Шашин судлалын тэнхим

11-р сар 12, 2012

1994 онд Философийн тэнхмийн дэргэд Буддын философийн салбар нээгдэж, улмаар 1999 онд Буддын судлал ба Шашин судлал гэсэн хоёр салбартайгаар Шашин судлалын Тэнхим байгуулагдсан юм. Тэнхим анх байгуулагдахад Монгол Улсын гавъяат багш, академич С.Норовсамбуу, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэн зэрэг нэрт судлаач эрдэмтэд ажиллаж байлаа. Тэнхмийн анхны эрхлэгчээр шинжлэх ухааны тэргүүний ажилтан, профессор Г.Лхагвасүрэн ажиллаж байв. Тэнхмийн ихэнх профессор багш нар Буддын болон Шашин судлалаар 20 гаруй жил ажилласан туршлагатай эрдэмтэд болно.

Ихэнх монголчууд Буддын шашин шүтдэг, тэгээд ч Буддизм нь Монголын соёлын нэгэн салшгүй том хэсэг мөн учраас Буддын судлал нь тэнхмийн сургалт, судалгааны дийлэнх хэсгийг эзэлдэг. Дорно дахины соёлын томоохон илэрхийлэл болох Буддизм дахь олон салбар ухаанаас Буддын гүн ухаан нь тэдгээрийн гол тулгуур нь мөн. Тэнхмийн судлаач багш нар эртний Энэтхэг, Төвд, Монголын буддын гүн ухааны сурвалж бүтээлүүдийг судлан орчин үеийн монгол хэлээр хэвлэн залуу хойч үеийнхээ хүртээл болгож, Буддын философи сэтгэлгээг уламжлан дэлгэрүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирлээ. Монголчуудын дунд хадгалагдан бидний үед хүрэлцэж ирсэн Буддын утга соёлын өв сангаас сургалт, судалгаандаа аль болох өргөн хэрэглэхийг бид зорьж байна. Тэгээд ч монгол болон төвд хэл дээрхи буддын гүн ухааны сурвалжуудыг судлах нь сургалт судалгааны үндсэн агуулга болж байгаа ба мөн 2005 онд тэнхмийн дэргэд байгуулагдсан Буддын ба Санскрит судлалын төвийн урилгаар жил бүр Энэтхэгээс санскрит хэлний багш уригдан ажиллаж, санскрит нэр томъёог судалгаандаа хэрэглэх боломжийг олгож байна.

Монгол дахь шашин судлалын гол шинжилгээг МУИС-ийн Шашин судлалын тэнхим хариуцан гүйцэтгэдэг бөгөөд тус тэнхимийн энэ чиглэлээр мэргэшин туршлагажсан судлаач багш нарын эрдэм шинжилгээний баг орчин үеийн Монгол дахь Шашин судлалын чиглэлээрхи үндсэн төслүүдэд хамрагдан ажиллаж байна.

Шашин судлалын тэнхимээс 2004 онд хот хөдөөгийн 1000 гаруй иргэдийн дунд явуулсан социологийн судалгаанд оролцогсдын 72% нь сүсэгтэн, 28% нь сүсэг бишрэлгүй гэж хариулсан юм. Нийт сүсэгтний 81% нь Буддын шашин, 2% нь бөө мөргөл, 1% нь Буддын ба бөөгийн шашныг хамтад нь, 9% нь Христосын, 6% нь Ислам, үлдсэн нь бусад шинэ шашин шүтдэг гэсэн дүн гарчээ.

XX зууны эхэн гэхэд Монголд 110000 орчим буюу нийт эрэгтэйчүүдийн 1/3 нь лам хувраг байж, 800 орчим сүм хийдэд шавилан сууж, ҮНБ-ийн 20 орчим хувийг эзэмшиж байв. 1921 оны хувьсгалаар төрийг коммунистууд удирдах болсон нь монголчуудын шашин шүтлэг ба төрийн хоорондох харилцааг хүндрүүлсэн юм. 1932-1937 оны хооронд коммунист үзэл сурталд нийцээгүйн улмаас 17000 гаруй хүнийг баривчлан цаазалсны ихэнх нь лам хуврагууд байжээ. XX зуунд монголчуудыг бүх нийтээр нь бичиг үсэгтэй болгосны үрээр инженер техникийн ажилтнууд, эмч багш нар, шинжлэх ухаан ба соёл урлагийн зүтгэлтнүүд олноороо төрөн гарсан хэдий ч хуучин соёлыг халж, шинэ соёлыг бүтээх үйл хэрэг нь "Хуучны үлдэгдлийг" марксизмаар солих шаардлагад нийцэх хэрэгтэй байлаа. Харин 1990 оны ардчилсан хөдөлгөөн сүсэг бишрэлийн эрх чөлөөг шинээр сэргээсэн юм. 1990-ээд оноос хойш байгуулагдсан 300 гаруй сүм хийд, мөргөлийн газрын дийлэнх нь Буддын шашны сүм хийд боловч Протестант, Католик, Бахай, Ислам шашны байгууллагууд бий болсоор байна. Хэдийгээр монголд төрийн шашин гэж байхгүй боловч уламжлалт соёлыг эрхэмлэгчдийн үзэж байгаагаар Буддын шашин нь монголчуудын түүх, соёл, оюун санааны амьдралд үндсэн шашин болжээ.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй