод тал нь 5-6 жил ном ёсны хийдэд шавьлан суусан хүн, өөрөөр хэлбэл лам нарын нийгэмд сурч амьдарч үзсэн, дотоод нөхцөл байдлыг ойлгодог хүн байх хэрэгтэй юм. наад захын жишээ 1944 оноос ардчилал хүртэлх үеийн хуучин лам нар хэдийгээр хатуу хяналтын доор байсан ч хийдийн жаяг ёс дагуу гороо горламдаа амьдардаг, хурал номдоо хурдаг, лам нартайгаа үргэлж хамт байдаг учраас шашинлаг шийдлээр хийд орноо авч явдаг байж. Үүнийг бид анхаармаар байгаа юм.

8. Лам хүн бусдаас онцлог тул үүнийгээ хэрхэн хадгалж хэрэгжүүлж авч явах ёстой вэ?

Нисваанист төрмөл олдмол хоёр янз байдаг тухай номонд бий. Үүнтэй яг адил аливаа хүний хүмүүжил, зан чанар аль алинд нь төрмөл, олдмол хоёр янз бий. Эхнийх нь урд насны дадал, үйлийн үрд бий болсон , удаах нь өсөх хүмүүжих явцад орчноос шалтгаалсан нөлөөлөл юм. Бурханы номд суралцаж хэрэгжүүлэхийг хичээж яваа лам хүн бурханы сургаалийн асар их эерэг нөлөөллийн орчинд үзэл бодол, ёс зүй нь төлөвшинө. Цаашлаад эзэмшиж буй мэдлэгийн хэмжээгээр төрмөл нисваанисын үйлдлийг саармагжуулна. Лам хүний өдөр тутмын үйл үйлдэл нь зөв дадал, ухаарал гэгээрлийн төлөө зориулагдсан байдаг. Үүгээрээ л бусдаас онцлог. Өглөө босоод бэлтгэлийн зургаан ном тэргүүтнээ ном ёсоор нь хийгээд аг тарнийн авшиг ван хүртсэн бол зургаан тасалгаат ламын налжор тэргүүтэнг таслахгүй байх зэргээс өгсүүлээд сэтгэлтэйгээ ноцолдох олон ажил байна. Ерөнхийдээ суралцах, дадуулах, бясалгах гураваа усны урсгал мэт таслахгүй байх нь хэрэгжүүлэх арга зам юм. Лам хүн олны их хүндлэлийг орчинд байдаг. Дааж чадвал олон зүйлд тус дөхөм боломж, чадахгүй бол айхтар гор юм.

9. Орон байр , зэд, нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийн тухайд таны санал бодол юу вэ?

Эдгээр нь уг нь ном эрдэмээ үзэх, гэгээрэх гэтлэхэд нь дэм болох хэт үрэлгэн, хэт дорой хоёр туйлаас хагацсан зүйл байх ёстой юм. Гэтэл оромдсон төдий зохицуулалт хийснээс ихэнхи лам нарын дарамт болчихоод байгаа юм яг үнэндээ. Одоо бол монголын шашны байдал шилжилтийн үед байна гэж үзэж болно. Хуучны настай дээдэс лам нар дуусч, соц үеийн гярган лам нар үеэ өнгөрөөж байна. Хурал номоо залгуулж үлдэх, төр засгийн дохио зангааг хүлээж суух гэхээс өөр нөхцөл байдалд ажиллах шаардлага бий боллоо. Жинхэнэ ном ёсны сүм хийдүүд, лам хуврагтай болох хөгжил рүүгээ дорвитой шилжмээр байгаам. Лам хуврага, сүм хийдүүдэд таарсан нийгмийн даатгалын тусгай зохицуулалтын төслийг санал болгомоор санагддаг юм. Дунд үеийн лам нарынхаа асуудлыг нийгмээс хамааралтай байсан тогтолцоонд нь шийдээд, сургалтаа аглагт гарган, шинэ залуу хуврагуудаа дотуур байр, халамж тэтгэмж бүх зүйлийг хийд өөрөө зохицуулах хэмжээнд очих шаардлагатай. Лам нарын сууц байрыг барьж хуврагуудаа гэрээс нь гаргаж сүм хийдэд нь авч ирэх ажил бидэнд чухал байгаа юм.

10. Нийгмийн ёс суртахуун оюун санааг бүрдүүлэхэд шашны үүрэг, цэцэрлэг, сургуулиар олгогдох шашны боловсрол ямар хэмжээнд байвал зохимжтой, зөв эсвэл буруу гэж үздэг зүйлсээ дурьдана уу?

Нийгмийн муу муухай бүхний уурхай нь уур хилэн, мунхаглал, шунал хурьцал, атаа хорсол тэргүүтэн. Энэ нь хүний сэтгэлд оршдог. Энэ бүгдээс ангижрах арга замыг, хэрхэн хүн өөр дээрээ хэрэгжүүлэх аргачлалыг бурханы сургаал заадаг.

Буддын гүн ухааны ном нь аливаа үзэл суртлыг сохроор дагах биш логик эрэгцүүлэлээр сэтгэн бодох асуудалд их ач холбогдол өгдөг. Монголчууд бурхан шашинтай байсан. Тийм ч учраас аливаа үзэл суртал жишээ нь манж хятадын дарангуйлалын үед , коммунист дэглэмийн үед ч, хожим бас бус өөрийн шашиндаа оруулах гэсэн оролдлого эдгээр бүгдийг сөрөг зогсох, ангижрах оюун санааных нь байр суурь болж байсан юм. Нөгөө талаар монголчуудын соёлд асар их нэвчсэн учир уламжлалаараа бахархах үзлийг нь агуулж байсан гэж хэлж болно. Аливаа шашин бол тухайн үндэстэний үндэсний дархлааг тээгч нь юм гэж миний танил эрдэмтэн хэлсэн. Эхлээд надад арай илүү үнэлээд байх шиг санагдсан. Одоо бол санал нийлж байгаа. Бурханы шашин мөн чанараараа дахин сэргэх нь монголын нийгэмд хохирол учруулахгүй, харин ч нийгмийн ёс суртахууных нь суурь болно гэж бид үздэг. Бид шашин, соёлын өвөөрөө ямар ч улс үндэстэнтэй эн тэнцүү гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Монголчууд бид өв уламжлалаараа бахархаж чадвал бусдын адил хөгжиж, тэдэнтэй өрсөлдөж, өөртөө итгэх итгэлтэй байж чадна. Шашин соёлын талаарх ойлголт мэдлэг нь хэрэгтэй гэж үзвэл хэдийчинээ эрт ухаарах тусмаа сайн. Шашны талаар ойлголт маруухан болхоор одоогийн нөхцөлд цэцэрлэг сургуульд шашны боловсрол олгоно гэхээр хүлээж авч чадахгүй байх шиг байна. Зүгээр л уламжлалт мэдлэг ухааны үндэсийг таниулая. Хүүхдүүддээ энэрэнгүй , ухаалаг , энгийн даруу, зөв амьдрах ухаанд сургая. Элдэв төөрөгдөлөөс ангид байя. Энэ чинь л өөрөө бурханы сураалийн агуулга юм.

11. Шашны сүм хийдийн талаар төрийн бодлого, зохицуулалтын өнөө ба ирээдүйн талаар?

Даяаршлын эрин үед монгол үндэстэн түүх, соёл, ахуй амьдралын онцлог төрхөө хадгалан хөгжихөд уламжлалт бурханы шашны нөлөө үнэхээр чухал. Зүүн Азийн улс орнуудын эдийн засгийн үсрэнгүй хөгжил нь өрнөдийн үнэт зүйлс, институцчилэлийг хуулах биш харин өөрсдийн соёл уламжлалаа хадгалж үлдсэнийх гэж нэг номноос уншсан. Өмнөд Солонгос ёс заншил үнэт зүйлсийг нь буддын шашин хадгалаж байсан гэж дүгнээд одоо буддын шашнаа эргэн сэргэх үйлийг дэмжиж шинээр буюу уламжлалт сүм хийдийг байгуулахад хөрөнгийн 80 хувийг нь төрөөс шийдэж өгдөг ажээ. Төр, шашныг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх онцгой нөхцөл талаас нь анхааралтай ажиглах их үйлсийнхээ зэрэгцээ уг байгууллагын өөрийнх онцлог, уламжлал, бүтэц зэргийг бодолцдог байлгүй дээ. Өнгөрсөн нийгмийн сэтгэлгээгээр ганц цонхоор нэг нүдээрээ харддаггүй байх гэж найддаг. Д.Нямсамбуу гавж одоогийн монголын бурханы шашинд зайлшгүй өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй тэр нь хурдан тусмаа сайн байна гэж “Билгийн мэлмий” сонинд өгсөн ярилцлагандаа хэлсэн байсан. Өнөөгийн шашны үйл ажиллагаанд тулгамдаад байгаа шинэчлэл нь ард түмний эв нэгдэл , үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцэхгүй юм нэг ч байхгүй байх. Сүм хийдүүд зөв суурин дээр хөгжих ёстой. Түүхэн үнэнийг зөв мэдэх нь маш чухал байна. Есдүгээр Богд гэгээнтэнг шашны тэргүүнээр залах зэрэг асуудалд гурван цагийн холбоосонд түүхэн ач холбогдолтой ухаалаг сайхан шийдвэрийг төр засаг маань гаргалаа гэсэн хамба ламын дүгнэлттэй санаа нэг байдаг юм.

12. Лам болсны учир утга буюу бахархал эсвэл бэрхшээлтэй талуудын талаар ярина уу?

Замбуутивд чөлөө учралт эрдэнэт хүмүүний биеийг олоод, бурханы шашин лугаа учран, мэргэд багш нараар эрдмийн мөрд хөтлүүлэн, оюун төгөлдөр номын нөхдөөр хүрээлүүлсэн энэ мэт хувь завшаан дахин дахин олдох нь бэрх гэж номд гарсан байдаг. Тиймээ учир утгатай. Лам болж байгаа хүн бүр л гэгээрэлд өөрийгээ зориулахыг хүсдэг. Хамгийн сайн, ёс зүйтэй хүн болохыг хүсдэг. Хамгийн ухаалаг боловсрол мэдлэгтэй хүн болохыг хичээдэг. Гэвч аливаа зүйлс орших эс орших нь орчин нөхцөлөөсөө их хамааралтай.

13. Хууч яриа гэж сайхан зүйл байдаг. Түүнийг лам хүмүүс илүү хадгалж явдаг хүмүүс байх. Та нэг хууч хөөрөх боломж байна уу?

Урьд заларсан дээдсийн намтар хожмын шавь нарын анхааран авлага болдог гэсэн сургаал үг байдаг. Багш дээдсийн айлдвар лам хүний итгэл сүшиг бишрэлийг их тэтгэдэг юм билээ. 1993 оны хавар Цорж багш маань надад нэг сонин зүйл ярьсан юм. Тэр үед би чойрын ном үзэж эхэлж байсан . Өглөө шашны сургуулийн нэг ангид орж номоо үзэж сууж байгаад хурал эхлэхээс өмнө гэртээ очиж цайгаа уугаад хуралдаа явдаг байлаа. Цорж багш өглөө хурал эхлэхээс 10 гаран минут өмнө суварганы хойгуур морилж явахад нь яг таардаг байсан юм. Нэг удаа багш чи юу хийгээд шогол тэврээд яваад байдаг хүүхэд вэ ? гэлээ учраа хэлтэл -Аан энд нэг араг шээзгий байдаг юм шүү хүү минь чи сонссон уу гэж айлдсан юм. Учрыг нь лавлаж айлтгаад манай гандангийн гол суварганы ойролцоо “гогнямба” буюу олон жил бясалгалд оршсон даяанч байдаг гэж мэдсэн юм. Араг шээзгий гэсний учир нь галба галчинд бясалгалд суугаад мутар, өлмийнх нь хумс ургаж биеэ ороон бөөрөнхий болсон тул тэгж нэрлэснийг, мөн бурхан заларч ирээд тэдгээр бясалгагчдыг амьтны тусын тулд таалал нь татагдсан амгалангаас нь босгодог гэдгийг багшаас сонсож итгэл бишрэл их төрсөн. Ер нь манай Гандан бол адис жинлав ихтэй нандин бурхад шүтээнтэй дагшин орон билээ. Очирдарь, Мигжэд жанрайсэг, Өлгийн Жанрайсэг, Өндөр Гэгээн, Торгуудын Зонхов, Баргын Гомбо зэрэг монголын олон шүтээн залагдаж байдаг юм. Гандангийн лам нар бид хорвоод хосгүй адистэтэд бурхадын дунд суудаг юм.

14. Таны дотны хүн хэн бэ?

Эрдэм номтой олон сайхан багш нар минь байна. За тэгээд зиндааныхан, номын нөхөд, хамт олон , ах дүү, амраг садан, нутаг нугын улс гээд байна. Ер нь хүмүүс бүгд л миний дотно хүмүүс шүү дээ. Өр бодож өс зангидсан хүн нэг ч байхгүй. Бас би өөрөө бусдын дотно хүн нь байх ёстой. Хазайхад нь тулж, халтирахад нь түших чадвартай байх ёстой юмсан гэж боддог. Ялангуяа дээдийн номд хичээж байгаа лам хуврага хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд, нийгэмд тустай үйлсийг нь дэмжих санаа их бий. “Залуу лам нарыг дэмжих сан” г үүсгэн байгуулаад ганц нэг зүйл хийж байгаа.

15. Ирээдүйн хүсэл тань юу вэ?

Шашны шаргал гэгээ цагаа болоход ном ёсоороо бүрхээд ирэх байхаа. Монголын бурханы шашин ном ёсоор наран мэт дэлгэрч тэр үед баясал сүшгийг бясалгасан нэгэн өвгөн эрхээ эргүүлэн гороо хийж явах юмсан гэж хүсдэг юм ш дээ.

16. Лам хүн ерөөл их тавьдаг байх. Та ерөөл айлдана уу?

Ачит багшийн адистэдээр төрөл тутамд

Авралт бурханы шашин лугаа эс хагацаад

Амгалан хоосны билгүүнийг илтэд оноод

Асар төдөлгүй гэгээрэлд хүрэх болтугай.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй