Энэ нас хийгээд хойд насанд хэрхэн аз жаргалтай байх вэ?

11-р сар 25, 2015

Боржигон Жадамбын Лхагвадэмчиг шастри

Занабазарын нэрэмжит МБШИС, Энэтхэгийн Сарнатийн Төвд судлалын их сургуулийг шастри зэрэгтэйгээр дүүргэсэн. Монгол, Төвд, Хятадын шашин соёл болон эртний энэтхэгийн тантрийн уламжлалыг голлон судалдаг. Эдүгээ МУИС-ийн НШУС-ийн Антропологи, нийгэм соёлын багшаар ажилладаг.

Өмнөх үг:Гэргийтэн, хувраг аль ч хүмүүн ялгал үгүй энэ насны хийгээд эцэс хойдын аз жаргалыг бүтээхийн тухайд өглөө эртлэн босож өдрийн турш энэхүү л зорилгын төлөө өөд уруугүй гүйн өнгөрөөх билээ. Далай багш хүний амьдралын зорилго бол аз жаргалтай байх хэмээн айлдсан байдаг. Гэрээс гарсан хувраг хүнд эхнэр хүүхдээ асрах, эд хөрөнгө хураах, хураасан хөрөнгөө арвижуулах, хулгай тэргүүтэн гадны хүчинд алдахгүй байх зэрэг олон ажил үгүй бөгөөд гагц бусдыг хайрлах энэрэхүй сэтгэл, бодис зүйлийн мөн чанарыг ухаарах билэг ухааныг өөрийн сэтгэлд төрүүлэн өөр хийгээд бусдад тустай өнөд ашдын гэгээрлийг олох нь чухал байхад харин гэргийтэн хүний хувьд энэ насанд эд хөрөнгөөр элбэг, дэлбэг эцэс хойд насанд сайн төрлийг олох улмаар гэгээрлийг олох нь нэн чухал билээ. Чухамхүү энэ зорилгыг хэрхэн бүтээхийг эдүгээс 2500 жилийн өмнө Энэтхэгийн Колияа омгийн Вяаггхапажжа хэмээх хүн бурхан багшид айлтгахад бурхан багш юу гэж сургасан болохыг Вяаггхапажжа сутта /Санскрит сутра/ -аас мэдэж болох билээ. Энэхүү Вяаггхапажжа сутта нь пали хэл дээрх “Гурван аймаг савны ном”-ын Сутта Питака буюу Судрын аймгийн Ангуттара никаяа хэмээх хэсэгт багтах бөлгөө. Олон нийтэд ойлгомжтой болгохын тухайд утгачилан орчуулахын хамтад нэмэлт үг (//-д оруулан тэмдэглэсэн)оруулан тайлбар зүүлтийг хавсарган хийв.

Вяаггхапажжа1 Сутта

(Ангуттара Никаяа, Аттхака-нипата, №54)

Би нэгэн удаа ингэж сонссон2. Бурхан багш Колияа3 омгийн Каккарапатта хэмээх хотноо заларч байв. Тэр үед Колияа омгийн Дигхажану хэмээх хүн Бурхан багш заларч буй газар ирэн Бурхан багшийн амгаланг айлтган мэхийн ёслоод Бурхан багшийн дэргэд суув. Суусны дараа тэрээр бурхан багшид ийхүү айлтгав. Эрхэмээ бид гэргийтэн4 хүмүүс хүслийн (Таван эрдмээр)5 цэнгэн гэргий хүүхдээр хүрээлүүлэн Каси6 хотын торго зандан, элдэв эрхи зүүлт, үнэрт ус, тос, алт, мөнгө хэрэглэдэг. Эрхэм ээ, бидний адил хүмүүс энэ нас хийгээд эцэс хойд насанд амар амгалан, аз жаргалтай байх сургаалийг хайрлана уу?

(Бурхан багш ийн айлдав.)

(Энэ насанд хэрхэн амар амгалан аз жаргалтай байх вэ?)

Вяаггхапажжа7 , гэргийтэн хүн энэ насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс:

  • Хичээл шамдалыг бүтээх
  • Сонор сэрэмжийг бүтээх
  • Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх
  • Зохистой амьдралаар амьдрах дөрөв юм.

1.Хичээл шамдалыг бүтээх гэж юуг хэлэх вэ?

Вяаггхапажжа, гэргийтэн хүн газар тариалан, худалдаа наймаа, мал аж ахуй эрхлэх, нум сум агсах(зэвсэгт хүчин) хаан төрд (Төрийн алба)болон бусад төрлийн ажил эрхлэн, эд хөрөнгийг бүтээх бөгөөд өөрийн эрхэлсэн ажилд авъяас чадвартай, эрдэм мэдлэгтэй, хичээл зүтгэлтэй улмаар ажлын арга туршлагаа дээшлүүлэн байхыг хичээл шамдлыг бүтээх хэмээмой.

2. Сонор сэрэмжийг бүтээх гэж юу вэ?

Вяаггхапажжа, гэргийтэн хүн гарын хүчийг гарган, магнайн хөлсийг цувруулан, шударга зөв замаар хичээл зүтгэл гарган хураасан эд хөрөнгөө хаан хаан төр, хулгай дээрэм, хуурмаг муу санаат өв залгамжлагч хийгээд хуйлран асах гал, усны аюулаас хамгаалан байхыг сонор сэрэмжийг бүтээх хэмээмой.

3.Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх гэж юуг хэлэх вэ?

Вяаггхапажжа, гэргийтэн хүн хөдөө тосгон, хот балгад алинд амьдравч сүсэг бишрэл8 төгөлдөр, ёс суртхуун9 төгөлдөр, өглөгийн сэтгэл төгөлдөр, насан залуу, өндөр гэргийтэн, гэргийтний хүүтэй шадар нөхөрлөн тус тусын сүсэг бишрэл, ёс суртахуун, өглөгийн сэтгэл болон билэг ухаанаас суралцахыг Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх хэмээмой.

4.Зохистой амьдралаар амьдрах гэж юуг хэлэх вэ?

Вяаггхапажжа, гэргийтэн хүн өөрийн олж буй орлого нь зарцуулж буй зарлагаас илүүтэй байхаас бус зарлага нь орлогоосоо илүүтэй байх ёсгүйг ухааран мэдэж орлого зарлагадаа тааруулан хэт үрэлгэн бус хэт харам бус зохистой амьдралаар амьдрах хэрэгтэй. Үлгэрлэвээс дархан эсвэл түүний туслах, жинлүүр барин жинлүүрийн аль тал нь илүү бага жинтэй байгааг мэдэж байхын адил гэргийтэн өөрийн орлого зарлагын аль нь илүү байгааг мэдэн, орлого зарлагадаа тааруулан хэт үрэлгэн бус хэт харам бус зохистой амьдралаар амьдрах хэрэгтэй.

Хэрэв бага орлоготой хүн хэт үрэлгэн байдлаар амьдарч байвал хүмүүс “Энэ хүн жимст модны жимсийг идэх адил10 эд хөрөнгөө үрж байна” хэмээн хэлнэ. Хэрэв их орлоготой хүн (Хармийн сэтгэлээр) эдлэж хэрэглэхээр хомс амьдарч байвал хүмүүс “Энэ хүн турж үхэх нь” хэмээн хэлнэ.

Тиймээс гэргийтэн хүн өөрийн олж буй орлого нь зарцуулж буй зарлагаас илүүтэй байхаас бус зарлага нь орлогоосоо илүүтэй байх ёсгүйг ухааран мэдэж орлого зарлагадаа тааруулан хэт үрэлгэн бус хэт харам бус зохистой амьдралаар амьдрахыг, зохистой амьдралаар амьдрах хэмээмой.

(Хураан хуримтлуулсан эд хөрөнгө дөрвөн зүйлийн шалтгаанаар шамшигдан үрэгдэх)

Вяаггхапажжа, хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дөрвөн зүйлийн шалтгаанаар шамшигдан үрэгддэг. Дөрөв юу хэмээвээс:

  • Эмс охидтой наргин цэнгэхэд дурлах
  • Мансууруулах идээ ундаанд дурлах
  • Мөрийтэй тоглоомд орох
  • Муу үйл хийгч хүмүүнтэй шадар нөхөрлөн амраг найз болох дөрөв юм.

Үлгэрлэвээс их хэмжээний ус хадгалагч саванд ус орох, гарах нэжгээд дөрвөн урсгал байхад хэрэв ус орох, дөрвөн урсгалыг хаан ус гарах дөрвөн урсгалыг нээх үеээр хур бороо арвин эс орвоос савны ус багасахаас арвижих нь үгүй. Үүний адил хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дээрх дөрвөн зүйлийн шалтгаанаар шамшигдан үрэгддэг.

Вяаггхапажжа, хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дөрвөн зүйлийн шалтгаанаар арвидан дэлгэрдэг. Дөрөв юу хэмээвээс:

  • Эмс охидтой наргин цэнгэхэд дурлахгүй байх
  • Мансууруулах идээ, ундаа хэрэглэхгүй байх
  • Мөрийтэй тоглоом тоглохгүй байх
  • Муу үйл хийгч хүмүүнтэй шадар нөхөрлөн амраг нөхөр болохгүй байх дөрөв болно.

Үлгэрлэвээс их хэмжээний ус хадгалагч саванд ус орох, гарах нэжгээд дөрвөн урсгал байхад хэрэв ус орох дөрвөн урсгалыг нээн , ус гарах дөрвөн урсгалыг хаах үеээр хур бороо арвин орвоос савны ус арвижихаас багасах нь үгүй. Үүний адил хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дээрх дөрвөн зүйлийн шалтгаанаар арвижин дэлгэрдэг.

Вяаггхапажжа, гэргийтэн хүн энэ насанд амар амгалан аз жаргалтай байхын тулд (1.Хичээл шамдалыг бүтээх, 2.Сонор сэрэмжийг бүтээх, 3.Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх, 4. Зохистой амьдарлаар амьдрах) дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй.

(Эцэс хойд насанд хэрхэн амар амгалан аз жаргалтай байх вэ?)

Вяаггхапажжа, гэргийтэн хүн хойд насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс:

  • Сүсэг бишрэл төгөлдөр байх.
  • Ёс суртахуун төгөлдөр байх
  • Өглөгийн сэтгэл төгөлдөр байх
  • Билэг ухаан төгөлдөр байх дөрөв юм.

1.Сүсэг бишрэл төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ?

Вяаггхапажжа, хүн бурхан багшийн гэгээрэлд итгэл бишрэлтэй бөгөөд бурхан багш нь ялж төгс нөгчсөн12 дайснаа дарсан13 үнэхээрийн төгс гэгээрсэн14 билэг, ухаан, явдал, мөр төгс15 амгалан ажрагсан16, ертөнцийг болгоогч17 номхотгогдох төрөлхтөнийг номхотгогч, ханьцашгүй удирдагч18, тэнгэр, хүмүүний багш19, гэгээрсэн20, эрхэм дээд21, итгэн бишрэхийг22, сүсэг бишрэл төгөлдөр хэмээмой.

2.Ёс суртхуун төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ?

Вяаггхапажжа, гэргийтэн хүн амьтны амь эс хөнөөх (өөрт) эс өгсөн зүйлийг (дур мэдэн өөрт)авахгүй байх, ёс бусын бэлгийн харьцаанд орохгүй, худал ярихгүй, оюун санааг мансууруулах идээ, ундааг хэрэглэхгүй байхыг ёс суртахуун төгөлдөр хэмээмой.

3.Өглөгийн сэтгэл төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ?

Вяаггхапажжа, гэргийтэн хүн зүрх сэтгэлдээ хармын өчүүхэн ч сэтгэлгүй, өглөгийн сэтгэл төгөлдөр байж бусдад тусламж хэрэгцээтэй болох үед даруй өглөг өгөн баяслын сэтгэл төгөлдөр байхыг өглөгийн сэтгэл төгөлдөр хэмээмой.

4.Билэг ухаан төгөлдөр байх гэж юуг хэлэх вэ?

Вяаггхапажжа, гэргийтэн хүн шүтэн барилдлагын23 ухааныг ухааран зовлонгоос гэтлэхийг билэг ухаан төгөлдөр хэмээмой.

Вяаггхапажжа, гэргийтэн хүн эцэс хойд насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд энэхүү дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй.

Шамдал хичээл, шургуу хөдөлмөр

Сонор сэрэмжийг бүтээн

Шудрага үйлээр хураасан эд хөрөнгөө

Шамшигдуулан үрэлгүй зөв зарцуулж

Сүсэг бишрэл, ёс суртахуун төгс

Сэтгэлд харам үгүй өглөгийг бүтээх

/тэргүүтэн нь/

Хожмын амгаланг авчрах

Хосгүй сайн зам

Энэ нас,эцэс хойд насанд

Эрхэм дээд амгаланг төрүүлэх

Гэргийтэн хүний бүтээх найман зүйлийг

Гэгээрлийг олсон бурхан номлов

Бурханы сургаалийг шамдан бүтээснээр

Бусдын тусад өглөг өгөх сэтгэл хийгээд

Бодит мөн чанарыг ойлгон ухаарах

Билэг ухаан улам арвижна.

Эшлэл зүүлт

  • Гурван аймаг савны ном хэмээх нь Бурхан багш Энэтхэг орноо 45 жилийн хугацаанд номносон сургаалийг утга агуулгын хувьд гурван хэсэгт ангилан хураангуйлсныг хэлдэг. 1) судрын аймаг буюу Бурхан багш их замын дээрэмчнээс эзэн хаан хүртэлх нийт олонд сургасан сургаалиудын эмхэтгэл. 2)Номхотголын аймаг буюу Бурхан багшийн шавь хуврагууд өдөр тутам даган мөрдөх ёс, журмын эмхэтгэл. 3)Илт номын аймаг буюу Судрын аймагт үндэслэн гарсан сураалийн эмхтгэлээс тогтоно.
  • “Би нэгэн удаа ингэж сонссон” хэмээх судар бүрийн эхэнд байдаг. Бурхан багш таалал болсны дараа 500 архад /гэгээрлийг олсон хүмүүн/ чуулан бурхан багшийн эмхэтгэхэд 25 жил Бурхан багшийн шадар шавь байсан Ананд Бурхан багшийн айлдсан сургаал бүрийн өмнө “Би нэг удаа ингэж сонссон” хэмээх үгээр эхлэн хаана хэнд бурхан багш сургаалиа номлосон болохыг чуулсан архад нарт өгүүлсэн байдаг.
  • Шакяа омгийн хөрш омог. Бурхан багшийн ээж Маха Маяа /Төвд: Зүнпрүлчэнмо/ Колияа омгийн хүн байжээ.
  • Гэр бүлтэй хүн. Лам хувраг хүнийг гэрээс гарсан гэж нэрлэдэг.
  • Хүслийн таван эрдэм гэдэг нь нүдээр харах, чихээр сонсох, хамраар үнэрлэх, хэлээр амтлах, биеэр мэдрэх хүрэлцэхүйг хэлэх бөгөөд хүн үргэлжид гоо сайхан дүрс, сонсголонт дуу, сайхан үнэр, амт, биед дулаан , зөөлөн хүрэлцэхүй, эдийг хэрэглэхийг хүсдэг.
  • Энэтхэгийн Варанаси хотын эртний нэр. Варанаси торго ихэд алдартай.
  • Вяаггхапажжа нь Дигхажану-гийн овгийн нэр.
  • Сүсэг бишрэл хэмээх нь гурван эрдэнэ. /1.Бурхан багш 2.Бурхан багшийн номлосон сургаал 3.Бурхан багшийн сургаалийг даган баримтлагч. Гэрээс гарсан хувраг гэргийтэн шавийг хэлдэг/-д итгэх итгэлийг хэлнэ. Бурханы шашинд сүсэг бишрэл гэдэг нь мухар сүсэг бишрэлийг эс хэлэх бөгөөд харин “учир шалтгаан ухааралд үндэслэн” итгэлийг хэлнэ хэмээн Мажжхима Никаяад хэлсэн байдаг.
  • Ёс суртхууны төгөлдөр хэмээх нь бие, хэл, сэтгэлээр өөр бусдад тустай сайн үйл хийхийг хэлнэ.
  • Жимст модны жимсийг идэх мэт гэдэг нь аль нэгэн хүн модонд ургасан жимсийг идэхээр модыг түншихэд идэж чадахаас илүүтэй жимс газар унан нэжгээд жимс нь хэрэггүй болдог гэсэн утга юм.
  • Эмс охидтой наргин цэнгэхэд дурлах гэдэг нь эд хөрөнгөө эмс охидын төлөө үрэхийг хэлэх бөгөөд зөвхөн эмэгтэй хүйстнээр хамаарахгүй шунал хүслийн сэтгэлээр бусад хүйсний хүмүүстэй наргин цэнгэхэд эд хөрөнгөө үрэхийг хэлнэ.
  • Бурхан багшийн нэгэн алдар. Бурхан багшийн эрхшээсэн эрдмийн үүднээс бурхан багшид олон алдар буй. Ялж төгс нөгчсөн гэдэг нь уур хилэн, хүсэл шунал, мунхагын сэтгэл/алив зүйлийн мөн чанарыг мэдэх/-г арилгасан гэсэн утгатай.
  • Бурхан багшийн нэгэн алдар. Дайснаа дарсан гэдэг нь өөрт бие сэтгэлийн зовлон зүдгүүр, шаналал авчрах язгуур шалтгаан, болсон уур хилэн, хүсэл шунал, мунхагын сэтгэлийг ялан дарсан гэсэн утгатай бурханы шашинд харгалдах дайсан өөрийн дотор байхаас гадна байхгүй хэмээн сургадаг.
  • Бурхан багшийн гэгээрлээс дээш гэгээрэл гэж байхгүй тул Бурхан багш үнэхээрийн төгс гэгээрсэн багш юм.
  • Бурхан багш мэдэгдэхүүн /оюун ухаанаар мэдэж болох/ бүхнийг болгоох /мэдэх/ билэг ухааныг эрхшээсэн тул “Билэг ухаан төгс” бөгөөд бие, хэл, сэтгэлээр муу үйлийг эс үйлдэх “Явдал мөр төгс” болой
  • Нирван буюу гэгээрлийг “амгалан” буюу сайнаар олсон тул гэгээрэлд “амгалан ажрагсан” хүрсэн гэсэн утгатай
  • Бурхан багш мэдэгэдхүүн бүхнийг болгоох тул “ертөнцийг болгоогч” буюу мэдэгч юм.
  • “Номхотгогдох төрөлхтөн” гэдэг нь уур хилэн, хүсэл шунал, мунхагын сэтгэлийн эрхээр сэтгэл нь догширсон хүн тэргүүтнийг хэлнэ. Бусад гэгээрсэн бурхадаас өөр бурхан багштай билэг ухаан, эрдмээр тэнцэх бусад үгүй тул бурхан багш “Ханьцашгүй” юм. Догшин хангал морийг сурган номхруулах лугаа адил төрөлхтнийг номоор тэтгэн догширсон сэтгэлийг нь номхотгон гэгээрлийн замыг заагч тул удирдагч юм.
  • Тэнгэр хүмүүн хоёр хоёул муу сэтгэл, үйлийн эрхээр дахин дахин төрөл аван зовлонгын далайд байх агаад бурхан багш зовлонгоос гэтлэн амар амгаланд хүрэх замыг заах багш тул бурхан багш “Тэнгэр, хүмүүний багш” юм.
  • Гэгээрсэн хэмээх үгийг Энэтхэгийн эртний Санскрит хэлээр Буддха гэдэг бөгөөд утга нь гэгээрсэн, сэрсэн гэсэн утгатай. Хутагтын дөрвөн үнэнийг 1) Ертөнцөд бие сэтгэлийн зовлон буй. 2) зовлонгын үндэс нь муу сэтгэл. 3)Зовлон үгүй амар амгалантай байж болно. 4)амар амгалангын үндэс нь бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, алив зүйлийн мөн чанарыг ойлгон ухаарах билэг ухаан) ухааран мунхагын нойрноос сэрсэн тул мөн тэрхүү гэгээрлийн замыг бусдад заан сургасан тул Бурхан багшийг “Гэгээрсэн хэмээн нэрлэнэ”
  • Цог төгөлдөр энэрэн нигүүлсэхүй, билэг ухааныг эрхшээсэн тул Бурхан багш нь “эрхэм дээд” юм.
  • Бие сэтгэлийн зовлонгоос гэтлэн амар амгаланд хүрэх гэгээрэл буйд итгэн, гэгээрэх замыг заасан Бурхан багш нь эрдэм билэг ухаан төгс, гэгээрсэн тул түүний сургаалийг даган мөрдсөнөөр би ч гэгээрлийг олон бурхан багштай адил эрдэм , билэг ухаан төгс болж чадна хэмээх сэтгэлийн сүсэг бишрэл төгс гэнэ.
  • Алив зүйл уг үндэс нөхцөлийн дагуу үүсэн гардаг бөгөөд мөн энэ тухайн уг үндэс, нөхцөл нь байхгүй бол уг зүйл оршин тогтнодоггүй. Жишээ нь: үр, шороо, чийг зэрэг байгаа нөхцөлд өвс ногоо ургах ба тэдгээр үндэс, нөхцөл байхгүй тохиолдолд бие, сэтгэлийн зовлон байх бөгөөд тэдгээр нь үгүй тохиолдолд зовлон үгүй амгалантай байна.
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй