Ш.Чоймаа: Аавын ярьж, хөөрч байсныг тэмдэглээд байсан бол эх засваргүй

9-р сар 14, 2015

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа МУИС-ийн багш, доктор, профессор Ш.Чоймааг урьж, ярилцлаа.


-Та өөрийнхөө талаар нэг их дэлгээд байдаггүй. Тэгэхээр таны бага насны дурсамжаас ярилцлагаа эхэлье гэж бодлоо?
- Би өөрийнхөө тухай их яриад байх сонин зүйл ч юу байхав. 1950-аад оны сүүлээс 1970-аад оны эх хүртэл хөдөөгийн хүүхдүүд юу хийж, яаж сургууль соёлд нэвтэрч байсан билээ, тэр л зам мөр бол миний багын дурсамж. Говь-Алтай аймгийн Шарга сумд төрж өссөн. Шаргын говийн хүн. Бага нас маань малчин айлын хүүхдийн төрх байдал. Миний багад хөдөөгийн хүүхдүүд найман настайдаа сургуульд орох нь ховор. Би ч есөн настайдаа сургуульд орж, сургуулийн дотуур байраар хүмүүжсэн. “Дотуур байрны хүүхдүүд” гэдэг шүлэг байдаг даа. Яг тэр л байр байдлыг туулсан юм. Есөн настай сургуульд орсон боловч, хэд хоног хичээлд сууж байтал багш маань “Чи ерөөсөө нэгдүгээр ангид суух хэрэггүй юм байна. Хоёрдугаар ангид суу” гээд хоёрдугаар ангиас суралцсан. Энэ нь аавын ач байсан. Аав маань кирилл бичиг мэдэхгүй боловч, кирилл бичгийн цагаан толгойн үсэг, үеийг төвд үсгээр хадаж аваад, долоо хоногт өөрөө сураад, надад заасан. Сургуульд суухдаа уншдаг, бичдэг, тоо боддог болчихсон байлаа. Тэр үед Шарга сумд бага ангийн сургуультай болохоор гурван жил суугаад төгссөн. Гэтэл ээж маань өнгөрчихсөн тул хоёр жил завсардлаа. Долоон жилийн сургууль зэргэлдээх Төгрөг сумд байсан тул тийшээ нүүж, долдугаар ангиа тэнд төгсөөд 8-10 дугаар ангидаа аймгийн арван жилд сурч 1971 онд төгссөн. Аав минь намайг 10 дугаар ангид орох жил бурхан болсон. Ингээд сурч боловсрох, аж төрөн амь зуух бүх л юмыг биедээ үүрэх болсон доо. Улмаар МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангийг 1976 онд төгсөж, тэр жилээсээ МУИС-д багшилж эхэлсэн. Оюутан ахуй цагаа оруулбал, МУИС-ийн хичээлийн II байрны босгыг дөч гаруй жил элээж яваа өвгөн багш хүн дээ.
-Аав тань их эрдэм номтой хүн байсан байх даа. Аав, ээжийнхээ талаар дурсахгүй юу?
-Миний аав тэмээчин айлын ганц хүү байсан. Аавыг найман настай байхад нь шавилах, өргөж авах хоёрын зуур завсар Урианхай дайчин бэйсийн хошууны Усан зүйлийн хүрээний Эрдэнэ хамба лам дэргэдээ авсан гэдэг. Жилд ганц удаа л аав ээждээ очиж золгодог байсан юм гэнэ лээ. Арваад жил Усан зүйлийн хүрээнд ном үзэж байтал багш нь “За чи одоо Их хүрээнд очиж ном үз” гэж явуулжээ. Тэгээд одоогийн Гандантэгчинлин хийдийн Дашчоймпил дацанд аймаглаж Буддын гүн ухаан буюу Чойрын ном олон жил үзэж байгаад, ардын хувьсгалын өмнө гамин, бароны үе болоод, цаг төр үймэхэд аав маань нутагтаа буцжээ. Гэхдээ нутагтаа очоод хэдэн сар болоод Баруун зуу буюу төвдийн Лхаст ном үзэхээр одоогийн Говь-Алтай аймгаас баруун тийш нэг өвгөн ламтай хамт гарсан гэдэг. Алтайн цаадах говийг ядарч зүдрэн байж туулаад, Алшаа нутгаар дамжин цааш Гүмбүм лавранд очиж ном үзжээ. Лаврангийн чулуун шалан дээр доорамбын дамжаа барьсан гэдэг. Дараа нь Лхаст очиж Чойрын ном үргэлжлэн үзсээр равжамбын цол мяндаг хүртсэн юм билээ. Ингээд Дээд ном буюу Хөх нуур орчим хэсэг саатан байгаад 1944 онд нутагтаа орж ирсэн. 1944 гэхэд их хэлмэгдүүлэлтийн үе өнгөрсөн байсан боловч, аавыг аймгийн тухайн үеийн Дотоодыг хамгаалах хэлтсийн хүмүүс аваачин байцааж зургаан сар орчим аймгийн төвд саатуулж, хүн амьтанд шашны зан үйл хийж болохгүй, тийм зүйл ярьж болохгүй гэх мэт хатуу даалгавар өгчээ. Түүнээс хойш, морь унах чадал тэнхээгүй болох хүртлээ өдөртөө мал хариулж, хээр газар номоо уншиж явдаг байсан. Би ч аавыг дагаад тав зургаан наснаасаа мал дагасан. Гэхдээ орой үдэш манайхаар янз бүрийн хүмүүс ирж очдог л байсан. Жараад онд аймгийн намын хорооны дарга нар хүртэл ирж очдог байсан. Манай нутгийнхан аавыг “Цагаан морьт ламах (лам ах)” гэдэг. “Ааваас та цагаан морь унадаг байсан уу” гэж асуухад “хэзээ ч цагаан морьтой байгаагүй цагаан мөрт гэдэг үг л сунжраад тийм болчихсон” гэж билээ. Бодвол хүн амьтанд гэрэл гэгээтэй ач тустай байсан юм байлгүй. Би чинь хөгшин аавын хэнз хүүхэд. Ээж минь Говь-Алтай аймгийн Бугат сумын хүн даанч залуудаа өөд болсон доо.
-Багаасаа ном эрдмийн мөр хөөсөн хүний хувьд яагаад Монгол хэл, уран зохиолын ангийг сонгох болсон юм бэ. Таны анхны багш бол аав л байсан юм байна шүү дээ?
-МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангид орох болсон нь аавын нөлөө. Аав минь намайг дунд сургуульд байхад Дарви сумын Ванчиг гэдэг хүнээр монгол бичиг заалгасан. Тэгээд монголын эртний уран зохиолоос нэлээд зүйлийг уншдаг байсан. Энэ нэг шалтгаан, бас нэг сонин тохиол бий. 1960-аад оны эхэнд МУИС-ийн төвд хэлний багш профессор, гавж Ц.Дорж багш “Төвд хэл бичиг суралцах дэвтэр” гэсэн гурван боть сурах бичиг хэвлүүлсэн. Түүний I дэвтрийг Улаанбаатараас нэг хүн аавд авчирч өгчээ. Аав түүнийг үзээд “Өө! Энэ засаг төр чинь төвд хэл бичгийг сур гэж байгаа юм байна” гээд надад төвд хэл эхэлж заасан. Нөгөө гурав дахь нөлөө бол аав настан хүмүүстэй олон цагаар хуучлан ярих нь тун сонин байсан. Үлгэр домог ч юм шиг, даанч томоогүй бага нас болохоор сонсохоосоо илүү шалавхан гарч тоглох наадахыг боддог байж. Одоо эргээд бодоход хэрвээ аавын ярьж хөөрч байсныг тэмдэглээд байсан бол эх засваргүй шахам роман болох байсан даа. Энэ бол хожимдсон гэмшил.
-Их сургуулиа төгсөөд л шууд МУИС-даа багшаар үлдсэн үү?
-Их сургуулиа төгсөөд, тус салбартаа багшилж эхэлсэн. Оюутны ширээнээс гарангуут багшилна гэдэг хэцүү л байсан. “Дээд сургуулийн сургах арга зүй” гэдэг 1 жилийн дамжаанд бид сууж, профессор Бор багш маань хичээл зааж, реферат бичүүлж, шалгалт авч, үнэмлэх олгосон. Залуу багш тул 7 хоногт 36 цагийн хичээл байлаа. Эхлээд гол төлөв монгол бичиг, төвд хэлний хичээл зааж байсан. Намайг багш болоход, монгол хэл уран зохиолын тэнхимд уул шиг нөмөр нөөлөгтэй ахмад профессор багш нар байж, надад их ч юм зөвлөж, тусалж дэмжиж байсныг дурсан санахад сайхан байдаг. Академич Ш.Лувсанвандан, ардын багш Д.Чойжилсүрэн, төвдөч, профессор Х.Гаадан, нэрт монголч профессор Я.Шаарийбуу гэх мэт нэр алдар нь мөнхөрсөн сайхан багш нар байсан даа.
-Таныг сурагч, оюутан байхад, бас багшилж байхад, боловсролын систем өөр байсан. Ер нь сүүлийн үед боловсролын системд өөрчлөлт орж байгаа хэдий ч сулраад байгаа юм шиг санагдах юм?
-Сурагч байх үе буюу 1960-аад оны дунд сургуулийн сургалт үнэхээр сайн байсан. Хамгийн гол нь хичээл заагч, заалгагч буюу багш сурагч хоёул мэдэх, мэдүүлэх чин хүсэлтэй байсан. Монголын үрсийг эрдэм номд сургахын төлөө бие, хэл, сэтгэлээрээ зүтгэж, өөрийн бүх цаг зав, бүх боломжоо сургах хүмүүжүүлэх үйлсэд зориулсан багш нараа дурсахад сайхан байна. Тухайн үеийн боловсролын тогтолцоог шүүмжлэхдээ, олон шинжлэх ухааны мэдлэгийг ихээр заадаг байсан. Хожим эзэмших мэргэжилд нь хэрэг болдоггүй гэх мэтээр ярьдаг л даа. Бид дунд сургуульд байхдаа, байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг олж авсан. Тэр мэдлэг бол сав, шим ертөнцийг ухаарахад хүн бүрт л хэрэг болдог доо. Сурч мэдсэн шинжлэх ухааны мэдлэг хүнд илүүднэ гэж байхгүй л дээ. Сүүлийн үеийн оюутнуудыг ажиглахад, дунд сургуульд суурь мэдлэг олгох тухайд тааруухан байгаа нь илт байдаг. Энэ нь сургалтын тогтолцоог өөрчилнө гээд их үймүүлдэгтэй холбоотой. Монголчууд чинь олон зуун жил үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх тогтсон уламжлалтай ард түмэн. Социализмийн гэх олон арван жилд чамгүй сайн тогтолцоо төлөвшсөн байсан. Тэр бүгдийнхээ шилдэг бүхнийг өвлөн уламжлаад, өнөөгийн дэлхийн улс улсын боловсролын тогтолцооноос хэрэгтэйг нь өөрийн болгож авбал л зүйтэй юм даа. Шууд хуулдаг аюул л их хэцүү. Ер нь сургалтын чанарын тухай ярихад, сурч байгаа хүн, сурган зааж байгаа хүн хоёрын чин сэтгэл л зөв сайн байх ёстой. Аль аль нь цагийн ажил хийж байгаа мэт хандвал буруудна. Нэмж хэлэхэд, өнөөгийн орчин ахуй нь боловсролд муугаар нөлөөлж байна. Наад захын жишээ хэлье. Их хурлын хуралдааныг “Парламент” сувгаар шууд нэвтрүүлдэг. Бусад телевиз ч харуулдаг. Гишүүд нь хуралдаа суудаггүй, сууж байгаагийн зарим нь сонин уншиж суугаа харагдах юм. Ирц бүрдүүлэх гэж их ажил болдог бололтой. Үүнийг харсан сурагч хүнд юу тусах бол? Хичээл тасалж болохын үлгэр жишээ биш үү? Эцэст хэлэхэд, монголын залуу үеийг хүн болгох, боловсролтой болгох гэдэг бол ёстой л бүх нийтийн үйлс байх ёстой.
-Монгол Улсын Их сургуулийн байгуулагдаж байсан үе их хүнд. Гэхдээ энэ сургууль байгуулагдсанаар их, дээд сургуулийн үндэс болсон гэж үздэг шүү дээ?
-Дэлхийн II дайн гал ид дүрэлзэж, Зөвлөлт Холбоот Улсын Германд ялагдах, ялах нь тодорхойгүй хүнд бэрх цагт, 1942 онд Монгол улсад Их сургууль байгуулагдсан. Үндэсний дээд боловсролыг өөртөө бэлтгэж эхэлнэ гэдэг Монгол улсын тухайд нэн эрхэм зүйл, ирээдүйн хөгжил дэвшлийн үндэс байсан юм. Ер их сургууль анх байгуулсан тухайд, тухайн үеийн ЗХУ буюу Оросын ач тусыг мартах ёсгүй. Үнэн юм үнэнээрээ л байх ёстой. МУИС-ийг анх байгуулахдаа багш, хүн эмнэлэг, мал эмнэлэг гэсэн ерөнхий гурван салбартай нээсэн нь тухайн үеийг тун оновчтой харсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол хүн боловсролтой, эрүүл, мал нь эрүүл байх явдал үнэнхүү эрхэм байсан. Одоогийн бусад улсын их сургуулиуд МУИС-аас салж, салбарлаж гарсан юм шүү. Дэлхийн улс орнууд гол их сургуулиа засаг төр нь онцгойлон үзэж, санхүү эрх мэдлийн тусай хэм хэмжээ тогтоож өгдөг. Одоо 70 жилийнхээ ойг хийж байгаа МУИС-ийг төр засаг арай өөр харж, тухайлан анхаарах цаг болжээ.
-Дээр үеийн ном судар, зарим түүхийн эх сурвалжтай албан бичиг хүртэл монгол бичиг, манж, төвд хэл дээр байсан. Эдгээр сурвалж, өвүүдийг судлах мэргэжилтнийг төрүүлэх санааг таныг анх гаргасан гэдэг юм билээ?
-1990 он гараад цаг үе өөрчлөгдөж, хуучин ном судрыг судлах, судлуулах тал бүрэн чөлөөтэй боллоо. Хуучин ном, судар, данс хараа, албан баримт сэлт чинь өнө эртний уламжлалтай, мөн төдий эртний бичгийн дурсгалын өвтэй. Тэдгээр олон зууны бичгийн дурсгалыг хэлэхгүйгээр, зөвхөн ХХ зууны эхний хагасын бүх ном зохиол, сурах бичиг, сонин хэвлэл албан баримт чинь монгол бичгээр байгаа. Бид өнгөрсөн түүхээ үнэнээр нь мэдье гэвэл наад зах нь монгол бичгээ маш сайн мэддэг байх ёстой. Аливаа юманд хүсэл хясал давхацдаг тал байдаг. Хуучин ном судрыг феодализмын, шашны, хоцрогдсон гэж ад үздэг үзэл суртал нь үгүй болсон үед, түүнийг сайн мэддэг, уншиж тайлж өгөх ахмад үе маань орчлонгийн жамаар үе мултран одсон байлаа. Ийм үед 1991 онд МУИС-д эх бичиг судлалын ангийг нээж, хуучны ном судар судалдаг залуу залгамж халааг бэлтгэж эхэлсэн. Энэ эх бичиг судлалын салбарт мэргэжлийн хичээлүүдээс гадна монгол бичиг, төвд, манж хэл бичиг бас монголчуудын зуурам хэрэглэж байсан дөрвөлжин, соёмбо, тод, али-гали үсгүүд, тэдгээрийн дурсгалыг судалдаг юм. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд, монголын эртний дурсгалыг судлахад Буддын шашин соёлын мэдлэг зайлшгүй чухал. Энэ мэт тал талыг бодолцсон хөтөлбөрөөр хичээллэдэг. Өнгөрсөн 20 гаруй жилд тус салбарыг төгссөн хүмүүсээс цөөнгүй нь эрдэмтэн болж, бас их, дээд сургуульд багш, ШУА-ийн Хэлний хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Улсын архив, Үндэсний номын сан зэрэгт мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж байна.
-Таныг МҮОНТВ-ээр монгол бичгийн хичээл заадаг байсныг хүмүүс санаж байгаа байх. Мөн та багшлахын зэрэгцээ бүтээл их туурвидаг хүн шүү дээ. Энэ талаар?
-Би бол багш хүн. Миний ажил, амьдралын нөгөө нэг тал нь бол 1980-аад оны төгсгөлөөр МҮОНТВ-ээр Монгол бичгийн хичээлийг олон түмэнд заасан явдал юм. Энэ маань 1990-ээд оны дунд үе хүртэл явсан. Энэ явцад бол нэлээдгүй олон хүн үндэснийхээ хэл бичгийг сурсан байдаг. Тиймээс, намайг багш гэх хүн маш олон байдаг. Тэгэхээр, энэ дагууд монголчуудын бичиг номын өв гэвэл түүхийнхээ явцад монголчууд олон янзын бичиг үсэг хэрэглэсэн гэж хэлдэг. Энэ бол үнэн. Тухайлбал, Юань гүрний үед дөрвөлжин бичиг хэрэглэж байсан. Баруун Монголын Ойрдын Зая бандид Намхайжамц тод бичиг зохиож байсан. Өндөр гэгээн соёмбо үсэг гэж зохиож байсан. Энэ бүгд бол цаг зуурын, улс төр, шашны зорилгоор зохиогдоод, нэг хэсэг хугацаанд улс төр, шашны дурсгалын зүйл туурвисан байдаг. Хамгийн удаан хугацаанд хэрэглэгдсэн нь тод бичиг. Гэвч, тархсан газар нутаг, үлдээсэн өв бүтээлийн хувьд ихээхэн хязгаарлагдмал. Үүний хажуугаар монгол бичгийн хэл гэдэг маань эртнээс эдүгээг хүртэл монгол хэлний хамаг яруу тансаг, сонгодог бичгийн сайхан найруулга, үгийн сан, монгол хэлний үгийн гарал үүсэл, тогтолцоо хэв шинжийг тэр чигт нь бидэнд мэдэгдэж байгаагаар XIII зуунаас эдүгээ хүртэл тээж ирсэн энэ их номын өв байна. Ялангуяа онцолж хэлэхэд, өнөөгийн залуучуудад миний хэлдэг зүйл бол бид XX зуун гээд л яриад, бичээд хүмүүс түүх, энэ тэр туурвиад л байна. Гэтэл XX зууны чинь яг тэн хагас нь эхний 50 жилийн бүхий л баримт нь монгол бичгээр байгаа. Түүний цөөн хэсгийг нь шинэ үсгээр буулгасан байдаг. Тэгэхээр одоо бид чинь эргээд XX зууны монгол бичгийг мэдэхгүйгээр үзэж чадахгүй. Нөгөө талаас эх хэлээ сайн эзэмшье, монгол хэл, сэтгэлгээгээ бүрэн дүүрэн эзэмшье гэвэл монгол бичиг сурахаас өөр ямар ч гарц байхгүй. Тийм учраас энэ нэг үйлсийг эхлүүлсэн. Монгол бичгийн хичээл заалаа, телевизийн хичээлийн эмхтгэлээ ч гаргалаа. Одоо ч хүртэл дунд сургуулийн монгол бичгийн стандарт, сурах бичгийг зохиолцож явдаг. Өөрөөр хэлбэл, миний багшийн ажлынхаа хажуугаар хийдэг ажил бол монгол бичиг, монгол хэл төдийгүй монголчуудын үүх түүх, ёс заншил, уламжлалыг нь олон түмэнд, өнөөгийн залуучуудад монгол хүн монголоороо үлдэхийн үндэс болсон энэ зүйлийг залуу үеийнхэнд ойлгуулах юм сан, ухааруулах юм сан гэдэг зорилготой байж ирсэн. Үүний дотор, үзэж судлах ном бусад хэрэглэгдэхүүнийг бэлтгэх санаа агуулж, цөөнгүй олон жилийг зарцууллаа. Одоо ч зарцуулсаар явна даа. Мэдээж хэрэг, багш хүн бол судлаач байх ёстой. Судлаач хүний хувьд бол монгол хэл, монголын түүхэн сурвалжийг үг үсгээр нь, ацаг шүдээр нь учрыг нь олж, өнөөгийн түүх судлаачиддаа, нэг ёсны бэлэн хоол бэлдэж өгөх ийм ажлыг хийхгүй бол Монголын түүх бодитойгоор явахад их хэцүү. Ганцхан түүх биш л дээ, эртний бичгийн өв. Тэгэхээр, энэ зүгт гол судалгаа маань чиглэж байна. Хамгийн гол нь миний хийж бүтээж байгаа ажил маань Монголын хойч ирээдүй улс, эх орныхоо түүх соёлыг үнэн зөвөөр нь ухаараасай, тэдэнд унших боломжийг нь олгох гэсэн чигт цагаа зардаг. Тийм учраас, би 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Монгол хүн монгол бичгээрээ туурвисан зөвхөн түүхийн зохиолыг сорчилж, дээжлээд “Монголын түүхэн сурвалжийн цуврал” гэсэн 30 ботийг эрхлэн хэвлүүлсэн. Энэ маань залуусыг түүхэн эх сурвалжаа үнэн зөвөөр нь мэдэхэд их тустай ажил болсон гэж боддог.
-Саяхан таныг нэгэн шинэ бүтээл туурвисан гэж сонссон юм байна?
-Өнгөрсөн жил миний гол зорьж хийсэн ажил бол XVII зууны Монголын түүхийн тулгуур эхүүд гэдэг таван ботийг эрхлэн нийтлүүллээ. Энэ ажилд “Мөнхий үсэг” компанийнхан хүч тавьж, сайхан хэвлэсэн. Энэ бол XVII зууны гол тулгуур, хожмын түүхэн сурвалжуудын эх болсон эхүүдийг нэгдүгээрт, удиртгал буюу судалгааны тойм, гол онцлогийг бичиж, хоёрдугаарт, орчин цагийн монгол хэлээр хөрвүүлж, тайлбар зүүлт хавсаргасан. Гурвадугаарт, эрдэм шинжилгээний латин галигаар галиглаж, эцэст нь, эхийн гэрэл зураг, номзүйг багтаасан юм. Энэ бүтээлээ их сургуулийнхаа 70 жилийн ойд зориулснаа хэлэхэд таатай байна. Миний хийж байгаа бүх юм бол монголчуудынхаа ёс заншил, уламжлал, түүх шастир гээд бүхий л өвийг зөвөөр нь ухаж ойлгоосой гэдэг эрмэлзэлтэй хийгээд үүнд тус нэмэр, буян болох зорилго өвөрлөх юм даа.
-Энэ сарын 5-нд “Эжий бурхан тандаа” тоглолт үзэгч түмэнд хүрэх гэж байна. Энэхүү тоглолтыг зохион байгуулагчид танд нэгэн дууны үг захиалсан гэж байсан. Яагаад заавал “Дара эхийн залбирал” хэмээн нэрлэсэн юм бэ. Шинэхэн уран бүтээлийнхээ талаар?
-Барчин дүг гэдэг ТББ-ын тэргүүн Энх-Амгалан гэдэг үндэснийхээ шашин соёлд элэгтэй нэгэн “Дара эхийн залбирал” гэсэн дууны үгийг хийж өгөөч гэж хүссэн. Энэ саналыг би маш дуртайяа хүлээж авсан. Яагаад гэвэл, яг үнэндээ би бол их сургуулийн багш, шинжлэх ухааны хүн боловч өөрөө, миний хүмүүжсэн орчин ч тэр, аав минь ч гэсэн бурхан шашинтай хүн. Би бурханы шашинд их сүсэглэдэг хүн. Тийм учраас энэ санал сэтгэлд дулаан, сайхан санагдсан. Тэр тусмаа монголчууд “Дара эх минь” гэж уулга алддаг. “Ум даарэ дүд даарэ дүрэ суухаа” гэдэг Дара эхийн зүрхэн тарнийг мэдэхгүй монгол хүн гэж байдаггүй байх. Тэгэхээр, энэ Дара эх бурхныг эрт цагаас эдүгээг хүртэл, ерийн жирийн эмэгтэй ч, төрийн хар хүн ч, лам хүн аль нь ч итгэж, сүсэглэж, биширч, залбирч ирсэн түүхтэй. Манайд аавын минь бурхан шүтээн байдаг. Аав маань Дара эхийн бурхны үүднээс олон зүйлийн арга засал хийж, залбирдаг хүн байсан. Намайг бага байхад төвдөөр нь хэдэн бадагт Дара эхийн залбирлыг цээжлүүлж, уншиж явахыг захиж байж билээ. Ингээд, залбирлын дууны санал аваад, хамгийн түрүүн ийм нэг бодол төрсөн. Юу гэхлээр, дуу гэхээр ямар ч байсан хүмүүс дуулах юм байна, би орчин үеийн дуу хийчихээд, уран гоё үгс холбоод, шүлэг бичвэл, болох л байх. Гэтэл, би чинь өөрөө сүсэгтэн хүний хувьд, энэ маань буян болох уу, нүгэл болох уу гэдгийг бодолцсон. Тийм учраас, “Дара эхийн залбирал” уншлагуудад байдаг зүйлийг багтаая гэж саналаа. Тэгэхдээ, яаж багтаах билээ? Энэ дууг дуулсан хүн маань Дара эх бурхандаа залбирч, даатгах байх. Залбирал гэхээр дуучин маань хүртэл өөр зүйл бодолгүй, сэтгэлээсээ сүсэглэн дуулах байх гэж бодсон. Улмаар, түүний үг нь “Дара эх”-д залбирсан залбирал, урьсан уншлагын хэмжээнд хүрэх ёстой гэж бодохоор, дуу гэдэг маань олон бадаг байж болохгүй. Мөн дуулж байгаа хүндээ ч, аяыг нь зохиож байгаа хүнд ч эвтэй найралдуухан байх, наанадаж толгой сүүлийг нь холбосон хэмнэлтэй байх ёстой. Би ер нь шүлэг зохиож байгаагүй хүн. Тийм боловч, Дара эхийн олон янзын залбиралуудаас олон дахин үзэж байгаад, ийм ийм үг хэллэг, утга агуулга заавал байвал зохино гэдгээс эхэлсэн юм. Энэ дууг захиалсан хүмүүс их буянтай ажил хийлээ. Басхүү, энэ дууг маань ашиг орлого болгочихгүй, хүн болгон дуулдаг, дуулахдаа мэдээж хэрэг найран дээр, архи уугаад дуулахгүй нь лав байх. Хүн болгон аялаад, маань хөгжөөдөг шиг Дара эх бурхандаа аятай, дантай залбирч явах юм бол буян болох байх даа гэж бодож бүтээсэн юм.
-Дарь эх бурханы тухайд тайлбарлаж тодруулж өгнө үү?
-Дара эх бурхан бол тоолшгүй олон галавын урьд “Нацаг-Од” буюу монголоор “Элдэв гэрэлт” гэдэг ертөнцөд Хэнгэрэгийн дуун гэдэг бурханд заларч байх үед, нэгэн хааны гүнж Ишдаваа (бэлгэ билгийн саран) хэмээгдэх бээр олон хувраг, бурханд хязгааргүй их өргөл хүндлэлийг үйлдэж, өөрөө буян номын зүгт хоёргүй сэтгэлээ зориулж, жинхэнэ бурхны шашны гэгээрэх, ариун ёс, мөрд орж эхэлсэн гэдэг. Тийн үйлдээд бодь сэтгэлийн үрийг олжээ. Энэ үед, олон хуврагууд Иш даваад хэлсэн нь, “Чи буяныхаа хүчээр энэ биеэ эр болж, амьтны тус үйлдэхийн тулд ерөөл тавьбаас тэр ёсоор бүтэх болно” гэжээ. Тэгмэгц, гүнжтэн бээр “Эр биеийн дүрээр олон амьтны тусын тулд буян үйлдэгчид олон байх атал эмэгтэй дүрээр бодь хутгийг олсон нь нэгээхэн ч үгүй аж. Тиймийн тулд, орчлон хоосрох хүртэл эм биеийнхээ дүрээр амьтны тусыг үйлдэж явъя” гэсэн хатуу тангараг тавьсан гэдэг. Дара эх бурхны домог ийм юм. Ингэж амьтны тусыг бүтээж, цөвүүн цагийн зовлонгоос гэтэлгэх тангараг тавьсан бурхан цөөн байдаг учраас олон хүмүүс Дара эх бурхныг ихэд шүтэж иржээ. Нөгөө талаар, монголчууд гурван ачтан гэж эцэг, эх, багшийгаа хэлдэг бол Дара эхийг шүтэх нь эхийгээ хайрлахтай агаар нэгэн буй. Тэгэхлээр, “Дара эхийн залбирал”-ыг дуулж явахад буян их хурна. Түүний мөр бадаг болгон залбирлын мөн чанарыг агуулсан болохоор, бадаг бадгаар нь утгыг нь санаж дотоод сэтгэлээсээ хандваас, тэр хэрээрээ залбирал болж, ач буян болох юм даа. Дууны үгийг мөр, бадгаар нь дараа тайлбарлаж өгье.роман болох байсан даа.

Эх сурвалж: http://www.mminfo.mn/
Сэтгүүлч Б.Даваа

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй