ӨНДӨР ГЭГЭЭНИЙ НАМТАР 3-Р ХЭСЭГ

1-р сар 22, 2014

БИЗЪЯАГИЙН АЙМГИЙН ДАРХАН ЦОРЖ АГВААНЛУВСАНДОНДОВ ЛАМЫН ТУУРВИЛ

Тэндээс арван нас хүрсэн үед, Бүхнийг болгоогч тавдугаар Далай лам бээр Жамъян цоржийн хувилгаан, Гунгаадолчог гэгээний дахин төрөл, Түшээт хааны хөвгүүн болон мэндэлсэнд бичсэн захидал “Очирын чихэнд туналсан Малаяагийн үнэр” хэмээх нэрт нэгэн хуудас номыг соёрхсон нь энэ мэт болой. 

Арван хүч бүрдсэний усан сангаас

Сайн оюун арван хоёр алдарын цог

Алдарын гэрэл буман зүйлээр

Чиний оюуны лянхуа дэлгэрэн зохиов.

Ялгуусан бүгдийн айлдлын идэр дэлгэрсэн хавар

Таван шанхат хүний сансартан

Цөвийн цагийн амьтны итгэл хоёр төрөгчийн

Риди хувилгааны торын цэнгэл бүжигтэн Зонхавын

Өнө ёсыг дэгжээхийн төгс үүргийн билгүүнээр 

Идэр залуу Манзшири лүгээ тэнсэлдэхүйц номуудын

Эзэн Богдын шат гишгүүрээр авирч, сонсох, санах, бясалгах

Өлзий буяны цогийн чимэг төгөлдөр хас тэмдгийг эргэлдүүлнэ.

Тэр мэтийн авир ёст нялх бага настын 

Төрлийн шинэ дууриан бүжиглэл усан болорын эрхэт нь

Урт наст тэнгэрээс заяат язгууртын тэнгэрийн замын нүүрэнд

Ургасан ахуй ёс үүнээс бус юу гайхамшиг байх буй.

Хязгааргүй номын орон ёс даяарт сөгдмүү.

Ялгуусан бурханы эрхэм дээд зарлигийг нэг дор олон амьтны 

Оюунд шингээхүйн зэргэмжид эндүүрлээс ангижирсан ямарчлан

Энэхүү ёсноо өнөд үүрд алжаан зүдэхийн үүргийг шүтсүгэй хэмээн

Өнө эртээс судалснаар, сонсохуйн урам саалиар

Судар дандарын нүдэт гөрөөсийг сайтар ирүүлэх

Шавь сурагчийг огоот баригч мэргэн, буяны 

Алдарын цог бадарсан түүнийг ч өнөд шүтүүлэв.

Бас дахин үгсийн эцгийн уужим гавлаас

Өгүүлэхэд зохистой Захугийн охины урсгал

Үйлдэгч хувь төгөлдөр тэрэгний алтан морийг

Ормонд таалах бөгөөд үүсгэх үгүйн тулд үйлдмү.

Тийн хэмээн захиа бичиг Гандхарава

Яруу үгийн үндэс олон хонхоруусаар 

Торгоож, үл мятрах очирын чимгийг

Тийн мяраалсанаар үзэсгэлэнтэй мэт

Маргад эрдэнээс бүтсэн

Гишүүний гөрөөсийн эрхэнд урвах цагт

Онгоц баригч хоёрдугаарын үлшгүй их

Төгс баясгалант ордноос бичсэнээр буян болтугай

хэмээсэн болой. 

Тэр мэтийн их Богд тэрбээр цөвийн цагт хязгаар газар үүнээ заларсан боловч шавраас ургасан лянхуа шавраар үл халддаг мэт нялх багын байдал нь ч эгэл нялхсын дорой буурай зан бүгдээс ангижирсан бөгөөд гэнэн томоогүйн наадам тоглоом тэргүүтэн гэмт явдалыг төрөлхөөс тэвчсэн, уур унтуугүй, бүхэнд яруу сайхан өгүүлэх ба нөхөрлөхөд амар, ядуу гуйланч ардуудад өглөгийн гараа сунгагч, итгэл өмөггүйчүүдийг энэрэн хайрладаг, үнэн шударга өгүүлэгч, лам гурван эрдэнэд сүсэг их бөгөөд жишишгүй ариун айлдал уужим оюун ухаанаар номын утгыг эрэхүйд аяндаа зүглэсэн тэргүүтэн ялгуусан бурхадын хөвгүүн бодисадвын агуу их явдалууд нь, эгэл нялхас төрсөн даруйгаас хөхөө хөхөхийг тухайлан сурдаггүй мэтээр шашин амьтны тусыг үйлдэхүйд цаг үргэлжид үл алгасарах болвой. 

Тэндээс арван нэгдүгээр жарны, наран гэтэлгэгч хэмээх модон бич жил (1644), Манжийн хаадын анхан Шинзүшүд буюу Шүнзи, монголоор Эебээр засагч хаан ширээнд суусны анхан жил, Богдын арван сүүдэртэйд, Манжийн хаадын эхлэл болой. Эебээр засагчийн дөрөвдүгээр он, Богдын арван гурван сүүдэр тохиосон, хамгийг номхотгогч хэмээх гал гахай жил-(1647)-д, Аврал итгэлт Богдын үргэлж залран суух нэгэн хийд орныг байгуулах хэрэгтэй хэмээн залбирал тависан бөгөөд Богд өөрөө ч ирээдүйд шашны үргэлжлэлд сайн хэмээн таалаад зөвшөөрснөөр, “Баруун Хүрээ” хэмээх хийдийг байгуулж эхлэв. 

Түүнээс ийнхүү бодсон бөлгөө. Халхын орон улсад бурханы шашныг эс дэлгэрүүлэх болвоос энэ орны амьтад нь харанхуй нүхэн дотор суусан лугаа адил мөн байнам хэмээн таалаад дээд бодь сэтгэлтнүүд өнө эртээс үүсгэсэн бат тангарагаар цаг үргэлж амьтны тусыг үүрье хэмээсэн Ялгуусаны хөвгүүн их Богдууд, муу цөвүүн цаг дэвэрсэнд, халуунаар энэлсэн их заан машид сэрүүн лянхуа цэцэрлэгт ажиг сэжигггүй ордог жам ёс мэтээр Аврал итгэл дээд Богд бээр орчлонгийн хотол чуулганд үл тачааж, Ялгуусны шашинд бүрэн гүйцэд суралцаад оюуны газар мөрийн эцэст хүрсэн нэгийг яав ч олох хэрэгтэй. Тэр мэтээр болвоос бэлгэ шинж төгссөн нэгэн их багшийг магадтай шүтэх хэрэгтэй учраас тийм хэн нэгнийг шүтэхийг таалан болгоож, Үйзангийн ариун оронд одвоос болно хэмээгээд арван нэгдүгээр жарны, Эебээр засагч хааны ширээнд суусан зургадугаар он, Богдын арван таван насан сүүдэр, харшлалт хэмээх шороон үхэр жил-(1649)-д Халхаас хүлгийн жолоо залж, Зөөлөн итгэл ялгуусан хоёрдугаар Зонхав ламын мэндэлсэн орон Гүмбүм-Жамбаалин хийд, Богд Зонхав ламын багш цорж Дондовринчэний хийд Жачүн хийд, тэндээс умар Радэн хийд, Ринчэнбраг, Тансаг Гандан Чойнхор, Даглүн тэргүүтэй хийдэд дараагаар заларсан бөгөөд тэр бүгдэд, хийдүүдээс шарын жагсаалаар угтах тэргүүтнийг гүн дэлгэрээр өргөжээ. Шүтээнүүдэд мөргөж, тахих, таалал ерөөл тавих хийгээд хуврагуудад манж түгээл зэд соёрхжээ. Тэндээс Ганданнамбаржалваалин хийдэд залрахад угтлага шарын жагсаал тэргүүтнийг ч гүн дэлгэр өргөжээ. Ширээт ринбүчэ Чусан шарзэ Гончогчойсан лугаа уулзаж, уулзалтын хадаг зөрүүлж ярилцан зөвлөх тэргүүтнийг ч соёрхжээ. Зөөлөн итгэл Зонхавын алтан шарил эрдэнэд бодитой бэлтгэж, сэтгэлээр хувилгасан тахилыг  агуу ихээр өргөжээ. Газрын хязгаарт шар малгайтын шашныг арвитгахын таалал ерөөлийг агуу ихээр зохиов. Тэндээс Лхасын хувилгаан сүм хийдэд хүрээд хоёр зүйл Зуу Шагимуни голлосон шүтээнүүдэд мөргөл тахил таалал ерөөлийг нягт дэлгэрэнгүй зохиов. Балдан барайбүн хийгээд Сэра хийдүүдээс шарын жагсаалаар угтлага тэргүүтэнг дэлгэрэнгүй өргөж, Ялгуусан эцэг хөвгүүн заларсан адил соёрхов. 

Тэндээс Бүхнийг тольдогч ялгуусан эрхэт Агваанлувсанжамц цог сайтын алтан нигууртай уулзан зохиогоод, мандал өргөхүй лугаа хамтаар мөргөл айлтгахад их Ялгуусан эрхэтээс машид баясан зохиогоод дээд суудлын зэрэг болон гүн баяр хуримыг шагнав. Ялгуусан эрхэтэд өлмий батадгах залбирлыг агуу ихээр өргөв. Сэмбрэйгэсүм ба их бага хийд орон бүхнээ манж, зэдийг гэгээн тансагаар зохиов. Тэндээс Зангийн зүгт заларч Дашлхүнбэ хийдэд, арван зургаан насан сүүдрийн, тийн урвагч хэмээх төмөр барс жил-(1650)-д очих цагт Банчэн римбүчэгээс угтлага ирж шарын жагсаал болж угтах зэргийг дэлгэрэнгүй үйлдэв. Аминдиваа итгэл Банчэн хамгийг айлдагч Богд Лувсанчойжижанцан цог сайт лугаа учран золгоод таалал сэтгэл нэг дор нийлэлдсэн мэт их баясал зохиогоод өргөл хүндлэл тэргүүтнийг агуу ихээр шагнав. Тэр үед Банчэн хамгийг айлдагчийн насан өндөр, наян хоёр сүүдэр хүрсэн мөн боловч энэ Богдод машид баясан зохиогоод өдөр бүр яван суун зарлиг өгүүлэл зэргийг нарийн дэлгэрэнгүй айлддаг байв. Хийдүүдэд манж зэд зэргийг хэмжээгүй өргөв. Урьд урьд төрлүүдийн босгосон хийдүүдээс нэгэн хийдэд дараатай байсан зандан модны навчин дээр алтаар бичсэн Жадамба, Майдар, Логишри, Дар эх тэргүүтэн зарлиг шастирын ботийг хэмжээлшгүй залж авав. 

Тэндээс од гараг хотол чуулган огоот бүрдсэн шашны эрхшээлт эзэн Аминдиваа бурхан эл шарыг баригч Банчэн Лувсанчойжижанцан цог сайтын дэргэдээс гэцэл санваарыг сайтар таалаад асар ариун шагшаабадын аршаанаар тааллын сайн хумхыг огоот дүүргэн зохиов. Бас Очир Аюулгагчийн авшиг, даган соёрхол, эш тэргүүтэн ном зарлиг олноор таалал үндсээ дүүргэн зохиов. Богд бээр Үйзангийн энэ ариун оронд таалал сэтгэл татагдаж, саатан суух сэтгэл төрж буй учрыг Банчэн римбүчээд айлтгасанд, Банчэн римбүчэ бээр “Энэ Түвд оронд суух таалал бодол буй нь сайшаалтай сайн боловч түүнээс умар зүгийн хязгаар захын оронд хуврагийн аймаг байгуулваас шашин амьтанд агуу их тус болно. Бурханы шашин нь таван зууны эцэст умраас умардад дэлгэрэх тул умар зүгт шашны зүрхэн шар малгайтын сайн ёсын гэгээн гэрлийг ургуулах цаг болсон” хэмээн зарлиг эш буулгасан тул Үйзанд суух тааллыг сааруулав. 

Тэндээс арван нэгдүгээр жарны илжиг хэмээх, Богдын арван долоон сүүдрийн төмөр туулай жил (1651), Эебээр засагч хааны ширээнд суусан наймдугаар онд Үйгийн газарт заларч, Барайбүн хийдэд тавдугаар Далай ламаас Богд энэ, Найнин шаврүн, Брүлгү Дагважанцан тэргүүтэн нар Сага сарын хорин тавнаас эхлэн Очир эрхийн авшиг дөчин хоёр буюу дөчин таван авшгийг гүйцэд авав. Ялгуусан эрхэт Гэндэнжамцын сүмбүм тэргүүтэн зарлиг ном хэмжээлшгүйг өгч соёрхоод, таалал бодолд хүссэн бүгдийг өршөөж,  Живзүн дамба лам хэмээх цолыг олгож, шар шүхэр шагнав. Богдод Живзүндамба хутагтын цол, өргөмжлөл, тамга тэргүүтэн, их ламын өргөмжлөл магтаалыг бусдаас илүүтэй соёрхов. 

Бас бус багшийг шүтсэн тухайд, Аврал итгэл дээд Богд бээр өөрийн ном сонссон ёнзон дээдэс нарын алдар шалгавартайнууд дээр тодорхой биш байгаа учраас энд нэг дор бичвээс, Аминдиваа итгэл Банчэн хамгийг айлдагч их Лувсанчойжижанцан, Бүхнийг болгоогч тавдугаар Далай лам Агваанлувсанжамц, Түгээмлийн эзэн Намхайсодномдагва, Жамбаалин Номунхан, Энса бүрүлгү Лувсанданзанжамц, Жаюл хамба шархан номун хан, цорж Балжир-Равдан, Мэргэн шидэт Дашринчин, увдисын гуу сан Чогий-Ен, цорж Балбар, бас бус нууц багш нэгэн хоёр ч буй хэмээмээр бөгөөд дээр тодорхой гарсан тэдгээр ламаас ялгуусан эцэг хөвгүүн хоёрыг зарлигийн ач ихтэй лам хэмээсэн бөгөөд дээд их бишрэлээр сүжиглэв.

 Богд бээр Ялгуусан эрхэт хамгийг айлдагч Далай ламд, Монгол оронд хийд барих таалал бодол буйгаа нягт дэлгэрэнгүй айлтгасанд машид баясан зохиогоод шашин амьтанд агуу их тус буй хэмээн зарлиг болж, ялгамжаат сайн шүтээн болон зарлиг сургаалыг ч нарийн нягт сайнаар зааж соёрхов. Монгол оронд хийд байгуулахын дацан ламаар их ширээт Санжаа-Ринчингийн хувилгаан, Намжил дацангийн ловонгоор томилогдсон бөгөөд Жаюл хамба хэмээн соёрхогдсон, Шархан хувилгаан гэж алдаршсан Агваанлувсанданзаныг, шанзадваар Барайбүн хийдийн жасын няравыг, сойвонгоор Жамбаалин хийдийн номун ханы хувилгааныг, донирт өөрийн өглөөний зоогийн донир Харниг Чоймзодыг, эмч ламаар Дагбулхажэгийн садан төрөл, дархан эмч Лувсанноровыг, умзадаар Барайбүн цогчин хийдийн их унзадыг томилж, мөн бурхан зураач тэргүүтэн Түвдийн тавь орчим хуврагийг шадар шавь гарын туслах болгон өгч соёрхов. 

Тэндээс Монгол орондоо хөлгийн жолоо залаад зам зуур, Амдо Хамын хийдүүдээр морилж, цорж Дондовринчиний хийд Жачүн хийдийн ширээтээр өргөмжилснийг хүлээн авчээ. 

Тэндээс Халхын хийд Баруун Хүрээнд хүлгийн жолоо залах зам зуур, Дүвчин Лэгцэгийн хувилгаан, Лувсанданзанжанцан бээр Богдтой уулзан мөргөл айлтгаад, насны авшиг тэргүүтэн зарлиг ном ба эцэг таалал төгссөний зориулга ерөөл, босгосон шүтээндээ аравнайг ч айлдуулжээ. 

Тэндээс Богдын арван долоон сүүдэр, илжиг хэмээх төмөр туулай жил-(1651)-ийн өвөл, номын буянт өдөр, уугуул өргөөндөө үүлнээс хагацсан арван тавны саран мэт тодорхой эсэн мэндээр залран ирсэнд амьтан бүхэн ч баясан сүсэглэхийн сэтгэлээр угтаад, эх хүү уулзсан мэт таалал сайхан болсон болой. 

Тэндээс баясгалан хэмээх, Богдын арван найман насан сүүдэр тохиосон усан луу жил-(1652)-ийн намар, Халх долоон хошууны их хурал чуулган дээр, Аврал итгэл дээд Богд хэмээн өргөмжилж, сайн өдөр гарагт ширээнд залаад, түүнээ Халх бүгдийн лам, хувилгаан, их бага хаад түшмэд, хар шар нийтээр даншиг мандал, даш хадаг зэргийг өргөөд, адис авч, шашныг баригч бүхний оройн чимэг, мэргэн шидтэн бүгдийн ноён, нийт амьтан хийгээд ялангуяа Халх бүгдийн авралын орон эцэст тулсан хэмээн соёрхол өргөв. Тэр цагт арван зүгийн Ялгуусан бурхадууд ч цөвийн цагийн амьтныг удирдагч нэгэн өмөг садан хэмээн эш үзүүлсэн ба дагини номын сахиулсан бээр өлзий өгүүллийн дуу эгшгийг дуурсгасан хийгээд цагаан зүгийг тэтгэгч нар цэцгийн хурыг буулгаснаар, аяа гайхамшигтай юм аа, умар зүгийн амьтан энэ нь аврал итгэл өмөг садан лугаа төгөлдөр боллоо хэмээх яруу эгшгийг зүг бүхнээ түгээх болов. Харын зүгийнхэн ч эмээн айгаад, өөр өөрийн хөндийд шургаж зугатаагаад сэтгэлээ хор хомс болгон энэлэл шаналлаар дарагдах болов. 

Тэндээс тэр үед Ялгуусан тавдугаар Далай лам бээр ч, баясгалан хэмээх усан луу жил (1652) түүнээ Хятадын хааны ордонд залраад Манзушири дээд хааны оройн лам болж амьтдыг боловсруулан гэтэлгэхийн мөрд байгуулав. 

Тэндээс ч арван есөн сүүдрийн, тийн ялгуугч хэмээх усан могой жил-(1653)-д, Халх долоон хошуу, Эрдэнэзуугийн сүмийн дэргэд хурал чуулган хийхдээ гол тэргүүнээр Богдыг залж, дөрвөн аймаг бүгдээр даншиг өргөхөд, хэдэн өдөр их ерөөлийн хурлын тэргүүнд залран суусан бөгөөд шаврүн Лувсанпэрэнлэйд, Хүндлэн сайн ноёны хувилгаан хэмээн алдарршсан учир шалгаанаар “Ноён хутагт” хэмээх цол шагнав. “Зая бандида” хэмээх цолыг Ялгуусан тавдугаар Далай лам хайрласан мөн. 

Тэндээс хорин нас сүүдэр тохиосон жил (1654), сар шинийн сайн өдөр заларч, газрыг адислаж, номлол бүтээлийн шашин гарах орон, номын их хийд аймаг, Рэво Гэжай Ганданшадүвлин хэмээн огоот алдаршсан их хийд үүнийг байгуулж эхлэсэн бөгөөд даамал, урлаач бүхнээ зааж зааварлахын зэргийг ч нягт дэлгэрэнгүй өгч соёрхов. Хуврагийн аймгийг шинээр байгуулваас шашны үйлдвэр агуу их арвижина хэмээн таалсан бөгөөд “Рэво гэжай Ганданшадүвлин” үүнийг нь Ялгуусан бурхан бээр Богдын алдартай далдуур хамтдуулж тодорхой айлдсан бөгөөд Богдын зохиол үйлсүүдийг Цагийн хүрдийн язгуур дандарт эш үзүүлжээ. 

Утгын эш бошго үзүүлсэн нь, “Билиг барамид”-аас “Ялгуусан гаслангаас нөгчсөний дараа өмнө зүгт дэлгэрэх хийгээд тэндээс умар зүгт дэлгэрэх хийгээд таван зууны эцэс цагт умраас умардад дэлгэрнэ хэмээн эш үзүүлсэн нь хожим их Зонхава итгэл Нагаржуна лугаа таалал нэг хэмээн олон мэргэд бээр айлдсан тул умар зүгийн Цастанд Нагаржунагийн хувилгаан Жэ Ринбучэ залраад билиг барамидын утгыг дэлгэрүүлэн зохиов. Аврал итгэл Богд өөрийг нь эш үзүүлсэн нь “Судар”-аас “Таван зуун цагийн эцэст шашин умраас умардад дэлгэрэх цагт гүн билиг барамидыг барих бөгөөд уншигч олон гарах хэдий ч агуу ихээр арвитган үйлдэгч нь цөөхөн болмой. Тэр мэт үзүүлэн чадах их бодисадва тэрбээр нь өнө эртээс энэ үеийн номхотгогдхууны тусыг үйлдэхэд таалал сэтгэл үүсгэсэн ба бас Ялгуусан бурханы өөрийн нь мэлмийн өмнө “Их хэнгэргийн судар”-ыг айлдах цагт сэтгэл үүсгэсэн бөгөөд гүн билиг барамидыг агуу ихээр арвитгая хэмээн тангараглаж ерөөл тависан мөн” хэмээн айлджээ. Таван зууны эцэс нь сүүлийн таван зуу шагшаабадын бүлгийн үед Их Жовуу эцэг хөвгүүн залрах цаг лугаа эдүгээ шагшаабадын бүлгийн үед таалсан ёс хоёроос, хойд шагшаабадын бүлгийн эхлэл тавигдсан нь, арван нэгдүгээр жарны догшин хэмээх төмөр бич жил-(1680)-д, Самадийн бүлэг төгсөөд Шагшаабадын бүлгийн эхлэл тавигдаад арван таван жил өнгөрсөн бөгөөд Хятадын арванзургадугаар хаан Чүнжин хаан ширээнд суусан наймдугаар он, арван нэгдүгээр жаран, шагшаабадын эхлэл тавигдсан арван зургадугаар он, насан төгөлдөр хэмээх модон гахай жилд Богд лагшин мэндэлсэн цаг ч нийцэх юм. Богд тэрбээр Итгэл Нагаржуна лугаа нэгэн үндэстэй агаад Ламо Чойжингоос “Нагаржуна зүрхний гол ёсыг” хэмээх тэргүүтнээр үзүүлжээ. Бас Манзушири лүгээ нэг үндэстэй бөгөөд “Манзушири айлдал энэрлийн тийн цэнгэл” хэмээхээр үзүүлжээ. Банчэн Чойжан хийгээд тавдугаар Далай лам хоёр бээр “Манзушири хувилгааны лагшин” хэмээсэн ба Шидтэний эрхин Дагпүва бээр “Манзушири залуугийн эл шарын бүжгээр цэнгэсэн” хэмээсэн, бас тавдугаар Далай лам бээр “Жамъян цоржийн хувилгаан” хэмээн айлдсан хийгээд “Түвдэд Балдан Барайбүн номын Богдын аймаг” хэмээсэн ба “Таван шанхат хүний сансартан” хэмээсэн, “Манзүшири залууд тэнсэх хань” хэмээсэн, Богд өөрийн нь магтаалаас “Очирбани ялгуусан бүгдийн хүч чадлаар эрхшээлт эзэн” хэмээсэн, Агваанчойдон бээр Богдын “Айлдал энэрэл чадал гурав нь язгуурын гурван итгэл лүгээ ялгалгүй” хэмээн айлджээ. Бас “Жанрайсиг эрх баялаг аврал” хэмээх тэргүүтнээр үзүүлжээ. 

Тэр үед Богдод, Дархан чин вангийн эцэг Галдан чин ван бээр хөвгүүнгүй цагт, Богдод хэдэн удаа хүүгийн хишиг хутаг өршөөхийг айлтгасан боловч  хариу зарлиг өгсөнгүйд, Чин ван бээр “Нэгд, миний багш лам, хоёрт, ах дүүгийн холбоотойн учир гуйсан юм. Надад хүүтэй болохын хувь үгүй юм байх даа” хэмээн уйтгарлан гуниад дахин айлтгасанд “Түвдийн оронд, Арш уул хэмээх газрын Гүр чулуу хэмээх агуйд Очирванийн хувилгаан Артасиди хэмээх нэрт нэгэн лам бясалгалд сууж байгаа. Тэр бясалгалаа төгсгөсний хойно чиний хүү болж төрнө” хэмээн эш үзүүлсэн ёсоор Дархан чин ван Дондовдорж мэндэлсэн юм гэдэг. 

Богд бээр газар товчилж залрахдаа Аршид айлтгасан нь “Халхад нэгэн чин ван хөвгүүнгүй учир хөвгүүний шид өршөө” хэмээхэд Арш бээр “Түүнд хүүгийн заяа байхгүй боловч миний нас өндөр болсон тул намайг өгүүлсэн буй за” хэмээн санаад “Би очих боловч удаан суухгүй. Умард Шамбалын оронд хаанаар сууна” хэмээн айлдаад Дондовдорж болон мэндэлсэн гэх бөгөөд үүнийг монгол бичгээр бичигдсэн дэвтэр болон хөгшдийн үгнээс сонсож мэдэв. 

Тэндээс Банчэн Чойжан хийгээд тавдугаар Далай лам хоёроос судар тарнийн увдис ба даган үзүүлэх гүн номуудыг оллоо сонслоо гэх төдий бус ёсчлон анхааран авах хэрэгтэй бөгөөд бурхан бээр “Олонтоо сонсоод ой шугуйн дотор” хэмээсэн хийгээд Бавуу бээр “Сонссоны дараа бүтээхийн зүрхэн шимийг авч үйлд” хэмээсэн хийгээд “Сан”-гаас “Ёсчлон оршсон сонсох, санах төгөлдөрөөр” хэмээн айлдсан лугаа адилаар магадтай аглаг орон нэгэнд сонссон номын утгыг бясалгахыг таалан бодож, аглаг орон Хангайн бүтээлийн орон Дүвхан (Төвхөн) Эвам Гаачил хэмээн алдаршсанд сууснаас, арван нэгдүгээр жарны согтонги хэмээх модон хонин жил-(1655)-д, Богд өөрийн нь хорин нэгэн сүүдэр, Эебээр засагчийн арван хоёрдугаар оны үед, Богд цөөн хэдэн бараа бологчийн хамт Түвдэд залрахын өмнө бясалгалд чандлан хичээн завсарлан сууж, лам ядам ялгалгүйд хүчтэй залбирал тавих тэргүүтний бясалгал тааллын зэргүүдээр сайтар хичээснээр бясалгалын эрдмийг сайтар олж, хад чулуунд хөлийн мөрийг гаргаж үлдээсэн нь эдүгээ ч маш тодорхой буй болой. 

Бас Өндөр гэгээнийг Төвхөн (Дүвхан) хэмээх ууланд суух цагт Галдан бошготын цэрэг ирлээ хэмээн шадар нь айлтгаснаар “Хаана байна” хэмээн айлдаад гарын алгаар доод чулууг дарсан нь элсэнд хэвлэсэн мэт гарын ором хэв нь үлдсэн нь одоо Төвхөн хийдийн эрхэм шүтээн болжээ. Хадны хонгилоор дамжин явж, тэр уулын ар руу буугаад зүүн хойш заларч, Орхон Туулын бэлчир хэмэх газраар дамжаад Ерөө хэмээх мөрөнд хэсэгхэн сааттал, араас Бошготын цэрэг нэхэж ирсэн тул зугатаж явсаар Манжийн хааны зүгт одож, Ногоон нуруу хэмээх газар шинэ хийд байгуулж хэсэгхэн байтал, Бошготын цэрэг мөн л нэхэж ирсэн учир, Урианхай дайчин гүний нутгаар дайраад, Долоннуур хотод хүрч очжээ. Манжийн хаантай анх удаа уулзаад Халх дөрвөн аймаг цөмийг албат болгон оруулжээ. 

Тэр үед Түвдэд, Банчин ринбүчэ наян найман сүүдрийн дээр лагшин мандал өчүүхэн тунгалаг бус болсныг Богд торолтгүй билиг оюунаар болгоон мэдээд залрах хэрэгтэй хэмээж чанга хатуу бясалгалд сууснаас, нууц байдлаар цөөн хэдэн бараа болоочдын хамтаар заларсанд, зам зуур нэгэн дагуулын унасан морь шээснээс болж үлдэж хоцроод хойноос нь явах замаа эс олж асанд Богд мэдээд бараа бологч нартаа унасан морьд шээвэл дөрөөгөө цохиж дохио өгөөд бүгдээр хүлээх хэрэгтэй хэмээн айлдсан учир одоо ч унасан морь шээвэл бүгдээр дөрөө цохиод хүлээдэг журам тогтжээ гэдэг. 

Тэр үед Баруун сайн ноёны аймгийн нэгэн өвгөн бээр хонин сүргээ өвс бэлчээрт тархаан идээшлүүлж суутал, долоон ангир шувуу дээгүүр нь нисээд баруун урагш одов. Өвгөн тэрбээр энэ зун цагт ирдэг шувуу өвөл цагт байх учир байхгүй. Энэ үе лүгээ нийцүүлж бодвол магадтай бурхан бодисад нарын хувилгаан мөн байж таарна хэмээн лавтай бодоод хонио элдэн хөөсөөр гэртээ ирж, эмгэндээ “Бурхан бодисад нар заларч байна” гэж хэлээд таваг дүүрэн идээ, домбо дүүрэн цай авч нэхэн явтал, баруун урд зүгт нэгэн их талд хэдэн хувраг сууж байсанд тэдэнд учир шалтгааныг айлтгаад “Та нар тоо лугаа таарсан мөн учир та нарт өргөе” гэж айлтгаад өргөсөнд тэд нар “Бид мөн бишийг мэдэхгүй боловч бид нар хүлээн авч шүтэн барилдлагыг сайтар жигдлүүлье” хэмээн айлдав. “Бид замын улс билээ” гэж айлдаад зоогийн гурилаар адууны дүрс урлаж өгөөд “Хишиг даллагын савандаа хийгээрэй. Үр удам чинь онцгой баян болно” хэмээн айлдаж өгснөөр эдүгээ хүртэл маш их баян болсон хэмээн алдаршжээ. Бас залрах замд зарим хүнд долоон морьтон үзэгдэх ба заримд долоон шувуу болон харагдах тэргүүтэн болжээ. Мөн залрах замд Дэргээ гологийн хошуу нутагт хоноглосон үед долоон морийг хулгайч аваад явсан бөгөөд өглөө эрт явах гэтэл морь алдсан учрыг айлтгавал “Олон сахиус чойжин залран хамгаалдаг ч түүний дотроос Жамсран юунд тусласангүй вэ” хэмээн айлдаад “Гэвч нар ургах зүгт харж бай даа” хэмээн айлдаж байтал тэр зүгээс улаан тоос гараад тэр тоос нь ойртон ойртсоор хүрч ирэхэд тэр тоосны өмнө долоон морь хүрч ирсэн бөгөөд хоёр морины сүүлэнд хүний нойтон толгой нэг нэгийг зүүсэн байжээ. Аян замын явдал саадгүй болсонд “Жамсран миний хэргийг түргэн бүтээсэн нь сайн” хэмээн айлджээ. Тийн заларсаар Барайбүн хийдийн арын ууланд хүрч очоод, хийдэд залрахыг бодож, эхлээд нэгэн дагуулдаа өөрийн тагш аягыг өгч “Би хойт зүгээс долоон хоног явж ирлээ. Надад манж цайнаасаа өгөн соёрх гэж Цогчин гэсгүйд нь айлтга” хэмээгээд илгээсэнд хүрч очоод айлтгавал “Өгч явуулж болохгүй тул ирээд уу” хэмээн хэлжээ. “Намайг мөн гэж танисангүй учир бэлгэ дэмбэрэл зохисонгүй, чи өөрөө уу” гээд аваад хүрч очиж,  “Надад өргөгтүн” хэмээн зарлиг болсонд авчирч өргөв. “Энэ нь Ганга мөрний усанд буцалгасан бөгөөд цагаан арслангийн сүү хольсон юм” хэмээгээд Их Хүрээнд авчирч Цогчин хурлын манж цайнд хийснээр, урьд цайны дээжийг авч дараагийн цай манжинд хольдог журам тогтсон ажээ. 

Тэндээс Дашлхүнбэ хийдэд заларсанд, Банчэн Лувсанчойжижанцан бээр таалал төгсөөд гурав буюу долоо хоног болсон байжээ. Богд бээр олонтоо мөргөөд “Миний лам Очирдар, насан өндөр болсон агаад би алс хол газраас яаран газар товчилсоор ирээд нүүр уулзаж мөргөн, урьд сонсоогүй номын аршаанаар цэнгэхийг санаад ирсэнд энэ мэт хувь доорд болон оджээ” хэмээн машид их гашуудан эмгэнэсээр шарилд нь өлмийн лянхуа түмэн галав хүртэл бат суухын залбирал тависаар гурван удаа мандал өргөсний анхны мандалыг өргөхөд шарилын нүүр хувиран өөрчлөгдсөн, хоёр дахь мандалыг өргөхөд хөдлөн зохиосон, гурав дахь мандалыг өргөхөд үг айлдан зохиогоод “Би буцаж ирж болохгүй боловч чи бээр алс хол газраас ирээд ихэд уйтгарлахаар чинь буцаж ирлээ” хэмээх тэргүүтэн олон зарлигийг их баясалтайгаар айлдаад чилээ нь арилан тунгалагших болов. Тийнхүү Банчэн римбүчэ урьд адил энх залран суусанд даяар олон амьтан Богдыг сайшаан магтаад сонин гайхамшиг болж, Банчэн римбүчэ бээр Богдод авшиг, жинан, лүн тэргүүтнийг өгөөд, “Халх оронд амар сайн заяанд одогч, муу заяанд одогчдын аль нь их байна” хэмээн айлдсанд, Богд бээр айлтгасан нь “Сайн заяанд одогч, муу заяанд одогч хоёулаа цөөнөөс цөөн байна. Ихэнхдээ өөрийн нутагтаа төрөөд байна” хэмээн айлтгавал “Түүнд би увдис өгье” гээд “Хувилгаан ботийн” дотроос “Егүүтгэл судлах увдис”-ыг соёрхсон нь Халх даяарт дэлгэрсэн билээ. 

Тийнхүү морилохдоо хурдан хөлийн риди хувилгаанаар долоо хоногийн хугацаанд Түвдэд очсон хэмээн алдаршчээ. 

Мөн Богд бээр Банчэн Лувсанчойжижанцан нирваан болох ёсыг үзүүлээд хэдэн хоног болсон цагт Богд зөн билгээр мэдээд зургаан нөхөр лүгээ хамт газар товчилж долоо хоногийн дотор хүрээд шарилд мандал гурван удаа өргөжээ. Эхний мандалыг өргөхөд нүүр нь туяараад иржээ. Хоёр дахиа өргөх цагт амьсгалсан. Гуравдах удаа өргөхөд тодорхой зарлиг үг айлдаад нигуур уулзан баясалцсан бөгөөд түүнээс олон зарлиг номыг сонссон бөгөөд ялангуяа өөрийн нутагт суугч ихэнх ард үхэх цагт оньс тасрах зовлонг амсдаг учраас увдис соёрхоно уу хэмээн айлтгахад “Егүүтгэлийн хөтөлбөр тулалдаанд орогч баатар” хэмээхийг соёрхоод чиний шавь хар шар нийтээр хаана юүлж байна. Доод заяанд одогч олон байна уу цөөн байна уу аль нь вэ хэмээн асуусанд Богд бээр тэр мэт одогч нь машид цөөн, ихэнх нь өөрийн нутагтаа эргээд төрдөг байна хэмээн айлтгажээ. Тэндээс Халх оронд дахин залраад егүүтгэлийн хөтөлбөрийн увдисыг машид дэлгэрүүлсэн бөгөөд зориулга “Эрдмийн хоёр чуулгант”-аар завсар барилдуулах болжээ. Банчэн Чойжан бээр Аминдиваа бурхан бодитой учир лагшин дүрсээ хураан үйлдэхийг адистидлаад хорин жил болтол амьтны тусыг хэмжээлшгүй зохиосон бөгөөд номын лагшины төвд шингэх цагт түүний хувилгаан Банчэн Лувсан-Иш хорин нас хүрсэн байсан бөгөөд өмнөх Банчэнгийн таалал төгссөний ерөөлийн бүрээ, дараагийн хувилгааны ширээнд залсаны даншиг хурлын бүрээ хоёр зэрэг үлээгдсэн хэмээн алдаршжээ. 

Мөн Богд бээр тэнд залрах замдаа өдөр бүр өөрийн зохиосон “Өнөөдөр үл түйтгэрдэх” хэмээх санг тависан бөгөөд уншиж болох уу болохгүй юу хэмээн айлтгахад “Сайн боловч хойш буцан залрахын тухайд Банчэн римбүчэ бээр “Өнөөдөр эс түйтгэрдэх” хэмээхийн төгсгөлд “Тэнгэр сахиус догшин та нар бээр” хэмээн нэмээд уншуулж соёрхов. Тэндээс Богд ч зарлигчлан үйлдэе хэмээн айлтгаад мөргөж, адис айлтгаад Үйгийн зүгт морилж, Барайбүн хийдэд залрав. Ялгуусан эрхэт дээд Далай ламд мөргөв. Олон зарлиг номыг ч сонсов. Ялгамжаат олон шүтээн, аймаг сав баригч олныг бараа бологчоор дагуулаад заларч ирсэнд, Богдыг Түвд оронд газар товчлон заларсныг Халхчууд хожим мэдэж сонсоод “Манай Богд бээр гайхамшигтай шидийг олсон мөн юм” хэмээн урьдаас нэн үлэмж ихээр сүсэг биширч, өдөр шөнөгүй чангад залбирдаг болжээ. 

Төвд хэлнээс орчуулсан Ж. Ерөөлт

ҮРГЭЛЖЛЭЛ ДАРААГИЙН ДУГААР

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй