Хорин нэгэн Дарь-эх

7-р сар 07, 2014

Монголчуудын дунд ногоон Дарь-эх /Должан/ гэж алдаршсан Дарь-эх бурханы гарал үүсэлийн тухай шашны номлолын дагуу өгүүлбэл: маш олон галавын өмнө Нацаг-Од гэдэг ертөнцөд Бурхан Адаа гэдгийн үед шашинд их сүсэгтэй Ишдаваа гэдэг бүсгүй бурхан нөхөр сэлтэс зориулж цаглашгүй их тахил үйлдсэнээрээ бодь сэтгэлийг эрхшээхүй дор бурханы олон гэлэнгүүд Ишдаваа бүсгүйд чиний энэ их ариун буян үйлдсэний хүчээр эр төрлийг олж шашин амьтанд туслах ерөөл тавих хэрэгтэй гэсэнд эрэгтэй хүмүүс нь бурхан Бодьсадва нарын дүрээр амьтанд тусалж байгаа нь маш олон, харин бүсгүйн байдлаар амьтны тусыг бүтээгч нар ховор тул орчлон хэзээ хоосрохыг хүртэл бүсгүйн дүрээр амьтанд туслая гэдэг тангараг тавьж бясалгал бүтээлий үйлдэж самади бясалгалын даяаныг олж гаслант амьтанд цаглашгүй тус хүргэсэнээр Ишдаваа гэдэг нэр өөрчлөгдөн Дулмаа /Гэтэлгэгч эх/ гэдэг алдарыг олжээ. Дарь-эх бурхан амьтны тусын тулд тухайлбал нас богино хүмүүст насны шид бүтээлийг өгөхөөр Цагаан дарь-эх /Долгор/ эрх багатай нугуудад их эрхийг олгохын тулд Ригжидма /Гүргүли/, оюун билэг доройтонд билэг оюуныг өгөгч Янжма /Сарасвати/, зөөлнөөр эс дийлдэгч нарт Балдан Лхам зэрэг олон байдлаар хувиран амьтны тусыг бүтээдэг гэж буддын шашны ёсонд үздэг юм. Монголд түгээмэл дэлгэрсэн  ногоон Дарь-Эх нь энэтхэг, төвдөөр дамжин ирсэн Жовужын ёсны Дулам гэх буюу Сэндэннагжийн Дулам гэдэг Дарь-эх юм. Энэтхэгийн бандида Жовужи гэж алдаршсан Балдан Адиша /982-1056/ нь олон бурхадын дотроос Дарь- эхийг голлон шүтсэн бөгөөд Дарь-эхтэй нүүр учирч ярилцаж байсан тухай түүний намтар болон бусад номонд гардаг юм. Дарь-эхийг Бадамлянхуа цэцгийн мандал дээр Маргад эрдэнэ мэт ногоон өнгөтэй, нэг нигүүр, хоёр мутартай, баруун өлмийгөө сунгаж зүүнээ хумин суусан үзэсгэлэн гоо идэрхийн жавхаа төгс бүсгүйн байдлаар урлагийн олон төрлөөр бүтээж ирсэн байдаг. Дарь-эхийн төрх байдал болон эрдэм чадлын байдлаар энэтхэг, төвд, монголын олон эрдэмтэдийн олон зохиол бүтээл байдгаас төвдийн нэгдүгээр далай лам Гэнэндүвийн /1391-1474/ зохиосон Лэгбрэй /Сайхан зурагт/ гэж алдаршсан “Сэндэнгийн цэцэрлэгийн Дуламын магтаал мэргэдийн оройн чимэг” хэмээх номонд Дарь-эхийн үзэсгэлэн гоо, оюун чадалыг яруу найргийн аргаар маш чадамгай шүлэглэсэн байдаг бөгөөд монголын олон зуун сүм, хийдийн хурлын уншлагад уншсаар ирсэний дээр одоо Гандан хийдэд сар бүрийн шинийн найманд хурдаг Дарь-эхийг тахих зан үйл “Мандал шиваа” гэдэг чогт үргэлж уншдаг юм. Гурван цагийн бурхадын  үйлс бүхэн нэгэн дор хурагдсан Дарь-эх бурханыг энэтхэгийн Адиша, төвдийн Дагпул Лувсандамбийжалцан, монголын Дандарлхаарамба Түвдэн рабжамба нар гол шүтээнээ болгон тахиж ирсэн байна.

Дулам зонхор сүм /Дарь- эх гол нөхөр гурав/

Үүнд: Ногоон Дарь-эх голлосон. Баруун доод талд Осоржан гэрэлтэн алтан өнгөтэй амирлангуй байдалтай, зүүн доод талд Ралжигма/нэгэн шанхаг эх/ бараан өнгөтэй догшин байдалтайгаар бүтээсэн. Дарь-эх, Осоржан, Ралжигма гурвыг “Дулам зонхор сүм” гэж нэрлэж иржээ.    

Хорин нэгэн Дарь-эх

 

1.            Нүршин бавын Дулам /түргэн агаад баатар Дулам/. Дайсан тотгор тэрсүүдийн хөнөөлийг арилгагч Нүршин бавын Дулам нь улаан өнгөтэй сүр хилэнт байдалтай, нэг нигүүрт, хоёр мутарын баруунаа сунгаж бумба барьсан, зүүнээ хумиж удвал барьсан, элдэв эрдэнийн чимэг бүхий хормогч биедээ өмссөн байдалтай оршино.

2.            Донгойн ба дар гарвын Дулам /Намрын саран адил цагаан Дулам/. Өвчин ад тотгор, үл зохилдох мууг амирлуулагч Донгойн дадар гавын Дулам нь намрын тунгалаг саран адил өнгөтэй, нэг нигүүр, баруун мутраа сунгасаны алган дээр өвчин ад тотгорыг арилгагч цагаан бумба барьсан, зүүнээ хумьсан байдлаар оршино. 

3.            Сэрдогжанжын Дулам /Алтан өнгөт Дулам /. Нас хийгээд төгс эдлэлийг аривжуулагч Сэрдогжанжын Дулам нь алтан шар өнгөтэй, бясгалантай байдалтай, баруун мутартаа нас буян, эд таваарыг аривжуулагч бумба барьсан байдлаар оршино.

4.            Цэпэл Дулам /Нас аривжуулагч Дулам/. Насан хишиг хайрлагч Дулам нь шар өнгөтэй, нэг нигүүрт, баруун мутараа сунгаж насан хутгыг нэмэгч шар өнгийн бумба барьсан байдлаар оршино.

5.            Хум да догвын Дулам /Хум дууг дуурсгагч Дулам/. Эмэгтэйг эрхэнд хураагч Хум да довгын Дулам нь улаан өнгөтэй, хилэнт догшин байдалтай, нэг нүүрт, хоёр бурханы баруундаа бүсгүй хүний сэтгэлийг уяраан татах бумба барьсан байдлаар оршино.

6.            Жигдэнсүмжил Дулам /Гурван ертөнцийг ялагч Дулам/. Ишүра тэнгэр, савдаг зэрэг их чадалтаны боол болгож Жунба /бүдиис/ гэх буюу үл үзэгдэгч хүн бусын хорлолыг даран номхотгогч Жигдэнсүмжил Дулам нь улаан, хар үймцсэн өнгөтэй, ялимгүй догшин байдалтай, нэг нүүрт, баруун мутраа сунгаж Жунбыг согтоон үйлдэгч бумба барьсан байдлаар оршино.

7.            Шанжын тү жонбын Дулам /Бусдын хүчийг дарагч Дулам/. Хараал, зүхэл, арвис тарнийн хорлолыг дарагч Шанын тү жонба нь хар бараан өнгөтэй, амаа ангайсан, хилэнт байдалтай, нэг нигүүрт, баруун мутраар бусдын арвис тарнийн хорлолыг буцаах бумба барьсан байдлаар оршино.

8.            Дүдда жонбын Дулам /Шулмас дайсаныг дарагч Дулам/ Шулмас хийгээд дайсан тотгорыг дарагч Дулам нь улаан хүрэн өнгөтэй, догшин дүртэй, нэг нигүүрт баруун мутартаа мэсэн хурыг буулгаж дайсаныг дарах бумба барьсан байдлаар оршино.

9.            Гончигсүмцон Дулам /Гурван эрдэнийг билэгдсэн Дулам/. Амьтныг энэ хойдын хорлол ба аюул бүхнээс авран хамгаалах гурван эрдэнийг билэгдсэн Дулам нь цагаан өнгөт, амирлангуй идэр залуугийн байдалтай, нэг нигүүрт, баруун мутартаа аюул бүхнийг аврагч бумба барьсан байдлаар оршино.

10.          Жигдэнбандүдма /Ертөнцийг эрхэнд хураагч Дулам/. Шумнас, тэрсүүд буруу үзэлтийг номтгогч Дулам нь улаан өнгөтэй, тачаангуй байдалтай, баруун мутартаа шумнасын омгийг дарагч бумба барьсан байдалтай байна.

11.          Пунсалдулам /Хоосролыг арилгагч Дулам/. Үгээгүй ядуу хоосоныг арилгаж амны хишгийг аривжуулагч Пунсал Дулам нь улбар шар өнгөтэй, нэг нүүрт, баруун мутартаа хоосоныг арилгагч бумба барьсан байдлаар оршино.

12.          Дашжунавын Дулам /Өлзийг гаргагч Дулам/. Өлзий хутаг сайн сайхныг хайрлагч Дулам нь алтан шаргал өнгөтэй, амирлангуй байдалтай, баруун мутартаа өлзий бүгдийг өгөгч бумба барьсан байдлаар оршино.

13.          Мэдарбарвин Дулам /Гал мэт бадрагч Дулам/. Саад тотгорыг арилгагч дулам нь улаан өнгөтэй, соёогоо ярзайлган гурван нүдийг эргэлдүүлсэн догшин дүртэй, баруун мутартаа саад зэтгэрийг арилгах бумба барьсан байна.

14.          Тониржанма /Хилэнт атираат Дулам/.Саад зэтгэрийг хатган арилгагч Дулам нь хар бараан өнгөтэй, ялимгүй хилэнт атираат үзүүлсэн байдалтай, баруун мутартаа саад зэтгэрийг хатган арилгагч бумба барьсан байдалтай.

15.          Шивочинму /Их амирлуулагч Дулам/ Хилэнт түйтгэр, муу авъяас, ариун бусыг арилгагч Дулам нь цагаан өнгөтэй, баруун мутартаа хилэнцийг арилгагч бумба барьсан байна.

16.          Ригва хунлай Дулам /Ухааныг Хумаас гаргагч Дулам/ Оюун ухааныг аривжуулагч Дулам нь улаан өнгөтэй, баруун мутартаа оюун билэгийг аривжуулдаг бумба барьсан байна.

17.          Жигдэн сүм ёовын Дулам /Гурван ертөнцийг хөдөлгөгч Дулам/ Дайсан, хулгай, дээрэмийг арилгагч Дулам нь Гүргүмийн туяа тогтсон адил улбар шар өнгөтэй, амирлангуй байдалтай, баруун мутартаа бусдын муу зүхлийг арилгагч бумба барьсан байна.

18.          Дүгсэлжидма /Хорыг арилгагч Дулам/. Лусын хорлолыг арилгагч Дулам нь саран адил агаан өнгөт амирлангуй, баруун мутартаа хорыг арилгагч бумба барьсан байна.

19.          Дунсалсэлвийн Дулам /Зовлонг арилгагч Дулам/. Хэрүүл тэмцэл, муу зүүд зэрэг зовлонг арилгагч Дулам нь цас уулсын туяа адил цагаан өнгөтэй, баруун мутартаа зовлонг арилгагч бумба барьсан байна.

20.          Римнадсэлвийн Дулам /Хижиг өвчнийг арилгах Дулам/ Хижиг өвчин тахлыг арилгах Дулам нь улаан шар өнгөтэй, баруун мутартаа өвчин тахалыг арилгах бумба барьсан оршино.

21.          Пэрэнлэйдүвжид Дулам /Үйлсийг бүтээгч Дулам/. Амирлангуй, дэлгэрэх, эрхэнд, татах зэрэг бүх зүйлийг бүтээгч Дулам нь цагаан өнгөтэй, баруун мутартаа элдэв шид бүтээлийг өгөгч бумба барьсан байдаг.

Дээрхи 21 Дарь –эхийн товч байдлыг IБанчин лувсанчойжанцангийн зохиосон “Жовужийн ёсны 21 Дарь-эхийг бүтээх арга хоёр шид бүтээлийн гуу сан” гэдэг зохиолоос товчлон бичлээ. Үүнээс гадна Цахар гэвш Лувсанцүлтэмийн зохиол “21 Дарь-Эхийн Дүвтав Сувдан эрхи” хэмээхийг үзхэд дээрхтэй адилхан шахуу зохиогджээ.

 

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй