ӨНДӨР ГЭГЭЭНИЙ НАМТАР 2-Р ХЭСЭГ

1-р сар 21, 2014

БИЗЪЯАГИЙН АЙМГИЙН ДАРХАН ЦОРЖ АГВААНЛУВСАНДОНДОВ ЛАМЫН ТУУРВИЛ 

ТҮГЭЭМЛИЙН ЭЗЭН ХҮРДЭН ИТГЭЛ БОГД ЛУВСАНДАМБИЖАНЦАН ЦОГ САЙТЫН ЦАДИГ ХУВЬ ТӨГӨЛДӨР ГЭТЛЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН ЭГЭЭРЛИЙГ ДҮҮРГЭХ 

БАЯР ХУРИМ ХЭМЭЭГДЭХ ОРШИВ

Тэр мэт боловч, Банчэнринбүчэ бээр зохиосон “Төрөл үеийн залбирал Пунцаг-гүсүм- ма” хийгээд “Пунцаг сүнжүг” ба дэлгэрэнгүй мэдэхийг хүсвээс өөрийн нь цадигаас мэдтүгэй. Тэр ч ийн хэмээн 

Хотол чуулсан гурван лагшины дээд хутгийг олсон боловч

Санасанчлан ялгуусан хоёрдугаар Сайн оюунтын

Шашины ялгуусан тэмдгийг баригчдын манлай болсон

Гэтэлгэгч Богд лам хэмээн айлдсан мэт Зөөлөн итгэл ялгуусан хоёрдугаарын шашин их эрдэнийг зүгийн хязгаарт арвтитгахын таалал үүсгэсэн хүч нь бүтэж, умар зүгийн амьтан огоотын хувьт гагцхүү бурхан тэрбээр ч “Жүд лам”-аас “Урьдын өөрийн ерөөл ба ариун тэнгэр нарын хүчээр, Эсрүн тэнгэр хэрхэн амархан үзэгдэх мэт, өөрөө гарсан бурханы хувилгаан ч тэр мэтээр шамдалгүй гарах болой” хэмээн айлдсан лугаа ном нийцэж,  Халхын их орноо оршсон нийт амьтны сайн үйлийн тариалангийн иш түрүү найгасны хүч буян ба урьд эртнээс олон удаа умар зүгийн эрмэг догшин цөвүүн цагийн амьтныг номхотгохын хэрэг дор агуу их ерөөлийг зохиосны хүч нь огоот боловсорсон болвоос тэр мэтийн адилтган тэнцүүлшгүй дээд удирдагч Богд тэрбээр хаанаас гарсан орон нь анхан эн тэргүүн энэ оронд бурханы шашин их эрдэнэ анханд гарсан уг нь Батмөнх даян хаан, түүний хүү Жалайр хунтайж, түүний хүү Үйзэн ноён, түүний хүү Эрхэй мэргэн хаан, түүний хүү Очирбани бурханы хувилгаан Очир Абатай хааны үед бурханы шашин дэлгэрэх эхлэлийг олсон учир шалтгаан нь, Чингис хааны язгуур угсаа Түмэд Алтан хаан бээр дээдийн ном дэлгэрэхээс өмнө хөл тулай өвчтэй болж, амьд хүний ходоодыг хагалаад хөлөө дүрж, өвчнөө эдгээхээр шийдэж байтал, тэр цагт арван тавны сарны гэрэл машид тодорхой ургасанд, гэнэтэд алтан өнгөт бандида малгай тэргүүндээ тавьж, номын хувцас өмссөн нэгэн лам заларч ирээд “Хаан аа, хүн бүү алагтун, чиний өвчнийг би эдгээе” хэмээн зарлиглаад түргэн эдгээсэнд машид гайхамшиг болжээ. Тэр үед улаан малгайт Самдан ба Балжор хэмээгдэх хоёр хувраг дэргэд байснаас “Энэ лам хэн бэ” хэмээн асуусанд, Самдан “Далай лам Содномжамц мөн байна” хэмээн айлтгав. Алтан хаанд, Далай ламд сүсэглэх бишрэл хүчтэй төрж мутрын адис авшиг хүртэв. Далай лам бээр хаанд “Онгод тэнгэр бүү тахи. Онгод тэнгэр бүгдийг би бээр хөөе. Одоогоос эхлэн бурханыг тахих хэрэгтэй” хэмээн зарлиг буулгав. Хаан бээр Онгод тэнгэр бүгдийг түлж шатаагаад, “Хойшид бидэнд гэмгүй болгохыг лам та мэд” хэмээн айлтгасанд лам бээр Онгод тэнгэр хүч ихтэйг нь Махагалын гал хот мандалд оруулаад, хийд сүм барьж, Зуу бурхан эрдэнийн шүтээнийг тахиулах болов. 

Тэр үед Абатай хаан бээр мянга орчим цэрэг дагуулж, “Эв зүйтэй болвоос уулзана. Эв зүйгүй аваас тулалдана” хэмээн санаж очоод, Далай ламтай уулзаж их сүсэг бишрэл төрж, сарын хуучаар хар хадаг олоод үдэш мөргөсөн. Мөн сар шинийн өглөө цагаан хадаг өргөж мөргөсний хэрэг нь, урьд үйлдсэн арван нүглийн үйлээ арилгаж, үүнээс хойш арван буяныг сайтар дэлгэрүүлэхийн шүтэн барилдлагыг жигдэлсэн тухайд мөн хэмээн айлдаад бурханы шарил ба Пагмодүва хааны дүрт лагшины хөрөг галаар үл дийлдэх тэргүүтнийг хайрлаад Абатай очир хаан хэмээх цол шагнажээ. Абатай очир хаан өөрийн нутагтаа эргэж ирээд Халх Монголын оронд, Далай хааны (Мин улсын Ванли хааныг хэлжээ) арван дөрөвдүгээр он-(1586)-д,

Тэр ч ийн хэмээн: 

Газрын эрхэт Очир хаан бээр

Монгол орны Очир суурин

Хоёрдугаар Лхас лугаа адил

Эрдэнэ гэж алдаршсан Зуу бурханыг бүтээв 

хэмээсэн мэт Абатай хаан бээр гал нохой жилд (1586) Монгол орны Очир суурин, хоёрдугаар Лхас болсон Эрдэнэзуу хэмээх сүм, ялгамжаат үлэмж лагшин хөрөг нэгнийг босгож, түүнд Далай ламын хайрласан бурханы шарилыг сүншигт оруулав.

 Монголын Эрдэнэ зууг анхан бүтээх цагт Монгол оронд эх загвар эс олдсон учир Хөх хотын Зуу бурханаас маяг үлгэр авч бүтээсэн гэдэг. Хийд сүм барьсан газар нь урьд Далай ламд айлтгах цагт “Чиний нутагт Хөгшин Орхон, Залуу Орхон нэртэй хоёр мөрөн гол буйгаас Эрдэнэзууг босгох газрын ойр Норовбанзод хэмээх мод буй. Тэнд сайн газар хайж олоод босговол сайн байна” хэмээн айлджээ. 

Халх Монгол оронд сүм хийд босгосон хийгээд шүтээн байгуулсан даруй Түмэд Алтан хааны багш Донхор Манзушири Жамъянжамц ламыг уриж авчраад хийдийн аравнайн зан үйлийг хийлгэж, тэр ламаас найман гишүүт бацаг санваар авч сахиад, авшиг зэргийг ч сонссон болой. Лам тэрбээр хаанд Түвдийн Үй хэмээх газар Жанрайсиг бурханы хувилгаан Далай лам гэгдэх, Богд лам Очирдара гайхамшигт нэгэн буй хэмээн хэлсэнд, хаан Түвдийн оронд очихоор шийдэж, Далай лам ба дээд Богд нарт мөргөөд аль санасан хэрэг бүхнээ бүтээхээр Халхаас эн тэргүүн Абатай сайн хаан очих цагт газрын хол, уулсын өндөрт амьсгаа давхцаж, орны савдаг догширсон учир дөчин таван хиа бараа бологч нарын хамт нум саадаг, хуяг дуулга өмсөөд уналга ачлагаас түрүүлж, урдаар газар товчлон заларсаар, Сухайн хар толгой хэмэх газар  үүр цайж байх даруйд хүрч очоод, хаан удирдан хиа нар хамтаар их дуугаар уухайлан хашгирч, гурван удаа сум харваж өнгөрсөнд тэр газрын савдаг шархдаж, Далай ламын дэргэд одож, “Умар зүгийн Халхын Абатай хаан хэмээгч,  намайг сумаар гурван удаа харвасанд шарх олоод амь арай тасраагүй төдийд ламын дэргэд ирлээ” хэмээн өчсөнд Далай лам бээр тэр савдагт “Абатай хаан Очирбанийн хувилгаан мөн. Үүнээс хойш чи амьтныг хорлол хөнөөхөө боль. Би чамд увш гэнэн сахил өгье” гээд санваар өгөв. Тэр даруйд зүүн зүгээс улаан тоос бужигнасанд, Далай лам бээр “Шарай голын нохдыг түргэн турхирч явуул” хэмээн айлдсанд, шавь нар гайхан байтал Абатай хаан дөчин таван хиагийн хамт бүрэн хуяг дуулга төгсөөр хүрч ирэхүйд,  Шарай голын олон ноход наана цаана нь гарч тоглон эрхлэх байдлаар дагасаар ирэв. Далай лам бээр тэр савдагт зарлиг болсон нь “Таниж мэдэхгүй хүмүүсийг урж идэх шахдаг догшин тэнэг ноход ч тэр хааны сүр бараанд тэсэлгүй дарагдаад ирэхийг харж байна уу. Би ч гэсэн аймуй” хэмээн айлдахад савдаг ч түргэнээ явж одов. Түүнээс хойш Сухайн хар толгойг Увшигын даваа хэмээн нэрлэх болжээ. Хаан бээр Далай ламд мөргөөд учир шалтгаанаа өчсөн нь “Би умар зүгийн Халх хэмээх хүмүүсийн хаан Абатай гэдэг нэгэн бага хаан байна. Хязгаар нутгийн оронд төрсөн учир бурханы шашин, Богдсын ном гэж огтоос хэрэглэдэггүй учир үйл үрийн мөр замыг мэдэхгүй бөгөөд сэрэмжгүйгээр амьдран суутал Түмэд Алтан хааны багш Донхор Манзушири ламаас сонсоод мөргөж, ном сонсох болон бас би өөрийн нутагт босгосон хийд шүтээн сүм сэлт байгаа учир түүндээ аравнайг дэлгэрэнгүй хийлгэхээр залая. Мөн хойшид үргэлж тахих бурханы шашны хэрэгт хичээх нэгэн сайн ламыг хайрлах хэрэгтэй, адистид шүтээнийг ч хайрла. Би орчлонд сэрэмжгүй явсан тул арван нүглийн үйл үйлдснээ наминчлан бооё. Арван буяныг дэлгэрүүлж арвитгахын тулд зуун цагаан хадаг, зуун цагаан морь өргөе. Бурханы шашныг арван зүгт дэлгэрүүлэх хийгээд цогт дээд лам нарын өлмийн лянхуаг сансарын үзүүрт хүртэл баттай оршоохын төлөө зуун шар хадаг, зуун шарга морь, мөн нэгэн мянган адуу тэргүүтэй олон зүйлийн өргөл өргөе” хэмээгээд мөргөсөнд авшиг эш хайрлаад “Хаан чи олон шүтээний дотроос хүссэн бурханаа зал. Мөн ламыг ч чи өөрөө мэдэж, лам нараас шинжил” хэмээн айлдав. Хаан, бурхадын сүмд очоод бурхадын зүрхийг гараар дарж явсаар нэгэн бурханы хөшгийг нээж, “Энэ бурхан нь хол газраас ирсэн надад тустай” хэмээгээд залсан тэр бурхан нь адистид Очирбани бурхан мөн болой. Тэндээс Лхас моломд манж түгээл өргөөд хуврагуудын дотроос арын суудалд суусан нэгэн тойн үүнийг залая гэсэнд тэр хувраг бээр “Би одоо эдүгээ явж чадахгүй. Дараа хүрч очно” гэж хэлсэн гэдэг. Далай лам “Хийд сүм тэргүүтэнд чинь аравнай хийхээр би очиж чадахгүй учир чи нутагтаа очоод аравнайлах өдрөө магад мэдэгдээд, тэр өдөр аравнайн тахил балингаа сайтар бэлдэгтүн. Би нутаг эндээс аравнай хийе” гэж айлдахад нь тэрхүү тогтсон өдөрт балин тахил зэргийг зан үйлийн ёсоор бэлдэн хүлээж байсанд баруун зүгээс цацав уу гэмээр хэсэг хэсэг арвай бууж ирснээр Халхад арвай будаа тархсан мөн гэдэг. Далай лам бээр “Эдүгээ эс залравч хожим очиж уулзана” хэмээн айлдсан гэдэг. 

Абатай хаан бээр хожим гөрөөс авлахаар одсонд хүнгүй их талд утаа баагихыг үзэж, хаан “Тэр юун хүн болохыг үз. Анчин гөрөөчин үү, хэсүүл бадарчин уу, мэдэж хараад ир” хэмээн нэгэн хиагаа илгээв. Тэр хиа эргэж ирээд “Хөх хувцастай, үсгүй мулзан толгойтой нэгэн хүн будаа чанаж сууна. Лам буюу хар хүн алин болохыг мэдсэнгүй” хэмээн айлтгахад хаан бээр “Дээл хувцасаар магадлах аргагүй ч үсгүй бол хувраг мөн байх. Би урьд Далай ламтай уулзах үедээ манай нутагт тойн хувраг цөөн учир хувраг хүнтэй уулзваас мөргөж байя гэж ам алдсан билээ. Тиймээс очиж мөргөе” гээд хүрч очоод мөргөв. Тэгээд хаан “Над шиг их хааныг мөргүүлдэг юутай их буянтай бадарчин бэ” хэмээхэд тэр бадарчин “Олон хүн мөргөхийг хэрэгсэхгүй атал чи гагцаар мөргөдөг ямар хувьтай хаан билээ” хэмээн харилцан ярилцсаны эцэст “Бид хоёрын уулзсан энэ газар шүтэн барилдлага сайтар жигдэрсэн нэгэн тэмдгийг тавия” гээд тэмдэг тависан газар нь Есөн зүйл хэмээгдэх бөгөөд эдүгээ үг сунжраад Усан зүйл гэх болжээ. Есөн зүйлийн сайн бэлгэ бүрдсэн газар тул Есөн зүйл хэмээн нэрлэсэн мөн ажээ. Тэр бадарчин чанасан идээнээсээ өөрийн аяганд хийгээд хаанд өгсөнд хаан бээр зооглоод үлдсэнийг нь бусад бараа бологч нартаа өгсөнд тэд нарын огиудас хүрээд идэж чадаагүй. Бадарчин өөрийн үүргээ нээгээд дотроос нь адистай олон зүйл өгсөн тэрбээр нь Далай лам Содномжамц бээр урьд “Хожим бас уулзана” гэж айлдсанаараа уулзсан мөн ажээ. 

Чингис хаан түүний хорин долдугаар үеийн хаан Батмөнх даян хаан хэмээгдэх гарчээ. Түүнд арван нэгэн хүү байсны аравдугаар нь Жалайр хунтайж, түүний долоон хүүгийн гуравдугаар нь Үйзэн ноён, түүнд зургаан хүү байсны ууган нь Абатай хаан хэмээгдэх гарчээ. Абатай хаан, түүний хүү Эрхэй мэргэн хаан, түүний хүү Гомбодорж түшээт хаан, тэр хаан хэдэн жилийн урьдтай аглаг зэлүүд газар явж байтал нэгэн зүс сайтай хувраг уулзаад “Чи юу хийж байгаа юм бэ” гэж хааныг асуухад “Би бээр газар дэлхийн эзэд савдаг шивдагийг тахиж байна” гээд гэнэт алга болсон ба гэрэл, солонго үзэгдэх, хаан хатан хоёул сонин гайхамшигтай сайн зүүд зүүдлэх тэргүүтэн олон сайн бэлгэ шинж гарсан даруйд Түшээт хааны хатан Ханджамц хөл хүнд болжээ. Тэр үед Гэгээн сэцэн хаан бээр Түшээт хаанд бэлэг захиа өргөөд “Халхын хаан, ван, ноёд тэргүүтэнд урьдын ерөөлийн хүч бүрэн боловсорсон үе болсон тул Чингис Богд хааны язгуур угсааны хөвгүүн, биднийг удирдаж чадах нэгэн сайн хүү чамд ирнэ гэж үргэлжид миний сэтгэлд ургамой. Тиймийн тулд би чамтай уулзаж хэдэн хоног наадам хийе” хэмээгээд тэр даруй Сэцэн хаан бээр хэдэн хүний хамт хүрч ирээд наадам ба яриа хэлцээнийг олон зүйлээр хийгээд буцаж залрав. Тэр жил хур ус цагтаа бууж, ган зуд, мөндөр хяруу үгүй, жил ургац сайн, мал сүрэг зэрэгт өвчин гарзгүй, шувууд сайхан яруу дуугаар донгодох тэргүүтэн гайхамшигтай буяны шинж болсон бөгөөд ялангуяа хаан хатан хоёул зүүдэндээ олон бурханыг үзэх ба дээдийн номын дууг сонсох хийгээд бодитойгоор таван өнгийн гэрэл солонго ургасныг үзсэн ба тэр байтугай эгэл ардуудад ч гайхамшигтай олон буяны шинжүүд болжээ. Тэр цагт Сэцэн хаан бээр урчуудыг цуглуулж, эрдэнээр бүтээсэн нялхын дэвсгэр буюу өлгийг гурван төмөр бүстэйгээр бүтээж дууссан даруй сар хоног ч гүйцсэн мөн учраас сайн газрыг шинжиж олоод, хүүг төрүүлэх газрыг хайсаар, урьд Далай лам хаан хоёрын тэмдэглэсэн газар хүрч очсон бөгөөд тэр газар орон нь арван буян төгөлдөр тэмдэгт Хангай хан хэмээх, умар зүгийн их Монгол орны Халхын төв нутаг, Хангай хан хэмээн алдаршсан нутагт хамаарах Усан зүйл хэмээх ариун бөгөөд сэтгэлд нийцтэй, зүлэг ногоо, хад, уул, цутгал гол тэргүүтэн бүрдсэн ялгамжаат орон, гол хөндийн хэлбэр сайн тэргүүтэн шинж тэмдэг бүхэн бүрдсэн бөгөөд тэр ч ийн хэмээн 

Амьдрах сууц барих газар, тариалангийн газар, газрын буян

Ундаалах ус, цутгал ус, усны буян

Орон байшин барих чулуу, тулга голомт үүсгэх тоосго, чулууны буян

Байшин барих мод, түлшний мод, модны буян

Байр ордын дээвэр,  унь шаваас, өвсний буян

хэмээн айлдсан мэт хотол чуулган бүрдсэн нэгэн орон болой. 

Алинд мэндэлсэн язгуур нь, хаан Чингисийн удам бөгөөд, Богд Жанжаа Ролбидорж бээр “Газрын эсрүн Чингис” хэмээн сайшаасан мэт урт наст тэнгэрийн орны ариун тэнгэр бээр Энэтхэг Хутагтын орны Ганга мөрнөөс нааш Хятад хийгээд Түвд тэргүүтэн Замбутивийн ихэнхийг хүчээр хүрдэн урвуулагч Эсрүн хүний дүрстэн Чингис хаан хэмээн огоот алдаршсан нэгэн гараад, хаан тэрбээр орон улс бүгдийг эрхэндээ хураасны баяр хуримыг хийсэн сарыг Монголын анхдугаар сар хэмээн алдаршуулсан хэмээн номложээ.

 Арван буян төгөлдөр тэр оронд өмнө Түшээт хаан бээр “Надад сайн хүү төрөх болзошгүй учир хөвгүүнийг төрүүлэх бэлгэ тэмдэг сайтай нутаг газрыг эрж олъё” хэмээн шинжсээр, урьдын бодитой тэмдэг тависан газар очвол, тэр газар нэгэн цагаан жингэр нохой есөн гөлгийн хамт байсанд орд гэр буюу өргөөгөө тэнд барих үед тэнд эцэг эх ба нутгийн хүмүүсийг урьдаас үлэмж илүү буяны тэмдэгүүд угтсан бөгөөд ялангуяа заан хөлөглөсөн, бандида малгай өмссөн, сүр жавхлан ихтэй нэгэн Азар, нутгийн нэгэн хүний нүдэнд үзэгдэж, “Түшээт хааныд очих хэрэгтэй” гэж хэлээд хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болов. 

Тэндээс өнө удалгүй умар зүгийн Монголын тэрхүү их оронд аврал итгэл Богд тэрбээр өнө урьдаас номхотгохын хэргээс хэлбийх үе үл байх тул хязгаар нутгийн таван цөв дэвэрсэн эрмэг хэрцгий амьтдыг гэтлэхийн уужим замаар хүчлэн удирдахын таалал сэтгэлийг үүсгэж ерөөл тависан нь бүрэн гүйцсэн хийгээд орны ялгамжаа сав шимийн баялаг хотол бүрдэх болсон хийгээд товчилвоос бүгдийн мэдэл ухаанд үзэгдэж, сонсогдож, санагдаж, хүрэлцэхийн үүднээс ханьцашгүй бодийн хөрөнгийг мэндлүүлэн зохиож, буяны цагаан язгуурт тэнгэр нар машид баясахуйн дуу эгшгийг сансарын үзүүр хүртэл дуурсгаснаар, цагаан зүгийнхэн баясаад, шимнус хийгээд шимнусын язгууртан болсон даяарыг асрал энэрлийн галаар түлсэн бөгөөд хар зүгийнхэн бээр гаслангийн оронт болж, хатуу зовлонгийн энэллээр сэтгэл нь бүхнээс энэлэх болоод сэтгэл хор хомс болж, шашин амьтанд хорлон хөнөөхийг огтоос үйлдэж чадахгүй болсон ба ялангуяа Монгол орон лугаа дэлхий дахины эн бүхнээ оршсон амьтан даяараа дээдийн номын шимээр төгс төгөлдөр шинэхэн баяр хуримыг ургуулах болов. 

Эцэг Түшээт хаан Гомбодорж хэмээх нь шашин төр хоёуланг мэдэх бөгөөд баатар хэрсүү, зориг цөс ихт агаад амьтныг хүүгээ мэт энэрдэг, ойр хол ялгалгүй бүхнээ тэгш ханддаг зан авиртай бөгөөд эх нь ч Богд түүний өвөг Очир их хааны дүүгийн охины охин мөн бөгөөд ийн хэмээн, “Хатан үзвээс гуа, сайхан зан аальт” хэмээдэг мэт тэрээр өнгө үзэсгэлэнт бөгөөд сэтгэлд зохистой, гуа сайхан агаад хатан эрдэнэ лүгээ адил зан ааль шулуун шударга, гурван эрдэнэд сүсэг төгөлдөр, Ханджамц хэмээх нэгэн ажээ. Тийнхүү их Богд тэрбээр номхотгох шавь нарын тусад таалал тангараг өчүүхэн ч үл мятарч, Хятадын арванзургадугаар хаан Чүнжан хааны ширээнд суусны наймдугаар он, арван нэгдүгээр жарны насан төгөлдөр хэмээх модон гахай жилийн (1635) монголын есдүгээр сарын хорин тавны өдөр дагинис чуулсан ялгамжаат цагт, өглөөгүүр Богд тэрбээр санасанчлан, гэтэлгэгч Манзуширийн зүрхнээс гараад, эцэг эх тэр хоёрын хүү ялгамжаат, биеийн өнгө цагаан бөгөөд хэлбэр сайн, үзвээс сайхан агаад сэтгэлд нийцсэн, амьтан даяарын нүдний баяр хурим болсон нэгэн гайхамшигтай олон шинж тэмдэгтэйгээр охин тэнгэр Маяа мэт санасанчлан лагшин мэндлэх болов. 

Хөвгүүнийг мэндэлсэн өдөр хатны бараа болооч, арван зургаан настай нэгэн охины хөхнөөс сүү гоожсон тул тэр охин машид ичиж, нууж явсан агаад нэгэн өдөр уйлсанд хатан бээр “Битгий уйл, бүсгүй язгууртнаас бусад нэгэнд хүү төрөхөд хөхнөөс сүү гоождог нь жам юм” хэмээн хуурч аргадаж тайтгаруулсан бөгөөд эх хатны хөхнөөс сүү эс гарсан учир хаан хатан тэргүүтэн зөвлөлдөж зөвшилцөөд, арван зургаан наст тэр охины хөхнөөс сүү гарсан учир, аршаанаар угааж, хүүг хөхүүлж үйлдсэний тулд Өрлөг эх хэмээх нэр өгчээ. Тэр хүүг нь эрдэнийн өлгийд өлгийдөөд, өдөр шөнөгүй үргэлж сахиж байтал гэнэт гурван Азар хүрч ирвэл хүү тэд нартай үг ярих байдал дүр үзүүлэхэд, Гэгээн сэцэн хаан бээр өөрийн өвөр дээрээ аваад өхөөрдөн наадсанд гурван Азар хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болов. 

Сэцэн хаан бээр “Энэ хүү үүнээс эхлээд цаг үргэлж тотгор саадгүй боллоо. Би өөрийн Гэгээн нэрийг хүү танд өргөе” гээд өргөсөн тул түүнээс хойш Гэгээн хүү хэмээн нэрлэх болжээ. Сэцэн хаан бээр өөрийн нутагтаа харьж очоод нэгэн шинжээч хүнийг “Чи яваад, Түшээт хааны хөвгүүний шинж байдлыг сайтар харж шинжээд ир” гээд илгээв. Тэр хүн үзэж ирээд хэлсэн нь “Харж ханамгүй сайхан хүү байна. Ялангуяа мэлмий нь уртлаг бөгөөд хар цагаан нь тэгш, арван зүгт нэгэн зэрэг харсан, бурхан гэдэг мөн бололтой” хэмээн хэлсэн байдаг. Лагшин мэндэлсэн өргөөг зөөсний бууринд тэр үе өвлийн цаг мөн авч сайхан хэлбэрт нэгэн цэцэг ургасныг бүгдээр үзэж гайхсан бөгөөд нутгийн ёс лугаа нийцүүлэн нярайн хурим зэргийг үйлдээд зохилдсон эд зүйлээр энхрийлэн тэтгэж өсгөсөөр өнө удалгүй цөөрөмд оршигч лянхуа цэцэг адил урган өссөн бөгөөд бие лагшин хэдий нялх боловч эгэл нялхасын байдлаас араар зүглэсэн, төрөлхөөс дээдэс төрөлхтний явдлаар үзэсгэлэнтэй тэргүүтэн дээдэс богд бээр сайшаах зохистой нэгэн цадигт шулуудсан болой. 

Тэр хүү бээр гурван нас хүрсэн цагт урьдаас бичиг үсэг цээжлэх тэргүүтэн огтоос үл болсон атал гэнэтэд өдөр бүр Ганданлхавжаа ма, Жамбал цанжодыг бүтэн хоёр удаа цээжээр уншсанд бүгдээр гайхан сэтгэл итгэмжилж сүслэхийн орон болов. Бас хөвгүүн тэрбээр олон хүүхэдтэй тоглон наадах цагт хийд сүм барих хийгээд хурал хурах тэргүүтэн элдэв зүйл тоглоом наадмыг үйлдсэн тул хар шар нийтээр гайхан сонирхох орон болов.

Тэндээс дөрвөн нас хүрсэн, Олон үрт хэмээх шороон барс жил (1638), Халх орныг өргөөд, Занабазар буюу Ишдорж хэмээн цаг үргэлжид Нагбожодбо лугаа хамтад эш үзүүлсэн мэтээр нэр алдрыг өгөв. Энэ үесд өргөө гэрийн гадаад бүслүүрээс бариад гэрээ эргэж, тоглох байдлаар,

 “Миний лам гурван цагийн бурхан бөлгөө. 

Номын хүрдээр урвуулах нь ханьцашгүй.

Эл шарын дуазыг баригч бүгдийн эрхэм. 

Ялгалгүй дээд ламд бишрэн мөргөнө. 

Бурхан номын лагшин Агнистын ёс. 

Миний шашин огоот бүрдсэн. 

Амьтан бүхэн амар жаргаад. 

Түргэн бурханы хутгийг олох болтугай” 

хэмээх шүлэг үүнийг цээжээр торолтгүй айлджээ. Амаар унших сурах ёсыг соёрхсноор үсэг уншихыг машид судалсан ба уншлагын зэргүүдийг ч бэрх төвөггүйгээр цээжлэх тэргүүтэн сонин гайхамшигтай зохиолыг олонтоо зохиосонд шүтэж, Түвдийн орноо элч хүн илгээж Банчэн хамгийг айлдагч хийгээд Бүхнийг тольдогч тавдугаар Далай лам тэргүүтэн лам нар болон Ламо чойжин нарт нарийн тодорхой эш бошго үзүүлэхийг айлтгуулсанд Живзүн Даранатын хувилгаан мөн хэмээн мэдэж таниад,  Манзуширийн хувилгаан хэмээх яруу алдрын хөгжмөөр дэлхий дахин бүхнээ түгээмэл болгов. 

Тэндээс таван насан дээр Согтонги хэмээх шороон туулай жил-(1639)-д ширээнд суулгахын тулд Халх дөрвөн аймгийн хаан түшмэл ба албат ардууд хуралдаж, Ширэгт (Ширээт) цагаан нуур хэмээх газар урвашгүй очир суудалд өлмийг дэвшүүлээд, умар зүгийн шашин амьтан бүгдийн итгэл, аврал, өмөг садан гагцхүү мөн хэмээн эрх өгөн соёрхож, ширээнд залах шүтэн барилдлагыг сайтар жигдрүүлснээр шашин амьтны амар жаргалан, төгс төгөлдөр залуугийн сайн цагийн цог дор хүрэлцэх болов. Хайдүв Санжай-Ишийн хувилгаан, Энса брүлгү ринбүчэ Лувсандамбижамцаас барма равжүн сахил хүртснээр нэрийг ч Лувсан-Дамбий-Жанцан цог сайт хэмээн соёрхжээ. Гомбо барчад гүнсэл бурханы жинан зэргийг ч өргөжээ. Тэндээс Түвдэд элч илгээж Барайбүн дацангийн лам, тавдугаар Далай ламын бодит шавь, Гаадам лэгвамаас эш лүндэнтэй Нялба цорж Намхайсодномдагба хэмээгдэх эш онолын эрдмээр илт өндөр нэгнийг язгуурын ёнзон багшаар урин залж, язгуурын титэмд таалаад, тэрбээр сонсон судлахын өлмийн дуртгал ба Очир Ямандагын их авшигаар татагдсан судар тарнийн зарлиг ном олныг сонсож, тааллын сайн хумхыг огоот увдислан, нарны гэрэл лүгээ учирсан дэлбээ дэлгэрэх мэт асар айлдалаар оюун нь нэвчрээд, тэнцэх хань лугаа хагацсан мэргэний хутгийг олох ёсыг үзүүлэв. 

Төвд хэлнээс орчуулсан Ж. Ерөөлт

ҮРГЭЛЖЛЭЛ ДАРААГИЙН ДУГААРТ

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй