ӨНДӨР ГЭГЭЭНИЙ НАМТАР БИЗЪЯАГИЙН АЙМГИЙН ДАРХАН ЦОРЖ АГВААНЛУВСАНДОНДОВ ЛАМЫН ТУУРВИЛ 1-Р ХЭСЭГ

1-р сар 20, 2014

ТҮГЭЭМЛИЙН ЭЗЭН ХҮРДЭН ИТГЭЛ БОГД ЛУВСАНДАМБИЖАНЦАН ЦОГ САЙТЫН ЦАДИГ ХУВЬ ТӨГӨЛДӨР ГЭТЛЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН ЭГЭЭРЛИЙГ ДҮҮРГЭХ 

БАЯР ХУРИМ ХЭМЭЭГДЭХ ОРШИВ

1-Р ХЭСЭГ 

Намо гүрү манзү гхо яа

Алины алдарыг сонссон төдийгөөр сансар нирвааны

Ахуй доройтол бүхнийг арилгаж, дээд сайн амгаланг өгөгч

Авралт Чадагчийн эрхэт Очирдара бурхан лугаа ялгалгүй 

Агуу Түгээмлийн эзэн цог төгөлдөр лам дор мөргөмү.

Нэн ариун оюун ухааны асар ариун үүлээс

Нэн сайн номын хурыг буулгахдаа мэргэн, шашны гэрлийг

Нэн гийгүүлэн зохиогчийн ялгуусан тэмдгийг сайтар дэлгэрүүлэгч

Нэвтэрхий бэлгэ билгийн алдартан Очирыг баригч дор сөгдмү.

Эрт нэгэн цагт ялгуусан Пиваш хэмээх бурханы мэлмийн өмнө

Эн хязгааргүй амьтны төлөө дээд бодичид сэтгэлийг үүсгэж, 

Эрхэм ялгуусны хөвгүүн бодисад нарын ууган Эн хязгааргүй хүчит хэмээх болсноос

Энхрийлэн бусдад гагцхүү туслахыг ямагт алгасалгүй бүтээхээр 

Эрхин хэлхээ адил дараалан заларсан үндэс дамжлагын ламд бишрэн сөгдмү.

Гоёмсог тогосын чуулгадыг үргэлжид баясан цэнгүүлэгч

Зун цагийн үүлний дуун эгшиг дуурсахчлин

Гоц дээд төрөлхтөн шашныг баригч Богд ямагтын

Цадиг түүх нь хувь төгөлдөр шавь нарын сонорын цэнгэл.

Учир тиймийн тул гэтэлгэгч ламын эрдмийн

Ундармал чандмань эрдэнэ гарах орон, сайн хувьт олны

Уламжлан сонсох чихний шим рашаан болсон цадиг түүхийг

Учирлаж өөрийн ухааны хэрээр барагцаалан өгүүлэх болой.

Мөнхүү гэтэлгэгч дээд лам түүний гайхамшигт туужийг

Мэдэмхийрч дур зоргоор зохион бичих бус, эрт урьдын домог хууч хийгээд

Монгол бичгээр бичигдсэн түүх дэвтэрт шүтэж, усны дусал төдийг 

Мэдэл оюун төгөлдөр зарим нэгхэнийг баясгахын тулд бичье.

Итгэл өмөг таны бүхий л төрөл үеийн дамжсан цадигууд

Эргүү миний ухаан санаанд хаанаас бүрэн ургах билээ.

Энэ шашин амьтны тус жаргаланг бүтээсэн нарийн нягт зохиол үйлсүүд нь

Эрхэм бурхад гагцхүү ямагтын илтэд мэдэж тольдох орон буй за.

Үүнд гэтэлгэгч Лувсан дамбижанцан цог сайтын цадиг ба урьд заларсан дээд төрөлхтөн нар шашныг барин тэтгэж, арвитгасан хийгээд шашин хаанаас хаана дэлгэрсэн ёс, дээд төрөлхтөн нар хэдий чинээ заларч ирсэн зэргийг бичвээс, Энэтхэг, Түвд, Монгол оронд заларсан лугаа гурав бөгөөд бурханы шашин ч тэр мэт дарааллаар дэлгэрсэн амуй.

Анханд, Энэтхэгт заларсан нь, бидний багш ханьцашгүй Шагжийн хаан урьд үүсгэсэн агуу их таалалын хүчээр, таван цөв дэвэрсэн цагийн амьтад нь би-д барихын ужиг өвчнөөр баригдаж, өмнө залран өнгөрсөн бурхад зөнд нь тэвчин хаясан, эрмэг хэрцгий амьтдыг номхотгон боловсруулах цаг болсныг мэдэн болгоож, Төгс баясгалант тэнгэрийн орноос төрөл юүлээд, Ариун идээт хааны хүү болон мэндэлж, арван хоёр зохионгуй үйлсийг зохиож, илтэд туулсан бурхан болох ёсыг үзүүлээд, Таван сайн аймаг тэргүүтэй хувьт шавь нарт номын хүрдийг гурван удаа эргүүлж, урьдын асар ариун барилдлага огоот сэргэсэн тэнгэр хүмүн нарт номын рашааныг буулгаснаар, шавийн сэтгэл үндэсний цэцэг үр сэлтийг сайтар боловсруулан дуусгаад, бодит лагшинаар номхотгох хэрэгтэй хувьт шавийг номхотгон барж, нирвааны төв дор шингэх ёсыг үзүүлжээ. 

Түүний хойно, Энэтхэг хутагтын оронд хутагт Нагаржуна, хутагт Асанга хоёроор тэргүүлсэн бандида шидтэн нар бурхан Шагимунийн гүнзгий номуудыг тэнгэр, лусын орноос өөр өөрийн амь биеийг хайрлалгүй явж, залж авч ирээд, Энэтхэг орны төгс хувьт  шавь нарыг номын рашаанаар цэнгүүлэн зохиосны үүднээс Энэтхэгийн орон газрыг дээд номын гэрлээр түгээмэл болгож, хоёрдугаар бурхан мэт хувь төгөлдөр амьтдыг боловсруулан гэтэлгэж, агуу ихээр тус хүргээд, номын төв дор заларвай. 

Хоёрдугаар, Түвдэд заларсан нь, урьд эртийн ерөөлийн хүчээр Энэтхэгийн орноос Түвдэд Их хамба Шива Цо хийгээд ловон Бадамжунай, бандида Гамалашила болон Балдан Атиша хийгээд түвдийн хаан, түшмэл, бодисадва нараар голлосон дээд лам нар, Цастын орны амьтдыг номын рашаанаар цэнгүүлэн зохиовой. Түүний дараа язгуурын гурван итгэл бурханы хувилгаан, хүний тийн цэнгэлээр ургасан, их Богд Зонхава тэр ямагт бээр судар тарнийн шашинд ариутгалыг сайтар зохиогоод буман нарны гэрэл цацрах мэт буянт сайн шашныг дэлгэрүүлэн зохиов. 

Түүний хойно, Ялгуусан эрхэт хамгийг айлдагч, Банчэн хамгийг айлдагч нараар голлосон дээд төрөлхтөн огторгуйн од гараг мэт түгээмэл заларч, шашин хийгээд амьтанд агуу ихээр туслан зохиогоод ихэнх нь ариун оронд залрах ёсыг үзүүлвэй.

Гуравдугаар, Монгол оронд заларсан нь, Аврал итгэлт дээд ямагт бээр умар зүгийн Халхын орон үүнээ анханд номын үнэр эс туссаны эрхээр буян нүглийг ялгаж үл мэдэх хүний дүрстэн, малын ухаантан нар зохисгүй явдал мөр үйлдвэрээр цагийг нөгчөөн байсанд, урьдын үүсгэсэн таалалын хүчээр гагцхүү одоо номхотгох цаг болов хэмээн тольдон болгоож, өндөр дээд язгуур угсаанд мэндлээд, бурханы зарлиг ба дээд лам нарын номын шимийг Халхын орноо, тунгалаг огторгуйд буман нарны гэрэл туяа нэгэн зэрэг цацарсан мэт зүг зовхис бүхнийг тодорхой гийгүүлээд, Халх дөрвөн аймгийн дунд номын хүрээг байгуулж, хар шар, дээд доод ардыг буяны цагаан номд оруулж, бурханы шашны зулыг дэлгэрүүлэн арвитган зохиосон нь доор тодорхой гарах болмой.

Анханд, Энэтхэгт шашныг дэлгэрүүлсэн нь, Бурхан багшаар голлосон бандида шидтэн болой. 

Хоёрдугаар, Түвдэд дэлгэрүүлсэн нь, Богд Зонхов ламаар голлосон дээд лам нар болой.

Гуравдугаар, Монгол оронд дэлгэрүүлсэн нь, Богд Лувсандамбижанцан цог сайтаар голлосон дараалан залрагч хувилгаан биет хутагтууд болой. 

Умар зүгийн Халх орон үүнээ “Гүн билиг барамид” дэлгэрэх эш бошго нь, “Тэрхүү судар”-аас “Таван зууны эцэс цагт умраас умардад дэлгэрэх цагт гүн барамидыг барих бөгөөд уншигч олон гарна. Тэр мэт үзүүлэн чадах их бодисадва тэр ялгуусан бурхан өөрийнх нь мэлмийн өмнө сэтгэл үүсгэж, гүн билиг барамидын утгыг агуу ихээр арвитгасугай хэмээн тангарагласан бөгөөд ерөөлийг тависан мөн” хэмээн айлдсан түүгээр бол Ялгуусан бурхан багш бээр “Их хэнгэрэгийн судар”-ыг айлдах цагийн, бодисадва Лодойд таарах бөгөөд түүгээр бодвоос Богдын үетэй сайтар нийцэх учраас Халхын энэ оронд гүн билиг барамидыг дэлгэрүүлэн үйлдсэн нь магад гарцаагүй болой. 

“Билгийн чанад хүрсэн судрын орныг огоот эдлэхийн бүлэг”-ээс “Төв орноос өмнө зүгт дэлгэрэх болно. Өмнө зүгээс умар зүгт дэлгэрэх болно. Умар зүгээс умар зүгт дэлгэрэх болно” хэмээн бид нарын аврал өмөг садан болсон, удирдагч дөрөвдүгээр, Шагжийн арслан алин түүний шашин эрдэнэ, Энэтхэг хутагтын орноос дараалан умард зүгт дэлгэрэхийг эш үзүүлсэн мэт умар зүгийн Монгол хийгээд Монголын орон үүнд бурханы шашин их эрдэнэ эн тэргүүн ямар мэт дэлгэрсэн ёсыг өчүүхэн өгүүлвээс, Хятад хийгээд Түвдийн умар зүгт Их Монголын их орон улс буй. Түүний хаадын үе нь энэ мэт алдаршчээ. Анханд, тэнгэрийн хүү Бөртчинар, түүний хүү Чигэмэргэн, энэ нь эдүгээ болтол мангасын амыг даран сууж буй Бадамжунайн хувилгаан мөн гэдэг. Түүний хүү Лаугбуурал, Эга нэрүг, Сэмсавуу, Хачу, Дүвүнмэргэн нар дараалан гарсан. Дүвүнмэргэн хальсаны хойно түүний хатан Иүлэн хэмээгдэх нэгэн бэлбэсэн хоцорсонд нэгэн удаа огторгуйгаас солонго адил нэгэн гэрэл туяа гараад биед нь туссанаар тэгш амгаланг амсаж, хэвлийд үр тогтоод, сарын тоо гүйцсэнд  бэлгэ шинж төгөлдөр нэгэн хөвгүүн төрсөн бөгөөд нэрийг Бодончар хэмээн өгөв. Тэрбээр нас биед хүрээд баатар эрэмгий, хэрсүү зоримог нь тэнсэх ханьгүй болж, Монголын нэгэн их аймгийн эзэн болов. 

Тэндээс хүний үе есдүгээр, Есүхэй баатарын хүү, тэнгэрээс тушаагдсан, газрын эсрүн, Чингис мэндлэв. Тэр цагт сэтгэлд тааламжит нэгэн шувуу орчин тойронд буугаад Чингис хэмээн яруу дуугаар өнө удаан донгодсон учир түшмэл нар гайхамшигтай бэлгэ ёр байна хэмээн ухаарч хааны нэрийг Чингис хэмээн нэрийдсэн, эдүгээ сунжраад Жингир хэмээн дуудах нь үзэгдэнэ. Бодит нэр нь Тэмүжин болой.

Ялангуяат үлэмж дээд төрөлхтөн мөн учраас албат харлиг нарт эцэг эх мэт асрал энэрэлтэй бөгөөд баатар суу залийн хүчээр Рагху хааны хүүг ч мятруулан үйлдэж, Хүчээр хүрд урвуулагч болсон Чингис хаан тэрбээр хорин хоёр насандаа хаан төрийг тэтгэжээ. Буяны цог хүчинд шүтэж, уужим дэлхийн орон улс ихэнхийг эрхэндээ оруулжээ. 

Монгол орон үүнээ Энэтхэгийн бандида бүтээлчин нар заларч шашны журам нээсэн түүх байхгүй тул шашин номын анхан эхлэл нь Цаст Түвдийн орноос гарсан нь илт мөн. Тэр ч анх Цогт Сажавын ном ёс дэлгэрсэн бөгөөд түүний учир шалтгаанаар Их Хүрээ үүнээ Сагарнинпрүг дөрвүүл бүрдсэн байдаг хэмээн сонслоо. Их Хүрээ энэ нь Сажава ёстон мөн гэж алдаршжээ. 

Чингис хаан бээр Түвдийн цаст орноо хүрээд Дээд Ари гурван аймаг, дунд Үйзан дөрвөн хошуу, адаг Дохамын гурван даваа бүгдийг эрхэндээ оруулжээ. Зан нутагт хүн илгээж, Сачин Гунгаанинбууд өргөл эд тэргүүтэн өргөж баясгаад, эчнээ багш шавь болжээ. Дараа Монгол оронд урин залах айлтгал өргөснөөр, гурван шүтээн нэгэн хэдийг өгчээ.Түүнд шүтэж, Монголчууд бүгдээр шашинд сүсэглэх болж, Гурван эрдэнийг тахихын эхлэл тавигджээ. Увш гэнин зэрэг сахил санваарыг авагчид ч гараад бурханы шашин дэлгэрэхийн эхийг олжээ. 

Чингис хаан бээр жаран зургаан сүүдэртэй тэнгэрт залрав. Түүнд хэдэн хөвгүүн байсны их хүү Зүчи хэмээгдэх нь Тогмогийн хаан болон тушаагдав. Хоёрдугаар хүү Гадайд Чин вангийн эрх хайрлаад, Цагаан толгойтын хаанаар суулгав. Түүнд таван хүү байсны их хүү Авума эцгийн  орыг залгамжлав. Хоёрдугаар хүү Амимахули Хачийн хаан болон тушаагдаж, Самарганд хотноо суув. Гуравдугаар хүү Адирмахамади Энэтхэгийн хаанаар тушаагдаж, Валаша хотод суув. Дөрөвдүгээр хүү Гонхар Ром орны хаан болж, Сдамбүл хотноо суув. Тавдугаар хүү Тэмүр Урианхайн хаан болж, Бухар хотод суув. 

Чингисийн гуравдугаар хүү Өгөдэй хэмээх нь таалал энэрэлтэй, цөс ихтэй, аливаад бодлоготой мэргэн бөгөөд, няцах буцахыг үл мэдэх зан авирт нэгэн тул “Дэлхийг тэтгэгч их хаанаар суулгахад зохистой юм” хэмээж, өөрийг залгамжлах эрх өгсөн бөгөөд тэрбээр арван гурван жил хаан ор суугаад дэвшив. Түүний дараа түүний хүү  Гүюг, Годон ах дүү хоёр бээр Ланжугийн зүг газрыг эзлэн суух цагт, Годон бээр Сажа банчэн Гунгаажанцаны яруу алдарыг сонсоод Түвдэд хүн илгээж, Монгол оронд залрах урилга заллага өргөсөн нь, урьд Сажа банчэнд, ловон Содномзэмо бээр, эрээн малгайтай, гахай хоншоорт гутал өмссөн, зах хязгаар газрын хүмүүс залахаар ирэх цагт, тэнд очвоос шашин амьтанд тус болно хэмээсэн эш бошго үзүүлсэн буй лугаа нийцсэн учир залрахыг зөвшөөрч, ач хүү Пагба лугаа бараа бологч нарын хамтаар явсаар, дөрөвдүгээр жарны гал хонин жил-(1247)-д Годан хаан лугаа уулзаж, хаан савдагийн өвчинд баригдаад байсныг Банчэн бээр, Сэнгэ-Да бурханы үүднээс засал ном хийж, өвчнөөс гэтэлгэжээ. Хаан нөхөр сэлтэд Хэважрагийн авшиг өгсөнөөр Их Монголын оронд нууц тарнийн шашин дэлгэрэх эхлэл болжээ. Элдэв риди хувилгааныг үзүүлж сүсэглүүлэх болов. Түүнээс өмнө үед Монголчууд үсэггүй байсан учир Сажа банчэн бээр шинээр үсэг урлахаар шийдэж байтал, нэгэн эхнэр хүн хөрөөний ир мэт хэлбэр бүхий, арьс элддэг хэдэргэ модыг барьсан явахыг үзэв. Монгол үсгийг тэр хэдэргийн хэлбэрээр урлаж, А, Э, И, На, Нэ, Ни, Ба, Бэ, Би, Ха, Хэ, Хи, Га, Гэ, Ги, Ма, Мэ, Ми, Ла, Лэ, Ли, Ра, Рэ, Ри, а э и, Да, Дэ,  Ди, Та, Тэ, Ти, Жа, Жэ, Жи, Ца, Цэ, Ци, Я, Е, Й, Ва, Вэ, Ви үсгүүдийг эр, эм, эрс, чанга, сул, балархай гурван зүйлд хурааж унших журмыг тогтоов. Төмөр гахай жил-(1251)-д Сажа банчэнгийн шарилыг Ланжу хотын суварганы дотор оршуулав. 

Тэндээс хожим Чингис хааны дөрөвдүгээр хүү Толой хэмээгдэхийн хөвгүүн Мөнх хааны үед Гарма багш тэргүүтэн залрав. Тэндээс Мөнх хаан лугаа эх нэгтэй дүү Хубилай цэцэн хан, хаан ор суув. Төрөлхөөс авир зан сайн, зориг зүрх ихтэй, тулалдаанд мятардаггүй, бурханы шашинд сүсэг төгөлдөр тэргүүтэн агуу их эрдмээр чимэгдсэн нэгэн бөгөөд Хятад, Түвд, Монгол гурав, Энэтхэгийн хагас орчим, Хачийн захаас нааших улсыг эрхэндээ оруулжээ. Түвдээс Сажа банчэн хийгээд ач Догон Чойжал Пагва Лодойг урин залснаар, усан үхэр жил хаан лугаа уулзалдав. Хаан бээр номын асуулга асууж сүсэглэх болов. Гэвч түүний өмнө Гарма багшид сүсэгтэй учраас эшийн эрдмээр Пагба их боловч онолын эрдмээр сахалт лам илүү байна хэмээн хаан Пагва ламаас далдуур хэлснийг хатан Сайн үзэсгэлэнт хэмээгдэх Пагба ламд сүсэглэдэг тэрбээр сонсож, Пагба ламд айлтгажээ. Хааныг сэтгэл итгэмжлүүлэн сүсэглүүлэхийн тулд Гарма багш лугаа риди хувилгаан тэнцэлдэхийг гуйн залбирсныг таалан хүлээж авав.  Хаан тэргүүтний нүдний өмнө Гарма багш огторгуйд завилан суух, уулнаас дээш өндөрт хөөрөн нисэх зэрэг риди хувилгааныг үзүүлэв. Пагба лам бээр өөрийн биеийн таван мөч гишүүнээ огтлоод, тус тусад нь хувиргаж, Ялгуусан таван язгуурын бурхан болгон хувиргаж, мөн эргэж лагшин биедээ хувирах зэрэг риди хувилгааныг үзүүлэв. Хубилай хаан Гармаа багштай уулзснаар бид сайн ерөөл оллоо хэмээн айлтгаад сайн хувраг хэмээн алдаршуулав. Гармаа багш энд таалал төгссөн бөгөөд Ланжуу хотод Гармаа багшийн суваргыг байгуулжээ. Хубилай хаан нэгэн хэсэг зуур Пагва ламаас авшиг эс авсан бөгөөд хатан нь эхлээд  Хэ-Очирын авшгийг хүртжээ. Авшгийн тангараг ямар байх хэрэгтэй вэ хэмээн асуувал хатан нь  тангарагуудыг хэлсэнд, хаан “Бусад тангарагуудыг сахиж чадах боловч ламын зарлигаас давахгүй гэх тангарагийг би их хаан мөн учраас сахиж чадахгүй” хэмээв. Хатан “Ертөнцийн үйл хэрэгт хаан голлож, шашин номын үйл хэрэгт Пагва лам голлож байваас болно” хэмээн хэлсэн нь хааны сэтгэлд нийцэж, тангараг сахиж чадах хорин дөрвөн нөхрийн хамтаар Хэ-очирын авшиг сонсов. Авшгийн барьц болгож, хоёр их алтан мандал өргөсний нэгэнд нь хонины хорголын төдий нүхгүй сувдыг овоолж цоморлиг байгуулсан, нөгөөд нь алтаар уул тивийн дүрс бэлгэдлийг хийж өргөсөн, бас бус морь, луус, тэмээ, алт, мөнгө, хоргой торго тэргүүтэн санаанд багташгүй өргөл эдлэлийг өргөсөн бөгөөд Хятад хэлээр Шиншин Даа Гоошри буюу “Гурван орны номын хаан” хэмээх алдар цолыг соёрхжээ. Лишим хотын хүн ардыг албат болгон өргөсөн ба хожим Түвдийн гурван чуулганыг бүрнээр албат болгон өгчээ. Хаан бээр “Түвдийн хувраг бүгдийн номын ёс нь Сажава байх хууль гаргая” хэмээхэд Пагба хутагт бээр тус тусын эртнээс дэлгэрсэн ном ёсоороо байваас сайн болохын ёсыг зарлиг болсноор хэвээр байлгасан хэмээмүй. Тэр үеэс эхлээд энэхүү Монгол орноо нууц тарнийн очир хөлгөний шашин дэлгэрсэн юм. Бас Пагба хутагт модон үхэр жил (1265) Түвдэд очоод тавдугаар жарны шороон могой жил (1269) бас дахин эргэж Монгол оронд заларчээ. Төмөр морин жил-(1270)-д монгол дөрвөлжин үсгийг урласан бөгөөд номлох сонсох, бясалган бүтээх тэргүүтнийг үйлдэх журам ёсыг тогтоогоод шашин амьтны тусыг агуу ихээр зохиожээ. Хаан бээр Энэтхэгээс бурханы шарил тэргүүтэн гурван шүтээнийг олноор залж авчруулаад, хийд сүм болон хуврагийн аймгийг олноор байгуулж, унших, сонсох санах, тэвчих дияан ба үйлдвэр үйлийн хүрд тэргүүтэн шашны их журмыг улам дэлгэрүүлж өгчээ. Тийм болохноон ч урьдын монгол үсгээр монгол хэлэнд ном хөрвүүлж үл чадсан учир Монголчууд бүгдээр ном унших цагт уйгар хэлээр уншдаг байсанд Өлзийт хааны үед Сажава Чойжи-Одсэр хэмээх лам залран ирээд, өмнөх Сажа банчэний урласан үсгэнд дэвсгэр үсэг олныг нэмж, номыг орчуулж чадах болговой. Хожим Хайсанхүлэг хааны үед Банзрагч тэргүүтэн зарлиг шастир олныг монгол хэлнээ хөрвүүлжээ. Ухааны орон бүгдийн үндэс үсэг мөн хэмээн айлдсан нь буй тул Сажа банчэний ачид шүтээд Монгол орон үүнээ зарлиг шастирын олон ном Түвд, Монгол хэлээр гарч, хувь төгөлдөрүүд номын зүгт шамдахуй болсон нь Сажа бандидагийн ач гавъяа мөн. Буянт хааны үед Нартан Рагрил ламын шавь Жамъян, Монгол оронд заларч амьтнаа туслан үйлдсэн. Түүний хойно Гарма Ранжундорж хэмээх лам заларч Монголын нэгэн хаанд номын авшиг өгсөн гэж хэлдэг нь Заяат хаан мөн болов уу хэмээн санана. Тогоонтөмөр хаан бээр Гарма Ролбидорж ламыг урьсанд тэрбээр арван есөн сүүдэртэйдээ, шороон нохой жилд (1358) залран иржээ. Чингисээс Эрдэнэцогтыг хүртэлх арван дөрвөн хааны үед Сажава болон Гармавын их бандида мэргэд заларч шашныг дэлгэрүүлэн зохиожээ. Тэндээс Төгс буянтын ёс (Гэлүгба ёс) лугаа лам өглөгийн эзэн бололцсон нь, Төгс буянтын өнө ёсын их эрдэнэ гарах орон болсон Зөөлөн итгэлт ялгуусан хоёрдугаар Их Зонхава бээр итгэл Манзуширийн увдист шүтэж, шар малгай титмийг хадгалагч ханьцашгүй Рибо Гэндэнбагийн ёс лугаа тахил тавиг барилдсан ёс нь, Чингис хааны угсаа, Түмэд Алтан хаан бээр шороон барс жилд (1578) ялгуусан эрхэт гуравдугаар Содномжамцыг Монгол оронд урин залжээ. Амьд хийгээд үхэгсдийн буян гэж хөөрөмшин амьтны амь хороодог тэргүүтэн буруу номын үндсийг таслаж, шар малгайтын шашны журмыг тогтоожээ. Ялгуусан эрхэт тэрбээр Монгол оронд нирваан болсоны хувилгаан ялгуусан эрхэт дөрөвдүгээр Ёндонжамц лам Монгол оронд мэндэлсэн учир Монгол орноо шашин дэлгэрэх нь үлэмжээр боловсронгуй болов. Монголчууд бүгдээр Төгс буянтын шашны өглөгийн эзэн болжээ. Түүний дараа Ширээт гүүш бээр гурван Юм тэргүүтнийг Монгол хэлнээ хөрвүүлэв. Түүнээс эхлэж эдүгээ болтол номыг орчуулах хийгээд ном номлох сонсох тэргүүтэй номын ёс сайтар арвижснаар Монголын орон шилтгээн бүгдээр буяны цагаан мөрөөр ороод дээд гурван эрдэнийг оройдоо дээдлэн сүсэглэх хийгээд өглөг өгөх тэргүүтэн дээдсийн явдал ахуйд машид шамдах болов. 

Бас Чингис хааны угсаа язгуурт Батмөнх даян хаанд арван хоёр хөвгүүн байсны аравдугаар Жалайр хунтайж түүнээ долоон хөвгүүн буйн гуравдугаар Үйзэн ноён, түүнд зургаан хөвгүүн асны ууган нь Автай сайн хан хэмээгдэх бээр хүч чадлаар Ойрад бүгдийг эрхэндээ хурааж өөрийн нэгэн хүүг ч Ойрадын хаанаар суулгажээ. Автай бээр ялгуусан эрхэт Содномжамцыг Монгол оронд залрах үед уулзахаар очжээ. Тавиг тахил бололцож, таалал сэтгэл нэгдэн нийлэлдэж хүссэн номыг ч соёрхсон. Булганы арьсан гэр тэргүүтэн эд зүйл олныг өргөжээ. Ялгуусан эрхэт бээр Пагмодүва Очир хааны лагшины дэлгэмэл хөрөг галд үл шатагч нэгнийг хайрлаад, Очир хаан хэмээх алдар цол шагнажээ. Хаан бээр аравдугаар жарны гал нохой жилд (1586) Эрдэнэзуу (Эрдэнэжовуу) хэмээх их сүмийг шинээр байгуулаад лагшин зарлиг тааллын ялгамжаат шүтээнийг үлэмж ихээр сүншигт оруулсанд шүтээд умар зүгийн амьтан бүхний тахилын орон болов. Тэндээс өнө удалгүй ялгуусан бурхан өөрөө бээр заларсан мэт бурханы шашин их эрдэнийг буман нарны гэрэл нэг дор ургах адилаар гийгүүлэгч Живзүндамба хэмээх яруу алдар нь зүг бүхнээ түгээмэл болсон нэгэн умар зүгийн Халхын их орны амьтан даяарт зоригдолгүй энэрэх хүчтэй чанга сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлээд, эс ариудсан ертөнцийн орон үүнээ усанд тусах саран хийгээд нүдний риди хувилгаан мэтээр алинаа алиныг номхотгохын лагшины байгууллыг элдвээр үзүүлэн үйлдснээс, умар зүгийн амьтан даяарыг сайн зам мөрөөр шууд хөтлөхийн тухайд санасанчилан лагшин мэндлээд, мэргэд шидтэн дээдсүүд хийгээд их бага буман живаа хаадын оройн титэмд алины зарлигийн эрих бээр амсхийн үйлдсэн номын хаан Живзүндамба хэмээхийн алдар цолыг өргөсөн ёс, өндөр язгуур угсаанд мэндэлсэн ба бурханы шашныг дэлгэрүүлсэн хийгээд Манжийн хааны төрд түшиглэсэн тэргүүтэн нь хойно тодорхой бичигдмүй. 

Тэр ч ёс ямар мэт хэмээвээс, “Живзүн Дарнатын нууц намтар”-аас, урьд үнэхээр туулсан Намсиг бурхан, хааны ордон Нэндэнд залран ахуй үед тэрбээр бөхчүүдийн манлай Довтаамэджүр (Эгнэшгүй хүчит) хэмээгдэх болсон авай. Нэгэн удаа тэрээр бурханыг шавь найман живаа архад, арван найман живаа бодисадва нарын хамтаар урин залаад, гурван сарын туршид хэмжээ хязгааргүй тахилаар тахиж, дээд бодь сэтгэлийг үүсгэж, ерөөл тависан нь бүтэхийн шинж тэмдэг болж, тэр цагийн хүний насны зуун жилээр тахилын цэцэг нь үл хуучран, зул нь ч үл унтран бадарсан болой. Тэндээс эхлээд бурхад лугаа насад нөхөрлөсөн мөн ажгуу. Завсар завсарт бурханыг тахих хийгээд бодисадвын ялгамжаат онцгой явдлыг үзүүлсэн нь ч хэмжээ хязгааргүй амуй. Өөрийн эс ариудсан үеийн төрлөө үзүүлэхийн тулд ба муу заяаны амьтдыг боловсруулахын тулд муу заяанд дахин дахин төрж, эгэл амьтныг номхотгохын тухайд эгэл тэнгэр, хүний ёс дүрийг ч авсан ба ертөнцийн үйлдвэр төдийг үйлдсэн ч тоо томшгүй олон хэмээн айлджээ. Тэндээс Шигэмүни бурханы шашинд, “Их хэнгэрэгийн судар”-ыг айлдах цагт Санжон тэргүүтэн таван зуу бодисадва байсан хэмээн номлосоны доторхи бодисадва Лодойшиндүнамдаг хэмээгдэх болж, шашны магад утгын зүг бүгдийг барихаар тангараглажээ. Түр нэг Бурхан багшийн шашинд үйлдвэр үйлдсэн нь, Барвизову хэмээх болсон бөгөөд түүний арван нэгэн төрөл үе нь Лончэнба, Дагбу Дайнамба, Жэ Бовдарваа, Браггарваа тэргүүтэн болой. Бурхан Намсиг ертөнцөд заларсан үед бидний цэцэг туссан  хувьт бурхан, дээд аврал итгэл тэрбээр, хамаг бөхчүүлийн манлай Таамэддов хэмээгдэх лагшин төрлийг таалаад, Нэндан хэмээх балгадад, Намсиг бурханыг нөхдийн хамтаар гурван сар тахисан тэргүүтэн нь өмнөх мэт мөн. Бас тэрээр анхан бодисадва Лодойшиндүнамдаг хэмээгдэх болж төрсөн цагт, Бурхан багшид “Их хэнгэрэгийн судар”-ыг айлдахыг дуртгаж, орчлонгийн гүнзгий гянданд унасан даяар амьтан зовлонгоор нэрвэгдсэн ёсонд тэсэхийн чөлөө зав үгүйгээр бусдыг өөрөөсөө илүү энхрийлэхийн бодийн сэтгэл эрдэнийг төрүүлээд, ялгуусан хөвгүүний явдалд суралцаж, орчлонгийн чанадад гатлаад, дөрвөн лагшин, таван бэлгэ билгүүн төгөлдөр төгс жаргалангийн лагшинд босоод, огторгуй түгээмэл ариун хийгээд ариун бусын орны амьтдад алинаа алиныг номхотгоход таарсан хувилгааны байгууллыг сарны дүрс хичээл шамдалгүй асар атгаггүй, алинаа ус буй оронд ургахчлан бид төгс хувьтнуудын заяат тэнгэр бурхан болох лагшин дүрийг санаагаар дахин дахин тасралтгүй ургуулан үзүүлж үйлдсэн мөн бөлгөө. 

Тэндээс хоёрдугаар төрөлдөө бандида Барвизово хэмээгдэх болж, цог итгэлт хутагт Нагаржуна гэгээний шавь нарын эрхэм нь болоод, ухааны таван орныг мэдсэн бөгөөд олон тэрсүүтийг номхотгох тэргүүтэн шашин амьтны тусыг санаанд багташгүйгээр зохиов. Тэндээс гуравдугаар төрөл, их шидэт Нагбожодва хэмээх болж Очир дара бурханы эшээр тодорхой баригдсан, бүтээлийн хүрдийг урвуулагч Нагбожодва хэмээх их шидэт болсон бөгөөд арван хоёр хотын амьтдыг боловсруулан гэтэлгэхийн мөрд байгуулах тэргүүтэн нийт ба нийт бусын цадгийг санаж гүйцэшгүйгээр зохиожээ. Тэндээс дөрөвдүгээр төрөлд Радэнчэнбо хэмээгдэх болж, Хутагтын орноо Говизандарын үед, эцэг Кабирха, эх Раднасиддхи хоёрын хөвгүүн болон мэндлээд хувилгааны бүжиглэл олноор шашин амьтны тусыг агуу ихээр зохиожээ.

Тэндээс тавдугаар төрөл, Ронсомчойсан хэмээгдэх болж Зангийн нутагт, тарнич Ринчэнцүлтэмийн хөвгүүн болон мэндлээд, Жову Атиша гэгээн их шидэт Нагбожодвы-дорж мөн хэмээн эш үзүүлсэн, ухаанын орон бүхнийг судалж, хоёр хэлийг өгүүлэгчдийн манлай болсноор судар дандарын шастир олныг орчуулж, ертөнц даяарын нүд мэт болов. 

Тэндээс зургадугаар төрөл, Дарамванчүг хэмээгдэх болж, Дагбулхажэгийн үед Пан-юл хэмээх газар, эцэг Донба-Лодойжунай хийгээд эх Жомо-Лочүнма хоёрын хөвгүүн болж мэндлээд, Доржзүнмо бурхан бээр даган барьсан учир үргэлжийн сэтгэлд эрхшээлийг олжээ. Тарничийн авир ёсны бүтээлийн бүжиглэлийн тийн цэнгэлээр шашин амьтны тусыг хэмжээлшгүй зохиов. Тэндээс долдугаар төрөл, Одсэрбал хэмээгдэх болж, Сажа банчэн Дагважанцанг шүтэж, зарлигийн нууц санг барьсан хөвгүүн болоод, адистид дамжлагын зарлиг бууснаар, ямагт шид бүтээлийн шимийг авч зохиов. 

Тэндээс наймдугаар төрөлд, Бүрагдаажанцан хэмээгдэх болж, өмнө зүгийн Чамбранцам хэмээх газар, эцэг тарнич Радна, эх Жиддан хоёрын хөвгүүн болж мэндлээд Жамбал-дүйда-ванбу бурханы бясалгал егзүрийн эцэст хүрч, хүч чадалт очир аянга сумын халуун хайлмагаар шимнусын өмгийг тангарагт буулгахын хатуу тарнийн эцэст хүрэв. Тэндээс есдүгээр төрөл, Санжаарайчэн хэмээгдэх болж, Врихүнгийн оронд эцэг Жалваа-Лхананва хийгээд эх Хараг-нёоба-Дагбабал хоёрын хөвгүүн болж мэндлээд, Гаржүдийн шашныг баригчдын манлай болж, шашин амьтнаа туслан зохиов. Тэндээс есдүгээр төрөл, Сангабадра хэмээгдэх болж, Раса-прүлнан хийдийн ойролцоо эцэг Донба Гончэн, эх Чойжиджан хоёрын хөвгүүн болж мэндлээд, ухааны орны далайн чанадад хүрч дээрэнгүйтэн даяарыг боол болгох их эзэн чанарт болж шашин амьтнаа туслав. 

Тэндээс арваннэгдүгээр төрөл, Жамъян цорж хэмээгдэх болсон цагт, Богд ламын дөрвөн их шавийн нэгэн Жамъян цорж Дашбалдан хэмээх тэрбээр нь, Хятадын анхдугаар хаан Хуанпү ширээнд суусны арван хоёрдугаар онд, Самаяа хийдийн орчимд лагшин мэндэлжээ. Богд Зонхав ламын зарлигийн нууцыг баригч хөвгүүдийн ууган нь болж, тэнгэрийн зөн мэдэлтэн, хувилгаан номын хаан Далх сүлд тэнгэр, эдүгээ Найчүн хэмээн алдаршсан бээр, таван мянган хуврагийн шид бүтээл лүгээ сэлт хэмээн эш үзүүлсэн мэт, Сэрүүн төгөлдөрийн үзэсгэлэнт чимэг, номын их хийд Балданбарайбүныг байгуулж, долоон дацан бүхий болгосонд, Их Богд Зонхав бээр ялгамжаат номын лавайг шагнаад, “Ирээдүйд эх хийдээс хүү хийд илүү болно” гэсэн эшийг үзүүлжээ. 

Бурхан бээр номын лавай хайрласан нь, урьд Бурхан багшид Мадой лус бээр нэгэн лавайг өргөжээ. Түүнийг Модгалванийн хүүд өгөөд үүнийг Гогба ууланд нууж, Цогдаг бичинд даалгагтун. Энэ нь Лувсандагбын хурлын лавай болно хэмээн айлдсан тэр мөн хэмээнэ. Нэг зуун гучин хоёр боть номыг цээжээр айлдаж номлодог байсан, Маанийн зургаан үсгийг хоёр дүнчүүр тоолж уншсан тэргүүтэн санаанд багтахгүй цадгийг эрхшээсэн мөн болой. 

Тэндээс арван хоёрдугаар төрөл, Чойжининжэд хэмээгдэх болж, Хутагтын орны Сингалийн оронд эцэг Брахма Шризади, эх Бадмани хоёрын хөвгүүн болж мэндэлсэн. Жанрайсиг бурханы лүндэнд шүтээд Энэтхэг, Утай тэргүүтнээ заларч, хамаг олон амьтанд хязгааргүй туслахуй үйлийг ихээр зохиожээ. Тэндээс арван гуравдугаар төрөлд, Аарий нутагт Гунгаадолчог хэмээгдэх болон мэндэлж, Жонанбагийн үзлийг барьсан бөгөөд тогтсон тааллын далайн чанадад хүрчээ. Сэтгэлийн аймгийн олон увдисаар амьтныг боловсруулан гэтлэхийн мөрд байгуулан зохиожээ. 

Тэндээс арван дөрөвдүгээр төрөл дор, Гаажэд Сажон хэмээгдэх болж, Энэтхэг хэлээр Гаяа хэмээгдэх хотод, хаан Вхарадари хэмээгдэхийн хөвгүүн болон мэндэлжээ. Хувилгааны олон байгууллаар хувь төгөлдөр амьтны тус хэргийг хэмжээлшгүй зохиожээ. 

Тэндээс арван тавдугаар төрөлд, Живзүн Дараната хэмээгдэх болж, Түвдийн Үйгийн газар Чойнхордин хэмээгдэх нутагт, эцэг Намжилдоржпунцаг, эх Вугаа хоёрын хүү болон мэндэлжээ. Мэргэн хийгээд шидтэний зохиолоор олон амьтныг боловсруулан гэтэлгэхийн мөрд байгуулсан бөгөөд Жонангийн журмыг ч барьж зохиожээ. Ухааны орны далайн чанадад хүрсэн бөгөөд ялангуяа Цагийн хүрдийн зам мөрийн өндөр зэрэгт хүрсэн тэргүүтэн гайхамшигтай цадиг санаанд багшташгүйг эрхшээх ёсыг үзүүлсэн тэргүүтэн алинаа алинд байгуулах элдвээр шашин хийгээд амьтны тусыг их хавтайгаар зохиосон цадиг нь их оюунтны газарт оршсон их эрх баялагууд ч тоолж чадахын орноос давсан мөн бөгөөс өлгийтэй нялх адил, төрөлхөөс судласан эрдэмгүй доод оюунтан нар нэгээхэн хувь хэсэг төдийг ч санаж бараглаж хаанаас чадах аж. 

Төвд хэлнээс орчуулсан Ж. Ерөөлт

ҮРГЭЛЖЛЭЛ ДАРААГИЙН ДУГААРТ

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй