Монголчууд эрт дээр үеэс”Зулын 25”-г буяны өдөр болгон тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай

11-р сар 29, 2015

Урилга хүлээн авч “Лавайн Эгшиг Радио”-д хүрэлцэн ирсэн таньд баярлалаа. “Богд ламын дүйчэнөдөр” буюу “Зулын 25” удахгүй тохиох гэж байна. Энэ өдөр МБШТөв Гандантэгчэнлин хийд жил бүр уламжлал болгон сүсэгтэн олондоо зориулсан олон сайхан арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Энэ жилийн дүйчэн өдрийн арга хэмжээ маань урьд урьдын арга хэмжээнээс ямар онцлогтой болох вэ? Ер нь “Зулын 25” гэдэг энэ өдрийн утга учрын талаар тайлбарлаж өгөхгүй юу?

Монголчууд эрт дээр үеэс”Зулын 25”-г буяны өдөр болгон тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай. Сүүлчийн дэлгэрэлт бол шарын шашин болон бурханы шашин гэдэг чиглэлийн дэлгэрэлт байгаа юм. Хүмүүс шарын шашиныг коммунизмын үеийн атеизмын сурталчилгаагаар авч үзээд байдаг юм. Ийм зүйл биш л дээ. Шарын шашин гэж онцгой бурханы шашнаас онц гойд болсон юм бол байхгүй. Хувьсгалт өөрчлөлт гаргаж реформ хийсэн гэж ярьдаг. Тэр бол зүгээр коммунизмын үед дүгнэж байсан дүгнэлт гэж би ойлгодог. Яагаад гэвэл Энэтхэгээс бурханы шашныг Төвдүүд залахдаа хэсэг бусаг очиж залсан. Тухайлбал зарим хэсэг нь Цогт Наландарийн хийдийн их багш нартай уулзаж шашныхаа чиглэлийг сонгож авч ирсэн. Нөгөө хэсэг нь бас нэг лам дээр очиж шавь орж авч ирсэн гэх мэтчилэн ямар нэгэн хийдэд очиж боловсрол эзэмшиж ирээд дэлгэрсэн гэх мэт хэлбэрүүд гарсан. Эдгээр дэлгэрэлт яваад ирсэний дараа бол харилцан бие биенээ үл зөвшөөрөх хэлбэрүүд гарч ирсэн байдаг. Чинийх биш, минийх бурханы шашин гэсэн ийм зөрөөнүүд гарч ирсэн. Тийм учраас Сажа, Гарма, Нинмава, Гэлүгва гэсэн дөрвөн урсгал байдаг. Шарын шашин бол хамгийн сүүлд гарсан Төвдийн дөрвөн урсгалын нэг нь юм. Энэ дөрөвдэх урсгалыг үндэслэгч нь Богд лам бөгөөд тэр бээр хүүхэд ахуй цагаасаа асар их ухаалаг, цэцэн мэргэн, төрөхөөсөө онцгой, эрдэм номд шамдсан хүүхэд төрсөн байдаг. Сажа, Гарма, Нинмава гээд бүх ёсны номоос очиж суралцсан. Тэр үеийн Төвдийн хамгийн эрдэм чадалтай багш нараар ном заалгасан гэдэг.

Ийнхүү Ганжуур, Данжуурын утга, багш нарын айлдвар энэ бүгдийг шинжлэн үзээд, ерөөс төвдөд дэлгэрч байгаа энэ шашин бол хоорондоо харшлахгүй юм байна. Ингээд “Ламрим” гэдэг номоо айлдсан. Түүн дотор “Данбатамжидгалмэд дүдог”буюу шашин бүгдийг харшилдуулахгүй онох гэж байдаг. Энэ нь ямар учиртай вэ? гэвэл ном бүгд бурхан багшийн айлдсан Ганжуур Данжуурт очиж тулдаг. Тэгэхээр энэ бүгдийг шинжилж судалж үзээд “Бодь мөрийн зэрэг” номондоо шашнуудыг харшилдуулахгүйгээр номын увьдас бүгдийг нь нэгтгэж өгсөн. Ламримыг айлдахдаа бол шинээр зохиосон гэх үндэслэл бол байдаггүй. Яагаад гэвэл Богд лам бээр маш их эрдэмтэй хүн байсан учраас Бурхан багшийн айлдсан Ганжуур Данжуур дотроос ишлэл татсан юм. Тэр ишлэлүүдээ Гомболүдэвийн гэгээн буюу ертөнцийн зургаан чимэг гэж алдаршсан Бурханы шашны их мэргэдүүд Гомболүдэвийн гэгээн, Жавзанжамба, тэгээд наашилвал Чоглон, Чойдог, Тогмид, Егнэн гэх гайхамшигтай дээдсүүдийн бурхан багшийн сургаалийг тайлбарлаж айлдсан ишлэл номлолуудыг бурхан багшийнхтай тэдний ном таарч байгаа юм. Тэр ишлэлүүдийг багш нарыхаа номтой тулгаад өөрийнхөө бурхан багшийн номыг тодруулж зохиосон юм. Тэрнээс биш өөрөө хар аяндаа зохиосон юм ширхэг ч байхгүй гэдэг нь шавь бид нар бол шарын шашины номыг үзэхэд ил байдаг. Үүний онцгой гайхамшигтай нь юу вэ гэхээр Цогт Наландарийн хийд гэж Энэтхэгт байсан таван зуун бандидатай байсан тэр их номын газар, дэлхийн хамгийн анхны их сургууль ч гэж яригддаг тэр сургуулийн уламжлалыг хадгалж, буддын шашины таван ботийг оюунаараа хэлэлцдэг том сургуулийг богд лам өөрөө гаргасан байгаа юм.

Сэрпэрэнгэх номыг айлдаад тэрнээс нь салбарласан чойр дацангууд үүсч буддын шашныг маш нарийсгаж шинжлэх ухааны үндэстэй үздэг сургуулиуд бүрэлдэн тогтсон. Энэ сургууль хэдэн арван мянган мэргэдүүдийн тархиар орсон. Тэдний дотор Богд ламыг бурхан багшаас зөрөөд явчихсан хүн байна гэж нэг ч хүн хэлээгүй. Тэгэхээр энийг зүгээр хажуугаас нь хараад шүүж хэлэх явдал огт байж болохгүй. Судлаагүй шинжлээгүй байж хүний дам, хуудамгай шинжилгээг авч ингэж хэлж болохгүй ээ гэж би боддог юм. Тийм учраас бурхан багшийн сургаалийг цаг үеийн шалтгаанаар хоёр гурван мянган жил болж байгаа энэ шашныг үе үеийн их мэргэд төрж улам тодруулж зохиосон эдний нэг нь Богд лам байгаа юм. Тэгэхээр энэ хүний гаргасан Гэлүгва буюу шарын шашин ч гэж бид хэлдэг энэ шашин бол хамгийн гайхамшигтай байгаа юмаа гэж ингэж үзэж болох юм. Ер нь бурхны номыг бол маш нягталж үздэг, цол зэрэг хамгаалдаг, маш нарийн боловсорсон систем болж тогтсон, бага наснаас нь эхлээд арван долоо найман жил болж байж сая зэрэг цол хамгаалж энэ их эрдэмтэн болж бурхны шашныг түгээн дэлгэрүүлдэг ийм сайхан сургалт болж тогтсон. Богд лам бол ганцхан шашныг баримтлаагүй. Дацан хийдүүд нь салаа салбар болдог. Жишээ нь гүн ухааны сургуулиуд байна. Хэлний зүй, үсэг, тийн ялгал дүрэм зэргийг бүгдийг нь судлаад гаргадаг сургууль байна. Урлахуйн ухаан гэж байна. Бие,хэл, сэтгэл гурвын урлаг гэж ярьдаг. Биеэрээ урлаж байгаа энэ бурхан шүтээн, ахуйн хэрэглээний зүйлүүд, хэлээрээ урлана гэдэг нь яруу найраг уран зохиол тэргүүтэй гайхамшигууд байна. Сэтгэлийн урлал гэж энэ насандаа бясалгал бүтээлийг хийж биеийг амаржуулах, тайвшруулах, сэтгэлийг ариусгахаас эхлээд төгс гэгээрсэн бурхны хутгийг олох хүртэл бясалгах энэ арга. Ингээд бие, хэл, сэтгэл гурвын урлагийн сургууль болон тогтсон ийм олон сайхан зүйлийг хийсэн. Манба дацан гэж эмнэлэгийн тэжээхүйн ухааны сургууль, зурхайн ухааны сургуулиуд үүсэн бий болж миний Монгол нутагт боловсролын гурван зуун жилийн сургалт сүм хийдүүдээр дамжиж Монголчуудад хүрч байсан ийм уламжлалтай. Ийм болохоор Монголчууд дэлхийн хөгжлөөс огт дутаагүй юм. Бидний материаллаг талын хөгжил дэвшил дутуу байсан боловч оюун ухааны боловсрол дэлхийн хүмүүстэй хамт битгий хэл бараг л тэр үедээ түрүүлж явсан гэж болохоор байсан нь энэ хүний ач гавъяа юм.Бурхны номыг ингэж хураангуйлаад 225 боть Данжуур зуун найман боть, Ганжуурыг мэдэх судлахад амар хялбар болгосон. Тэр агуу их номыг хураангуйлсны түлхүүр нь бол Ламрим. Тэгээд л цаашаа бусад тэр Ганжуур, Данжуур тэр олон мянган жил яригдсан түүх цаг хугацааны явцад асар их хол байгаа боловч Богд ламын айлдсан Ламрим чэнбу,/ Их бодь мөрийн зэрэг /Агрим чэнбу /Их тарнийн зэрэг/судар, тарнийн номыг гаргасан энэ номнуудыг нь үзээд түлхүүр шиг бурханы шашин руу яваад орчихдог энэ гайхамшигтай номнуудыг зохиосон. Энэ их ачийг эрдмийн талаас нь бодож Богд ламыхаа энэ гайхамшгийг дурсаж 25-ны дүйчэн өдөр гэж таалал барьсан өдрийг нь тэмдэглэдэг болсон.

Энэ өдөр Монголчууд гэгээрлийг бодож маш их зүйл өргөдөг. Сайхан гол нь таарсан сайхан зул бол тэрүүхэн хавиа гийгүүлдэг шиг мунхаг сэтгэлийн муу муухай, атаархал жөтөөрхөл зэргийг үл мэдсэнээс хүн төрөлхтөнд ирж байгаа зовлон зүдгүүр зэрэг бол мэдлэг боловсрол, бие биенээ хүндэтгэх тэр сайхан сэтгэл дээр л засардаг. Тэгэхээр хаана тэр гэрэл асаж мэдлэг очиж байгаа, хаана энэрэл хайр тогтож байна, тэр газар л мунхгийн харанхуй арилж жаргалтай сайхан сэтгэл тогтдог. Энэ бүхнийг билэгдэж бид зул, хүжээ өргөдөг. Орон хийд бүхэнд зул өргөдөг. Бид чинь нүүдэлчин улс, тэр бүр сүм хийддээ ирж зул өргөж чадахгүй байсан учраас гэр орондоо өргөдөг. Гэр орон бүхэнд бурхан шүтээнээ залчихсан жижигхэн сүм байдаг. Төвд хэлээр, Монгол бичгээр бичсэн номоо өөрсдөө уншдаг. Сүм хийддээ ойртсон юм уу, бүр нэг гачаалтай үедээ ирж мөргөдөг ийм зан заншилтай байлаа. Гадаа бас зул хүжээ өргөдөг байлаа. Намайг багад эмээ минь зул хийчихээд гадаа хувин дотор хоёр гурван зул хийгээд өргөчихсөн шөнөжин бадраад л байж байдагсан. Энэ бол одоо гэгээрлийг бэлэгдэж цаад талдаа Богд лам бол энэ насны төгсгөл дараагийн насны өмнө завсарын үедээ төгс гэгээрлийг олсон гэж үздэг. Тийм учраас гэгээрлийг бэлгэддэг. Хүний оюун ухаан мунхгийн харанхуйгаас арилж цэвэр төгс мэдэлд хүрч байгаа нигүүлсэл энэрэлийн дээдэд хүрч байгаа тэр гэгээрлийг бэлгэдэж өргөдөг байсан уламжлалтай юм. Хүрээ хийдүүд Богд ламын чого буюу зан үйлийн судрыг хурдаг. Сүм хийдээ эргэж гороолж, хүрээ хийддээ зул өргөдөг. Гандан хийд бол өглөөнөөс эхлээд орой хүртэл хурлаа хурж Богд ламыгаа дурсаж, Богд ламынхаа чогыг уншдаг. Орой харин гадаалаад мандалаа өргөөд сүсэгтэн олонтойгоо нийлээд зул хүжээ өргөөд, сүм хийдээ гороолоод сайхан буяны чуулган хураадаг. Энэ өдөр бол бие сэтгэлийн онцгой их буян хураадаг ийм өдөр байгаа. Ер нь бол эрдэм ухаан гэдэг бол багшаас дульдуйдаж ирдэг юм даа. Багш хичнээн эрдэмтэй,энэрэнгүй зөөлөн байх тусам шавь нарын сэтгэлд тусдаг. Багш хүн гэдэг бол шавийгаа бие, хэл, сэтгэл гурваар үлгэрлэдэг. Багшийг дагаж бумбанд ус хийхэд дүүрдэг шиг багшийн магнаг, увдис, номнууд бол ухаантай юм сурдаг шавьд бол юүлэгдэж ирдэг тэр жамыг бодож багшаа хүндэтгэж байгаа тийм өдөр байгаа юм.

Мэгзэм бол Богд ламын зүрхэн тарни бөгөөд монголчууд бидний үеийн үед уншиж ирсэн амны уншлага юм.Энэ өдөр мэгзэмийг аль чадахаар олон уншиж чадвал буян их хурж, Богд ламынхаа авралд багтах юм. Ер нь ямар нэг тарни маань унших ньмухар сүсгийн юм биш, жишээ нь “Ум ма ни бад мэ хум” гэсэн тарнийг уншиж байгаа нь Жанрайсаг бурханд мөргөж байгаа юм. Сүсэгтэн хүн Жанрайсаг бурхныг хараад нигүүлсэл энэрэлийг сэтгэлдээ тогтоон Жанрайсиг бурхан бол амьтан бүгдийн аврал болсон бурхан шүү дээ гэж бодоод залбирахад сэтгэл зүрхэнд буудаг. Нигүүлсэл, энэрэл, хайр гэдэг бол хүн төрөлхтний жаргалтай сайхан амьдралын үндэс нь болдог. Хүнд ийм сэтгэл байхгүйгээр хичнээн эрдэм боловсрол төгөлдөр,бие хаа тэгш, эрүүл саруул байгаад нэмэр байхгүй, хүн болж өгдөггүй. Гэр бүл, албан байгууллага, улс орны доторч гэсэн нигүүлсэл энэрэл, бусдыгаа хайрладаг, хүндэтгэдэг, боддог, бусад хүмүүсийн жаргалтай сайхан амьдралыг бодож чаддаг тэр нөхцөлд л хүн жаргалтай сайхан амьдардаг шүү дээ. Бусдыг бодсон үзэл санаагаар үйл хэргээ туурвин амьдарч байсан маш олон түүхэн гайхамшигтай хүмүүс бурхан багшаас эхлээд их эрдэмтэн мэргэдүүд хэдэн мянган жилийг туулсан ч суу алдар нь бадарч байдаг.

Энэ талаасаа бол хүн төрөлхтөн тэр хайр энэрэлийн сэтгэлийг их онцгойд авч үздэг. Нэг л хүн энэрэл нигүүлсэлээсээ хагацаад, амиа бодоод бусдыгаа доромжилж эхлэхээр л жаргалгүй болдог. Ийм учраас Жанрайсаг бурхнаас бид өөрийгөө олж харах ёстой. Жанрайсаг бурхныг магтаж байгаа, мөргөж байгаа үедээ, тарнийг нь уншиж байгаа үедээ бид хэн болох билээ, Жанрайсаг бурхан шиг бусдад энэрэлтэй,бусдыг боддог, бусдын тусыг хичээдэг болох юмсан гэсэн сэтгэлийг үүсгэх ёстой. Дараа нь Манзушир бурхан байна. Манзушир бурхан бол мэдлэгийг, оюун ухааныг төлөөлж байгаа юм. Тэгэхээр хүн хичнээн өндөр мэдлэгтэй болох тусам амьдралын бартаанд түүртэхгүй болдог. Аливаа нэгэн юмнаас айх эмээх, ямар нэгэн зүйлийг буруугаар бодох, бусдыг гүжирдэх гүтгэх гэх мэт өчнөөн муусэтгэл зөв ухаан ирснээр арилдаг. Тэгэхээр зөв оюун ухаантай байхад юмны учир шалтгааныг мэддэг. Засаг төр, албан байгууллага, гэр бүлийнхээ, хүмүүсийн жаргалан, зовлонг оюун ухаан төгөлдөр болоод ирэхээр учир шалтгааныг зөвөөр ойлгодог. Хий дэмий юмнаас айх, хий дэмий юманд хардах, хий дэмий дайсагнах зэрэг бол аль болох бага болдог.Эрдэм мэдлэг бол амьдралыг хөгжөөн дэвжээгч, гэгээрэлд хүрэх, мунхагийн харанхуйг арилгадаг зүйл. Тийм учраас арга билгийн ухаан гэдэг энэ. Нигүүлсэл энэрэл, оюун ухаан хоёр төгөлдөр болоод, хослоод ирэхээр хүн хүн шиг хүн болдог. Ийм л учраас бид хэдэн зуун жил энэ хоёр бурхныг урдаа барин шүтэж ирсэн юм. Дараа нь бол Очирваань бурхан байна. Очирваань бурхан бол бүх бурхдын хүч байгаа юм. Тэгэхээр энэрэн нигүүлсэл, оюун ухаан, хүч гурав нэгдэх ёстой юм. Хэрвээ хүнд мэдлэг боловсрол, хүч чадал байлаа гээд бусдыг энэрч чадахгүй, бусдад тэр эрдмээ түгээж чадахгүй бол ямарч хэрэг байхгүй тэр хүндээ шингээд алга болно. Үйлдэл болж чадахгүй, бусдад үйлс нь дэлгэрч чадахгүй, дэлхий ертөнцөд нөлөө байхгүй, хамтарч байгаа хүмүүс, гэр бүлдээ нөлөө байхгүй бол зөвхөн өөрөөрөө л дуусдаг. Тийм учраас хүч болж байгаа талыг нь Очирваань бурхан даадаг. Энэ 3 бүрдсэн байхад үйл ажил нь аяндаа бүтэж болдог.

Хүн төрөлхтөнд энэ их мэдлэгийн сан, энэ их хайр энэрлээр хамтран амьдрах сайхан бололцоо гардаг. Ийм болохоор Монголчууд энэ гурван бурхныг онцгойлон шүтдэг. Тэгээд дараа нь Богд ламыг магтаж байгаа юм. Энэ 3 ухааныг толийтол нь гаргасан “Ламрим чэнбу”-гаас эхлүүлээд өчнөөн сайхан номнууд нь хүнийг төгс гэгээрүүлэх, хайр энэрэл, мэдлэгтэй байх зэргийг бидэнд багш болж дамжуулж сургаж өгсөн. Бурхан багшийн гэгээн сургаалиуд байна. Жишээлэхэд багш болж байгаа хүнээ галт шилээр жишдэг л дээ. Нар хичнээн халуун байлаа гэхэд бид шүдэнз ч юм уу ямар нэгэн гал асаах юм байхгүй ойд төөрчихөөд явж байтал нэг галт шил олдвол тэр галт шилээр гал үүсгэж болохтой ижилхэн. Бурхан багш бол гурван мянган жилийн тэртээ байсан, өнөөдөр бидэнтэй нүүр тулж уулзаж чадахгүй, сургаал номлолоо айлдаж биднийг зовлонгоос аврах тал нь их хол байгаа учир тэр гайхамшигтай сургаалийг галт шил шиг бидэнд хүргэж авч ирдэг багш байдаг. Тийм учраас бид өнөөдөр тэр номуудыг толийтол ил болгож, Бурхан багшийн сургаалийг бидэнд залгуулж өгсөн Богд лам багшийгаа гээд бид дөрвөн шүтээнээ бодож мөргөдөг. Энэ гайхамшгийг бодож бид дүйчэн өдөрт Мэгзэмээ сайхан уншиж, Богд ламын айлдсан магтаалуудыг даган баясаж, бие биедээ тусалж, эвсэн найрсаж, эрдэм мэдлэг, нигүүлсэл энэрэлийг нь бодож гэр орондоо нэг ч хэрүүл уруул, хараал хэлэхгүй байх хэрэгтэй. Ер нь юм үүсэхдээ шүдэнзний дарь шиг жаахан хэсгээс эхлэхэд л хоол ундыг болгочихдог. Муу талыг нь хэлэх юм бол байшин савыг шатаачихдаг. Нэг өдрийн явдлаас л цаашаа бүх л амьдралын юм үүсч байдаг. Тийм учраас энэ өдөр бие, хэл, сэтгэл гурваараа буян хийж, өөрийхөө сэтгэлийн дээр авьяас тогтолтуудыг гүн гүнзгий тусгаж авахад энэ дүйчэн өдрүүдийн ач тус их байгаа юм. Хэн нэгнийг магтахдаа, алдаршуулахдаа гол нь биш урьд гарсан мэргэдийн түүх бол одоо гарч байгаа шавь нарын дагаж явах ёстой сургаал нь байдаг гэж үг байдаг. Энэ дагуу бол бид Богд ламынхаа намтарыг, их эрдэмтэн мэргэд, Бурхан багшийнхаа намтар цадигийг өөрсдөдөө үйл хэрэг болгохын тулд Багш нарын мэндэлсэн, жанч халсан өдрүүдийг тэмдэглэдэг. Тийм учраас та бүхэн дүйчэндээ сайхан оролцоорой. Энэ өдөр олон сүм хийдүүд буянаа хурааж байдаг. Зарим газруудад бол Бурхан багшийн, Богд ламын сургаалиудыг айлдаж ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг мэддэг хүмүүс нь хийж байдаг. Тэгэхээр та бүхэн энэ өдөр мацаг барьж, нэг өдрийн сахил авч энэ арга хэмжээнд очиж болно. Нэг өдрийн сахил гэдэг бол гайхамшигтай эд шүү. Хүн өөрийгөө удирдах уран чадварыг бий болгож байгаа юм. Тэр өдөр бол амьтны амь таслахгүй, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, гэр бүлээсээ гадуур явахгүй, бие, хэл, сэтгэл гурваараа муу үйл хийхгүй гээдл өглөө ургах нарнаар ам авчихдаг. Нэг өдрийн сахил авна гэдэг нь тухайн өдрөө тэр ам авсан зүйлдээ шимтээд, цагаан хоол идээд, ёс журмыг нэг өдөр барьчихаж байгаа явдал юм.Нэг өдрийн сожон буюу нэг өдрийн сахил санваар нь хүмүүсийн сэтгэлд ирээдүйн сайн сайхны төлөө сайн үйлийн хөрөнгө тогтоож байгаа талаасаа агуу зүйл байдаг.

МБШТөв Гандантэгчэнлин хийд, мөн Монголын Сүсэгтний Холбоо хамтран энэхүү өдрийн арга хэмжээг “Сэтгэлийн ариуслаас Нийгмийн хөгжил” уриан дор зохион байгуулж байгаа. Тэгэхээр Монголын Сүсэгтний Холбооноос Монголын нийт ард түмэн, зон олондоо насны авшиг хайрлаач ээ гэж танд айлтгал өргөсөн байгаа. Ер нь энэ насны авшиг, энэ номны тус эрдэм нь, ер нь энэ авшиг хүртсэн хүн дараа нь юун дээр анхаарах ёстой байдаг юм бэ?

Насны авшиг гэж юу вэ гэхээр ертөнц дээр амьдарч байгаа хүмүүст бол эрхэм чухал зүйлүүдийн нэг бол нас буян, тиймээс урт наслах талаар бодож үзэх ёстой юм. Ялангуяа бурханы шашин шүтэж байгаа улсууд бол шашнаа учир шалтгааны үүднээс шүтэх ёстой. Хүн өөрийнхөө өөрөө дотроос гэгээрдэг, өөрөө урт наслах, өвчин зовлонгүй байх шалтгаанаа өөрөө тарьдаг гэж Бурхан багш айлдсан. Энэ шашинд бол сүсэгтэн хүний хувийн өөрийн хичээл зүтгэл маш их байдаг. Ертөнц дээр энгийн наад талын шүтлэг дотор урт наслах, өвчин зовлонгүй байх, аюул аваар ослоос ангид байх, зүй зохистой сайхан амьдрах, эд таваар элбэг байх гэх зэрэг ертөнц дээр байх энгийн зүйлсүүд байна. Бурхан багшийн сургаалийн онцлогтой, гайхамшигтай нь хүнд ерөөсөө тулгаагүй.Эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдраад энэ насаа дуусгая гэхээр доод төрөлхтөн буюу түүнд зориулсан энэ ертөнц дээр яаж сайхан амьдрах вэ гээд заагаад өгчихсөн. Мөн өөрийнхөө төлөө явъя, энэ зовлонгоосоо салъя гэж байгаа хүнд дунд төрөлхтөний номыг айлдсан байгаа юм. Бүр бусдын сайн сайхны төлөө төгс гэгээрэлд хүрье, энэ олон амьтныг гэгээрэлд хүргье гэж дээдийн төрөлхтөний номонд айлддаг. Энэ номнуудын бүгдийн суурьт юу байгаа вэ гэхээр хүн ертөнц дээр сайн сайхан амьдрахад юу хэрэгтэй вэ гэдэг л юм байгаа. Тэрнийг Бурхан багш ертөнцийн шастир гэдэг номондоо айлдсан. Энэ ёсоор бол урт наслахад олон янзын, тэр цаад талын үйлсүүд ордог. Урт наслахаар жаргалтай сайхан амьдралын шалтгаан бүрдэж байна. Сайн сайхан зүйл хийх бололцоо олж авч байна. Бурханы сургаалийг судалж, шинжилж, буян нүглийг ялгаад, нүгэл хийхгүй буян руу чиглэж байгаа сэтгэлийг үүсгэж болж байна. Үүгээр ч зогсохгүй цаашаа явах юм бол Бурхан багшийн дөрвөн үнэний ёсоор зам мөрт нь ороод төгс гэгээрэлд хүрч болж байна гэх зэргээр урт нас бол цаанаа олон сайхан зүйлийг агуулж байдаг. Тийм учраас урт насны тухайтад бид арга чаргыг хийж байх ёстой болдог. Жишээ нь Бурхандаа даатгалаа хийдэг. Тэр бурханы үүднээс бясалгалаа хийдэг. Тэр бурханы үүднээс зүрхэн тарнийг тоолдог. Тэр бурханы үүднээс зан үйлийг нь хийдэг. Тэр бурханы үүднээс сэтгэл зүрхээ ариулж урт насны төлөө ажил хийдэг. Өөрсдөө тайван уужуу байх, ажил хөдөлмөрөө тааруулан хийж байх, идэх уух гээд л амдралын бүх зүйл орно. Энэ бүгдийг бид бодоод бясалгалаар дамжиж, урт насны төлөө адис жанлавыг нь хүртэж байгаа хэсэг нь бол урт насны авшиг авах юм. Энэ номнуудыг бол ихэс дээдэс ингэж айлдаж, шавь нар нь хүлээж авдаг ийм л сайхан ёс тогтсон юм. Энэ удаа намайг насны авшиг айлдаж өгөөч гэж байна. Тэгээд над шиг юм яадаг юм болдоо гэж бодож байгаа шүү дээ.

Та дэлхийн буддистуудын дээд чуулганы ерөнхийлөгч, тэгэхээр ер нь сүүлийн үед дэлхийн улс орнуудад бараг өдөр болгон шахуу шашин, улс төрийн үл ойлголцлоос болоод сөрөг үр дагавартай үйл явдлууд их гарах болоод байна. Ингэхээр нийгмийн оюун санааны дархлааг тогтооход бурхны шашины гүйцэтгэх үүрэг, нөлөөг та юу гэж харж байна вэ?

Ер нь ямарч ард түмэн, ямар ч удирдагч бүх шашин гараад ир, бид сайхан үндсэн хуультай, бүгдийг ялгалгүй үздэг болсоон гэж Чингис хаан ч бодоогүй, ямар ч удирдагч тэгж боддоггүй. Аль болохоор нэгдсэн үзэл бодолтой, нэгдмэл шашинтай, нэг бүхэл ард түмэн байхын төлөө зүтгэдэг. Гэхдээ шашин соёлыг хүндэтгэх үүднээс бүх хүмүүст шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг нь нээж өгдөг. Хэрүүл тэмцэлгүй байхыг нь засаг төр нь боддог. Шашин ч гэсэн дотроо өөрийхөө зүйлийг агуулж байх ёстой юм. Бурханы шашинд бол энэ бүр тод харагддаг л даа. Яагаад гэвэл номлолоо айлдаж байгаа бурханы сургаалийг л сүсэгтнүүд нь дагадаг. Тэгэхээр манай бурхан юу гэсэн бэ гэхээр алтыг гурван янзаар шинжлэн шижир эсэхийг нь мэддэг лугаа манай шашинд орох үгүйгээ өөрийн оюун ухаанаар сайтар шинжлэн, ойлгож мэдээрэй, тэгсэний үндсэн дээр дагаж ороорой гэсэн. Сонголтыг тэгэхээр хувь хүний, сүсэгтэн хүний эрх болгоод л тавьсан нь өөрөө орчин үеийнхээр бол ардчилсан шинжтэй байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл хувь хүний оюун ухаанд сонголтыг олгосон шашин бурханы шашнаас өөр байхгүй. Үүгээрээ л бурхны шашин гайхамшигтай энэ нь эв зохицол байгаа юм. Үүнийг л дагахгүй бол чи баларна, дэлхийн бүх хүмүүсийг миний хэлсэнд оруул гэх юм бол сүсэгтэн хүн нүүр буруулаад л явчихна. Тэгэхээр өөр үндэстэнд, өөр хэсэг бүлэгт шүтэж байгаа шашныг өөрийнхөө шашинд оруулахын тулд тэднийг заавал их бага хэмжээгээр хэлмэгдүүлж эхэлдэг. Эндээс шашны маргаанууд, хэрүүл тэмцэл гардаг. Тиймээс аль болохоор шашины удирдагчид үүнийг зөвөөр тайлбарлах, бусдыг хүндэтгэдэг байх хэрэгтэй. Хүмүүсийн сэтгэл болгон ондоо байдаг. Амьтан болгон өөр өөр байдаг. Зөвхөн хүн гэхэд 7 тэрбум давтагдахгүй үрс байгаа юм. Тэгэхээр энэ олон өөр бодол сэтгэлтэй хүмүүсийг нэг бодолд авч явна гэдэг бол хэцүү асуудал. Ийм учраас бидэнд зохицол, зөв сургааль хэрэгтэй. Чанд үнэн зөвийг баримталсан зөвийг ялган салгаж мэддэг оюун ухаанаар л бид бие биедээ хандах хэрэгтэй. Өөр арга нь юу вэ гэхээр бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэж байх зохицол юм. Нэгнийгээ эзлэх гэж бусдын нутгийг давж орж ирэх, мөнгө төгрөгөөр далайлгах, сэтгэл санааг нь орчин үеийн элдэв зальтай аргаар ятгах зэрэг бол арай л дээрэнгүй ажил. Шашин болгон өөрийнхөө шашны мэдлэгийг үнэн зөвөөр нь тайлбарлан яриад тэрний үндсэн дээр сүсэгтэн хүн хүлээж авч байгаа бол арай өөр. Тэгэхээр бид нэг нэгнээ хүндэтгэн үзэх, хайрлах, тэрхүн яг над шиг зовлонг хүсэхгүй байгаа, жаргалыг хүсэж байгаа. Хүн гэдэг талаас нь эрхэмлэн бодож хандах юм бол бид эв зохицолтой сайхан амьдарна. Монголчууд бол нэн ялангуяа энэ сайхан шашныг гурав дөрвөн зуун жил шүтээд ирсэн ард түмэн. Эв зохицолын талд бол бусадтай их найрсаг байж чаддаг. Монгол хүн уян хатан, сонин ухаантай, өөрийнхөө үзэл бодлыг урьтаж тавиагүй мөртлөө бусдад их эвсэг найрсаг ханддаг ийм сайхан тал байдаг. Гаднынхан бол яг л ёс заншилаа баримталж байгаа, түүнийхээ дагуу амьдрал ахуй, өөрийн үйл хэргийг удирдаад явж байгаа, тэд нар хамгийн түрүүнд хууль дүрмээ биелүүлэх талаа бодоод явчихдаг гэж би сонссон. Гэтэл өнөөдөр Монгол хүн гадаадад очоод гадаад хүнийг яг монгол хүн шигээ бодож ханддаг. Овгийн ахлагч хүнтэй идэж уудаг юмыг нь идчихсэн, шашны ёслолд нь орчихсон, нүүр аман дээрээ будаг сэлтийг нь түрхүүлчихсэн хүртэл сууж байдаг. Тэгэхээр цаадуул нь Монгол хүнийг яаж ч чаддагүй. Манай Монголын цэргүүд байгаа газар ер бусармаг юм гарахгүй тэднийг хүн гэдэг утгаар нь хүндэлж байгаа учраас буцаад нөгөөдүүл нь хүн ёсоор хүндэлдэг байдал хүртэл харагддаг л даа. Тэгсэн мөртлөө халаасанд нь Сандуйн жүд явж л байгаа, ийм өөрийнхөө үзэл бодлыг хадгалж үлддэг, бусдын үзэл бодлыг ч хүндэтгэчихдэг ард түмэн явсан, бид одоо ч тийм л байх шиг байна.

Та энэ сайхан өдөр Монголын нийт сүсэгтэн олонд хандаад нэг сайхан ерөөл айлдахгүй юу?

Бид тулсан юм аа л ярих ёстой. Эдийн засгийн хувьд дордчихсон байна. Ерөнхийдөө дэлхий ертөнц бас тиймхэн, дайн тулаантай байгаа харагдаж байна. Энд тэнд бослого тэмцэл гарсан, нэг улсын хүмүүс ч хоорондоо тэмцээд явж байгаа явдал ч байна. Энэ болгон бол манай Монгол ардын сайхан үг байдаг, сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэж. Тэр болохгүй, бүтэхгүй бүхнээс сургамж авах хэрэгтэй. Бид хэрвээ даврах юм бол, бид хэрвээ эх орноо гэж бодохгүй юм бол нэг хэдэн төр барьж байгаа хүнээ эх орон шигээ бодоод, эцэг эх шигээ бодоод тэдэнд ялархах юм бол ямар байдалд хүрэх юм бэ. Харин тэдний бусармаг будлиантай явж байгаад нь зөв сайхан сургаалийг нь айлдаад засаж авъя, тэгэхгүйгээр л бачимдаад л, хочлоод л тэднийг өөрсдийнхөө эсрэг юм шиг бодоод чулуу шидээд зэвсэг барих юм бол одоо Сири улс яаж байгааг харж байгаа байх. Хэдэн арав, зуугаараа дүрвээд л, гудамжны хоёр талд буу зоочихоод л бие биенээ буудаад л тэр дунд ах дүү нар байгаа шүү дээ хөөрхий. Ингэж л бодогдох юм. Тэгэхээр бид муугаас нь сургамж, сайнаас нь үлгэр жишээ авч Монголчууд улсаа их тогтуун, тайван байлгаж амьдарья гэвэл хүн бүр уужуу, алсын хараатай сайхан ухаалаг мөн энэрэнгүй байж, өөр өөрийн хийж буй ажил хөдөлмөртөө үнэнчээр зүтгэж байж л энэ гачлантай цагийг өнгөрөөнө дөө. Монголд бол их бололцоо бий гэж боддог. Тийм болохоор дор бүрнээ ажлаа сайн хийе, юм болгоныг болохгүй байна гэж үглээд байлгүй өөрсдөө хийцгээе. Бололцоог нь харин энэ төр засаг сайн тавьж өгөх хэрэгтэй. Битгий хоорондоо хэрэлдэж талцаад өөрийгөө сайн болгох гээд нөгөө намаа муулж ажлыг нь хойш нь татаадзасаг төрөө үнэгүйдүүлэхийг цээрлэх хэрэгтэй. Ард түмнийхээ төлөө үнэн сэтгэлээ үзүүлж, хууль тогтоолоо зөв гаргаж үг заавраа хэлж удирдах нь чухал. Ард түмэн ч тэвчээртэй, ухаалаг байж, засаг төрийнхөө үг, шийдвэрийг сонсож байж л бүгдээрээ босож ирнэ дээ. Бүх юм шүтэн барилдлага юм хойно хэн хэн нь л хичээж байж энэ улс орон сайхан болно доо л гэж бодогдох юм. Тэгэхээр бүгдээрээ эвтэй зүйтэй сайн сайхан байцгаая гэж хэлье дээ.

Бидний урилгыг хүлээн авч Монголын ард түмэндээ хандаж сайхан айлдвараа айлдсан танд баярлалаа. Таны насны буян дэлгэрэх болтугай.

Баярлалаа. Та бүхний ажил үйлс барцадгүй сайхан бүтэж, ард түмэндээ эерэг сайхан мэдээ мэдээллийг үнэн зөвөөр хүргэж байхыг ерөөе.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй