ТАХИЛ ӨРГӨХ ЁСОН

9-р сар 08, 2015

Хязгааргүй олон амьтдын аврал болсон бурхан бодисадва нарт тахил өргөхийн өмнө орон байраа арчиж цэвэрлэх нь нэгдүгээрт болой. Дараа нь лагшин, зарлиг, тааллын шүтээнээ дэлгэнэ. Энэ хоёр үйлийн талаар эхлээд товч тайлбар өгүүлье.
- Орон байраа цэвэрлэж арчих нь бидний өдөр тутам хийдэг ажил бөгөөд ямар ч үйл хийсэн түүнийгээ буянд хувиргах, амар амгалангийн шалтгаан болгох, сэтгэлийг номхотгох аргад урвуулах нь Бодь мөрийн зэргийг анхааран авч хэрэгжүүлэгчдийн зорилго мөн билээ. Үүнтэй уялдуулан нэгэн түүх өгүүлвээс:
Хутагт Ламчүн гэж ой билэг хомс нэгэн байжээ. Энэтхэгийн Шравасти хотод бярманы хөвгүүн болон төрсөн тэрбээр бярман удмын нэр сүрийг хадгалж явахын тулд хар багаас дээдийн номд суралцах гэж өнө оролдсон ч хамаг багш нартаа гологдон , юу ч сурч чадаагүй аж. Эцэг нь өөд болсны дараа аар саар өв хөрөнгөө барж ядарж , гуцаж яваад хувраг болохоор сахил хүртжээ. Ижил нөхөд нь гурван аймаг савын номонд боловсрон билгүүн хийгээд самадын эрдэмд мэргэшиж буйг харавч өөрөө нэгээхэн ч номын үсэг тогтоох хувьгүйдээ
гашуудан уйлж суухад нь Будда таарч, алдарт наян архадын суудаг байсан Зэдабана хийдэд авчираад Ламчүнгийн үйл түйтгэрийг арилгах уран аргын үүднээс түүнд гэлэнгүүдийн улавчийг арчиж , хийдийн хашаа хороог цэвэрлэх үүрэг оноов. Ийнхүү ажиллаж байхдаа "Дүлбан , димбан" буюу "Хирээ арилгая , тоосоо арилгая" гэсэн утгатай хоёр үгийг байнга уншиж бай гэж зааж өгчээ. Ламчүн чин сэтгэлээсээ мөнөөх дүлбан димбангаа уншаад л цэвэрлээд байдаг байж. Нэгэн удаа хашааны хог шүүрдэж байхдаа " Энэ хир тоос гадна талыг хэлсэн юм болов уу , дотор талыг хэлсэн юм болов уу" гэж гайхшран бодолхийжээ. Энэ утганд улам бүр бясалгасаар Ламчин удалгүй билгийн мэлмий нээсэн архад болсон гэдэг.
Бидний амьдарч буй сав ертөнц үйлийн үрд гарсан учраас бидний цэвэрлэх шаардлагатай болдог арилаагүй ариун бус зүйлүүд ч үйлээр буй болсон нь гарцаагүй тул тэдгээрийн бүр эцсийн уг шалтгааныг нь хайгаад байвал нясваанис яах аргагүй мөн юм. Тиймээс өөрийн сэтгэлийн нясваанисыг арилгаваас хир тоос гэх мэт ариун бус үзэгдлүүд ч арилна гэдэг учир шалтгааны үүднээс бодож сэтгэлийн ариуслыг бүтээж байна, хамаг амьтны хилэнц түйтгэр ариусч байна хэмээн бодон орон гэрээ цэвэрлэвэл утга төгөлдөр үйл болно. Энэ бол мухар сүсэг төдий зүйл биш юм. Бурханы ариун дагшин оронд арчиж цэвэрлэх хаанаас байх вэ, тэдний бүхий л бие гэрлийн мөн чанартай хэмээн номлодог билээ.
- Дараа нь бурхан шүтээнээ залах нь: Бурхадын лагши
н, зарлиг, тааллын шүтээн түүнийг залсан дараалал нь мөрийн дараалалтай зохилдсон байваас нэн сайн. Ямар ч үед шашины эзэн учраас Бурхан багшийг голлуулан зална. Багш нар нь өөрийг бодитойгоор адислагч мөн тул багш нарынхаа хөргийг Бурхан багшийн баруун зүүн талд зална. Түүний дараа ядам бурхадын дүрийг зална. Түүний дор дээдийн хувилгааны лагшингийн байдалт бурхадын дүрийг зална. Түүний дор бодисадва болон баатарлаг дагинас, хамгийн гадна талд номын сахиус \ертөнцөөс хэтэрсэн дөрвөн махранз болон таван хаан тэргүүтэй номын сахиус\ нарын дүрийг зална.
"Хичнээн нандин шүтээн байсан ч зарлигийн дээр лагшинг бүү тавь" хэмээн номлодог. Зарлиг гэдэг нь тааллын шүтээн буюу ном судрыг өгүүлж буй бөгөөд
ном судрын дээр Бурхадын лагшин дүрийг битгий тавь гэсэн үг юм. Бурханы дүрийг ч тавьж болохгүй байхад үзэг,нүдний шил тэргүүтнийг ч тавихыг цээрлэх хэрэгтэй. Яагаад гэвэл бурхадын дүр хичнээн адистадтай ч, самадийн ялгамжаат эрдмийг олоогүй эгэл бид нар тэдний зарлигыг ном судруудын ачаар л мэдэж авдаг.
- Одоо тахилын хэсэгтээ оръё. Юуны түрүүнд хамаг амьтны ачаар эдгээр тахил бий боллоо хэмээн бодоорой. Мөн тэдгээр бүх амьтдын хамтаар тахил өргөж байна гэж санана.
<Тахилыг башир хуурмаггүй хийгээд үзэсгэлэнтэй сайхан бэлтгэх ёс нь тахилын цөгц дээд сайн нь алт мөнгө, дунд сайн нь зэс хүрэл, эдгээр эс учирваас модон тагш тэргүүтэн аль нэгэн саванд тавиг \тахилын\ ус, өлмий сэрүүцүүлэгч ус бүгдийг хялбар ном, төлөөсний ном, дуурайн гүйх мэт бус чин сэтгэлээсээ бэлтгэх хэрэгтэй. Тэр нь ч энэ насны ашиг хонжоог олох болон алдар нэр, сайшаал магтаал тэргүүтнийг хүсэлгүйгээр эх болсон хамаг амьтны тусад түргэнээс түргэн үнэнхүү төгс гэгээрсэн бурханы хутаг их эрдэнийг юу болсон ч олж үйлдэе, түүний тулд чухаг дээдийг тахъя хэмээхийн үүднээс бэлдвээс бэлдээчинд ч ач тус байх хийгээд бэлдсэн тэр нь ч хэрэг лугаа төгөлдөр болох учраас тэр мэт бэлдэх хэрэгтэй.> хэмээн эх шастирт заасан байна.
Тахилын гол нь хоёр ус, чухал эдлэл, хөгжим сэлт болно.
Үүний хоёр ус гэдэг нь тавиг ус, өлмий сэрүүлэгч ус болой. Чухал эдлэл гэдэг нь цэцэг, хүж, зул, үнэрт ус, амны идээ эдгээр тав билээ. Энэ нь энэтхэгийн эртний уламжлалтай холбоотой юм. Зочидод эхлээд цангаа тайлах тавиг ус өргөж, дараа нь ихэнхидээ хөл нүцгэн явах тул өлмий сэрүүцүүлэгч ус өргөх, оройд нь цэцэг, үнэрлэгчид нь хүж, мэлмийд нь зул, таалалд нь \бие\ үнэрт ус, хэлэнд нь амны идээ, сонорт нь хөгжмийн эгшиг өргөх зэргээр дэс дараалчлан өргөдөг. Төвд болон Монголд усан тахилыг өргөх ёс өргөн дэлгэрсэн билээ. Энэ нь Жову богд анх Энэтхэгээс Төвдөд морилоод төвд нутгийн цэнгэг усыг машид таашаасан болон ер нь усанд өөр өөрийн үр дагавар бүхий найман шинж чанар байдаг гэж үздэгээс үүдэлтэй.
Дээр өгүүлсэн бүх төрлийн тахилыг бүгдийг усаар орлуулж долоон уст тахилыг өргөж болно. Энэхүү тахилаа өглөө бүр шинэчлэн өргөхдөө: Эдгээр бодитой бөгөөд бясалган бүтээсэн \нэг тахилын эдийг долоо болгон, дахин тэр долоо нь дөчин ес болох гэх мэт цааш арвижуулан бясалгахыг хэлнэ\ тахил бүхнийг энд буй болон энэ орчлонд буй бүхий л суврага, шүтээнүүд, хийд орнуудад олонтаа өргөснөөр, тэдний хир үгүй ариун таалалд их амгалан төрүүлье хэмээн бясалгаад зурхэн тус газраа алгаа хавсран мөргөнө. Мөн бүхий л там, бирд, адгуусан, хүн, асур хийгээд тэнгэр нарт тахилаар өглөг барьж байна хэмээн сэтгээрэй.
Тахил өргөх орон болсон бурхан бодисадва тэргүүтэнд, тахил өргөсөн нэгэнд баясах, тахил эс өргөсөнд нь үл баясах гэсэн ялгамжаа байхгүй билээ. Харин тахил өргөснөөр тахилчин өөрөө буян хураадаг жамтай. Өөрт байгаа идээ унд болон, ганц ширхэг зул байсан ч түүнийг өргөсөн буян нь их хөлгөний ном болох уу, бага хөлгөний ном болох уу, эсвэл буян төдий болох уу гэдэг нь гагцхүү сэтгэлийн сэдлээс харгалзана. Түүнийг энэ насны өвчин зовлон,саад тотгорыг арилгаж ажил үйлс бүтээхийн тухайд зориулан өргөвөөс буян болохоос ном эс болно. Харин хойд төрөлдөө муу заяанд унахаас айж, тэнгэр ба хүний төрөл лугаа өндөр язгуурыг олохын тухайд өргөвөөс буян болохын дээр бага хөлөгтний ном болно. Түүнээс цаашлаад орчлонгоос гэтлэхүйн тухайд зориулваас дунд төрөлхтний ном болно. Түүнээс илүү чин зориг үүсгэн эх болсон зургаан зүйл хамаг амьтныг татахын тухайд буян хураая хэмээн зориод өргөвөөс их хөлгөний ном болно. Сүм хийдэд очиж ном айлтгуулж буян хийхдээ ч энэ адил сэтгэлээр ном уншуулж байваас цаглашгүй их буян хураах хийгээд их хөлгөний ном ч болж болох ялгамжаа байгаа тэр аньсыг мэдэх хэрэгтэй юм.
Бром Чойжижалбуу айлдахдаа:
" Энэ насыг бодвоос ном биш
Үүнээс хойдыг бодвоос ном мөн" хэмээжээ.
Тахил өргөхдөө "Үнэний хүч"-ийг урин уншсаны ач тус нь энэхүү залбиралд огторгуй лугаа тэнцэх их тахилыг сайтар бясалгасан тул сэтгэлдээ бүтээсэн тахил бүхнийг тань бурхад бодисадва нар соёрхон хүртэнэ.

Үнэний хүчний дэлгэр залбирал

Ханьцашгүй чухал дээд гурван эрдэнэ,
Хамаг бурхад бодисадва нарын их адистит,
Хоёр их чуулганы хөлгүй баялаг далай,
Хиргүй ариун бөгөөд энгүй их эд юмс тэргүүтний үнэний хүчээр,
Хутагт Самантабадра, Манзушри тэргүүтний хувилгаанаар,
Огторгуй лугаа үшлгүй ихээр арвидсан эдгээр үүлэн тахил,
Арван зүгийн хамаг бурхан бодисадва нарын мэлмийн өмнө бүтээгдсэнээр
Агуу их тэр чуулган даяараа хүртэн баясаж соёрхох болтугай.


Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй