Төвдөд бурханы шашин дэлгэрсэн товч түүх

10-р сар 09, 2012

Төвдөд бурханы шашин дэлгэрсэн түүхийг түрүү болон хожуу үеийн дэлгэрэлт хэмээн хоёр хуваадаг. Түрүү үеийн дэлгэрэлт нь Төвдийн нэгдсэн улс байгуулагдсан VII зуун буюу Соронзангамбо /617-649/ хааны үеэс эхэлсэн гэж үздэг. Соронзангамбо хаан өөрийн дотны түшмэл Тонми Самбода тэргүүтэй олон элчийг Энэтхэгт илгээж бурханы номд суралцуулсан бөгөөд түшмэл Тонми Самбода Энэтхэгийн санскрит хэлний үсэг зүйг үндэслэн төвд цагаан толгой зохиож судар ном орчуулж эхэлсэн байна.

YIII-р зууны үе буюу Тисрондэзан /742-797/ хааны үед Энэтхэгээс Шантаракшита, Бадмасамбхава, Гамалашила тэргүүтэй Энэтхэгийн их багш нарыг урин залж бурханы шашныг дэлгэрүүлсэн нь бурханы шашны эрчимт хөгжлийн үеийн эхлэл болсон юм. Хааны заллагаар эхэндээ Шантаракшита багш ёс суртахуун болон хоосон чанарын сургаал номлолыг айлдсан бөгөөд хожим ловон Бадмасамбхава багшийг залж нууц тарнийн номлолыг дэлгэрүүлсэн байна. Түүнээс хойно нэгэн цагт Хятадын Махаяана гэгч хуушаан Төвдөд ирж буруу номлол дэлгэрүүлснээр олон хүний үзэл буруудах цагт ловон Гамалашилаг залснаар хуушааны үзлийг няцааж хүн ардыг буруу үзлээс аварч чадсан билээ. Энэ үед Төвдөд бурханы шашны анхны хийд болох Самъяа хийд байгуулагдсан бөгөөд Шан Еши Дэ, Жогро Лүйе Жалцан, Гава Балзэг гэх алдарт гурван орчуулагч төрөн гарч бурханы шашны асар их сургаалыг Төвд хэлнээ орчуулсан байдаг.

Үүний дараа IX-р зуун буюу Ти Ралбажан /817-836/ хааны үед Кашмерийн их багш Зинамидраг залсан ба бурханы шашны ном зохиол орчуулж барлах, хуучин орчуулгыг ариутган шүүх, өөрөөр хэлбэл Төвдийн “номын хэл” гэх шинэ хэл бүрэн гүйцэд ашиглагдах болсон тэргүүтэй бурханы шашны сургаал номлолыг дэлгэрүүлэх үйл ажил асар өргөжсөн боловч Ландрам хаан төрд гарснаар бурханы шашныг устгаж үгүй хийжээ. Үүгээр Төвдийн бурханы шашны түрүү үеийн дэлгэрэлт төгссөн байна.

Ландрам хааны дараа X-р зууны үед бурханы шашин ахин сэргэж хожуу үеийн дэлгэрэлт эхэлсэн бөгөөд энэ үйл хэрэгт Энэтхэгийн их багш Жову Адиша гэгээн үлэмж гавъяа байгуулсан юм. Тэрээр 1042 онд Төвдөд заларч их хөлгөний сургаал номлолын дагуу Төвдийн бурханы шашинд шинэчлэл хийн цоо шинэ өнгө төрх бүхий бурханы шашныг бий болгосон байна.

Төвдийн бурханы шашны урсгалууд

Төвдийн бурханы шашин түүхэн явцдаа хэд хэдэн чиглэлийг баримталж байснаар Төвдийн бурханы шашны гол таван урсгал бий болсон байна. Нинма, гаадамба, сажа, гаржүд, гэлүг буюу шарын шашин гэх эдгээр гол таван урсгал нь газрын нэрээр, бясалгаж буй увидсаараа, тухайн урсгалыг үндэслэгч багшийн алдар нэрээр тус тус нэрлэгдсэн байдаг. Тиймээс эдгээр урсгалууд бурхан сахиус, зан үйл, дэг жаяг, сахил санваар, өмсгөл хувцсын тал дээр ялгарч харин Бурхан багшийн айлдсан нэг л үзэл онол дээр тулгуурласан байдаг тул өөр хоорондоо зөрчилдөх шалтгаан нэгээхэн ч байдаггүй.

Нинма

Төвдийн бурханы шашны анхны урсгал болох “нинмава”-ын урсгал нь ерөнхийдөө Ловон Бадмасамбхавын сургаал номлол дээр тулгуурласан, нууц тарнийн ёсыг голлосон урсгал бөгөөд YIII-р зууны үе буюу түрүү үеийн дэлгэрэлтийн үед бий болсноороо нинма /хуучин/ хэмээн нэрлэгдсэн байна.

Гаадамба

X-р зууны үед бурханы шашныг цэвэр ариунаар дэлгэрүүлсэн Жову Адиша гэгээний сургаал номлол дээр үндэслэсэн урсгал. Гаадаамбын урсгал нь ёс суртахууныг чанд сахихын сацуу нууц тарнийн номлолд машид нуун суралцдаг ёс тул хожмын Богд Зонховын сонгодог шашин ч үүн дээр үндэслэсэн гэж үздэг.

Сажа

XI-р зууны эхээр сажын ёс үүссэн байна. Сажа /цайвар шороот/ гэдэг нь тухайн урсгал дэлгэрсэн газрын нэр хэмээдэг. Анх лозава Хон Гончигжалбу нинмавын урсгал буюу хуучны увидас дээр түшиглэн шид олох хэцүү болсноос улбаалж Төвдөд урьд дэлгэрээгүй шинэ увидасуудыг Энэтхэгээс залан цайвар шороотой газар нэгэн хийд барьснаар сажа гэх шинэ урсгал гарсан байна. Сажавын ёс нь XII-р зууны үед Төвдөд голлох нөлөөтэй болсон бөгөөд XIII-р зууны үед Монголд дэлгэрсэн билээ. Энэ урсгал Монгол оронд бурханы шашин дэлгэрэхэд голлох үүрэг гүйцэтгэсний нэгэн жишээ бол сажа бандид Гунгаажалцангийн зохиол “Эрднийн сан Субашид” одоог хүртэл ард түмний дунд Монгол эх хэл дээр өргөн дэлгэрсэн явдал юм.

Гаржүд

XI-р зууны сүүлээр их бясалгагч Марба лам /1012-1097/ гаржүд хэмээх урсгалыг үндэслэсэн байна. Тэрээр Энэтхэгт олон удаа их бэрхшээлийг сөрөн очиж Нароба тэргүүтэй олон багш нарыг шүтээд нууц тарнийн олон увидас хүртжээ. Энэ урсгалын лам нар хатуу чанд бясалгалыг голлож ихэнхдээ аглаг дияаныг шүтдэг бөгөөд гол төлөөлөгч нь их бүтээлч Мял богд/1040-1153/ юм. Гаржүдийн урсгал нь дотроо их, бага хэмээн хэд хэд салбарласан байдгийн нэг нь гармавын урсгал бөгөөд III-р жаранд мэндэлсэн Гарма Дүйсүм Чинба үндэслэжээ. Тиймээс гармабын энэ урсгал нь үндэслэгч багшийн алдраар нэрлэгдсэн байна.

Гэлүг /шарын шашин/

Хэдийгээр үндсэн номлол, үзэл онолд зөрүүтэй сургаал байхгүй ч өөр өөрсдийн урсгалд туйлширсны улмаас Төвдөд шашны төлөв байдал үндсэн замаасаа хазайхад хүрсэн XIY-р зууны үед Богд Зонхов /1357-1419/ өөрийн сургаал номлолоо гаргаж ирсэн бөгөөд энэ үеэс эхлэн шарын шашны үндэс тавигдсан байна. Энэ урсгалыг үндэслэгч Богд Зонхов нь гаднаа сахил санваар, нарийн дэг жаягийг чандлан сахих бөгөөд дотроо нууц тарнийн агуу их явдлыг эрхшээсэн нэгэн байсан тул судар, тарнийн сургаалыг хослуулсан гайхамшигт бөгөөд сонгодог хэлбэр бүхий бурханы шашны шинэ нэгэн урсгал үүссэн юм. Шарын шашин нь цэвэр ариун явдлын ёс зарчим, агуу их үзэл онлын үүднээсээ бусад урсгалаас үлэмж онцгой шашин гэгддэг бөгөөд энэхүү шашныг шүтсэнээр гэгээрэлд хүрэгсэд нэн их төрөн гарсан нь уг шашны үнэн чанарыг харуулсан хэрэг мөн.

А.Батцэнгэл

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй