Монголын Бурханы Шашин

10-р сар 09, 2012

Бурханы шашин хэдийгээр Энэтхэгт анх дэлгэрч өөрийн гэсэн Энэтхэг хэв маягтай байсан боловч бусад улс оронд дэлгэрэхдээ тухайн улс оронд буй бурханы шашны үзэл онолтой үл харшлах соёл уламжлал, цаг үетэй нь уялдаж өөр өөр дүр төрхийг гаргаж ирсэн байдаг. Энд Хятад, Япон, Тайланд, Монгол, Төвд, Шриланк зэрэг бусдаас онцлог бүхий бурханы шашинт улс орнуудыг дурьдаж болно. Сүүлийн үед өргөн хүрээг хамран барууны оронд дэлгэрсээр буй бурханы шашин ч бас нэгэн шинэлэг өнгө төрхийг харуулж байна.

Монгол оронд бурханы шашин дэлгэрэхдээ өөрт нь үл харшлах соёл уламжлалыг авахын зэрэгцээ үндэсний хэмээгдэх чамгүй олон соёлыг бий болгожээ. Манай Монголын түүхэн газрууд, дэлхийд гайхагдах эрдэмтэн мэргэд, тэдний бүтээл туурвил, урлагийн болон соёлын үнэт өвүүд гээд тоочоод байвал бурханы шашинтай холбогдох зүйл бишгүй их бий. Энэ бүгдийг дагаад өөрийн эрхгүй “Монголын бурханы шашин” гэх тодотгол гарч ирэх болно. “Монголын бурханы шашин” гэх нэрийн хамт түүнийг үндэслэгч Өндөр гэгээн Занабазар /1635-1723/-ын алдар нэр ямагт дурьдагдах ёстой. Бурханы шашныг дэлгэрүүлсэн номт хаадууд, эрдэмтэн лам нарын үйл хэргийг харахад эгэл жирийн нэгэн байдаггүй нь тодорхой байдаг. Тэдний нэгэн адил Өндөр гэгээн ч бурханы шашны үзэл онолыг бүрэн төгс эзэмшсэн, өөрөөр хэлбэл ариун гэгээрэлд хүрсэн нэгэн мөний тул Монголын бурханы шашны гуравдах дэлгэрэлтийг үндэслээд зогсохгүй бүхэлд нь тодорхойлж чадахуйц агуу их үйлстэн болсон юм. Тэрээр бурханы шашны сонгодог уламжлалыг өвлөн хөгжүүлэхдээ Монгол ахуйд сайтар тохируулж шашны зан үйл, бүтээл туурвилд Монгол хэв маягийг шингээжээ. Юуны түрүүнд лам хуврагуудын хувцас сэлтийг Монголын газар нутаг, цаг агаарын онцлог, ёс заншилтай уялдуулсан нь бусад бурханы шашинт улс орнуудаас онцгойрон ялгарах Монголын гэх гадаад өнгө төрхийг бий болгосон бөгөөд тэр нь өдгөөг хүртэл уламжлагдав. Монгол лам хувцас нь лам нарын зэрэг дэв, эрдэм мэдлэг, сахил санваараас нь шалтгаалан янз бүрийн хэлбэр загвартай байдаг.

Мөн урлаг талаасаа Монголын бурханы шашин нь өөрийн гэсэн дүр төрхтэй. Ихэнхи улс үндэстэн бурхан шүтээн бүтээхдээ өөрсдийн загвар, онцлог шинжээ шингээсэн байдаг. Жишээлбэл бурханы нүүр царайны хувьд улс үндэстэн өөртэйгээ адил төстэй бүтээсэн байх нь элбэг. Бараг бүхий л бурханы шашинт улс орон өөрсдийн бурхан шүтээн, сүм дуганаа барьсан Энэтхэгийн Бодьгаяа хотод энэ жишээг тодорхой харж болно. Өндөр гэгээний хэв маяг нь буддын урлахуй ухааны уламжлалт тиг хэмжээг чанд баримтласны үндсэн дээр Монгол шинжийг бүрэн шингээж нэг ёсондоо буддын урлагийг Монгол хөрсөнд амилуулсан байна. Түүний цул цутгаварын өвөрмөц арга нь зөвхөн Монгол төдийгүй дэлхий дахины урлахуй ухааны түүхэн хөгжилд шинэ нээлт хийсэн гэж эрдэмтэд үздэг. Өндөр гэгээний бүтээсэн “Ногоон Дарь эх” тэргүүтэй олон бүтээлүүд гагцхүү Монгол хэв маягтай, дахин хаана ч үл давтагдах гайхамшигт бүтээл мөнөөс мөн. Үүгээрээ Монголын бурханы шашин нь дэлхий дахинд өөрийн гэсэн жинтэй байр суурь, өргөн орон зайг эзлэх нь гарцаагүй билээ.

Монгол сүм дуганы архитекторын шийдэл нь яахын аргагүй Төвд, Хятадынхаас өөр байна. Өндөр гэгээн эрхий хурууны өндгөн төдий эрднийн чулуунд Бурхан багш, арван зургаан найдан, дөрвөн Махранзыг бүтээж байсан асар гайхамшигт урлахуйн эрдэмтэй нэгэн тул сүм хийдийн хэв загварт Монгол шинж шингээх нь мэдээжийн хэрэг юм.

Хурал номын ая дан Төвдийнхөөс өөр, Монгол ардын эртний уламжлалт аялгуу дуутай зохилдуу байх жишээтэй. Жишээлбэл Өндөр гэгээний зохиосон маанийн бүтээлийн маани татах ая дан нь Монголын уртын дуу лугаа адил сонсогддог уран тансаг аятай. Энэ нь бурханы шашны урлаг Монголын ардын урлагтай нийцэж өвөрмөц шинж төрх олсны нэгэн жишээ мөн.

Монголын бурханы шашны нэгэн онцлох зүйл бол бурханы шашны гуравдугаар дэлгэрэлтийн үе буюу XVI-р зуун болон XVIII-р зууны үед орчуулагдсан “Монгол Ганжуур, Данжуур” юм. Олон улс оронд бурханы шашин дэлгэрч зуун зууныг дамжсан боловч “Ганжуур, Данжуур”-ыг эх хэлнээ орчуулсан нь тун цөөхөн. Монголчууд эрт үеэс Ганжуурын зарим зохиолуудыг түүвэрлэн орчуулдаг байсан бөгөөд хожим Лигдэн хааны /1604-1634/ зарлигаар бүрэн эхээр нь орчуулах нөр их ажлыг бандида Гунгаа Одсэр, дархан лам Самдан Сэнгэ, Билэгт Эрдэнэ да гүүш тэргүүтэй 50 гаруй мэргэд гүйцэтгэж 1629 онд дуусгасан байна. Ингээд уг бүтээлийг хөх болгомол цаасан дэр алт хольсон бэхээр 113 боть болгон бүтээсэн нь “Алтан Ганжуур” хэмээн алдаршсан бөгөөд одоог хүртэл энэ бүтээл Монголын бурханы шашныг тодорхойлох түүхийн нэгэн үнэт өв болсоор байна. “Данжуур” орчуулах ажлыг Монголчууд аль эртнээс эхэлсний нэгэн жишээ бол Чойжы Одсэр 1305 онд “Данжуур”-ын “Бодьсадвын явдалд орохуй”-г орчуулж тайлбар бичин 1000 хувь хэвлүүлсэн явдал юм. Ингээд бүхэлд нь орчуулах ажлыг XVIII-р зууны эхээр Жанжаа хутагт Ролбийдоржын удирдлага дор Монголын олон нутаг хошуунаас сонгогдон ирсэн 200 гаруй орчуулагч гүүш нар маш богино хугацаанд амжилттай дуусгасан буюу 1742-1749 оны хооронд арваадхан жилийн дотор орчуулж, барлан хэвлэх нөр их ажлыг бүрэн гүйцэтгэжээ.

Монголын бурханы шашны бас нэгэн оцлог бол Монгол эрдэмтэн лам нарын зохиол бүтээлүүд юм. Бурханы шашин Монгол оронд дэлгэрэхдээ сургалтын сонгодог хэлбэрийг өөрийн нөхцөлд тохируулсан оновчтой аргыг ашигласан тул буддын их, бага арван ухаанд тэгш мэргэн олон зуун эрдэмтэд төрөн гарчээ. Тэдний зохиол бүтээл нь дан ганц ухаанаар дагнах бус олон ухааныг уран нарийн уялдуулсан байдгаараа бусад улс орны эрдэмтдээс онцгойрч байдаг. Өөрөөр хэлбэл Монголын эрдэмтэн лам нар буддын эрдэм ухаан бүгдэд тэгш суралцаж арван ухааны жигд мэдлэгийг авдаг байжээ. Энэ нь Монголын бурханы шашны сургалтын нэгэн онцлог мөн. Манай эрдэмтэн лам нарын бүтээлийг уншиж судласан хүмүүс өөрийн эрхгүй Монголын бурханы шашин ямархуу хэмжээнд хүрч байсныг дуу алдан магтаж байна, судлан үзэж байна.

Энэ бүгдээс үзвэл Монголын бурханы шашин нь бидний үндэсний соёлд дархлаа тогтоож соёлын үнэт өвийг бий болгоод зогсохгүй эдүгээ дэлхий дахинд Монгол хэмээх нэрийг дуурсгаж чадах үндэсний шашин мөнөөс мөн билээ. Тиймээс эдгээр нь 2000 гаруй жилийн урт түүхтэй Монголын бурханы шашныг “үндэсний” хэмээн тодотгож болох бүрэн дүүрэн үндэслэл мөн юм.

Энэ мэт бурханы шашин нь олон оронд дэлгэрэхдээ гадаад өнгө төрх, зан заншил, адил бус арга барилыг олсон болохоос дотоод үндсэн онол, түүнийг дагагч лам, сүсэгтэн алин бүгдийн ёс суртахуун, явдал мөрийн чиг хандлага Бурхан багшийн айлдсан сургаал зарлигаас алхам ч гажуудах ёсгүй билээ. Тиймээс өдгөө “Монголын бурханы шашин” гэх аугаа нэрийн дор энгийн харчууд нь бөө, бурханы шашин хоёроо ялгахгүй, мухар сүжиг төдийд бурханы шашинтан болдог, лам хуврагууд нь энэ л нэрийн дор архи дарс, шалиг завхайд дурлах, гүрэм дором чухалчилж эрдэм ухаанд суралцах болон сурч мэдсэнээ чандлан хэрэгжүүлэхийг умартах аваас Монголын бурханы шашны цэвэр ариун хөгжилд асар их хор хөнөөл авчрах болно. Монголын бурханы шашин цаашид хөгжих, эс хөгжих нь өнөөгийн биднээс л хамаарна. Тиймээс бурханы шашинтан бид лам, харгүй энэ шашныг үнэн зөвөөр нь хүлээн авч амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх ба ингэсний үр дүнг бодитоор хүлээн авах нь туйлын чухал болоод байна. Ийн чадваас бид “Монголын бурханы шашин”-ы нэгээхэн хэсэг болж хаана ч, хэний ч өмнө түүнийг нүүр бардам төлөөлж чадах бөгөөд энэ л цагт “Монголын бурханы шашин” оршин тогтнох болой.

А.Батцэнгэл

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй